Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Digital Nation – 2021 | Амьдралыг хөнгөвчилсөн 10 ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ

2021.08.30

Төрийн үйлчилгээг нэг дороос авч, хүссэн цагтаа такси дуудаж, зоогийн газрын амтат хоолыг хаанаас ч хамаагүй захиалж, автобус хүлээж түүртэлгүй чиглэлийг нь дор нь харчихна… Өдрөөс өдөрт шинэчлэгдэн, хөгжиж буй мэдээлэл технологийн өнөө үед монголчууд бид хэрхэн цахим үндэстэн болох эхлэлээ тавив? 

Нэг цахим үйлчилгээний ард л гэхэд тооцоолж барамгүй цаг зав, мөнгөн урсгал, дэмий зардал, алдагдсан боломжийн өртөг хэмнэгдэж байдаг. Хурууны үзүүрээ хөдөлгөөд л өдөр тутмын амьдралыг хөнгөвчилсөн дотоодын цахим үйлчилгээнүүдийг нэгтгэн хүргэж байна.

#1 Мобайл банк – Бүх банкны аппликейшн

Бэлэн мөнгө, картын хэрэглээ бага багаар цахимжсаар ухаалаг утасны аппликейшн бүгдийг нь орлохуйц болжээ. Өөрийн ашигладаг банкны аппликейшнээ татаад л, интернэт банктай болчихсон байхад түрийвчээ орхих, картаа мартах асуудал үгүй.

#2 Нийтийн тээврийн төлбөр, чиглэл: Umoney + Hipay + UB Smart Bus 

Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ картаа цэнэглэх цэг хайж явдаг цаг өнгөрчээ. Hipay ашиглаад гар утсаараа шуудхан л цэнэглэчихнэ. Мөн хаана хэзээ автобусанд сууж, бууснаа харж ч болно. Umoney-оор нийтийн тээвэр, хот хоорондын тээвэр, нислэг, галт тэрэгний хуваарийг харж болох бол UB Smart Bus-аар нийтийн тээврийн дэлгэрэнгүй чиглэл, зогсоолыг харах боломжтой.

#3 Такси дуудлага: Ubcab

Аюулгүй, найдвартай, түргэн шуурхай такси үйлчилгээний тэргүүлэх сүлжээ. Жолоочийн тухай мэдээллийг харж, үнэлгээ өгч, хэрэгцээтэй үедээ хүргэлт хийлгэж, тусгай VIP такси ч дуудаж болох ухаалаг платформ бол яах аргагүй Ubcab.

#4 Хоол хүргэлт: Tok tok + Songo + Toki 

Дээрх аппликейшнүүдийн “ачаар” бид хүссэн ресторан, зоогийн газрынхаа цэстэй танилцаж, хаягаа оруулаад л хоолоо хүргүүлэн авах боломжтой болжээ. Газрын зураг, хаягаа оруулах ухаалаг цэстэй, тооцоогоо мобайлаар, бэлнээр, картаар гээд төрөл бүрээр төлж болох тул ямар ч асуудал гарахгүй.

#5 Цахим төлбөрийн баримтын систем: Ebarimt

Төлбөрийн баримтаа утасны камераараа уншуулаад л болоо! Мөн татварын буцаан олголт, сугалааны дүнгээ харахаас гадна өөрийн зарлагаа төрөл ангиллаар нь хуваан, тооцоолох боломжтой.

#6 Үндэсний сошиал аппликейшн: Mongol Chat + Meme Chat

Эх хэлээрээ чатлах боломжтой, монгол залуусын бүтээсэн аппликейшнүүд. Фэйсбүүкийн мессенжерт байдаг бүх функцүүдтэй бөгөөд төлбөр тооцоо хийх гэх мэт нэмэлтүүдтэй.

#7 Төрийн үйлчилгээ: E-Mongolia

Иргэний үнэмлэхийн лавлагаанаас эхлээд компани байгуулах, орон сууц худалдан авах, боловсрол, тээврийн хэрэгслийн лавлагаа гээд 540 төрлийн үйлчилгээг шууд авах боломжтой сайт. Төрийн үйлчилгээг иргэн бүрт ойртуулсан томоохон дэвшил юм. Мөн төрийн үйлчилгээний тухай мэдээлэл авч, ойлголт мэдлэгтэй болоход ч хэрэгтэй.

#8 Боловсрол: Mplus + Esan + Tomyo + Mongoltoli.mn 

Цахим ном унших, татаж авах, зохиолч бүтээгч нарт хөрөнгө оруулах, олон улсын сэтгүүл, судалгааны материал уншихад Mplus, Esan тусалж чадна. Харин цахим сургалтын Tomyo сайт нь хэрэглэхэд хялбар, академик хичээлүүдтэй бөгөөд даруй 200,000 гаруй хэрэглэгчтэй болоод байна. Зөв бичгийн дүрэм шалгах, эх хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд Mongoltoli.mn тусалж чадна.

#9 Эх хэл: Ikon + Chimege

Бүх төрлийн ухаалаг төхөөрөмжүүдтэй хоршин ажиллах эл хоёр технологи нь монгол кирилл үсэг ашиглах боломжийг бүрдүүлсэн бөгөөд ашиглахад тун хялбар. Монгол яриаг бичвэрт буулган хөрвүүлэх ухаалаг Чимэгэ системийн монгол хэлний нарийвчлал 97 хувь байгаа нь олон улсад өндөрт тооцогдох үзүүлэлт юм.

#10 Үүрэн телефон: Unitel + Mobicom + Skytel + My GMobile

Гар утсаараа утасны төлбөр тооцоогоо хийж, нэгж дата худалдан авч, хэрэглээний дэлгэрэнгүй зардлаа харах боломжтой. Утастай хэн бүхний заавал татах ухаалаг үйлчилгээний нэг.

Дашрамд дурдахад, шинэ технологи шилдэг шийдлүүд бүхий мэдээлэл технологийн хамгийн том үзэсгэлэн “ICT EXPO” энэ жилээс эхлэн “Digital Nation” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжлөө. Уг арга хэмжээнд очихыг хүсвэл есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнг зориорой.

Эх сурвалж: Ub.life 

Бусад мэдээ

Өрхийн эмнэлгүүдийг “Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд” холбоно

Монгол улсын засгийн газрын “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хүрээнд эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийн цогц арга хэмжээг эрчимжүүлэх зорилтын хүрээнд ЦХИХХ-ийн сайд Э.Батшугар , Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нар  хамтарсан уулзалтыг зохион байгууллаа. Монгол Улсын төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох “E-Mongolia”-д байршсан бүх цахим үйлчилгээнээс 21.6 хувийг зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээ эзэлж байгаа нь энэ салбарын шинэчлэл ямар эрчимтэй өрнөж буйг харуулж буй үзүүлэлт юм. Өмнө нь эмчийн гарын үсэг авах, үзлэгт цаг захиалах, шинжилгээний хариу авах зэрэг олон үйлчилгээг авахын тулд заавал биечлэн очих шаардлага тулгардаг байсан. Харин цахим шилжилтийн үр дүнд бид энэхүү хүнд суртлаас салж, E-Mongolia-аас авах боломжтой болсон. 2025 оны 11 сарын 18-ны байдлаар улсын хэмжээнд байдаг 860 гаруй эрүүл мэндийн байгууллагаас 486 нь Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд холбогдсон. Энэ нь үйлчилгээний өгөгдөл, хариу илгээх хурд, мэдээллийн интеграцийн чанарыг эрс сайжруулсан алхам болсон. Хамгийн эрэлттэй эрүүл мэндийн цахим үйлчилгээний тухайд дараах үйлчилгээнүүд багтаж байна. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд өрхийн эмнэлгүүдийг эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд холбох , Кибер аюулгүй байдлын тухай хуульд “9.4. Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй төрийн өмчит хуулийн этгээд тагнуулын байгууллагаар, эсхүл түүний зөвшөөрснөөр энэ хуулийн 9.1-д заасан хуулийн этгээдээр мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэнэ.”гэж заасны дагуу  Эрүүл мэндийн байгууллагууд мэдээллийн аюулгүй байдлын аудит, эрсдэлийн үнэлгээ хийлгэх ажлыг ЦХИХХЯ болон Эрүүл мэндийн яам хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас Архангай, Булган, Говь-Алтай, Завхан, Орхон, Төв, Ховд, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд тус бүрд “Хурдан киоск”  төхөөрөмж суурилуулсан бөгөөд иргэдэд эрүүл мэнд, төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн. Нийслэлийн хэмжээнд Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Цэргийн төв эмнэлэг, Баянзүрх дүүргийн Улсын 2-р төв эмнэлэг, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдэд Хурдан киоск машиныг байршуулаад байна. Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд “Хурдан киоск” машинаас шинжилгээний хариу, нийгмийн даатгалын лавлагаа зэрэг үйлчилгээг ихэвчлэн авч байна. Мөн цаашид бүх эмнэлгүүдэд “Хурдан киоск” төхөөрөмжийг байршуулах боломжтойг ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатар илэрхийллээ. Монгол Улсын засгийн газрын  Эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийн цогц арга хэмжээг  хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хоёр сайдын хамтарсан тушаалаар ажлын хэсгийг шинэчлэн байгуулж шуурхай арга хэмжээ авахаар боллоо.

Ц.Баатархүү: Стартапуудыг дэлхийд гаргана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд салбарын хувийн хэвшлийн байгууллагуудыг долоо хоног бүрийн Баасан гарагт хүлээн авч уулзаж байна. ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү өнгөрсөн 7 хоногт эрүүл мэндийн финтек компани болох Кэйрпэй, “Монгол инфинити шуудан” компанийн төлөөллүүдтэй уулзаж санал солилцов. Кэйрпэй компани нь дэвшилтэт технологийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор Carepay болон GoCare аппликейшнийг хөгжүүлж, олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлжээ. Тус компани нь Монгол Улсын эрүүл мэнд төдийгүй технологийн салбарыг төлөөлөн Төв Азийн 85 стартап компанитай өрсөлдөн АНУ-ын Цахиурын хөндийд байрлах “The Silicon Valley Residency Program”-д оролцох 27 компанийн нэгээр шалгарсан Монгол Улсын анхны стартап юм. Мөн уламжлалт шуудангийн үйлчилгээг технологитэй хослуулан шуудан, хүргэлт, агуулахын үйлчилгээг иргэдийн гар утсанд санал болгож буй “Монгол инфинити шуудан” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч, уулзсан юм. “Монгол инфинити шуудан” ХХК нь 2018 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2023 онд Дэлхийн шуудангийн холбооны зөвлөлдөх зөвлөлийн Алтан гишүүнээр албан ёсоор элсэж, үүний хүрээнд Amazon, Европын топ 150 цахим дэлгүүрийг эгнээндээ багтаасан EU ecommerce, Хятадын топ 10 хувийн хүргэлтинй компани (SF, JDcom) China Express түүнчлэн Toshiba Escher зэрэг шуудан, хүргэлт, цахим худалдааны томоохон байгууллагуудтай хамтран ажилладаг юм. Тус компанийн төлөөлөл ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүүд хүргэлтийн платформ болох “E-Delivery” -ийг танилцуулж, шуудангийн салбарыг шинэ түвшинд гаргах чиглэлээр санал солилцлоо.

ЖДҮ-ийн экспортыг нэмэгдүүлэхэд БНХАУ-тай хамтарна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү өнөөдөр /2025.03.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд хоёр улсын шинжлэх ухаан, мэдээллийн технологийн салбарт хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар санал солилцов. Тодруулбал, Ц.Баатархүү сайд БНХАУ нь шинжлэх ухаан, мэдээллийн технологийн чиглэлд санаачилгатай, хиймэл оюуны салбарт хамгийн бага зардлаар илүү их бүтээмжийг бий болгож байгаагийн зэрэгцээ дэлхийн тавцад шинэ санаа, патентыг хамгийн олноор нь эзэмшиж, хүчирхэг улс болж буйд баяр хүргэв.  Үүний зэрэгцээ, цахим худалдааны талбарт Монгол Улсын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Alibaba-гаар дамжуулан экспортлох ажлыг эрчимжүүлж, энэ гуравдугаар сардаа багтаан хоёр талын цахим уулзалтыг зохион байгуулах асуудлыг онцлов.  Мөн Монгол Улсын Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөний хүрээнд Төв аймгийн Зуунмод хотыг шинэчилж, “Хүннү” хот болгон, шинжлэх ухаан, мэдээллийн технологийн парк байгуулахаар төлөвлөж буйг хатагтай Элчин сайдад дуулгаж, БНХАУ-тай энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлэв.  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан Ц.Баатархүү сайдын саналыг нааштай хүлээн авч, цахим худалдааны салбарт хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тал дээр санал нэгдэв.  Үүний зэрэгцээ хоёр улсын шинжлэх ухаан, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, харилцан ашигтай хамтдаа хожсон амжилтыг үзүүлж, дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.