Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Холбооны дөрөв дэх сайд Магсарын Чимиддорж

2021.03.25

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. 100 жилийн ой хүрээнд салбарын түүхэн замналыг цуврал нийтлэлээр хүргэж буй. Бид энэ удаад Холбооны 4 дэх сайд М.Чимэддоржийн тухай өгүүлж байна. Мушаадан овгийн Магсарын Чимэддорж 1923 онд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Улз голын ойр орчимд төржээ. 1933-1934 онд сумын бага сургуульд суралцан төгсөөд, жинчин болж, холбооны мэргэжилд дур сонирхолтой болсон тухайгаа “ … тэр үед арван хэдтэй хүү би жинчин болж, Онон голоос Баянтүмэн, Тамсагбулаг, Матад сум хүртэл үхэр тэргээр холбооны шугамын багана мод тээвэрлэж байлаа. Хүнд ачаатай үхэр тэрэг хөтөлж яваа хүүд урьд үзээгүй зүйл, олон янзын машинтай монгол, орос цэрэг дарга нар давхих нь сэтгэлд нэгийг бодогдуулна. Ялангуяа өдөр, шөнөгүй яваад байхад тасралтгүй үргэлжлэх холбооны агаарын урт шугам миний сонирхлыг гойд татаж байлаа. Энэ шугамыг харахад гайхамшигтай цэх шулуун тавигдсан, мод бүр нь өөрийн дугаартай, орой нь жигд бөгөөд цэвэрхэн тэр хэсэгт нь дэгээ, лонх суулгаж, төмөр утас татаж, тэгээд дүнгэнэж дуугарах нь бүр ч сонирхолтой, түүгээр ямар нэгэн чухал мэдээ дамждаг байх гэсэн бодол төрдөг байлаа. Энэ шугам байгуулдаг ажилтай бол ямар сайхан бэ, гэсэн бодол санаанаас гардаггүй боллоо. Ингэж явахдаа Улаанбаатар хотын холбооны сургуульд орж, шугам байгуулдаг мэргэжилтэй болохоор 1940 оны зун шийдэж билээ” хэмээн дурсан бичжээ. М.Чимиддорж 1940 онд Улаанбаатар хотод ирж, төсөр утасны сургуульд орж, 1944 онд холбооны техникумыг утсан харилцааны техникчийн мэргэжлээр төгсжээ. Түүнийг Улаанбаатар хотын телефон хорооны станцын шугамын хэсэгт механикч- монтёроор томилж, утасны модонд гарах, агаарын шугам шалгаж засах болон аюулгүй ажиллах арга техникийг эзэмшүүлсний дараа Их тэнгэрт тавигдсан утаснуудыг буюу Монгол Улсын төр засгийн удирдлагуудын тусгай холбооны ашиглалт үйлчилгээг гардан хариуцуулжээ. Дээрх үүргээ хариуцлагатай гүйцэтгэж, 1944-1946 онд тусгай байрны телефон техникчээр ажиллаж, мөн Холбооны техникумд багшилж байв. Үүний зэрэгцээ тэрээр МУИС-ийн бэлтгэл ангид оройгоор суралцан, өөрийн мэдлэгээ дээшлүүлэхэд анхаарч байлаа. МУИС-ийн тоо физикийн ангид суралцах болсноо сайд З.Аюурзанад танилцуулсан боловч эхлээд чухал ажил хариуцсан сайдын мэдлийн хүн атлаа зөвшөөрөлгүй ажлаа орхин сургуульд явах гэлээ гэж зэмлүүлж, сайд “Холбооны мэргэжлээр инженерийн дээд сургуульд гадаадад явуулбал чи суралцаж чадах уу” гэж асуусан гэдэг. Ийнхүү ЗХУ-ын холбооны сургуульд суралцуулахаар бэлтгэл хийж, 1946 онд Москва хотын Холбооны цахилгаан техникийн дээд сургуульд суралцахаар элсэн орж, 1951 онд тус сургуулийг радио холбооны инженерийн мэргэжлээр амжилттай төгссөн бөгөөд Монгол Улсын холбооны салбарын анхны инженер болсон байна. Тэрээр 1952 оноос Холбооны яаманд инженер, ерөнхий инженер, Холбооны яам болон Тээвэр холбооны яамны орлогч сайдаар ажиллаж байгаад БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1960 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар томилогджээ. Түүний Монгол Улсын харилцаа холбооны хөгжилд оруулсан үнэт гавьяа бол БНМАУ-ын харилцаа холбоог 1960-1975 онд хөгжүүлэх ерөнхий схем байсан бөгөөд энэ ерөнхий схемээс анхлан баригдсан томоохон төслүүд нь Холбооны төв барилга, Хонхор дахь радио нэвтрүүлэх төв, Наран дахь харилцаа холбооны зохицуулах хорооны радио долгионы хяналтын төв болон нийслэл аймаг, хоорондын шугамын өргөтгөн шинэчилж өнгөт шугам өлгөж телефоноор харилцуулах ажлыг эхлүүлсэн юм. М.Чимиддорж сайд шинийг санаачлагч байсан нь тэр 1939 онд Чойбалсан Тамсагбулгийн хооронд байгуулсан төмөр замыг хурааж шугамын баганын төмөр хөл хийж бэхлэх ажил байсан бөгөөд эзгүй хээр төмөр замын ган рельсийг тайрна гэдэг хүний ой тойнд оромгүй ажлыг идэр есийн хүйтэнд, үүрийн таван жингийн жавраар рельсээ тайрах газраа дэр тавьж байгаад хасуураар ором гаргаад үзүүр дээр нь лантуугаар цохиход хугардаг технологи нэвтрүүлсэн нь гайхалтай үр дүн өгч уул төмөр замыг 1957-1960 онд гуравхан өвөл хурааж Улаанбаатар, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Улаанбаатар, Архангай, Улаанбаатар Хужирт, Өвөрхангай чиглэлийн шугамын баганыг хөллөсөн нь тэдгээр шугамын бэхжилтийг шийджээ. М.Чимиддорж сайд 1962 онд Их Эзэн Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойгоор 4 ширхэг шуудангийн марк гаргасан нь дэлхийд маш үнэтэй цуглуулгын зүйл болсон бөгөөд гүйлгээнд гаргаад гурав хонож байтал ЗХУ-ын коммунист намын Төв Хорооны шахалтаар Чингис хааны ойг тэмдэглэх ажлыг зогсоосон учир борлуулалтыг хааж байсан ч ардчилсан хувьсгалын дараагаар хорио нь тавигдсан юм. Эх орныхоо түүхтэй холбоотой ийм марк гаргах зоригтой хүн социалист үзэл суртлын хатуу дэглэмийн үед ганцхан М.Чимиддорж гуай байсан бөгөөд түүнийг нь дэмжсэн МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, нарийн бичгийн дарга Дарамын Төмөр-Очир албан тушаалаас авахууны үндсэрхэг үзэл дэлгэрүүлэгч хэмээн буруутгагдаж байв. М.Чимиддорж 1962 оны намар Тээвэр холбооны сайдын ажлаасаа чөлөөлөгдсөн ЗХУ дахь БНМАУ-ын Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр томилогдсон бөгөөд энэ албаа хорь гаруй жил хашихдаа улсын харилцаа холбоог хөгжүүлэх анхдагч ба хоёрдогч ерөнхий схемийн зорилгыг биелүүлэх хэрэгт хүчин зүтгэж бүрэн биелүүлэхэд хүндтэй гавьяа байгуулсан ахмад холбоочин байсан. Тэрээр 1960-1973 онд АИХ-ын депутатаар сонгогдон ажиллаж байсан бөгөөд түүний хөдөлмөрийг өндрөөр үнэлж, “ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”- гоор 2 удаа, “ Алтан гадас” одон, “Монгол Улсын гавьяат эдийн засагч” цол, ЗХУ-ын “Улс түмний найрамдлын одон”- оор тус тус шагнажээ. Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын зөвлөх инженер Н.Цэвээндарь

Бусад мэдээ

Ц.Баатархүү: 2030 он гэхэд Монгол Улсын ДНБ-ийн 1-4%-ийг 5G технологи бүрдүүлнэ

Монгол Улс 5G сүлжээг өнөөдөр албан ёсоор асааж, технологийн шинэ эринийг эхлүүллээ. Энэ нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 2025 онд хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гол ажлыг нэг юм. Уг арга хэмжээг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү нээлээ. Тэрбээр, “Радио давтамжийн нөөц нь дэлхийн эдийн засгийн чухал хөрөнгө юм. Олон улсын цахилгаан холбооны байгууллага энэхүү нөөцийг улс орнуудад хуваарилдаг бөгөөд сонгон шалгаруулалтыг олон улсын гэрээний дагуу явуулдаг. Энэ ажлыг зохион байгуулсан Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗГ) болон идэвхтэй оролцсон үүрэн холбооны операторуудад талархал илэрхийлье. 5G технологи нь зөвхөн хурдан интернэт биш, харин шинэ эдийн засаг, технологийн дэвшилд суурилсан аж үйлдвэрийн хөгжлийн суурь болно. Энэ нь орон нутгийн иргэд, ялангуяа алслагдсан багт амьдардаг хүүхэд, залууст нийслэлийн түвшний нийгмийн үйлчилгээг цаг алдалгүй авах боломжийг олгоно. Тухайлбал, сумын иргэд Улаанбаатарын эмнэлгүүдээс эрүүл мэндийн зөвлөгөө, тусламжийг шууд авах, хүүхдүүд дэлхийн шилдэг хичээлийг онлайнаар сонсох боломжтой болно. Хамгийн гол нь 5G нь аж үйлдвэрийн шинэ эриний эхлэлийг тавина. Уул уурхайд жолоочгүй тээвэр нэвтрүүлэх, экспортыг нэмэгдүүлэх боломж бий болно. Судалгаагаар, 2030 он гэхэд Монгол Улсын ДНБ-ийн 1-4%-ийг 5G технологи бүрдүүлж, жил бүр 800 тэрбум төгрөгийн эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэж тооцоолж байна. Хүний оролцоог багасгасан, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц орчин үеийн аж үйлдвэрийг хөгжүүлэхэд эрчим хүч, хурдан бөгөөд хоцрогдол багатай интернэт гэсэн хоёр тулгуур чухал. 5G технологийн нэвтрүүлэлтээр бид энэ тулгуурын нэгийг амжилттай босгож, Монгол Улсын экспортын шинэ гүүрийг хамтдаа нээж байна” хэмээн онцлов. 5G сүлжээ нь өндөр хурдны интернэтээр хязгаарлагдахгүй харилцаа холбоо, аж үйлдвэр, боловсрол, эрүүл мэнд, уул уурхай зэрэг олон салбарт хувьсгал авчирна. 5G технологийн ашиг тус: Сорилтууд ба онцлог: Монголын хүн амын сийрэг байршил, өргөн уудам газар нутаг нь 5G-ийн дэд бүтэц бий болгоход их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Гэсэн хэдий ч оператор компаниуд 5G сүлжээний туршилтыг ажлыг амжилттай хийж, үе шаттайгаар асааж эхэллээ. 5G нь Монголд дижитал хуваагдлыг багасгаж, хөдөө орон нутгийн хөгжил, цахим засаглал, боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн өсөлтөд томоохон хувь нэмэр оруулна. Гэхдээ хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хөгжил зэрэг сорилтуудыг даван туулах шаардлагатай. Өнөөдрийн байдлаар дэлхийн 130 гаруй улс 5G хөдөлгөөнт холбооны үйлчилгээг нэвтрүүлээд байна. Дэлхийн хүн амын 21 хувь нь 1,76 тэрбум хүнд 10 сая гаруй 5G технологийн антен сүлжээгээр дамжуулан үйлчилгээ хүргэж байна. Дэлхийн 186 улсад 623 оператор компани 5G сүлжээ байгуулахаар төлөвлөсөн, туршилт хийгдсэн, давтамжийн зөвшөөрөл өгөгдсөн, сүлжээгээ байгуулсан, үйлчилгээг эхлүүлсэн, зах зээлд бүрэн нэвтрүүлсэн байна.   5G нь 2024 оны эцэс гэхэд мобайл дата урсгалын 34 хувийг эзэлж байсан бол 2030 оны эцэс гэхэд нийт мобайл датаны урсгалын 80%-ийг дамжуулах төлөвтэй гэж Эрикссон компаниас таамагласан байна. 2030 онд 5G сүлжээний дэлхийн холболтын тоо 6.3 тэрбумд хүрч, мобайл нийт холболтын 67 хувьтай тэнцэнэ.

ЦХХХ-ны сайд Н.Учрал: “Төрийн их өгөгдөл” төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулна

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал: “Төрийн их өгөгдөл” төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулна 2022.09.21 ЦХХХ-ны сайд Н.Учрал Үндэсний статистикийн хорооны удирдлагуудтай уулзаж “Төрийн их өгөгдөл” төслийг хэрэгжүүлэх талаар санал солилцож, хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо. Төрийн бодлого боловсруулахад салбар хоорондын хамаарал, түүнийг илэрхийлсэн их тоон өгөгдлийн сангийн хэрэгцээ улам нэмэгдэж байна. Улсын хөгжлийн бодлого үр дүнтэй байх эсэх нь салбар хоорондын бодлогын уялдаа үр дүнтэй байхаас ихээхэн хамаардаг. Салбар хоорондын бодлогын уялдааг нэгдсэн тоон мэдээллийн сангүйгээр үнэлэх боломжгүй юм. “Төрийн их өгөгдөл” төсөл нь энэ боломжийг бүрдүүлж төрийн бодлогыг тодорхойлоход тухайн нэг иргэн, өрх, аж ахуйн нэгжийн хувьд нийгэм, эдийн засгийн бүрэн хэмжээний түүхэн өгөгдөлд суурилах боломж бүрдэх юм. Мөн мэдээллийг холбож, уялдуулах, боловсруулалт, тооцоолол хийх үйл ажиллагаа хурдан шуурхай, ухаалаг болж, цогц мэдээллийг нэг дороос авах, төрийн бодлого үр дүнтэй, зорилтот бүлэгтээ хүрэн, төрийн шийдвэр өргөн хүрээг хамарч, оновчтой болно. Улмаар урт хугацааны өөр, өөр багц өгөгдлүүдийг холбон уялдуулах, шинжилгээ, судалгааны ажлын хамрах хүрээг өргөжүүлэх боломж бүрдэх юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Төрийн жинхэнэ алба хаагчид тангаргаа өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дараах нийт таван албан хаагч өнөөдөр “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг” өргөлөө. Эдгээр албан хаагч нарт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Сайд Э.Батшугар, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр нар хүндэтгэн баяр хүргэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөн, албан үүргээ хуулийн дагуу нэр төртэйгөөр гүйцэтгэн, манлайлал санаачилгатай ажиллахыг захилаа.