Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хийлээ

2021.11.23

Улсын Их Хурлын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.11.23) хамтарсан хуралдаан 10 цаг 22 минутад 51.7 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хурлын эхэнд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулав. Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны арван нэгдүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас болон гишүүдээс санал гаргаагүй гэдгийг тэрбээр танилцуулгадаа дурдав. Төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна. Ажлын хэсгийн танилцуулга болон төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Төрийн болон албаны нууцын тухай хуулийг өөрчлөх шаардлагын талаар хэлж, үүнтэй холбогдуулан асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Төсөл дээр 67 төрлийн мэдээллийг нээлттэй хэмээн хуульчилж байгаа гэдгийг Н.Учрал гишүүн онцлон тайлбарлаж өгөв. Ийнхүү төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж дууссан бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Дараа нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулсан.

Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны арван нэгдүгээр 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.3-т заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг боловсруулжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг  явуулах үед хуралдаан даргалагчаас болон Улсын Их Хурлын гишүүдээс Улсын Их Хурлын гишүүнийг хуралдааны ирцэд бүртгүүлэх, санал хураалт явуулахад гарын хурууны хээгээр хязгаарлахгүй байх санал гаргасан тул биометрик мэдээллийг ашиглах талаар, хүний хувийн мэдээллийг задруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, ялын бодлогыг ялгамжтай оногдуулах зорилгоор хувь хүний нууцыг задруулсан, түүнчлэн харилцаа холбоо, цахим сүлжээг ашигласан бол зургаан сараас таван жил хүртэл хорих ялаар оногдуулдаг байх саналыг тус тус боловсруулсан гэв. Түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийн эзний хүсэлтийн дагуу мэдээллийн хуулбарыг цахим хэлбэрээр үнэ төлбөргүй өгөхөөр тусгасан байна.

Төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна.

Ажлын хэсгийн танилцуулга болон төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, Д.Ганбат, Б.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Т.Доржханд нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч болон бүрэлдэхүүнээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хийсэн юм.

Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг  2021 оны арван нэгдүгээр сарын 22-ны өдөр хуралджээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үед дэмжигдсэн саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцээд дараах саналуудыг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар шийдвэрлүүлэхээр танилцуулсан. Үүнд, төслийн 23 дугаар зүйлийн “23.3” дахь хэсгийг 5 дугаар зүйлд шилжүүлэн “5.3” дахь хэсэг болгох саналыг нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх үед хуралдаан даргалагчаас Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар дахин хэлэлцэхийг  чиглэл өгсөн юм. Мөн Цахим гарын үсгийн тухай хуулийг 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр өөрчилж, Нийтийн мэдээллийн тухай болон Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн дагаж мөрдөх хугацаатай уялдуулах нь зүйтэй хэмээн үзжээ.

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн нэр болон холбогдох зүйл, хэсэг, заалтын дугаарт өөрчлөлт орсонтой холбогдуулан Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийн 2.1 дэх хэсэг, 4.1.9, 10.2.2, 13.2.1, 15.3.3 дахь заалтад эшилсэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн нэр болон холбогдох зүйл, хэсэг, заалтыг нийцүүлэн өөрчлөх болон Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд хөндөгдсөн асуудал болох Иргэний хуулийн 421 дүгээр зүйл, 43 дугаар зүйлд цахим хэлбэрээр хэлцэл хийхэд “тоон гарын үсэг”-ийг хүлээн зөвшөөрөх асуудлыг “цахим гарын үсэг” болгож байгаатай холбогдуулан Иргэний хуулийн 196 дугаар зүйлд тусгагдсан цахим хэлбэрээр гэрээ хийхэд “тоон гарын үсэг”-ийг хүлээн зөвшөөрөх асуудлыг мөн адил “цахим гарын үсэг” болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэж, холбогдох саналын томьёоллуудыг боловсуурлсан байна.

Ажлын хэсгийн танилцуулга болон төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын дөрвөн томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Эцэст нь энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусад мэдээ

Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа

ҮЙЛ ЯВДАЛ Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа 2021.08.12 Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй. Энэ удаад 1996 оноос Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Галсандагвын Нямдаваагийн тухай нийтэллээ. Г.Нямдаваа нь 1958 онд Ховд аймгийн Чандмань сумын нутаг Жаргалантхайрхан гэдэг газар төржээ. Тэрбээр 1966-1976 онд нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг төгсөөд ЗХУ-ын Ленинград хотын Политехникийн дунд сургуульд орж, нэг жил суралцан, улмаар Москвагийн эрчим хүчний дээд сургуульд шилжиж, 1977-1983 онд суралцаж төгссөн бөгөөд 1995-1996 онд мөн сургуулийн магистрт суралцаж, магистрийн зэрэг хамгаалжээ. Г.Нямдаваа 1983-1984 онд Улаанбаатар хотын тээврийг удирдах газарт диспетчер, инженер, 1984-197 онд Тээврийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 1987-1990 онд Тройллебусны комбинатын ерөнхий инженер, 1990-1992 онд Засгийн газрын дэргэдэх Зам, тээврийн ерөнхий газрын дарга, 1993-1996 онд Тагнуулын төв газарт хэлтсийн дарга, “Агь” ХХК-д зөвлөх, 1996-1998 онд Дэд бүтцийн хөгжлийн сайдаар тус, тус ажиллажээ. Тэрбээр Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үйл явцын өрнөлтийн жилүүдэд Зам тээврийн ерөнхий газар ба Дэд бүтцийн хөгжлийн яаманд удирдах албан хашиж, ардчиллын үйл хэрэгт оролцон, ардчилсан хүчний анхны Засгийн газраас явуулж байсан бодлого, “МҮАН- МҮДН”-ын ба ардчилсан холбоо” эвслээс сонгогчидтой байгуулсан гэрээг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байлаа. Энэ үед Дэд бүтцийн хөгжлийн яамны зохион байгуулалт бүтцийг Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн боловсронгуй болгож төрийн мэргэшсэн албан хаагчдаар аппаратыг бүрдүүлэн, ажлын хариуцлага сахилгыг өндөржүүлэн ажиллуулснаар яамны газар, хэлтэс, тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын ажилд зарим ахиц өөрчлөлт гарчээ. Монгол Улсын шуудангийн салбарт банк санхүүгийн шинэ нэр төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх асуудлыг 1995-1996 онд боловсруулан, Засгийн газарт уг асуудлыг оруулан, “Шуудангийн шинэ нэр төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх тухай” Засгийн газрын 1997 оны 99 тоот тогтоол гарч, шуудангийн санхүүгийн үйлчилгээг Ховд аймагт 1997 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс туршилтын журмаар эхлүүлэн, үр дүнг 9 дүгээр сард Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцүүлж, “Төрийн үйлчилгээг иргэдэд хугацаанд нь хүргэж үйлчилсэний төлбөрийн Монголшуудан компанид тухай бүр төлж,…. хуримтлагдсан мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, ашиглалтыг удирдан зохицуулж байхыг Сангийн сайд П.Цагаанд даалгасан байна. Эдгээр удирдамж шийдвэрийн дагуу аймгийн шуудан холбооны алба (ШХА)-ыг түшиглүүлэн ажиллах хүч, орон байрыг ашиглан, ШХА-ны дарга нарыг банкны салбарын захирлаар хавсруулан банкны тайлан, тооцооны үйл ажиллагааг хариуцсан нягтлан бодогчийн орон тоог шинээр нэмж ажиллуулсан байна. Тэрбээр Харилцаа холбооны салбарт бүтцийн өөрчлөлт хийж, “Монгол марк” компанийг татан буулгаж, Монгол шуудан компанитай нэгтгэсэн нь шуудангийн салбарыг нэгдмэл байдлаар хөгжүүлэх, эдийн засгийн хувьд бэхжүүлэхэд ач холбогдолтой шийдвэр болсон юм. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” 2011 он Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын “Жендерийн стратеги, үйл ажиллагааны чиглэл”-ийг баталлаа

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт баримтлах Жендерийн стратеги нь салбарын бодлого, хөтөлбөрүүдийн төлөвлөлт, үйл ажиллагаа, хэрэгжилт, үнэлгээнд жендерийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх, бүх нийтийн цахим ур чадавхыг сайжруулах салбарын стратегийг жендерийн арга зүйгээр дэмжих зорилготой юм. Энэ хүрээнд: Стратегийн эхний шатны хэрэгжилтийн үр дүнг 2025 оны эхний улиралд үнэлж,  хоёрдугаар шатанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар зөвлөмж гаргах юм.

Монголын радиог Япон машинд сонсох боломжтой боллоо

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 700,000 гаруй машин өдөрт хөдөлгөөнд оролцдог бол үүний 500,000 гаруй нь япон стандартын машин эзэлж байна.  Япон машинтай иргэд монголын радиог сонсохын тулд машиндаа 130,000 гаруй төгрөгийн үнэтэй нэмэлт төхөөрөмжийг суурилуулдаг байсан. Тэгвэл энэхүү асуудлыг шийдэж, Радио телевизийн үндэсний сүлжээний мэргэшсэн өндрийн инженер, техникийн албан хаагчид монголын радиогийн өргөн нэвтрүүлгийн FM106.0, FM100.9 долгион дээр дамжуулдаг 1, 2 дугаар сувгийг FM82.9, FM76.1 -ын дунд давтамж дээр антен фидерийг шинээр суурилуулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.  Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ-ын захирал Ж.Энхбат  Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд япон машинтай иргэд нэмэлт төхөөрөмж суулгахгүйгээр үндсэн радио хүлээн авагчаар Монголын радиог шууд сонсох боломжтой боллоо. Дээрх ажлын хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь хэт богино долгионы дахин дамжуулах станцын хамрах хүрээг нэмэгдүүлэх, өргөтгөх зорилгоор “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-т шаардлагатай шинээр суурилуулах тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн. Цаашид орон нутагт автомашиндаа монголын радиог сонсох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.  Монголын радиог иргэд машиндаа шууд хүлээн авснаар иргэд улс төр, эдийн засаг, нийгэм, боловсрол, замын  түгжрэл, цаг агаар зэрэг цаг үеийн мэдээ, анхааруулга зэрэг чухал мэдээллийг саадгүй авах боломж бүрдэж байна.