Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Израил Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Э.Белоцерковски, тус улсын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг MASHAV-ын захирал Эйнат Шлэйн нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын цахим шилжилт болон эрх зүйн шинэчлэлийг танилцуулж, дэлхийд “Startup Nation” хэмээн танигдсан Израилын туршлагыг нэвтрүүлэх хүрээнд дараах асуудлуудаар санал солилцов. Үүнд,
-Монголын стартап, технологийн компаниудыг Израилын инновацын экосистем, хөрөнгө оруулагчид, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг нээх;
-Хиймэл оюун, цахим засаглал, өгөгдлийн чиглэлээр туршлага солилцож, MASHAV-ын сургалт, мэргэжилтэн солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
-Кибер аюулгүй байдал, дата төв, үүлэн дэд бүтцийн хамгаалалт, удирдлагын чиглэлээр хамтран ажиллах;
-Үндэсний харилцаа холбооны хиймэл дагуул, CubeSat, газрын станц болон хиймэл дагуулын өгөгдөлд суурилсан хиймэл оюун ашиглах чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх;
-Өндөр технологи, кибер аюулгүй байдал, сансрын салбарын хүний нөөцийг бэлтгэх, хамтарсан R&D төсөл хэрэгжүүлэхээр тохиролцов.
Монгол, Израилын технологи, инновацын хамтын ажиллагааг бодит төсөл, сургалт, хөрөнгө оруулалтын түншлэлээр өргөжүүлэх боломжийг цаашид үргэлжлүүлэн судлахаар болов.













