Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ХЗБХ: Гурван хуулийн төслийг дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов

2021.06.22

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.06.22) 10 цаг 10 минутад эхэлж, 9 асуудал хэлэлцэхэээр тогтсон тухай Байнгын хорооны дарга С.Бямбацогт хуралдааны эхэнд танилцуулав. Эхлээд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хийв.

Тэрбээр, нийтийн мэдээлэл буюу төрд байгаа мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилсан бөгөөд хаалттай мэдээлэл гэж төрийн нууц болон хуулиар хаалттай гэж тогтоосон мэдээллийг, хязгаарлалттай мэдээлэл гэж хандах, ашиглахад хуулиар хязгаарлалт тогтоосон бөгөөд хүн, хуулийн этгээдийн зөвшөөрлийн үндсэн дээр хандаж, ашиглаж болох мэдээлэл болон албаны нууцад хамаарах мэдээллийг ойлгохоор тусгасан болохын тодотгов. Хууль саначлагчийн танилцуулснаар одоогийн мөрдөж байгаа хуульд заасан нээлттэй, ил тод байлгах мэдээллийг нэмэгдүүлсэн байна. Үүнд:

-тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл;

-мэдээлэл хариуцагчийн эзэмшиж байгаа оюуны өмчийн эрх;

-хот болон газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийн явцын талаарх мэдээлэл;

-мэдээлэл хариуцагчийн эзэмшиж байгаа газрын мэдээлэл;

-төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн ашиг, алдагдлын тайлан, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, гишүүд болон гүйцэтгэх удирдлагын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, авч байгаа цалин хөлс, урамшууллын дүн;

-стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьд нэгдсэн төсөв болон үндэсний баялгийн санд оруулж байгаа татвар, хөрөнгийн хэмжээ;

-төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг хувь хүн, хуулийн этгээдэд ашиглуулах, шилжүүлэх, хувьчлах, төсвийн хөрөнгийн ашиглалт болон түүнийг ашиглалтаас гаргах, ашиглалтаас гаргаснаас орсон орлогын талаарх мэдээлэл;

-Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээ;

-барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт;

-тусгай хамгаалалттай газар нутагт дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ, байгуулсан гэрээ, газар ашигласны төлбөр төлөлтийн байдал;

-улс төрийн намын дүрэм, гишүүнчлэл, хөрөнгө, түүнд өгсөн хандив;

-зүй ёсны монополь, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн үнийн бүрдлийн талаарх мэдээлэл;

-хуулийн этгээдийн эцсийн эзэмшигч, өмчлөгчийн талаарх мэдээлэл;

-мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчийн талаарх мэдээлэл;

-нэвтрэх, ашиглахад хязгаарлалт тогтоогоогүй мэдээллийн сан дахь нээлттэй өгөгдөл зэрэг 5 чиглэлээр 67 багц мэдээллийг нэмж тусгасан гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, Л.Мөнхбаатар, Ж.Сүхбаатар, Н.Учрал, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж, тодруулга авав. Үүнд, 2018 онд улсын бүртгэлийн багц хууль батлагдах үед нээлттэй, хязгаартай, хаалттай мэдээлэл гэсэн заалт тусгагдсан, үүнтэй холбогдуулан Нийтийн мэдээллийн тухай хуульд ямар мэдээллийг нээлттэй, хязгаартай гэж ангилсан, үүний аюулгүй байдал, мөн газрын мэдээллийн зохицуулалт хэрхэн тусгагдасан талаар тодруулав.

Хууль санаачлагч болон Ажлын хэсгээс хийсэн тайлбарт, улсын бүртгэлийн багц дөрвөн хууль батлагдсанаас хойш Улсын бүртгэлийн байгууллага болон Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар дундын мэдээлэл солилцож эхэлсэн. Ингэснээр шинээр олгож буй газар, түүний бүртгэлийн мэдээдэл санд бүртгэгдэж байгаа. Харин нийтийн мэдээллийг мөн нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилсан ба 5 чиглэлийн 67 багц мэдээллийг нээлттэй мэдээлэлд ангилагдсан. Аюулгүй байдлын хувьд, тухайн хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр хөндлөнгийн этгээд нэвтэрсэн үед тухайн хэрэглэгчийн гар утас болон цахим шууданд мэдэгдэл ирэхээр зохицуулагдсан гэв.

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил, Б.Энхбаяр нар уг хууль батлагдсанаар иргэдээс мэдээлэл шаардахгүй байх хязгаарлалтыг тогтоож өгөх, уг хууль төрийн болон албаны нууцын тухай хуультай уялдуулж өгөх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлэв.

Ингээд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад 66,7 хувийн саналаар дэмжигдэж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хийв.

Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх, хувь хүний нууцтай байх, үүнийг хуулиар тогтоон хамгаалахаар заасны дагуу Улсын Их Хурал 1995 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хувь хүний нууцын тухай хуулийг баталж, мөн оныхоо 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд хувь хүний нууцыг хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулж байгаа суурь эрх зүйн зохицуулалт юм. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш уг хуульд 2 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Шинээр оруулж буй Хувь хүний нууцын тухай хуульд зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд орсон. Тухайлбал, хүний хувийн мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзнээс зөвшөөрөл авдаг байх, эсхүл хуульд заасан үндэслэлээр хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглаж болох тохиолдлуудыг тогтоож өгсөн. Хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллагыг тогтоож, энэ хуулийн хэрэгжилтийг хянаж ажиллах чиг үүргийг тодорхой болгон, Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн  захиргааны байгуулага болон төрийн бусад байгууллага мэдээлэл хариуцагчийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд хяналт тавихаар тусгасан. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах тохиолдол, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системд тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Тодруулбал, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглохоор заасан жишээг дурдаж болно гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хуулийн төсөл саначлагчаас Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, Л.Мөнхбаатар гишүүн хувийн мэдээллийг төрийн болон төрийн бус байгууллагууд ашиглаж байгааг дурдаад энэ нь зөвхөн шаардлагатай мэдээллийг ашиглаж буй эсэхийг тодруулж, хуульд хэрхэн тусгагдсан талаар асуув. Хууль санаачлагч, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, хувь хүний мэдээллийг зөвхөн төрийн байгууллага ашиглаад зогсохгүй үйлчилгээний бүхий л байгууллагууд ашиглаж байна. Тухайлбал, дэлгүүр болон бусад үйлчилгээний байгууллагууд хувь хүний хурууны хээг заавал уншуулах шаардлага тавьдаг. Энэ нь тухайн байгууллагын дотоод журам гэсэн тайлбар хийдэг. Иймд уг хууль батлагдсанаар, энэ байдлыг халахаар зохицуулсан гэв.

Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдэв. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хийв.

Цахим гарын үсгийн тухай хуулийн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөх, практикт үүсээд байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх замаар цахим орчинд цахим гарын үсгийг ашиглан үйл ажиллагаа явуулах боломжийг сайжруулж, түүний хэрэглээг нэмэгдүүлж хуулийнэ хэрэгжилтийг хангах шаардлагатай байгаа тул Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу уг хуулийг боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзэн Цахим гарын үсгийн тухай хуульд зарчмын шинжтэй өөрчлөлтүүд орсноос гадна хуулийн нийт зүйл, заалтын талаас илүү хувьд буюу 34 зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт орж байгаа тул Хууль тогтоомжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь заалтад заасны дагуу хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд тоон гарын үсэг хэрэглэхээр заасныг өөрчилж, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн тоон гарын үсэг, хуулийн этгээд цахим тамга хэрэглэхээр тусгалаа. Ингэхдээ Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэн бүрт тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй олгож, түүний иргэний үнэмлэхийн санах ойд тоон гарын үсэг хэрэглэхтэй холбоотой мэдээллийг байршуулахаар зохицууллаа. Мөн хүн, хуулийн этгээд тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэхээс гадна хүн, хуулийн этгээдийн хэрэглэх бусад цахим гарын үсгийн тоо, хэлбэрт хязгаар тогтоохгүй байхаар заасан гэв. Гол гол зохицуулалтыг тоймловол, Цахим гарын үсгийн тухай хуулиар гэрчилгээний хүчинтэй хугацааг ихдээ 2 жил хүртэл байхаар иргэн, хуулийн этгээдэд олгох гэрчилгээний хугацаанд ямар нэгэн ялгаа тогтоолгүй олгож, тэр бүртээ гэрчилгээний үнэ буюу тоон гарын үсэг болон тоон гарын үсгийн хэрэгсэл, үйлчилгээний хөлс авч байгааг өөрчилж, гэрчилгээг иргэнд 5 жил, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдэд 3 жил хугацаагаар олгохоор тус тус зохицуулсан. Түүнчлэн гадаадын иргэн хүсэлт гаргаж тоон гарын үсэг авч болох зохицуулалтыг шинээр тусгаж, түүний оршин суух хугацаагаар, эсхүл 5 жилээс дээш хугацаагаар оршин суух бол гэрчилгээг 5 жилийн хугацаагаар олгохоор оруулсан байна. Мөн гадаад улсын гэрчилгээг Монгол Улсад хүлээн зөвшөөрөх тохиолдлыг гадаад улс орнуудын жишигт нийцүүлэн өөрчилж, гадаад улсын гэрчилгээжүүлэх байгууллага нь энэ хууль, холбогдох журамд заасан шаардлагыг хангаж байгаа талаар харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэр гарсан, Монгол Улстай байгуулсан олон улсын гэрээгээр гадаад улсын гэрчилгээжүүлэх байгууллагын гэрчилгээг хүлээн зөвшөөрсөн байх нөхцөлүүдийг тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, тайлбар авсаны дараа Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 72,2 хувийн саналаар дэмжигдэв. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

 

Бусад мэдээ

“Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн нийслэлийн газар зохион байгуулалтын албанд ажиллалаа

Иргэд, олон нийттэй харилцах “11-11″ төвд иргэдээс ирүүлсэн санал, гомдлын 15-20 хувийг газрын маргаантай холбоотой асуудал эзэлж байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг “5Ш” ажиллагааны нэг болох “Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх Ажлын хэсгийнхэн өнөөдөр /2023.04.10/ Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхантай уулзаж, санал хүсэлтийг нь хүлээн авч, асуултад хариуллаа. ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар уулзалтын үеэр яамны бодлого, хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулж, цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож, хүсэлтүүдийг хүлээн авлаа. Уулзалтад нийслэлийн болон есөн дүүргийн Газар зохион байгуулалтын албаны удирдлага, албан хаагчид оролцлоо.

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Үндэсний дата төвийн нөөц төв ашиглалтад орсноор манай улсын цахим хөгжлийн үзүүлэлт нэг шатаар ахиж байна

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал: Үндэсний дата төвийн нөөц төв ашиглалтад орсноор манай улсын цахим хөгжлийн үзүүлэлт нэг шатаар ахиж байна 2022.10.08 Мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг төрийн үйл ажиллагаанд оновчтой ашиглах замаар төрийн үйлчилгээг илүү үр ашигтай, ил тод, хүртээмжтэй болгох зорилго бүхий Ухаалаг засаг төслийн хүрээнд Дархан-Уул аймагт Үндэсний дата төвийн Нөөц төвийг байгуулах төслийг хэрэгжүүллээ. Энэхүү төсөл нь Дэлхийн банкны группийн Олон Улсын Хөгжлийн Ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн. Төсөл нь 2 үндсэн бүтэцтэйгээр хэрэгжсэн бөгөөд эхний шатанд Үндэсний дата төвийн Нөөц төвийг байгуулах, ашиглалтад оруулах төслийн техникийн нарийвчилсан тодорхойлолт, дизайн зураглал болон тендерийн баримт бичгийг боловсруулах Зөвлөх багийг сонгох байсан бөгөөд тус зөвлөх баг нь техникийн холбогдох баримт бичгүүдийг боловсруулахаас гадна нийлүүлэлт, суурилуулалтад хяналт тавих, олон улсын жишигт нийцсэн зөвлөх үйлчилгээг мөн үзүүлсэн юм. ЦХХХ-ны сайд Н.Учрал, Монгол Улсын Алсын хараа -2050 урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Төрийн цахим шилжилтийн суурь дэд бүтцийг бий болгон, хэвийн найдвартай ажиллагааг хангах чиг үүргийн хүрээнд салбар бүрт идэвхтэй хэрэгжиж байгаа төрийн цахим үйлчилгээний цахим системүүдийн 90 гаруй хувь нь Үндэсний дата төвийн дэд бүтцээс шууд хамааралтай ажиллаж байна. Цахим мэдээлэл, өгөгдлийн хувьд “Мэдээллийн хүртээмжтэй, бүрэн бүтэн, нууцлалтай аюулгүй байдал” гэсэн 3 асуудлыг чухалчлан авч үздэг билээ. Монголын Үндэсний дата төв 2009 онд байгуулагдаж байсан бол засгийн газраас төрийн цахим шилжилттэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд өнөөдөр гамшгийн үед үндсэн төвийн үзүүлж буй нэн чухал төрийн цахим үйлчилгээний дэд бүтцийн найдвартай, тасалдалгүй ажиллагааг хангах үндсэн үүрэг бүхий нөөц дата төвийг шинээр байгуулан ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь албан ёсоор эхлүүлж байна.     Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Facebook Marketplace цэсийг Монгол Улсад албан ёсоор ашиглах боломжтой боллоо

ҮЙЛ ЯВДАЛ Facebook Marketplace цэсийг Монгол Улсад албан ёсоор ашиглах боломжтой боллоо 2021.07.05 Facebook компани хэрэглэгчдэдээ борлуулалтыг хялбаршуулж, худалдан авалт хийх боломжтой Marketplace цэсийг Монгол Улсад нэвтрүүлж байна. Монголын фэйсбүүк хэрэглэгчид аппликэйшнийхаа Marketplace цэс дээр дарах эсвэл www.facebook.com/marketplace холбоосоор зочлоод л хүссэн ангилал, байршлынхаа дагуу хайлт хийх боломжтой. Энэ талаар Facebook компанийн Хонгконг, Тайван, Монгол болон Төв Азийг хариуцсан олон нийтийн бодлогын газрын дарга Жорж Чен: “Бид Facebook-н Marketplace цэсийг Монгол Улсад нэвтрүүлж байгаадаа баяртай байна. Уг үйл явдал Монголд хурдацтай хөгжиж буй цахим худалдааны зах зээлд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Цахим худалдаа нь Монголын эдийн засгийн цахим шилжилтэд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа ба монголчууд худалдаа наймаа хийхдээ аль хэдийнээ Facebook-г өргөнөөр ашигладаг болсон. Тиймээс бид аюулгүй, хэрэглэхэд хялбар Marketplace цэсийг Монгол Улсад нэвтрүүлж байна” Уг үйл явдлыг тохиолдуулан ХХМТГ-н газрын дарга Б.Болор-Эрдэнэ: Жижиглэн худалдааны ертөнц маш олон сувагтай болж, олон газар худалдаа эрхлэх боломжууд нээгдэж байгаа энэ үед монголчууд Facebook-н Marketplace цэсийг ашиглан борлуулалт хийх мөн худалдан авах маш таатай боломж бүрдэж байна. Худалдан авагчид нь аль хэдийн бүрдсэн зах зээл дээр бүтээгдэхүүнээ улсын хэмжээнд борлуулах нь жижиглэн худалдаа эрхлэгчдэд орлогоо өсгөх боломжийг олгох байна. Тиймээс Фейсбүүк компанид талархал илэрхийлье.” Marketplace-г Монгол Улсад нэвтрүүлэхийн сацуу Facebook компани Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газар болон Faro Foundation Mongolia ТББ-тай хамтран бизнес эрхлэгч болон хувь хүмүүст Facebook Marketplace-г өөрсдийн дижитал маркетинг болон цахим худалдаандаа үр ашигтай ашиглах сургалт ороход хамтарч ажиллах болно. Facebook Marketplace дээр худалдан авалт хийх Facebook Marketplace дээр худалдан авалт хийх нь маш хялбар. Та Facebook-н Marketplace цэс дээр дарах эсвэл www.facebook.com/marketplace холбоосоор нэвтрэхэд л хангалттай. Ингэснээр өөрийн сонирхолд нийцсэн зар руу нэвтрэх болно. Өөрийн байршил, бүтээгдэхүүний ангиллаа тохируулснаар таны сонирхолд нийцсэн зарууд харагдах болно. Мөн хайж байгаа зүйлээ олохын тулд хайлтын хэсгийг ашиглах боломжтой. Өөрт тохирсон зүйлээ хадгалах эсвэл борлуулагчтай шууд мессенжерээр холбогдож болохоос гадна борлуулагчийн Фэйсбүүк хаягаар зочлон тэдний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, хүмүүсийн тэдэнд өгсөн үнэлгээг харж болно. Үүний дараагаар борлуулагч болон худалдан авагч нар төлбөр болон хүргэлтээ хэрхэн хийхээ шийднэ. Marketplace-н талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл https://www.facebook.com/marketplace/learn-more/buying  холбоосоор зочлоорой. Facebook Marketplace дээр боруулалт хийх  Мөн Facebook Marketplace дээр боруулалт хийх нь маш хялбар бөгөөд боруулагч олон нийтэд нээлттэй зар үүсгэж, зарах гэж буй зүйлээ оруулна. Ингэснээр борлуулагч Marketplace дээр зар оруулахад тэдний зар Marketplace, News Feed, Facebook-н хайлтын хэсэг, Facebook групп болон бусад хайлтын систем дээр харагдана. Мөн борлуулагч өөрийн зараа Facebook-н Buy and Sell группт оруулах боломжтой. Зарах бүтээгдэхүүнийхээ зургийг аваад, бүтээгдэхүүний нэр, тайлбар, үнэ зэргээ оруулаад, байршил болон ангиллаа сонгоод л зараа байршуулахад хангалттай. Тухайн байршилд байгаа хүмүүс зарыг харах боломжтой бөгөөд худалдан авахыг хүсвэл борлуулагчтай холбогдоно. Мөн борлуулагч Marketplace болон Facebook Buy and Sell  группт нэгэн зэрэг зараа байршуулах боломжтой. Одоогийн болон өмнөх худалдан авалтынхаа түүхийг “Your items” хэсгээс харах боломжтой. Энэ хэсэгт хүмүүс хадгалсан зар, хямдралтай бүтээгдэхүүн болон худалдан авагчтай хийсэн харилцан яриаг харах боломжтой. Холбоо барих: А. БямбажаргалFaro Foundation Mongolia ТББByambajargal@faro.mn Share on facebook Share on twitter Бусад мэдээ