Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Цахим жишиг аймаг” концепцийг 21 аймгийн удирдлагуудад танилцуулав

2022.02.24

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” УТҮГ-ийн удирдлагууд өнөөдөр /2022.02.24/ 21 аймгийн удирдлагуудтай цахимаар хуралдаж, “Цахим жишиг аймаг” концепцыг танилцууллаа. Энэ 2022 онд тус яамнаас 21 аймгийг цахимжуулахаар төлөвлөж байгаа бөгөөд аймаг бүрд мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, төрийн дижитал шилжилтийг хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг бүхий CIO (Chief Information Officer) -ийн орон тоог бий болгохоор төлөвлөж байгаа ажээ. Уг албан тушаалтан нь аймгаа цахимжуулах тал дээр Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтарч ажиллах юм. Хурлыг нээж, Боловсрол, шинжлэх ухааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газраас мэдээллийн технологийг бодлогын түвшинд дэмжиж, “Цахим Үндэстэн” болох уриалга дэвшүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлд ажиллаж байна. Өнгөрсөн 7 хоногт бид 21 аймгийн удирдлагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээний хэрэгжилтийг хангах үүднээс цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс та бүхэнд мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллана. Монгол Улсын Ерөнхий сайд аймгуудын ажлыг гурван шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ гэдгээ илэрхийлсэн. Үүний хамгийн эхний шалгуур нь бол цахимжилт байгаа. Өнөөдөр “e-Mongolia” системд төрийн 600 гаруй үйлчилгээ орсон байна. Мөн найман аймаг нутгийн захиргааны үйлчилгээгээ цахимжуулчихсан байна. Ирэх 03 дугаар сарын 15-аас Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн хамтарсан баг хөдөө, орон нутагт ажиллаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө” гэдгийг онцлов.

Үүний дараагаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “Цахим Үндэстэн” бодлогын баримт бичгийг 21 аймгийн удирдлагуудад танилцуулав.

Тэрбээр “Цахим Үндэстэн” бодлогын баримт бичиг нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг “Алсын хараа – 2050”, “Хөгжлийн зорилтот хөтөлбөр -2030”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт уялдуулан боловсруулсан гэдгийг онцлов. Энэхүү бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангахад дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсэгтэн, Инновац, үйлдвэрлэл, Хөгжлийн хурдасгуур гэсэн стратегийн зургаан зорилтыг дэвшүүлсэн.

Монгол Улсын цахим шилжилт улс орон даяар хийгдэх ёстой ажил гэж харж байна. Нийслэл төдийгүй 21 аймаг цахимжиж байж бид “Цахим Үндэстэн” болох зорилтоо биелүүлнэ. Иймээс 21 аймгийн удирдлагууд үүнд манлайлж ажиллахыг уриалсан юм.

Үүний хүрээнд Монгол Улсын хүн ам, нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан мэдээлэл, харилцаа холбооны сүлжээг өргөтгөнө. 5G технологийг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт нэвтрүүлэх, шуудангийн үйлчилгээ, цахим худалдаа, логистик, шуудангийн олон улсын транзит тээврийг бүс нутгийн хөгжилтэй уялдуулан өргөтгөн хөгжүүлэх, иргэдийн тоон бичиг үсгийн чадварыг сайжруулах тал дээр далайцтай ажил төлөвлөж байгааг мэдээлсэн юм.

21 аймгийн удирдлагуудтай хийж буй цахим хурлын үеэр “И-Монгол” академийн захирал Л.Энхбат “Жишиг цахим аймаг” концепцийг танилцуулсан юм. Тэрбээр аймгуудыг өөрсдийнх нь онцлогт тохируулан цахимжилтийн ажлыг хийхээр төлөвлөж буйг онцоллоо.  Өнөөдрийн байдлаар “e-Mongolia” системд 8 аймгийн нутгийн захиргааны 540 үйлчилгээ цахимжсан байгаа бөгөөд цаашид бүх аймгийн нутгийн захиргааны үйлчилгээг цахимжуулах, ойрын хугацаанд төрийн алба хаач болон иргэд олон нийтэд сургалт зохион байгуулна. Төрийн үйлчилгээ нэгдсэн төвийг аймаг бүрт байгуулах, мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, төрийн дижитал шилжилтийг хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг бүхий CIO (Chief Information Officer) -ийн орон тоог бий болгоно гэдгийг онцолсон юм.

Түүнчлэн тус яамны Бодлогын газрын дарга З.Гантогоо олон улсын жижиг хот, аймгуудын цахимжилтын туршлагын талаарх мэдээллийг өгсөн юм.

Мөн цахим хөгжлийн багц хуулиуд батлагдсантай холбогдуулан нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, кибер аюулгүй байдлын тухай хууль, цахим гарын үсгийн тухай хуулийн онцлох заалтуудын талаарх мэдээллийг өглөө.

Хурлын төгсгөлд 21 аймгийн удирдлагууд асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ цахимжилтийн хүрээнд хийгдэж буй ажлаа танилцууллаа. Цаашид жилд дөрвөн удаа цахимаар хуралдаж, ажлын явцын талаар санал солилцож байхаар болов.

Бусад мэдээ

#Цахимд_Хэвшье_Сэлэнгэ_Экспо

Экспо: “Цахимд хэвшье” арга хэмжээний хүрээнд мэдээллийн технологийн үндэсний программ хангамж үйлдвэрлэгч компаниуд болон орон нутгийн аж ахуй нэгж, компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж мэргэжлийн баг зөвлөх үйлчилгээ өгч ажиллалаа.

Монгол Улсад анх удаа Үндэсний кибер эрсдэлийг тодорхойлох судалгааг хийж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Их Британийн Засгийн газартай хамтран Монгол Улсын кибер аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлох судалгааг 2025 оны 10 дугаар сарын 27-31-ний өдөр зохион байгуулж байна. Өнөөдөр онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага болон төр, хувийн хэвшлийн байгууллагуудад кибер эрсдэлийг таних, үнэлэх, эрсдэлээс үүдэх хор хохирлыг тодорхойлох болон судалгааны ач холбогдлыг таниулах сургалт, уулзалт боллоо. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны дэд тэргүүн Sophie Worrall болон Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь суурин төлөөлөгч Kensuke Miyagi нар оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 493 дугаар тогтоолоор баталсан “Кибер аюулгүй байдлын үндэсний стратеги”-ийн 3.2.1.“онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх”, Засгийн газрын 2024 оны 218 дугаар тогтоолоор баталсан “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 1221.“Үндэсний хэмжээнд кибер аюулгүй байдлын эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх” гэсэн зорилтуудыг хангах хүрээнд үндэсний хэмжээнд кибер аюулгүй байдлын эрсдэлийн өнөөгийн түвшинг тодорхойлж, эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг төлөвлөх, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тодорхойлохоор энэхүү судалгааг хийж байна. Энэхүү судалгааг Их Британийн Засгийн газрын кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд болон Монголын дотоодын баг хамтран хэрэгжүүлж байна. Их Британийн Засгийн газраас кибер аюулгүй байдлын эрсдэлийг үнэлэх судалгааны асуулга, аргачлалыг боловсруулсан бөгөөд энэхүү аргачлалд тулгуурлан эрсдэлийг тодорхойлох, байгууллага, салбар болон үндэсний хэмжээнд кибер эрсдэлийн тайлан боловсруулах арга зүйг дотоодын багт зааж сургах юм. Дотоодын баг нь судалгаанд шаардлагатай өгөгдлийг цуглуулах, түүнд үндэслэн тайлан боловсруулах үүргийг хэрэгжүүлэх юм. Дотоодын багт ЦХИХХЯ, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Үндэсний төв, Нийтийн төв, Зэвсэгт хүчний төв болон Кибер аюулгүй байдлын Зөвлөлийн Ажлын албаны төлөөлөл ажиллаж байна. Үндэсний кибер эрсдэлийг тодорхойлох судалгааг хийснээр Засгийн газар, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын кибер эрсдэлийг тодорхойлох, нөөцийн хуваарилалт, хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтөд үндэслэлтэй шийдвэр гаргах, байгууллага, салбар, үндэсний хэмжээнд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, түүнчлэн эрсдэл, түүнийг таних, хариу үзүүлэх талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын кибер эрсдэлийг тодорхойлох судалгаанд онц чухал мэдээллийн дэд бүтэц, төрийн болон хувийн хэвшлийн 40 гаруй байгууллага оролцож байна.

Ц.Баатархүү: Дроныг ашиглах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоно

Техник технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед дроны хэрэглээ асар хурдацтайгаар өсөн нэмэгдэж байна. Бид дроныг саяхан зураг дарж, бичлэг хийх зориулалттай хэрэгсэл мэтээр хүлээн авдаг байсан бол өнөөдөр дэлхийн улс орнууд онцгой байдал, гал унтраах, шуудан хүргэлт зэрэг маш олон салбарт төрөл бүрээр ашиглаж, нийгэм эдийн засгийн үр ашгийг нь хүртэж байна.  Манай улс энэхүү технологийг хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү ШУТИС, Токиогийн их сургууль болон  “Ньюком” группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.  Манай улс 2023 оны 11 дүгээр сард Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн гаднаас Амгалан дахь АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хооронд 4.95 км зайд 2.2кг буюу найман нэгж цус, цусан бүтээгдэхүүнийг 12.5 минутын дотор амжилттай тээвэрлэсэн юм.  Иймд цаашид дроныг ашиглан аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчийн гарт цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх талаар талууд санал солилцлоо.  Үүний зэрэгцээ, дроныг хэрэглээнд нэвтрүүлэх, түүнийг зориулалтын агаарын орон зайд турших “Сансрын туршилтын орон зай”-тай болох саналыг Токиогийн их сургууль болон ШУТИС-ийн эрдэмтэд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүтэй уулзах үеэрээ дурдсан юм.  Ц.Баатархүү сайд талуудын саналыг хүлээн авч, ажлын хэсэг гарган, нарийвчилсан судалгаа хийх, хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.