Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Монгол Улсад их хүчний радио станцууд байгуулагдаж, радио өргөн нэвтрүүлгийн сүлжээ үүссэн нь /Цуврал №3/

2021.01.26

МАХН-ын ТХ-ны УТТ-ны 1956 оны 10 дугаар сарын хурлаар “Харилцаа холбоо, радио өргөн нэвтрүүлгийг 1957-1970 онд хөгжүүлэх ерөнхий схемийг зохиож батлах” үүрэг чиглэл өгөгджээ. Энэ ерөнхий схемд Улаанбаатар хотын урт долгионы нэвтрүүлэх станцын хүчин чадлыг 150 кВт болгох, Баян-Өлгий, Есөнбулагт дунд долгионы станц байгуулах, Улаанбаатар хотоос гадаадын сонсогч нарт зориулсан нэвтрүүлэг дамжуулах, орон нутгийн бүх радио зангилаануудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, зурагт радиогийн төв байгуулах зэрэг хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэх зорилт тавьжээ. Хонхор дахь их хүчний радио станц байгуулагдсан нь

Монголын талаас Холбооны яамны орлогч сайд М.Чимэддорж, нөгөө талаас “СовМонголметалл” геологи хайгуулын дарга Н.Г.Смирнов нар “Радио станцын техникийн барилга, ажилчдын орон сууц барих газрын геологи хайгуулын ажил хийх, 7 км урт цахилгаан шугам татах, трасс сонгох, 46 км урт радио программ дамжуулах кабель шугамыг хайгуул хийх, 2,5 км авто замын хайгуул хийхээр гэрээ байгуулж,  ЗХУ-ын  Холбооны Яамны  зураг төслийн институт Хонхорын станцын зураг төслийг хийжээ. Радио станцыг барих талбайг Бүхэг, Түргэн, Хүй 7 худагт хайгуулын ажил хийж, дэд бүтцийн хангамжийн дагуу Хонхорыг сонгож, радио төвийн барилгыг Барилгын яам, бусад угсралт монтажийн ажлыг Тээвэр–Холбооны яам гүйцэтгэхээр болжээ. 1959 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн СнЗ-ийн 499 тоот тогтоолоор “Улсын радио нэвтрүүлэх төв”-ийг байгуулжээ.

Улмаар БНМАУ-ын Тээвэр-Холбооны яамны 1960 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар “Хонхорын радио нэвтрүүлэх төв”, “Нарангийн радио хүлээн авах төв” хоёрыг нэгтгэж, “Улсын радио нэвтрүүлэх төв” байгуулав.

Тухайн үедээ бүтээн байгуулалтын өргөн талбар болж, хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн асар том барилга байгууламж болох Радио нэвтрүүлэх төв 1960 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ашиглалтанд орсон байна. Тус станцыг В.И.Лениний мэндэлсэний 90 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын АИХ-ын зарлигаар түүний нэрэмжит болгожээ.

Радио нэвтрүүлэх төвийг нээж, ашиглалтанд оруулах цуглаанд нам засгийн удирдагчид Ю.Цэдэнбал, Б.Балжинням, Ц.Дүгэрсүрэн, Д.Моломжамц, Д.Төмөр-Очир, Н.Жагварал, Д.Майдар нарын тухайн үеийн бүх яамдын сайд дарга нар болон гадаад орнуудаас суугаа Элчин сайдууд оролцжээ. Цуглааныг Улаанбаатар хотын намын хорооны 1-р нарийн бичгийн дарга н.Лувсанравдан нээж үг хэлсний дараа тус төвийг В.И.Лениний нэрэмжит болгосон БНМАУ-ын АИХ-ын зарлигийг ИХ-ын тэргүүлэгчдийн орлогч дарга Д.Балжинням уншиж танилцуулжээ. Нам засгийн удирдагч Ю.Цэдэнбал Хонхор дахь шинэ станцын залгах кнопыг дарж, ажиллагаанд оруулсан байна.

Хонхор дахь Радио нэвтрүүлэх төвийг нээж Д.Моломжамц үг хэлж байгаа нь /1960.4.22/

Радио нэвтрүүлэх төвийн нээлтэнд оролцсон нам засгийн удирдагчид /1960.4.22/

Тус нэвтрүүлэх төв ашиглалтанд орсноор үндэсний радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хүчин чадал 1934 онд ашиглалтанд орсон станцынхаас 15 дахин ихэсч, радио сонсголын чанар орон нутагт эрс сайжирсаны зэрэгцээ гадаад орны сонсогчдод зориулсан тусгай нэвтрүүлгийг богино долгионы станцаар дамжуулах техникийн боломж бүрдсэн юм.

1960 онд ашиглалтанд орсон Радио нэвтрүүлэх төвийн дэд бүтэц бүхий иж бүрэн барилга байгууламж нь:

  • Урт долгионы 257 метр өндөртэй антенн матч,
  • Эрчим хүчний 35/6 кВ, 2000 кВа дэд станц,
  • Улаанбаатар-Хонхорыг холбосон программ дамжуулах 28 км кабель шугам,
  • СДВ-150кВт хүчин чадалтай “Иней” маркийн их хүчний урт долгионы нэг иж бүрэн радио нэвтрүүлэх станц,
  • Богино долгионы цараанд ажиллах РГД65/4,ВГДШ, ВГДШ-2У маркийн 16-53 метр өндөртэй 23 ширхэг антеннууд,
  • КВ-15/25М кВт чадалтай “Урал” маркийн их хүчний богино долгионы станц хоёр иж бүрэн радио нэвтрүүлэх станцууд,
  • КВ-50 кВт-ын хүчин чадалтай “Снеги” маркийн их хүчний богино долгионы хоёр иж бүрэн радио нэвтрүүлэх станцууд,
  • КВ-5кВт-ын хүчин чадалтай “Град” маркийн богино долгионы хоёр иж бүрэн радио нэвтрүүлэх станцууд,
  • Хонхорт байрлах 18 айлын болон Нарангийн хүлээн авах станцын 27 айлын орон сууцууд,
  • Наранд байрлах хүлээн авах иж бүрэн станцуудаас тус, тус бүрдэж байв.

Радио нэвтрүүлэх төвийн анхны инженер Ц.Мятав ДСВ-150кВт нэвтрүүлэгчийг тохируулж байгаа нь.

1960 онд ашилалтанд орсон Радио нэвтрүүлэх төвийн хөргөлтийн төхөөрөмжүүд. Техникч С.Жигжид

Хонхорын станцын анхдагчууд

Хонхор дахь радио нэвтрүүлэх төв ашиглалтанд орсноор 1961 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн радио өргөн нэвтрүүлгийг нэг ба хоёрдугаар программаар өдөр бүр 21 цагийн нэвтрүүлэг дамжуулдаг болж, улмаар 1964 оны 6 дугаар сараас “Улаанбаатараас ярьж байна” гадаад хэлний нэвтрүүлгийг монгол, хятад хэлээр Хөх хот, Бээжин чиглэлд, 1965 оны 1 дүгээр сараас Алс дорнод, Зүүн өмнөд Азийн чиглэлд 7 хоногт 2 удаа англи хэлний, 1970 оноос Африкийн чиглэлд франц хэлээр тус, тус Хонхор дахь богино долгионы КВ-25, КВ-50 кВт-ын нэвтрүүлэгчүүдээр дамжуулан нэвтрүүлж эхэлсэн байна. Мөн 1965 оноос Улсын радио нэвтрүүлэх төвийн богино долгионы 50 ба 25 кВт-ын радио станцуудаар ЗХУ-ын Холбооны Яамтай байгуулсан гэрээний дагуу “Зөвлөлтийн тусгай гадаад нэвтрүүлэг”-ийг дахин дамжуулж байв.

МАХН-ын  Төв Хорооны 108 тоот тогтоолоор 1975 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Монголын радиогийн 1 дүгээр программын нэвтрүүлгийг улс орон даяар өдөр бүр 06.00-23.00 цагт тасралтгүй дамжуулж байхаар шийдвэрлэжээ.

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

 

 

Бусад мэдээ

ДИЖИТАЛ АЙМАГ, СУМ БАЙГУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР HUAWEI КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол Улсын Засгийн Газар, ЦХХХЯ-ны урилгаар бүс нутгийн зарим улс орны цахим хөгжлийн сайд нар, дагалдах албаны хүмүүс, Олон Улсын Цахилгаан холбооны байгууллага, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын бүс хариуцсан захирал зэрэг өндөр албан тушаалтнууд “ICT EXPO – Mindgolia 2023” арга хэмжээнд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн. Энэ хүрээнд “Хүртээмжтэй дижитал эдийн засгийг бий болгох нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Өнөөдөр ЦХХХ-ны сайд Н.Учрал гадны орнуудаас ирсэн өндөр албан тушаалтнууд, байгууллагын төлөөллүүдтэй хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр уулзалт хийж байна. Энэ хүрээнд “Huawei” компанийн төлөөллийг хүлээн авч уулзаж, мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагаа идэвхтэй өрнүүлэхээр боллоо. Мөн Digital аймаг сумдыг байгуулах ажлуудад судалгаа, тооцоог нарийвчлан боловсруулах ажилд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Үнийн санал авах урилга

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь эрх бүхий оролцогчдоос доорх техникийн тодорхойлолтын дагуу үнийн санал ирүүлэхийг урьж байна. Техникийн тодорхойлолтыг эндээс харна уу Үнийн саналыг 2025 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 12:00 цагаас өмнө bayarsaikhan@mddic.gov.mn цахим хаягаар эсвэл Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны  бичиг хэрэгт ирүүлнэ үү.

Шуудангийн үйл ажиллагаанд дроны технологийг ашиглах туршилтын төсөлд Монгол Улс сонгогдсон

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Дэлхийн Шуудангийн Холбооны дэд захирал Марьян Освалд тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2025.07.01/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд дэд захирал Марьян Освалдын зүгээс Ази, Номхон далайн шуудангийн холбооны  Удирдах Зөвлөлийн ээлжит хурлыг Монгол Улсад амжилттай зохион байгуулж буйд Монгол Улсын Засгийн газар болон Монгол Шуудан ХК-ийн хамт олонд талархал илэрхийлээд газар зүйн хувьд хэдийгээр далайд гарцгүй, хязгаарлагдмал гарцтай орон боловч шуудангийн томилогдсон оператор компани маш амжилттай ажиллаж, цаашид өсөн дэвжих өргөн боломж байгааг онцоллоо. Мөн шуудангийн үйл ажиллагаанд дроны технологийг ашиглах чиглэлээр туршилтын төсөл хэрэгжүүлэх орнуудын нэгээр Монгол Улс сонгогдсон талаар дурдан, төслийн хүрээнд дроны чиглэлээр бодлогын баримт бичиг боловсруулахад улс орнуудад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. ЦХИХХ-ны сайд Э.Батшугар: Монгол Шуудан ХК бол төр, хувийн хэвшлийн түншлэлийн маш амжилттай жишээ болон 2016 оноос үйл ажиллагаа, үр ашиг нь дээшилж байгааг онцлон, Монгол Улсын Засгийн газраас дроны технологийг шуудангийн үйл ажиллагаанд ашиглах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар анхаарч ажиллаж байгааг дурдлаа. Мөн Шуудангийн үндэсний сүлжээг сайжруулж, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бүсийн төвүүдэд түшиглэсэн хабууд байгуулахаар төлөвлөж байгаа талаар дурдлаа. Уулзалтын төгсгөлд дэд захирал Марьян Освалд шуудангийн дэд бүтэц бол онц чухал дэд бүтцийн нэг бөгөөд шуудангийн үйлчилгээгээр хязгаарлагдахгүй цахим худалдаа, санхүүгийн үйл ажиллагааг хавсран эрхлэн бүрэн боломжтой онцгой салбар гэдгийг онцолсон юм.