Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Монгол Улсын Харилцаа холбооны үүсэл хөгжил, өртөө, улааны тухай

2021.02.16

Анхны өртөө улаа яаж үүссэн цаашид хэрхэн өргөжин хөгжсөн, өртөө улааг зохион байгуулж байсан хэлбэр, харилцаа холбооны хөгжилд нөлөөлж байсан эерэг болон сөрөг хүчин зүйлийн талаар товч мэдээлэл хүргэж байна. Монгол Улсын харилцаа холбооны салбарын дотроос шуудан холбоо нь хамгийн эртний ууган салбарын нэг юм. Өртөө шуудангийн эртний буурал түүхтэй улс орнуудын нэг нь Монгол Улс юм. Эдүгээгийн Монгол Улсын нутагт манай эрины өмнөх III зууны сүүлчээс оршин тогтнож байсан Хүннү нар олон муж хязгаартайгаа түргэн шуурхай харилцах хааныхаа зарлигаа хүргэх, мэдээлэл солилцохын тулд элч зарж, бичиг илгээж байсан мэдээ байдаг. (Монгол Улсын гавъяат холбоочин И.Норовжавын өгүүллээс…) ХҮННҮ УЛСЫН ҮЕИЙН ӨРТӨӨ ШУУДАН Эртний нүүдэлчин монголчуудын харилцаа холбооны гол хэрэглүүр нь морьт элч, галын дохио, дарцаг, утаа зэрэг зүйлс байлаа. Манай эрины өмнөх III зууны сүүлч II зууны эхнээс Хүннү улсад “Оуто ван” буюу өртөө ван хэмээх албан тушаал байжээ. Уг гүрний вангууд эзэн хаандаа яаралтай бичгүүдийг уургын улаа хэрэглэн буухиа элчээр явуулж эхэлснээр шуудан холбооны эх үүсвэр тавигдсан түүхтэй. Мөн III зууны сүүлч II зууны үед Хүннү нар гадаадад элч зарж, бичиг илгээж байсан мэдээ бий. Манай эриний IV зуун “Өртөөчин “ хэмээх албан тушаал бий болж, улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан өртөө байгуулж эхэлсэн. УУРГЫН УЛАА Уургын улаа гэдэг уургалан барих гэсэн утгатай үг бөгөөд харилцан нэвтрэлцэх явдлын нэг хэсэг, түр зуурын өртлөг өртөөний нэг хэлбэр юм. Энэ нь харилцаа холбооны анхны хэрэглэж байсан өртөө. Уургын улаач нь шууданч хаана яваа газраасаа ямар ч айлын сүргээс морь хөсгөө сольж, хүнсний хоол ундаа бэлтгэн хэрэглэхийг хэлдэг. Үүнд нь ард иргэд таатай бус хандаж байсан учир уургын улаач нараас аль болох холуур байхыг хичээдэг байв. Тиймээс уургын улаа нь маш их дутагдалтай байсан жишээ нь өртөө хоорондох зай харилцан адилгүй учраас айл хүнгүй газар унаа хөсгөө сольж чадахгүй, мөн хоол хүнсгүй болох зэрэг эрсдэлтэй тулгардаг байсан. Мөн уургын улаач нарт яаж явах замыг нь зааж өгсөн орчин үеэр бол газрын зураг байхгүй байсан тул яаралтай шуудан бичиг замдаа саатаж хугацаанаасаа хожимдох нь элбэг байв. ЧИНГИС ХААНЫ ҮЕИЙН ШУУДАН

XIII зууны эхэнд Монголын тулгар төрийг үндэслэгч их хаан Чингис нэгдсэн Монгол Улсыг байгуулсан тэр цагаас Монгол овог аймгуудын хооронд харилцан нэвтрэлцэх явдал нилээд өргөн болж шуудан өртөө нь улсын нэгдмэл алба болон хөгжсөн байна. Ийнхүү өртөө шуудангийн албыг эхнээс нь төрийн өндөрлөг албадын хооронд болон төрөөс нийгэмд хүргэх мэдээллийг харилцан дамжуулах үндсэн хэрэгсэл, онцгой алба болгон зохион байгуулж иржээ.

ӨГӨДЭЙ ХААНЫ ҮЕИЙН ӨРТӨӨ ШУУДАН

XII-XIII зууны Монгол оронд Чингис хааны гэрээслэл ёсоор 1228-1241 онд хаан ширээнд сууж байсан Өгөдэйн үед мэдээлэгч, захирагч \мэдээлэл\ нарыг бий болгон өртөө байгуулсан нь харилцаа холбооны хувьд уургын улааг устгаж, улсын өртөө байгуулсан явдал юм. Тэр үед өртөөгөөр цэргийн анги, эд бараа, нум сум, эмээл, хазаар зэргээр юм татаж авах эсвэл хаа хол газраас сувд, тана авчрах явдалд өртөөг өдөр шөнөгүй дайчилж байсан нь иргэдийг ихэд гачигдуулж байжээ.

Монгол гүрний хэмжээгээр өртөө байгуулах Өгөдэйн анхны шийдвэр дотор “Элч нарыг явуулахад явдал удаан, улс иргэнд зовлон буй учир “Огооторшуулан“ \журам болгон\ зүг зүгийн мянгат мянгатаас замчин \улаачин \ гаргуулж, суурьт зам өртөө үүсгэн, элч нарыг хамаагүй улсаар үл хэсүүлэн давхцуулах, зөвхөн өртөөгөөр явуулах хэрэгтэй гэж заасан байжээ.

Өгөдэй хаан анхны үед 37 суурь өртөө байгуулж, мянгат бүрээс суурь тутамд улаач, унааны морь, хүнсний хонь, саалийн гүү, хөллөх үхэр, ачих тэрэг зэргийг тогтоосон хэмжээгээр гаргах үүрэг ноогдуулж байв.

1232-1233 онд өртөөний ажлыг эмх журамтай болгохын тулд өртөөгөөр пайз тэмдэг, зар бичиггүй явсаныг цаазлах, өртөөгөөр явагчдын хэрэглэх хүнс шүүсний хэмжээг тогтоож, хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг цээрлүүлэн шийтгэж байхаас гадна өртөө замыг зөвхөн бүх монгол орны дотор төдийгүй 1235 оны үед монгол гүрний эзэмшсэн уудам нутагт өртөө замыг байгуулжээ. Энэ утгаар нь Өгөдэй хааныг монголд шуудан холбоог үндэслэгч, түүний байгуулсан шуудан өртөөг одоогийн шуудангийн төдийгүй харилцаа холбооны сүлжээний анхдагч гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Өгөдэй хааны зарлигаар байгуулсан морин өртөө шуудан нь өөрийн их эзэнт гүрнийг нэгтгэн барьж байх гэсэн тэр цагийн монгол хаадын бодлогод чухал үүрэг гүйцэтгэж байсан шигээ дараа дараачийн хаадууд монгол туургатны цаашдын хөгжилд амьдралын янз бүрийн үе шатанд тэдгээрийн эрх ашиг сонирхлыг хангах төрийн захиргааны нэгэн хэрэглүүр болж байв.

Монгол шуудангийн зохион байгуулалт ёс журам нь дундад зууны үеийн феодалын дорой буурай цагийн үед хамаарах боловч мөн үеийн Европтой зэрэгцүүлэхэд илүү сайн, тухайн эзэнт улсын байдалд зохицсон байжээ. Иймээс монголын шуудан нь бусад улс орны анхаарлыг татаж, шуудангийн нэр томъёо олон орны үгийг баяжуулсан гэж гадаадын зарим эрдэмтэд бичиж, үзсэн жуулчид магтсан байдаг.

Аливаа улсын шуудан нь уналга, тээврийн хэрэгсэлтэй нягт холбоотой болохоор тэдгээрийн хөгжил, төрөл, хүртээмж, зохион байгуулалтаас хамаарч байдаг. Эртний монголын шуудангийн унаа тээврийн гол үндсэн төрөл нь ердийн хөсөг, морь байв.

Монгол Улсын хязгаарын дотор болон хязгаар нэвтрүүлэх албан бичиг, захидал зэргийг шуудангаар нааш цааш нэвтрүүлэн явуулахдаа өртөө тутмаас ачих морь, морьтой улаач нэгийг хэрэглэдэг.

Албан бичгийн шуудан явуулахад түүн дээр маркны оронд тэр бичгийг явуулсан ба үнийг хураасан албан газрын тэмдэг дардаг байсан байна. Тухайн үеийн тэр тэмдгийг одоогийн марктай адилтгаж болох юм.

Монголын өртөө шуудан нь маш их хариуцлагатай алба байсан бөгөөд монголын их гүрний аль ч өнцөгт ямар ч самуун дэгдсэн харийн дайсан халдсан тухай эсвэл өөр ямар нэг чухал хэргийн талаар их хаанд айлтгахын тулд буухиа элч өдөрт 200 бээр, заримдаа 250 бээр \тэр үеийн 1 бээр 500 метртэй тэнцүү\ газар хурдлан мэдээ хүргэдэг байжээ.

Маш чухал яаралтай алба гарвал элчид шонхортой пайз олгоно. Элч хоёр өртөөний хоорондох 25 бээр газрыг гэдсээ боон, толгойгоо ороосон байдлаар асар богинохон хугацаанд туулдаг байв. Хэрэв элч хоёулаа байвал хурдан морийг хоёулаа унадаг байсан бөгөөд нэг өртөөнд ирэхэд  нь тусгайлан сойж бэлтгэсэн сэлгээний хурдан морьдыг бэлэн байлгадаг байжээ. Тэд огт сааталгүй дараагийн өртөөнд очиход мөн л морьд бэлэн байдаг байна.

Өртөө бүр дээр элч зарлага нарт зориулсан 300-400 морь, том гэр, унтах ор дэвсгэр, тансаг торгон хөнжил, хоол унд хэрэгтэй юм бүхэн элбэг дэлбэг хэзээд бэлэн байдаг байна. Морьдыг мянгат хот цайзуудаас бэлтгэх бөгөөд харин эл хуль газрын өртөөдөд хааны сангаас гаргадаг байжээ.

Тэр цагт яаралтай бичиг захианы дөрвөн буланд “Морин дэл дээгүүр довтлон явуул” гэж бичиж, өнцөгт нь нисэж яваа шувуу зураад “Нис, нис” гэсэн бичиж буухиагаар илгээдэг байсан нь хурдлан хүргэхийн тэмдэг байсан ба мөн шар шувууны өрөвлөг өд нааж явуулдаг байсныг \жигүүр агуулган\ “Өдтэй бичиг” гэдэг байсан.

Өдтэй бичгийг байгалийн ямар ч бэрхшээлийг ялгахгүй түүнд үл захирагдан өдөр шөнөгүй довтолгосоор хүрэх газарт нь хүргэх хатуу хуультай байжээ. Иймээс өдтэй бичигт наагдсан шувууны өд нь жирийн нэг шувууны өд наадаггүй гагцхүү шар шувууны өрөвлөгийг наадаг байсан нь өдөр шөнө аль ч цагт зогсолгүй явж хүргэх гэсэн агууллагатай өвөрмөц онцлогтой өв уламжлалтай байлаа. Түүнчлэн захидал бичигт зэрэглэл тогтоон онц яаралтай бичгийн дөрвөн захаар нь бийрээр хөвөө зурж явуулдаг байжээ. Их Монгол улсын хаан–эзэн Чингисийн  гутгаар хүү Өгөдэй, эцгийнхээ их сууринд сууж хаан эцгээс хойш үйлдсэн сайн хэрэг минь гээд:

  1. Би Алтан улсыг эзлэн дагуулав.
  2. Бидний хооронд элч явуулж харилцах ба элдэв хэргийг зөөлгөх өртөө замыг тавиулав.
  3. Усгүй газарт худаг малтуулж гаргуулаад улс иргэнийг ус өвсөнд хүрэлцээтэй болгов.
  4. Зүг зүгийн суурин улсын хотуудад мэдээлэгч захирагч нарыг тавьж, улс иргэнийг хөл хөсөр, гар газар тавиулж амар түвшин болгов гэжээ.

Өдтэй бичиг

Яаралтай бичиг

МОРИН ӨРТӨӨГӨӨР ЯВУУЛАХ ШУУДАНГИЙН ХЭМЖЭЭ

  •  хүнд нь 70 жин буюу 42 кг,
  • урт нь 13 ямх буюу 41,6 см
  • өргөн нь 7 ямх буюу 22,4 см
  • өндөр нь 6 ямх буюу 19,2 см \ 1ямх тэнцүү 3,2 см \ байхаар овор хэмжээ нь тогтоогдсон байна.

Шуудан нь нэг хоногт 6 өртөөнөөс доошгүй буюу \180 км\ явах журамтай байсан. Мөн бичиг захидлын хүндийг лан, пунгаар тогтоож зохих үнийг тэр хэмжээний дагуу хураадаг байжээ. \1лан тэнцүү 37,5 гр, 1 пүн тэнцүү 375Мгр\

ЯВГАН ӨРТӨӨ

Зарим өртөө замыг мориор нэвтрэн өнгөрч үл болох бартаатай замд явган өртөө гаргаж байв. Мөн өөр хоорондоо ойр зайтай суурин бүрд явган элч алба гүйцэтгэж байжээ. Алсаас гүйн ирэх чимээ нь дуулдаж байхын тулд элч нь хонх бүхий бүстэй байна. Нэг элчийг гүйн ирэхэд авчирсан шуудангийн зүйлийг дараачийн элч халаа залган авч гүйнэ. Үүний дүнд 10 өдрийн газрыг нэг, 20 өдрийн газрыг хоёр хоногийн дотор явж мэдээ авалцаж, шууданг дамжуулах хурд тэр үед харьцангуй их түргэн байжээ.

МАНЖИЙН ҮЕИЙН ӨРТӨӨ ШУУДАН

Дундад зууны үеийн Монголд морин өртөө анх байгуулагдахдаа л эгэл жирийн хүмүүсийн хөрөнгө хүчинд түшиглэж, яваа яваандаа их нүсэр хүнд албан үүргийн нэг болсон байна. Энэ хүндрэл нь ялангуяа Монголын Феодалууд Манжид дагаар орж Манж Чин улс халх Монголд өөрийн ноёрхолыг бэхжүүлэх, баруун Монголыг байлдан дагуулах зорилгоор Монголын өргөн уудам газар нутагт цэрэг, буухиа, элч, бичиг харилцан нэвтрэлцэх зорилгоор цэргийн буухиа, суман, салбар, хэсгийн өртөөд олон тоогоор байгуулсан тэр үеэс бүр их дарамт болж улам харгис хэрцгий шинж чанарт шилжсэн байна.

XIII зууны үед зохион байгуулагдсан Монголын өртөө шуудан олон зуун жил үе улиран хэрэглэгдсээр Манжийн ноёрхлын үед ч \ 1691-1911\ үргэлжлэн өртөөгөөр явах алба бүхэн нь яаралтай түүний дотроос шуудан бичиг бүрийг маш түргэн дамжуулах ёстой. Үүгээр Манжийн хааны эртний заншлаар өдтэй, морин туурайтай бичгүүдийн аль аль нь дамждаг байжээ. Гэвч энэ үед шуудан өртөөний албыг энгийн ард иргэдээр үнэ хөлсгүй гүйцэтгүүлж бүх зардлыг өөрсдөөр нь гаргуулах зарлиг буулгаж, өртөөчдийг харгис хэрцгийгээр дарлан мөлждөг байсан нь Монгол шуудангийн түүхэн дэх хамгийн хүнд хэцүү үе юм.

Манжийн Энх-Амгалан хаан 1692 онд Хятад цагаан хэрмийн хаалганаас эхлэн гадаад Монголын газарт таван замын өртөө байгуулах зарлиг буулган уул өртөөдийг байгуулах Хятад сайд, Монгол түшмэдийг тохоон томилж тулган даалгаж байжээ. Чухамхүү тэр үеэс Хятадын түмэн газрын Цагаан хэрмээс ар Монголын голлох чухал газар нутагт нэвтрэн холбосон таван замын \сүүлдээ 7 замын\ морин буухиа өртөө байгуулагджээ.

1715-1723 оны хооронд зөвхөн баруун талын нутагт орон нутгийн чанартай 39 өртөө, 1730 оны үед Түйн голоос Ховд Улиастай хүртэл 29 өртөө, Улиастайгаас Орхон хүртэл 18 суурь өртөө нэмж байгуулжээ.

XVIII зууны дунд үед Улиастайн жанжин, Их хүрээний сайд, Хар мөрний жанжин нарын хооронд элч бичиг дамжуулахаар халхын зүүн захаас улиастай хүртэл 74 суурь \2220 км\ суман өртөө байгуулав. Үүнийг “Умард замын өртөө” гэж нэрлэдэг. Мөн Түшээт хан, Цэцэн хан хоёр аймгаас Улиастай, Их хүрээний газартай холбох суман өртөөд олныг байгуулж, тус тус аймгийн элч шууданг нэвтрүүлж байжээ. Ийм өртөө Монгол нийтдээ 700- гаад байсан байна.

1758, 1762 онуудад Их хүрээ Ховдод тус тус суулгасан Манж амбан, баруун хойд хязгаарын жанжин сайдын газруудад буухиа элч бичиг нэвтрүүлэх, цэрэг, эдийн засаг, улс төрийн эзэгнэлийнхээ шаардлагаар Чуулалт хаалганаас Хятадын баруун хойд хязгаар өвөр ба Ар Монголын өргөн уудам нутаг дэвсгэр дээр Алтай замын гэж нэрлэгдэх цэргийн 140 гаруй суурь буухиа өртөөг ийнхүү байгуулсан. Алтай замын өртөө нь олон замын өртөө байсан.

Цэргийн ба буухиа өртөө нь цэрэгжүүлсэн морин өртөө бөгөөд нэвтрүүлэх албыг хэрхэн залгуулах тухай Манжийн дайчин улс хатуу нарийн хууль дүрмээр тогтоожээ. Буухиа өртөөний албыг ардууд биеэрээ, хөрөнгөөрөө залгуулах үүрэг хүлээдэг байсан бөгөөд буухиа өртөөний албан хаагчдыг өрх цэрэгт тооцож эр нэг бүр цэргийн хувьд бүрэн зэвсэг, морь дөрөв, тэмээ нэгийг бэлтгэж өртөөний албыг залгуулах хүнд үүрэг хүлээдэг байв.

Буухиа өртөөний суурь тутмын хооронд 30-35 км зайтай, харин нэвтрэн өнгөрүүлэх ачааллын хэмжээнээс хамааран суурь тутмын алба залгуулах өрх цэрэг зүтгэх хүчний мал хөрөнгө, орон сууц зэрэг хэрэглэл бэлтгэх тоо хэмжээг ялгавартай тогтоож байжээ. Манж чин улсын олон замын буухиа өртөөнд 2500 шахам өрх дайчлагдан алба залгуулдаг байсан төдийгүй өртөөний суурь бүрт 5-20 орчим цагаан гэр, элчийн хүнс, уналга ачааны морь, тэмээд, улаач, галч, тогооч зэргийг өртөөний алба залгуулагчдаас байнга бэлэн байлгахыг шаардаж байсан учраас аймаг хошуудаас өртөөний албыг хаахын тулд алс газар нутагт албан журмаар хугацаатай нүүдэллэн очиж байжээ.

Өртөөний өрх бол айлын өрх биш харин өртөөний зохион байгуулалтын хэлбэр нэгж юм. Энэхүү нэгжийг өрх гэж нэрлэж байв. Олон замын өртөөний нэгэн өрхийн албыг мал хөрөнгөөр баян чинээлэг нэг айл өрх залгуулж байсан боловч тийм хүмүүс цөөн бол нэг өрхийн албыг хэд хэдэн айл өрх хамжин \ дунджаар 3-4 \ морь, тэмээ, хүнсээ нийлүүлэн өртөө өрх болж байжээ. Өртөөний суурь тутамд аливаа албыг залгуулж нийлүүлэх бэлтгэлийн “өртөөний тай”  хэмээх газар байв.

Манж чин улсын ноёрхлын үед тогтоосон өртөөнөөс гадна хошуу нутгийн дотор улаа дайчлах явдал жил дараалан нэмэгдэж, ард түмэн уургын улаанаас залхан халширч түүнээс зайлсхийхийн тулд адуу малаа нуух нутаг шилжин нүүх улааг таслах зэргээр тэмцдэг байжээ. Ард түмэн уургын улааг малын дайсан чонын адил үзэн ядаж “улих чоно, уургын улаанаас зайлахтун” гэж жигшин дургүйцэж байсан байна.

Өртөөний алба XIX зууны сүүлчээс улам хүндэрч ширүүсэн манжийн боолчлолын шувтаргын үеэр Монголын ноёд ч өртөөний алба ялангуяа Алтай замын цэргийн өртөөний албыг хөнгөтгөх шаардлагыг ширүүн тавьж байв. Тэр үед Монголын ард элдэв татвар албанд дарагдаж ядуурч хөрөнгө хүч мөхөсдөн үгүйрч өлсгөлөн тохиолдсон хүн ихээр бий болж байв. Манжийн өртөөний албаны бас нэг уршиг бол өртөөний зүтгэх хүчний гол хэрэгсэл болох малын хүч чадал доройтон турж үхэх эмгэг авах зэрэг шалтгаанаар жил тутамд олон зуун толгой мал үхэж хоргодон, ард иргэд ядуурч байсан байна.

  МАНЖИЙН ЗАХИРГААНЫ ҮЕИЙН ОРОН НУТГИЙН ӨРТӨӨ ШУУДАН

Манжийн ноёрхогчид XVII зууны сүүлч XVIII зууны эхэнд олон хошуудын засаг захиргааны газрыг байгуулж, орон нутгийн дотор харилцан нэвтрэлцэх явдлыг залгуулахын тулд тэдгээр газруудын дэргэд морин өртөөдийг нэмж байгуулжээ. Эдгээр морин өртөөд нь олон замын буухиа өртөөнөөс тусдаа байгуулагдсан бөгөөд “Орон нутгийн морин өртөө” гэж нэрлэгдэж байв. Манжийн үед орон нутагт янз бүрийн хэлбэрийн өртөөдийг байгуулсан бөгөөд уургын улааг хүртэл хэрэглэж аливаа харилцан нэвтрэлцэх явдлыг залгуулж байв. 1872 онд Түшээт хан аймгийн чуулганы дарга, олон хошууд, бусад албан газар, жагсаалын зарлага, мэдээний албыг 385 өрх хааж байсан байна. Ар Монгол дахь манжийн захиргаа, Улиастайн жанжих, Хов, хүрээний амбас, Хиагт, хүрээний заргач, шүүхийн газруудын хооронд элч, бичиг нэвтрүүлэхийн тулд орон нутгийн дотор байнгын ажиллагаатай олон тооны морин өртөөг удаа дараа байгуулж, ард олны бие, хөрөнгөөр үнэ хөлсгүйгээр албан залгуулж байв. Энэхүү орон нутгийн морин өртөөг “суман өртөө” гэх бөгөөд түүнээс салбарласан өртөөдийг “салбар”, “дамжлага”, “навч” өртөөд гэж нэрлэжээ. Өртөөний албан хаагчдыг “тахар”, “зарлага мэдээ”,  “уяачин” гэх зэргээр нэрлэдэг байв. Улиастайн жанжин, хүрээний амбасаас Хар мөрний Жанжин нарын хооронд элч бичиг нэвтрүүлэхээр Халхын зүүн хязгаараас Улиастай хүртэл 74 суурь суман өртөөг байгуулжээ. Үүнийг “умард замын өртөө” гэж нэрлэжээ. Байгалийн бэрхшээл бүхий бөгөөд нутаг бэлчээр тохиромжгүй, ялангуяа ган гачиг, зуд байнга тохиолддог зарим нутаг орон буюу нэгэн өртөөнөөс олон зам чиглэлээр салбарласан элч, бичиг нэвтрүүлэхийг хүнд хатуу өртөө гэдэг байжээ. Харин нутаг бэлчээр сайтай, элч бичгийг зөвхөн хоёроос илүүгүй чиглэлээр нэвтрүүлэх ба урин дулаан улиралд залгуулах зэргийг харгалзаж байсан учир хөнгөн зөөлөн өртөө хэмээн нэрлэж, ацаг хөлсийг харилцан адилгүй их бага янз бүр олгодог байжээ.( Н.Төмөрхүү- Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон номноос )

Монгол оронд байсан Оросын худалдаачид захидал харилцаандаа ашиглаж байсан шуудангийн өдрийн тэмдэгтийн дардас:

Монгол оронд байсан Хятадын худалдаачид захидал харилцаандаа ашиглаж байсан  шуудангийн өдрийн тэмдэгтийн дардас:

ТҮМТ ӨРТӨӨ

Түмт  өртөө нь төв өртөө бөгөөд Нийслэл хүрээ, Улиастай хоёроос өөр газар байгаагүй байна. Түмт өртөөнд аймаг хошуудаас шилж ирүүлсэн олон бод бүхий чинээлэг баян 20 өрх айл алба хааж байжээ. Өртөөнд алба хааж байгаа өрх тус бүр бэлхнээ эмээллэх гоц сайн морь 50-аас доошгүй байх тул түмт өртөө тухайн үед нэгэн амиар 1000 морь эмээллэн гаргах чадалтай байжээ.

Өртөөнд хөдлөх хүчний хүмүүс нь: өртөөний занги 1, бичээч 1, өртөө алба хааж байгаа өрх бүрийн гэрийн эзэн түүний мэдлийн дор тус бүрд нь 2 улаач нийтдээ 62 эрэгтэй энэ Түмт өртөөнд ажиллаж байна. Түмт өртөө гэж нэрлэсэний учир бол түмэн цэрэг хөдөлгөх түүнд зориулах бэлэн түмэн агт эмээллэн мордуулах чадалтай төв өртөө гэсэн нэр бөгөөд тэр үеийн өртөө бол эрх биш цэргийн зохион байгуулалт бүхий утга чанар хадгалан байсан байна.

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

 

 

 

 

Бусад мэдээ

Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны төслийн баг хуралдлаа

Япон Улсын ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны төслийн багийн уулзалт өнөөдөр /2023.02.02/ зохион байгуулагдаж, төслийн явц болон 2023 онд зохион байгуулах сургалт, арга хэмжээний талаар хэлэлцлээ. Төслийн хүрээнд тоон шинжилгээ, байгууллагын удирдлагын түвшний кибер аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургагч багш бэлтгэх мөн төрийн албан хаагч, олон нийтийн кибер аюулгүй байдлын мэдлэг, чадвар, ойлголтыг дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж, төр, хувийн хэвшил, боловсролын салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. Мөн ёс зүйт хакер сургалтыг зохион байгуулж холбогдох багш, албан хаагчдыг хамруулан энэ төрлийн хамтын ажиллагааны төсөл хэрэгжсэн гаднын улсуудтай мэдээлэл солилцох арга хэмжээг зохион байгуулаад байна. Төслийн багийг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахалж, ШУТИС-ын Мэдээлэл холбооны технологийн сургууль, Удирдлагын академи хамтран хэрэгжүүлнэ.

Э.БАТШУГАР:ТӨРИЙН НИЙТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 77 ХУВЬ ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖЭЭД БАЙНА

Монгол улсын хэмжээнд төрийн үйлчилгээг тоолох ажлыг амжилттай хэрэгжүүллээ . Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа–2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлж байна. “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын хүрээнд төрийн нийт үйлчилгээний 90 хувийг цахимжуулах зорилт тавин ажиллаж байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, төрийн байгууллагуудын хүн, хуулийн этгээдэд үзүүлж буй бүх үйлчилгээг улсын хэмжээнд тодорхойлох, тоолох, бүртгэх, ил тод болгох ажлыг зохион байгууллаа. Судалгаанд төрийн 1,392 байгууллага хамрагдаж, давхардсан тоогоор 19,224 үйлчилгээ бүртгэгдэн, төрийн үйлчилгээний нэгдсэн мэдээллийн сан бүрдсэн байна. Эдгээр үйлчилгээний: • 77 хувь нь төрийн болон төрийн үйлчилгээний нэгдсэн системүүдээр дамжуулан цахимаар, • 23 хувь нь уламжлалт буюу цаасан суурьтай хэлбэрээр иргэн, хуулийн этгээдэд хүрч байна. Давхардалгүй 3,189 төрийн үйлчилгээнээс: 2,367 үйлчилгээ бүрэн цахимжсан бөгөөд энэ нь төрийн нийт үйлчилгээний 74 хувь цахим хэлбэрт шилжсэнийг илтгэж байна. Харин үлдсэн 822 үйлчилгээг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлэх, дахин загварчлах шаардлагатай байгаа юм. Давхардалгүй үйлчилгээний мэдээллийг нарийвчлан хянахад: • 71.4 хувь (2,277 үйлчилгээ) нь мэдээллийн хувьд баталгаажсан, • 11.2 хувь (358 үйлчилгээ) нь нэршлийг нэг мөр болгох шаардлагатай, • 12.2 хувь (388 үйлчилгээ) нь нэгтгэх шаардлагатай үйлчилгээ, • 5.2 хувь (164 үйлчилгээ) нь үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай дахин нягтлан шалгах шаардлагатай гэж тус тус тодорхойлогдсон байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар төрийн үйлчилгээний мэдээллийг нэгдсэн байдлаар бүртгэх, цахим шилжилтийн явцыг ил тод болгох зорилгоор төрийн үйлчилгээний бүртгэлийн services.khurdan.gov.mn цахим системийг ашиглалтад оруулж, байгууллага тус бүрийн үйлчилгээ болон цахим шилжилтийн хувийг олон нийтэд нээлттэй байршуулаад байгааг онцоллоо. Цаашид үйлчилгээний нэршлийн зөрүүг арилгах, давхардалгүй мэдээллийг нарийвчлан сайжруулах, системийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийх, мэдээллийг тогтмол шинэчлэн бүртгэх зохицуулалтыг холбогдох байгууллагуудад хариуцуулан хэрэгжүүлж, уламжлалт суурьтай явагдаж байгаа төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр зорьж байна гэлээ. 2026 оны 4 дүгээр сар гэхэд төрийн үйлчилгээний бүргэлийг нягтлан сайжруулж, өөрчлөлт орсон тухай бүр шинэчилж байх үүргийг төрийн байгууллагуудад Засгийн газраас үүрэг болголоо.

Харилцаа холбооны 100 гаруй жилийн түүхийг өгүүлсэн сан хөмрөг

Монгол Улсын анхны Ерөнхий сайд, сайн ноён хан Т.Намнансүрэн 1914 оны 12 дугаар сарын 15-нд Өргөө хот дахь Засгийн газрын телефон холбоог ашиглах дүрмийг баталснаар Монгол Улсад телефон холбоо үүссэн түүхтэй. Энэхүү телефон станц нь Соёлын өвд бүртгэгдсэн “Анхны холбооны байшин”-д байрлаж байжээ. Өөрөөр хэлбэл, тэртээ 1913 онд  Сайн ноён хан Т.Намнансүрэн Орос улсад гурван сар зочлохдоо телефон утасны аппаратыг ихээхэн сонирхож байж. Үүнийг нь анзаарсан Оросын Николай хаан түүнийг нутаг буцахад нь 25 номерын гар багтаамжийн станц бэлэглэсэн үеэс манай улсын харилцаа холбооны түүх эхэлсэн гэлтэй. Монгол Улсад харилцаа холбоо үүссэн цаг үеийн анхны морзын аппаратнаас эхлүүлээд гар аргаар холбодог телефон станц, гудамжинд байрлуулдаг шуудангийн төмөр сав гэх мэт маш сонирхолтой үзмэрүүдийг 20 метр квадрат хүрэхгүй өрөөнд байрлуулжээ. Учир нь Холбооны анхны байшинд байрлаж байсан музей 1996 оноос хойш Баянгол дүүргийн 19 хороонд байрлах “Мэдээлэл холбооны сүлжээ” компанийн байрны нэг өрөөнд байрласан нь энэ. Иймд бид удаад Монголын харилцаа холбооны түүхийг өгүүлэх “Харилцаа холбооны түүхэн замналын музей”-гээр зочилсон юм. Ерөнхий сайд Т.Намнансүрэнд 1913 онд Орос Улсын II Николай хааны бэлэглэсэн 25 хэрэглэгчийн багтаамжтай телефон станцыг цахилгаан, байр, угсарч ажиллуулах хүний боломжийг харгалзан дээрх байшинд суурилуулсан тухай түүх болон дурдатгал номуудад тэмдэглэсэн байдаг. Дээрх телефон станц нь 1934 он хүртэл энэ байшиндаа ажиллаж 60, 100, 300, 500 дугаараар тус тус өргөтгөн ажиллуулж байгаад зай талбай бага учраас цаашид өргөтгөх боломжгүй болж, 1934 онд одоо Төв шуудан буй байшингийн суурин дээр радио холбоо, цахилгаан мэдээ, телефон холбоо, шуудангийн үйлчилгээ бүхий холбооны нэгдсэн хоёр давхар байшинд шилжүүлсэн түүхтэй. Харин өдгөө “Мэдээлэл холбооны сүлжээ” компанийн байранд байгааг дурдах нь илүүц биз. Тэнд Сайн ноён хан Намнансүрэнгийн хэрэглэж байсан телефон утас, суурин батерейтэй телефоны аппарат, “Рассвет” радио хүлээн авагч, морзын аппарат, VEF-TSB (3)-2 маркийн хагас автомат станц, шуудангийн төмөр сав гэх мэт музейн сан хөмрөгт 300 гаруй үнэт бүтээл, 120 гаруй номын фонд, 2000 фото зураг хадгалагдана. Энэхүү үзмэрүүдийг нүдний цөцгий мэт хайрладаг хүн бол эрхлэгч Г.Шаравдэмбэрэл. Тэрбээр өөрийнхөө амьдралыг энэхүү музейтэй холбоод даруй 25 жилийг үджээ. “Музейн үзмэрүүдээ ширхэгчлэн нүдлэн хамгаалж, өөрийнхөө хүүхдүүдийн түүхийг ярьж байгаа мэт хаана юу байгааг бүгдийг нь цээжээр үүх түүхтэй нь хэлж чадна” хэмээн бахархана. Тэнд Харилцаа холбоо, шуудангийн бүхэл бүтэн нэгэн зууны түүх бий. Сонирхолтой жишээ дурдвал, шууданг энгийн, яаралтай, маш яаралтай хэмээн ангилдаг байж. Шуудан дээрээ шувуу зурчихсан, доор нь нис нис гээд биччихсэн байвал “Маш яаралтай шуудан”-д тооцогдож, морин дэл дээрээс хүргэдэг байж.   Харилцаа холбоо, шуудангийн бүхэл бүтэн нэгэн зууны түүх бий. Музейд дийлэнхдээ ахмадууд ирж, үзвэрүүдийг хараад хуучнаа дурсдаг гэнэ. “Би ингэж ажиллаж байлаа, энэ ийм байсан” гээд л хуучилна.  Үүнээс гадна сүүлийн үед дунд сургуулийн  хүүхдүүд ирж үздэг болжээ. Хоёр, гурван сургууль холбогдох хичээлийн программдаа музейгээр зочлох арга хэмжээг багтаасан тул хүүхдүүд  ихэвчлэн мэргэжлийн чиг баримжаа авах зорилгоор ирж байгаа аж. “1898 оноос хойш хөгжсөн 100 гаруй жилийн түүхийг өнөөдрийн өдрийг иртэл манай үе үеийн холбоочид тухайн шаардлагатай үедээ ажил үйлчилгээгээ явуулж, холбооны үйлчилгээний чухлыг ард түмэндээ хүргэсээр ирсэн. Энэ түүхийг л хадгалж, ард түмэндээ мэдүүлэх зорилгоор манай музей ажиллаж байна” хэмээн Г.Шаравдэмбэрэл гуай хуучлав. Өнгөрсөн хугацаанд музейн сан хөмрөг, үзмэрийг зорин очсон цөөн тооны хүмүүс л сонирхдог байсан бол музейн зориулалтаар Холбооны анхны байшиндаа нүүж, олон нийтийн хүртээл болох өдөр тун удахгүй ирэх нь ээ.