Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааг эхлүүллээ

2022.01.07

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг татан буулгаж, “Цахим хөгжил, харилцаа холбооны яам”-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталлаа. Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан түр хугацаанд давхар хариуцах бол Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Болор-Эрдэнийг түр томиллоо.

Бусад мэдээ

Өгөгдөл байгаа салбарт хиймэл оюуныг хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги боловсруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд салбар бүрийн мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдаас санал авч, үндэсний стратегид тусгаж байгаа билээ. Өнөөдөр /2025.01.30/ Шинжлэх ухааны академитай хамтран эрдэм шинжилгээний байгууллагын судлаачдын санал солилцох уулзалтыг зохион байгууллаа. Эрдэмтэн, судлаачид эхний ээлжид хиймэл оюуныг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, салбарын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах саналаа илэрхийлэв. Мөн хиймэл оюуныг хөгжүүлэхэд хамгийн ихээр тулгамдаж буй асуудал нь эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил, төрийн байгууллага хоорондын уялдаа  холбоог хангах юм. Тиймээс дээрх асуудлын шийдлийг үндэсний стратегид тусгахыг хүслээ. Учир нь тус салбарт хувийн хэвшлийг оруулж байж, систем цаашаа хөгжих нөхцөл бүрдэнэ гэдгийг онцолсон.  Түүнчлэн ядаж ДНБ-ийнхээ 0.5-1 хувийг дээрх салбарт зарцуулж, тогтвортой хөрөнгө оруулалт хийж, дэмжих хэрэгцээ шаардлага байгаа гэдгийг чухалчлав. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хамгийн их өгөгдөл цугларсан салбар нь эрүүл мэнд. Хиймэл оюуныг хөгжүүлэх суурь нь өгөгдөл юм. Дата хаана бэлэн байна тэр салбарт хиймэл оюуныг хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Тиймээс энэхүү бүрдсэн датаг ашиглахад хууль эрх зүйн орчны зохицуулалт чухал аж. Гэвч аливаа өгөгдлийг ашиглахад зөвшөөрлийн асуудал өнөөдрийг хүртэл гарсаар байгаа нь хиймэл оюуны хөгжилд тушаа болж байгааг эрдэмтэн, судлаачид хэллээ. Мөн нөөцөө доторхойлох, өгөгдлийн нэгдсэн стандарттай болох, чанар үнэлгээ зэрэг асуудлууд ч хөвөрнө. Үүний дараа хүний нөөцийг бүрдүүлэх асуудал гарч ирнэ. Засгийн газрын тогтоолоор 2024 онд ШУАИС байгуулагдсан. Дэвшилтэт технологийн чиглэлийн бакалаврын 10, магистрын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлж эхлээд байна. Ахисан түвшинд боловсон хүчнээ бэлдэж байж, хиймэл оюуныг нэвтрүүлэх тухай яригдана. Тиймээс төрөөс их дээд сургуулиудын хөтөлбөрийг тогтвортой дэмжиж, төслийг санхүүжүүлэх бодлого хэрэгтэй байгаа аж. Түүнчлэн хамгийн ихээр маргаан дагуулдаг асуудал нь оюуны өмч. Оюуны өмчийн зохицуулалтыг хэрхэн хийх вэ гэдэг нь анхаарлын төвд байна. Энэ тал дээр ихэд маргаан үүсдэг учраас хиймэл оюуны үндэсний стратегид тусгах саналыг ч хэллээ. Манай улсад дээрх чиглэлийн төслүүдэд 10 сая төгрөгийн санхүүжилт хийгддэг байна. Гэтэл өнөөдөр 1GPU 25-30 мянган ам.доллараар үнэлэгдэж байхад 10 сая төгрөгийн санхүүжилт хангалтгүй юм. Бусад улс орнууд ч энэ салбарыг хөгжүүлэхэд тэрбум тэрбум ам.доллараар хөрөнгө оруулалт хийж байгаа билээ.

Oрчин үеийн тоон технологиор хийгдсэн анхны радио станц Баян-Өлгий аймагт ажиллаж байна

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг болон РТҮС УТҮГ-ын захирал Б.Дагвасүмбэрэл нар Баян-Өлгий аймгийн Радио, Телевизийн Сүлжээний Газарт ажиллаа. Анх Чехословак улсын тусламжтайгаар 1965 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Өлгий” радио өргөн нэвтрүүлгийн станц нэртэй ашиглалтанд орж төвийн радио өргөн нэвтрүүлгийн 1–р программыг Монгол орны баруун хэсэгт дахин дамжуулж эхэлсэн түүхтэй байгууллага юм. Одоогоор Баян–Өлгий аймгийн нутаг дэвсгэрт болон Ховд, Увс аймгийн нийт 52 сум, суурин газрын хэрэглэгчдэд Монголын үндэсний олон нийтийн радиогийн нэг, хоёрдугаар сувгийн нэвтрүүлгийг болон өргөн нэвтрүүлгийг хүлээн авч дахин дамжуулах, орон нутгийн казак хэлний нэвтрүүлгийг дамжуулах чиглэлд 17 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Мөн Монголын үндэсний олон нийтийн телевиз болон арилжааны телевизүүдийн нэвтрүүлгийг аймгийн төв болон сум суурингуудад байгаа 50-200 Вт-ын телевизийн дахин дамжуулах станцуудаар тухайн сум сууринд дамжуулж, оршин суугчдыг мэдээллээр хангах үүрэг хүлээн ажиллаж байна. Баян-Өлгийн радио станцад далайн түвшнээс 4700 метрт өргөгдсөн Монгол улсын хамгийн өндөр 350 метрийн өндөр цамхаг ашигладаг онцлогтой. 2014 онд Монгол улсад радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх засгийн газрын тогтоол гарсан ба тус станцын радио нэвтрүүлэх станцыг орчин үеийн тоон технологиор хийгдсэн Герман улсын TRAM – 150L радио станцаар шинэчлэн сольж 2012 оны 12 сарын 12 өдөр 12 цаг 12 минутаас эхэлж анхны нэвтрүүлгээ цацаж эхэлсэн юм.

Зөвшөөрлийг цахимжуулах үйл ажиллагааг эрчимжүүлнэ

Үйлчилгээ эрхлэгч иргэдэд дарамт учруулдаг, зардал чирэгдэл болдог байдлыг халж аливаа зөвшөөрлийг хуулийн хүрээнд цахим хэлбэрээр олгох технологийн болон хууль эрхзүйн орчин бүрдүүлэх нь хүнд суртлыг халах, түгжрэлийг бууруулах ач холбогдолтой. Өнөөдөр /2023.08.29/ ЦХХХЯ-нд зохион байгуулагдсан сайдын шуурхай хуралд хэлэлцэгдсэн онцлох асуудал нь Зөвшөөрлийг цахимаар олгох үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай байлаа. Зөвшөөрлийн нэгдсэн сан байгуулах ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 15, Барилга, хот байгуулалтын яамны 6, Батлан хамгаалах яамны 11, Боловсрол, шинжлэх ухааны яамны 26, Зам, тээврийн хөгжлийн яамны 26, Иргэний нисэхийн ерөнхий газрын 5, Монголбанкны 58, Нийслэлийн засаг даргын тамгын газрын 81, Соёлын яамны 1, Харилцаа холбооны зохицуулах хорооны 14, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 1, Хууль зүй, дотоод хэргийн яамны 5, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 20, Эрчим хүчний зохицуулах хорооны 55, Эрчим хүчний яамны 6, Санхүүгийн зохицуулах хорооны 67 төрлийн зөвшөөрлийг нийт 20,316 зөвшөөрөл эзэмшигч иргэн, хуулийн этгээдэд олгосон мэдээллийг www.license.mn цахим хуудаст бүртгэн оруулсан байна. Мөн бүрэн цахим хэлбэрт шилжсэн Сангийн яамнаас олгох 7, Гаалийн ерөнхий газраас олгох 9, УУХҮЯ-наас олгох 10, нийт 26 тусгай зөвшөөрлийг цахим системээр дамжуулж хүсэлт гарган авах боломжтой бол “И-Монгол”, “И-Бизнес” системээр дамжуулан 5 тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрээр тус тус олгож байна. Зөвшөөрлийг цахим хэлбэрээр шийдвэрлэх талаар ЦХХХЯ тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн зөвшөөрөл тус бүрээр судалгаа хийхэд нийт 249 тусгай зөвшөөрлөөс 21 тусгай зөвшөөрлийг цахимжуулах боломжгүй бөгөөд бусад зөвшөөрлийг цахимжуулах ажлыг “И-Монгол академи” УТҮГ, “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГ-тай хамтран нэвтрүүлэхээр холбогдох ажлыг зохион байгуулж байна.