Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Байнгын хороо: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

2022.12.15

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр /2021.12.14/ үдээс хойш хамтарч хуралдав. Байнгын хороодын хамтарсан хуралдааныг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр даргалан хуралдуулсан юм. Хамтарсан хуралдаанаар эхлээд Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хурааж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал хамтарсан хуралдаанд танилцуулсан юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй болон найруулгын нийт 38 саналыг төсөлд нэг бүрчлэн нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Харин нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуулийн төслийн 24 дүгээр зүйлийг хасах санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бөгөөд хуралдаан даргалагчаас чиглэл өгсний дагуу уг саналыг дахин хураалгахаар саналын томьёолол бэлтгэсэн байна.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн хуралдаанд оролцсон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед олонхын дэмжлэг авч чадаагүй нэг саналын томьёоллоор дахин санал хураалгахад Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив.

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэг (Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг)-ийг бүхэлд нь өөрчлөн найруулах санал дэмжигдсэнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах шаардлагатай болсон байна.

Иймээс Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 6.2 дахь заалт буюу төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулж байгаа мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний албан болон тусгай хэрэглээний сүлжээ, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон бол, мөн 26.2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтын төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулж байгаа мэдээллийн систем, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний албан болон тусгай хэрэглээний сүлжээ; онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ, техник хэрэгслийг бэлтгэсэн, борлуулсан, программ хангамжийг тусгайлан зохиосон, зориудаар ашигласан, санаатай тараасан бөгөөд дээрх гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэнийг өөрсдөө илрүүлсэн тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг тагнуулын байгууллага явуулахаар зохицуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Х.Ганхуяг нар асуулт асууж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Бусад мэдээ

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем e-mongolia.аар 13А маягтыг илгээх, харах, татах боломжтой боллоо

Өнөөдрийн (2023.04.12) ЗГ-ын хуралдаанд “13А маягтыг цахимжуулах” шийдлийг ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцуулсан бөгөөд МУ-ын Засгийн газраас тус шийдлийг хэрэглээнд нэвтрүүлэхээр шийдвэрлэлээ. 2022 онд улсын хэмжээнд өвчтөн илгээх хуудас 13A маягтаар үйлчилсэн хүний тоо 317,736 байна. Цахимжуулах чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэн хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Үүнд: 1. Эрүүл мэндийн даатгалын “health.gov.mn” системд түшиглэн эрүүл мэндийн үйлчилгээнд ашиглагдаж буй 4 төрлийн мэдээллийн систем хооронд 13А маягтын мэдээллийг цахимаар бүртгэх, солилцох нэмэлт хөгжүүлэлтийг хийж, анхан шатны 530, лавлагаа шатлалын 334, нийт 864 эмнэлэг цахимаар хүлээн авах, илгээх боломжтой болсон. 2. 13А маягтыг иргэнд хүргэхэд шаардлагатай хөгжүүлэлтийг хийж төрийн цахим үйлчилгээний “И-Монголиа” системд нэгтгэж, “Үйлчилгээ” цэсийн “Эрүүл мэнд” ангилалд 13А цахим маягтыг байршуулсан. 13А маягтад иргэний шинжилгээний мэдээллийг давхар илгээх, насанд хүрээгүй хүүхдийн маягтыг түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь харах, татан авах нөхцөлийг тус тус бүрдүүлсэн. Цахим маягтыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлснээр эмч, ажилчдын ачааллыг нэмэгдүүлэхгүй байх, иргэдэд үүсэх хүлээлт, чирэгдлийг багасгах ач холбогдолтой юм. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн XYIII.2.3-т Эмнэлгийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй, чанартай, хүртээмжтэй, шуурхай хүргэх хүрээнд эрүүл мэндийн салбарт цахим шилжилт хийхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад даалгасан билээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх зорилгоор “Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээг харьяа, салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 гаруй төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын идэвх санаачилга, оролцоотойгоор хамтран зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2024.03.15) Дундговь аймагт ажиллаж, аймгийн ЗДТГ-ын удирдлагууд, төр, хувийн хэвшлийн байгууллагын албан хаагчид, иргэд, олон нийтэд ЦХХХЯ-наас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээ болон аймгийн цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээ, анхаарах асуудал, шийдэл гарцын талаар танилцуулга, мэдээлэл хийв. Мөн кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх, кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, төрийн үүлэн тооцооллын дэд бүтэц /mCloud/ систем, цахим орчин дахь хүүхэд хамгаалал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, технологийн боломжийн талаар сургалт зохион байгууллаа. Цахим хөгжлийн өдөрлөгт оролцогч байгууллагууд орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, иргэд, олон нийтэд бизнесээ цахимжуулах арга зам, программ хангамжийн танилцуулгыг хийж, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан, заавар, зөвлөмж өгч ажиллаж байна. Дундговь аймаг нь 47,2 мянган хүн амтай. 15 сум 66 багтай. 66 багаас 16 баг 4G сүлжээнд, 15 баг 3G сүлжээнд холбогдсон. Эдийн засгийн тэргүүлэх салбар Уул уурхай олборлолт, Боловсруулах үйлдвэрлэл. Төрийн үйчилгээний нэгдсэн систем (И-Монгол)-д төрийн 12 байгууллагын 64 үйлчилгээг холбосон. Аймгийн хэмжээнд 18.750 иргэн буюу 58.6% нь тоон гарын үсэгтэй болсон байна.

Өгөгдлийн засаглалыг бэхжүүлэхэд удирдлагын манлайлал чухал

Хиймэл оюуны үсрэнгүй хөгжлийн өнөө цагт дэлхийн 60 гаруй улс орнууд үндэснийхээ стратеги, хууль эрх зүй, зохицуулалтын орчныг бий болгоод байна. Монгол Улсын хувьд Oxford Insight  байгууллагын гаргасан “Хиймэл оюуны бэлэн байдал” судалгаагаар дэлхийн 192 орноос 109 дүгээр байранд эрэмбэлэгдсэн нь хиймэл оюуны алсын хараагүй байгаа нь голчлон нөлөөлжээ. Түүнчлэн дээрх судалгаанд дурдсанаар, Монгол Улс 2020 оноос хойш өгөгдөл ба дэд бүтэц гэсэн ангилалд жил бүр буурсан үзүүлэлттэй байна. Иймд өгөгдлийн засаглалын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан газартай хамтран “Монгол Улсын Үндэсний өгөгдлийн засаглал болон Дижитал Засаглал” олон улсын хурлыг энэ сарын 3-4 өдрүүдэд зохион байгууллаа. Тус хуралд өгөгдөлтэй холбоотой ажилладаг төр хувийн хэвшлийн 70 гаруй байгууллагын төлөөллүүд оролцож, 7 багт хуваагдан, өгөгдлийн засаглал, нууцлал хамгаалалт, ёс зүй, хадгалалт, стандарт, өгөгдлийг хуваалцах, цахим танилт зэрэг сэдвийн дор Монгол Улсын өгөгдлийн өнөөгийн нөхцөл байдлыг олон талаас нь дүгнэж, баг тус бүр саналаа танилцууллаа. Монгол Улсын хувьд өгөгдлийн асуудлыг 10 жилийн өмнө ярьж байсан ч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй ярьсан хэвээрээ байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдсан ч өгөгдөлтэй холбоотой ганцхан заалт байгаа нь хангалтгүй, хуулийн үзэл баримтлал нь өгөгдлийн засаглалыг төлөөлж чадахгүй байгаа гэдгийг судлаачид онцолж байсан юм. Харин Үндэсний статистикийн хорооноос өгөгдлийн стандарт, ангилал, кодчилолыг баталсан ч төр болон хувийн хэвшлийн байгууллагууд нь мөрддөггүй, стандарт, код ашиглах ажил нь төлөвшөөгүй, байгууллага тус бүр өөр өөрсдийнхөөрөө өгөгдлийн хадгалдаг нь эргээд түүнийг эргэлтэд оруулахад хүндрэл учруулдаг зэрэг асуудлыг хөндлөө. Жишээлбэл, хаягжилтийн асуудлыг оролцогчид хөндсөн юм. Монгол Улсад хаягжилтийн асуудал нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам өөрсдийн стандартаар хаягжилтийг хадгалсан байдаг бол нийслэл мөн өөр стандартаар хадгалсан байдаг ажээ. Түүнчлэн аливаа өгөгдлийг нээлттэй ил тод болгох нь тухайн байгууллагын удирдлагын манлайлал маш чухал гэдгийг талууд онцлов. Иймд Монгол Улс олон улсын жишгийн дагуу өгөгдөлтэй холбоотой үндэсний зөвлөлийг байгуулж, шат дараатай арга хэмжээг авах нь чухал гэдгийг оролцогчид тодотгов. Хүний нөөцийн хувьд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Боловсролын яамтай хамтран ойрын 4 жилд бэлдэх боловсон хүчний квотыг тодорхойлвол, их дээд сургуулиуд боловсон хүчнээ бэлдээд явах бүрэн боломжтой гэлээ. Энэхүү хурлаас гарсан санал зөвлөмжийг НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан байгууллага нэгтгэж, Монгол Улсын Үндэсний Өгөгдлийн Засаглалын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, зөвлөмж өгөх юм.