Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Зам, тээвэр, холбооны сайд Р.Сандалхан

2021.06.24

Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд салбарын түүхэн замналын талаарх нийтлэлийг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1992 оноос Зам, тээвэр, холбооны болон Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Монгол Улсын гавъяат тээвэрчин Раздакийн Сандалханы тухай нийтэлж байна. Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжиж, өөрчлөлт шинэчлэлт явагдаж байсан тухайн үед Холбооны яамыг татан буулгаж, Зам, тээвэр, холбооны яам нэртэйгээр 1992 онд байгуулсан түүхтэй. Сайдаар нь Р.Сандалханыг 1992 оны 8 дугаар сарын 15-наас томилж байв. Тэрбээр 1943 онд Баян- Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Чекин гэдэг газар төрж, 1952-1962 онд Баян-Өлгий аймгийн арван жилийн 1 дүгээр дунд сургууль, 1962-1967 онд Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг инженер механикчийн мэргэжлээр төгссөн юм. Р.Сандалхан 1967-1969 онд Улаанбаатар хотын авто тээврийн 5 дугаар баазад засварчин, механик, үйлдвэрийн инженер, 1972-1979 онд шинээр байгуулагдсан Налайхын XIV баазын ерөнхий инженерээр хоёр жил ажилласны дараа баазын дарга болж байв. Түүнээс хойш тээврийн салбарын шинээр байгуулагдсан томоохон албан газар ажиллаж, 1982-1985 онд ЗХУ-ын тусламжаар байгуулагдсан Авто комбинатын засварын станцад дарга, 1985-1989 онд Хот хоорондын Авто тээврийн удирдах ерөнхий газрын дарга, 1989-1990 онд Зам, тээврийн яаманд хэлтсийн дарга, 1990-1992 онд Зам тээврийн яамны харьяа Тээврийн ерөнхий газрын дэд дарга, 1992 онд Зам тээвэр, холбооны сайд, 1994 онд Дэд бүтцийн хөгжлийн сайдаар томилогджээ. Хоёр жил сайдын алба хашиж байгаад 1996, 2000, 2004 оны УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон Р.Сандалхан гуай энэ тухай өгүүлэхдээ “Түмэн олныхоо итгэлийг алдалгүй ажилласны үр дүн юм даа. Хэрэв худалч, хулгайч нөхөр байсан бол юу гэж намайг Баян-Өлгийнхөн гурван удаа Их хуралд суулгахав дээ” гэжээ. ( Өдрийн сонин 2015.03.22) Дэд бүтцийн хөгжлийн яам нь түлш, эрчим хүч, тээвэр, холбоо, барилга, хот байгуулалт, аялал жуулчлалын салбарыг нэгтгэсэн төрийн захиргааны төв байгууллага байсан. Р.Сандалхан сайд харилцаа холбооны салбарыг удирдан ажилласан хугацаандаа салбарын мэргэжлийн боловсон хүчнүүдийн санаа бодол, үйл ажиллагаанд тулгуурлан, цахилгаан холбооны салбарыг хувьчлах анхны алхмыг хийж, Монгол шуудан компанийг үүсгэн байгуулж, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийг УИХ-аар батлуулан, салбарын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1995 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 211 тоот тушаалаар Харилцаа холбооны зохицуулах зөвлөлийг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, үйл ажиллагаа явуулах түр дүрмийг баталжээ. Харилцаа холбооны салбарт либеральчлал нэвтрүүлж, үүрэн телефон холбооны үйлчилгээг нэвтрүүлсэн нь харилцаа холбооны салбарын өнөөгийн хөгжлийн үндэс суурийг тавилцсан гавъяатай нэгэн билээ. Р.Сандалхан сайд “Монгол Улс зах зээлд шилжих үеийн (1992-1996 он) хүнд бэрхшээлтэй ажлуудыг амжилттай хэрэгжүүлж, харилцаа холбооны хөгжлийн өндөр төвшинд хүргэхэд тухайн жилүүдэд хамт ажиллаж байсан холбооны салбарын өндөр мэдлэг боловсролтой, зохион байгуулах чадвартай туршлагатай олон хамтран зүтгэгч Б.Сүхбаатар, Н.Төмөрхүү, Д.Төгсөө, Г.Баттөр нартаа сэтгэл хангалуун баярлаж явдаг. 1992 онд ДБХ-ийн яамыг зохион байгуулахад олон салбарын үйл ажиллагааг шилжилтийн үед зохицуулахад амаргүй байсан. Холбооны салбарын ажлыг мэргэжилтэн нарын санал бодлыг голдуу хүндэтгэн шийдвэрлэдэг байлаа. Харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх, зах зээлд шилжүүлэх ажлыг мэргэжлийн алба хаагчдын хамт улам эрчимжүүлж, цахилгаан холбоог хувьчлах, шуудангийн салбарыг бие даасан төрийн өмчит компани болгон хөгжүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж, шуудангийн салбарын удирдлагыг нилээн өрсөлдөөн дунд томилсон бөгөөд ажилд томилогдсон хүмүүс бидний итгэл найдварыг амжилттай биелүүлж, шуудангийн салбар өнөөгийн төвшинд хүрсэн гэж үздэг” хэмээн дурсжээ. Р.Сандалханы хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Ардын хувьсгалын болон ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнажээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” 2011 он “Харилцаа холбооны зохицуулах байгууллага түүхэн замнал” Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь

Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам ШУА-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

ҮЙЛ ЯВДАЛ Цахим хөгжил, харилцаа холбооны яам ШУА-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2022.04.18 Цахим хөгжил, харилцаа холбооны яам Шинжлэх ухааны академитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ болон ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид нар гарын үсэг зурав. Энэхүү санамж бичиг нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд дэвшүүлсэн зорилго, зорилтын хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Мөн орчин үеийн дэвшилтэт техник, технологи болон сансар судлал, сансрын технологийн судалгаа хөгжүүлэлтийн ажлыг хамтран гүйцэтгэх, судалгаанд суурилсан бодлогын болон технологийн шийдэл, загвар боловсруулах, хиймэл оюуны судалгааг хөгжүүлэх, салбарын болоод салбар дундын томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, инновац, технологийн экосистемийг хөгжүүлэх, төр-эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэлд хамтарч ажиллах юм.  Энэ үеэр санамж бичгийн хүрээнд хийгдэх ажлын  төлөвлөгөөнд ЦХХХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо болон ШУА-ийн Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Сувданцэцэг нар гарын үсэг зурлаа. Талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар хамтын ажиллагаанд тусгажээ. Үүнд: Сансар судлал, сансрын технологитой холбоотой эрхзүйн орчин бүрдүүлэх, хиймэл дагуул бүтээх, хөөргөх, газрын станц барьж үр дүнтэй ашиглах, гадаадын хөгжингүй орнуудын шинэ технологийг нутагшуулах, түншлэлийн харилцааг өргөжүүлэхэд шаардлагатай судалгаа хийх; Сансар судлал, сансрын технологийн үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг эрдэм шинжилгээ, туршилт судалгаанд тулгуурлан шийдвэрлэх боломжит гарцыг тодорхойлох; Салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн технологи дамжуулах, стандарт нэвтрүүлэх, туршилт судалгааг гүйцэтгэх, гарын авлага, технологийн заавар, зөвлөмж боловсруулах; Сансар судлал, харилцаа холбооны чиглэлийн судалгааны лаборатори, багаж тоног төхөөрөмжийг хамтран ашиглах замаар өгөөж, хүртээмжийг нэмэгдүүлэх, дундын судалгааны лаборатори, мэдээллийн сан бүхий төв байгуулж салбарын хүний нөөцийг дадлагажуулан сургаж мэргэшүүлэх; Хиймэл оюун, машин сургалт, юмсын интернэтэд суурилсан бүтээгдэхүүн бий болгох, нээлттэй өгөгдлийн бодлого боловсруулах; Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын бодлогын баримт бичиг, эрхзүйн орчныг бүрдүүлэхэд шаардлагатай судалгаа, мэдээллээр хангах, салбар дундын, байгууллага хоорондын хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх; Судалгаа хөгжүүлэлт-Үйлдвэрлэл-Бодлого боловсруулагч нарын хамтарсан хурал, семинар, хэлэлцүүлгийг улс, олон улс, бүс нутгийн хэмжээнд зохион байгуулах; Олон улсад өрсөлдөх чадвартай салбарын үйлдвэрлэлийг инновацад тулгуурлан хөгжүүлэх зорилтыг хангахын тулд судалгаа, шинжилгээ, шинэ санаа, оюуны бүтээл, брэндэд тулгуурласан гадаад зах зээл рүү чиглэсэн, импортыг орлох үйлдвэрлэлийг кластерын зарчмаар хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх; Сансрын технологи, өгөгдлийн шинжээч, хиймэл оюуны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, холбогдох их, дээд сургуультай хамтран ажиллах; Үндэсний контент үйлдвэрлэлийн төв байгуулах болон тоон контент хөгжүүлэлтийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагын талаар судалгаа хийх; Байгууллагын дотоод дүрэм, журмын хүрээнд оюуны өмч болон бусад мэдээллийн санг харилцан нээлттэй солилцох, ашиглах;     Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“Дижитал Алматы-2024” олон улсын форум зохион байгуулагдаж байна

Бүгд Найрамдах Казакстан Улсын Алматы хотноо төв Азийн хамгийн том мэдээлэл технологийн олон улсын дижитал форум болох “Дижитал Алматы-2024” арга хэмжээ 2024 оны 02 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү олон улсын форумд Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэгийн гишүүн болон ажиглагч орнуудаас гадна Египт, Уганда, Того зэрэг Африкийн зарим орнуудаас оролцож буйгаараа онцлог болж байна. Форумын үеэр Казакстан, Узбекстан, Киргизстан, ОХУ, Беларус зэрэг улсын ерөнхий сайд нар, цахим бодлогын яам, агентлагийн сайд, дарга нар оролцож цахим шилжилттэй холбоотой өөрийн улс орны бодлого, туршлага, программ хангамжийн бүтээгдэхүүн, систем шийдлүүдийн талаар илтгэл, танилцуулга хийж, шинэ үеийн цахим технологи улс орны эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварт ямар үүрэг гүйцэтгэж буй талаар онцолж байв. Тус форум 50 салбар хуралдаанаар 200 гаруй илтгэгч, аж үйлдвэрийн X-дижитал өөрчлөлт, дижитал үйлдвэрлэлийн экосистем, кибер аюулгүй байдал, дижитал өөрчлөлтийн бодлого стратеги, даатгал, нотариатын цахимжилт, автомат хяналтын систем, их өгөгдлийн менежмент, ESG өөрчлөлтийн дижитал шийдлүүд, финтех дэх блокчейн технологийн үүрэг, хөгжлийн хэтийн төлөв, виртуал сургалт, тэргүүлэх чиглэлүүдийн цахимжилт, дижитал өөрчлөлтийн стратеги чиг хандлагын талаар 3 өдрийн турш улс орнууд сайн туршлагаасаа хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Ази, Номхон далайн бүсийн 23 орны аюулгүй байдлын мэргэжилтнүүд кибер халдлагыг илрүүлэхээр өрсөлдөж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ) хамтран “Ази, Номхон далайн бүсийн кибер сургуулилт 2025”-ыг Улаанбаатар хотноо 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 05-ны хооронд зохион байгуулж байна. Ази, Номхон далайн бүсийн 26 орны 200 гаруй төлөөлөгчид оролцож байгаагаас өнөөдрийн сургуулилтад 23 орны аюулгүй байдлын мэргэжилтнүүд 15 баг болж  серверийн доголдлыг сэргээх, кибер халдлагыг илрүүлэх болон урьдчилан сэргийлэх бодит сорилт дээр өрсөлдөж, туршлага солилцлоо. Уг сургуулилтад манай улсаас нийт 16 кибер аюулгүй байдлын мэргэжилтэн оролцож, багийн бүрэлдэхүүнд идэвхтэй хамрагдан өөрсдийн ур чадвар, туршлагаа олон улсын түвшинд харуулж  байна.   Дөрвөн өдрийн турш үргэлжлэх уг арга хэмжээ шилдэг багуудаа маргааш тодруулна. “Ази номхон далайн бүс нутгийн кибер сургуулилт 2025”-ыг Монгол Улсад зохион байгуулснаар бүс нутгийн хэмжээнд кибер аюулгүй байдлын чиг хандлагуудыг хэлэлцэж, хариу арга хэмжээ авах, хамгаалалтыг сайжруулах шийдлүүдийн талаар санал солилцох, халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах ур чадварыг сайжруулж, чадавхжуулах, кибер аюулгүй байдлын бодлого төлөвлөлт, менежментийг сайжруулах, Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах хамтын үүргийн хэрэгжилтийг танилцуулах, улсаа сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой юм.