Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Танилц: Ухаалаг хотын сайн жишгүүд

2022.03.01

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн хамтарсан баг энэ 2022 онд бүх аймгуудыг цахимжуулах ажлын хүрээнд ирэх 03 дугаар сарын 15-аас хөдөө, орон нутгийг зорих гэж байна. Үүний зэрэгцээ, тус яамны удирдлагууд 21 аймгийн Засаг дарга нарт “Цахим жишиг аймаг” концепцийг танилцуулсан юм. Аймаг нь хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, сумдын үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналтыг хэрэгжүүлэх нэгж юм. Иймд дэлхийн улс орнуудын жижиг хотууд хэрхэн цахим шилжилтийг хийж, өөрсдийн амьдралыг хөнгөвчилж, хотынхоо асуудлыг шийдвэрлэсэн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе.

BSI групп 2014 онд “Ухаалаг хот” хэмээх ойлголтыг тодорхойлсон байдаг. Тус ойлголтоор бол Ухаалаг хот гэдэг нь IOT буюу маш олон тооны мэдрэгчийн ашиглаж, цуглуулсан дата мэдээлэлдээ үндэслэсэн олон тооны цахим үйлчилгээг хэрэглэгчид болон бизнес эрхлэгч, аж ахуй нэгжид санал болгодог ерөнхий архитектур гэж ойлгож болно.

Тухайлбал, АНУ, Флорида, St Pete хэмээх жижиг хот нь хотынхоо автозамын зогсоолын асуудлыг амжилттай цахимжуулж, шийдвэрлэж чаджээ. Тус хотын автозамын зогсоол бүр мэдрэгчтэй. Мэдрэгч нь сул зогсоол байгаа эсэхийг гар утасны аппликейшнээр дамжуулан хэрэглэгчдэд мэдээлдэг ажээ. Түүнчлэн хотын захиргаа нь хаана, ямар сул зогсоол байгаа эсэхийг хяналтын системээр дамжуулан хянах боломжтой. Харин иргэд гар утасны аппликейшныг суулгаснаар сул зогсоолыг төвөггүйхэн олох юм.

 Австрали улс, Сидней хот – Замын төлбөр тооцооны систем (IoT + AI + GIS + Video)

Тус хот нь хотоос гарах, орох хөдөлгөөн, зарим хурдны зам тойрсон том замуудын төлбөр тооцооны асуудлыг ухаалаг системийн тусламжтайгаар шийдсэн байна. Сидней хотын нэвтрүүлсэн энэхүү туршлага нь дэлхий дахинд сайн туршлага гэгддэг. Тухайлбал, туннел доогуур гарах болгонд автомашины төлбөр тооцоо автоматаар бичигдэж, системд бүртгэлтэй жолоочийн банкны данснаас төлбөр нь хасагддаг ажээ. Зарим иргэд хотын төвийн түгжрэлтэй замаар бус хот тойрсон замаар төлбөрөө төлөөд хүрэх газраа хурдан шуурхай хүрэх тохиолдол бий. Хотоос гарах хураамжуудын асуудлыг нь мөн энэ байдлаар шийдсэн байдаг. Түүнчлэн тухайн төлбөртэй замаар хамгийн их явсан нь хамгийн өндөр төлбөрийг төлдөг зарчим үйлчилдэг.

Шинэ Зеланд улс, Аукланд хот – Авто замын торгуулийн систем (IoT + AI + GIS + Video)

Тус систем нь замын гэрлэн дохио улаан ассан үед тээврийн хэрэгсэл авто замын цагаан шугамыг давсан тохиолдолд асфальтан зам дээр суулгасан мэдрэгч ажиллаж тухайн тээврийн хэрэгсэлд торгууль бичдэг.

Австрали улс, Мельбурн хот – Авто зогсоолын систем (IoT + GIS)

Австрали хотын Мельбурн хотын нэвтрүүлсэн системийн тусламжтайгаар жолооч нар хаана, аль зогсоод хэдэн цаг үнэгүй тээврийн хэрэгслээ байршуулж болох талаарх мэдээллийг харах боломжтой. Энэхүү системийг гар утсандаа л суулгахад хангалттай. Ингэснээр таны гар утсанд үнэгүй зогсох хугацаа дуусаж байгаа талаарх мэдэгдэл ирнэ.

Хятад улс, Шинжөү хот – Ухаалаг гарц

Ухаалаг утасны хэрэглээ их болсон энэ үед зам тээврийн осол ч багагүй гарах болсон. Тэгвэл БНХАУ-ын Шинжөү хот замын гарцыг гэрэлтүүлэгтэй болгожээ. Тодруулбал, ногоон гэрэл асаж, явган хүний хөдөлгөөнийг нээх үед тухайн гарцын гэрэл асна. Ингэснээр зам тээврийн ослыг тодорхой хэмжээгээр бууруулсан аж.

Испани улс, Мадрид хот – Хог хаягдлын удирдлагын систем (IoT + AI + GIS)

Испани улсын Мадрид хотын удирдлагууд хот хаягдлын асуудлаа шийдэхийн тулд томоохон хогийн саванд мэдрэгчүүдийг байршуулжээ. Тухайн мэдрэгч нь хогийн савын ашиглалт, дүүргэлт хэр байгаа талаар хяналтын системдээ мэдээлэл өгдөг. Хэрэв хогийн савны хог дүүрвэл хяналтын системд мэдээлэл нь ирж, хогийг ачдаг. Мөн хотын захиргаа хяналтын системийн тусламжтайгаар дээрх асуудлаа хянах боломжтой.

Хятад, Шэньчжэнь хот – Цэвэршүүлэх байгууламжийн систем (IoT + Video + AI + GIS)

БНХАУ-ы Шэньчжэнь хот цэвэрлэх байгууламжийн системээ цахимжуулсанаар усны бохирдол, үйлдвэрлэлийн ачааллыг хянах боломжтой болжээ. Тодруулбал, тус систем нь гол руу нийлүүлж буй усны бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа эсэхэд хяналт тавьж, төв систем рүүгээ мэдээллээ илгээдэг юм байна. Мэдээлэл илгээгдмэгц хяналтын төв нь тухайн мэдээлэл бодит эсэхийг шалгаад тодорхой арга хэмжээ авдаг ажээ.

Их Британи, Нью Касл хот – Усны түвшин, бохирдол хянах систем (IoT + GIS + Cloud)

Нью Касл хот усны түвшин, бохирдол хянах системийг нэвтрүүлжээ. Тус систем нь барилга усанд автах, гамшгийн үеийн зарлан мэдээлэх системтэй аж. Мөн үерийн усны түвшнийг хэмждэг. Үүний зэрэгцээ аль байгууллага нь гол руу бохирдол илүү нийлүүлж байна вэ гэдгээс хамаараад татвар ногдуулдаг юм байна.

Итали улс, Салерно хот – Ухаалаг бордоо, усалгааны систем (IoT + GIS + Cloud + Видео)

Салерно хот ухаалаг бордоо, усалгааны системийг хөдөө аж, ахуйн салбартаа нэвтрүүлжээ. Тус систем нь хөрсний чийг болон бордооны хэмжээг мэдэрч, хэмждэг бөгөөд усжуулалтын системтэй холбогджээ. Бордооны систем нь хөрсөнд бордоо багассан үед өөрөө автоматаар хэмжээг нь тааруулдаг аж. Харин хэрэглэгч гар утасны аппликейшнээрээ систем хэрхэн ажиллаж байгааг хянах боломжтой.

Шинэ зеланд, Велленгтон – Ухаалаг фермерийн систем (IoT + GIS + Cloud)

Веллингтон хот ухаалаг фермерийн системийн тусламжтайгаар мал тооллого, бэлчээрийн хяналтын асуудлыг цахимжуулсан байна. Тус системийн тусламжтайгаар малчин гар утсаараа малынхаа байршлыг хянах, тооллого хийхээс гадна бэлчээрийн хяналтыг хийх боломжтой.

АНУ, Вашингтон муж – Ухаалаг эрчим хүчний систем (IoT + GIS + Cloud)

АНУ-ын Вашингтон мужийн нэвтрүүлсэн ухаалаг эрчим хүчний систем дэлхий дахинд сайн жишгийн тоонд зүй ёсоор ордог. Тус систем нь өрх бүрийн цахилгааны хэрэглээний мэдээллийг сар тутмын тогтсон өдөр мэдээллийн төв систем рүүгээ илгээдэг. Харин иргэд гар утасны аппликейшнээрээ цахилгааныхаа хэрэглээг хянах боломжтой. Барууны орнууд ахуйн хэрэглээндээ хий ашигладаг тул тус систем нь хийн түвшнийг мөн адил хэмжиж, аюулгүй байдлыг давхар хянадаг.

Дубай хот – Ухаалаг хяналтын төв

Дээр дурдсан бүхий л ухаалаг систем,  мэдрэгчүүдийг ашиглан цугларсан датад суурилсан үйлчилгээнүүдийг хянадаг дэлхийн нийтэд жишиг болсон төв бол Дубай хотын хяналтын төв системийг онцолж болох юм. Тус хяналтын төв системээс цахимжсан бүхий л үйлчилгээний хяналтыг хийж, асуудал гарвал шуурхай шийдвэрлэх боломжтой ажээ.

Ухаалаг хотыг хүний биетэй адилтган үзвэл хүн биеийнхээ бүхий л эд эсийг мэдрээд шийдвэр гаргалтаа хийдэгтэй адил хот маань бүрэн цахимжсан тохиолдолд хүний бие шиг ажилладаг боломж үүсэх юм.

 

Бусад мэдээ

Монгол Улс руу чиглэсэн кибер халдлагын 70 хувь нь Засгийн газрыг “онилдог”

Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүдийн дунд кибер аюулгүй байдлын сургалтыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас өнөөдөр /2025.05.15/зохион байгууллаа.  Монгол Улс руу чиглэсэн кибер халдлагын 70 хувь нь Засгийн газар, түүний харьяа агентлаг руу, 11 хувь нь УИХ-ын харьяа байгууллагууд руу, 14 хувь нь эрүүл мэндийн салбарын байгууллагууд руу, 1 хувь нь хууль сахиулах байгууллага руу хандсан байдаг. 2024 оны байдлаар ОХУ-аас хамгийн олон буюу 128 сая гаруй, АНУ-аас 65 сая гаруй, БНХАУ-аас 50 сая гаруй сэжигтэй хандалт манай улс руу хийгдсэн байна. Энэ нь төрийн мэдээлэл болон хүний хувийн эмзэг мэдээллийг олзлох, хулгайлах зорилтот халдлага байх магадлал өндөр гэдгийг илтгэсэн тоо баримт юм.  Кибер аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг бөгөөд улс орны нийгэм, эдийн засаг, аюулгүй байдал, төрийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангаж байдаг онц чухал мэдээллийн дэд бүтцүүд кибер халдлагад өртөх бодит эрсдэл нэмэгдэж байна. Энэ бол ганц Монгол Улсад төдийгүй олон улсад тулгарч буй сорилт. Иймд Монгол Улс кибер орчны аюулгүй байдлыг хангаж, хамгаалах бодлого зохицуулалтаа шат дараатайгаар боловсруулж, цахим засаглалын багц хуулиа батлуулан хэрэгжүүлж байна. Уг хуулиудын хэрэгжилтийг хангахад холбогдох байгууллагуудын чадавх, ур чадварыг нэмэгдүүлэх, хамтран ажиллах итгэлцлийг бий болгоход дээрх сургалтын ач холбогдол оршиж байна.  Ташрамд дурдахад, Монгол Улсын хэмжээнд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй 216 байгууллага бий. Хоёр, гуравдугаар шатлалын эрүүл мэндийн байгууллага, банк, санхүүгийн байгууллага, харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээ эрхлэгчид, хилийн боомтын хяналт, удирдлагын систем болон улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээлэл хариуцсан байгууллага, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах үйл ажиллагаа эрхлэгч зэргийг онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагад тооцдог.

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээ Увс аймагт 2 дахь өдрөө үргэлжилж байна

“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх “И-Монгол” академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2023.10.06) аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, цахим шилжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилтийн судалгааг авч ажиллаж байна. Сургалтыг ТЦҮЗГ-ын Сургалт, хөгжлийн хэлтсийн дарга Б.Отгонбаяр, тус газрын Сургалт, хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Т.Гантогтох нар “Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ”, “Мэдээллийн аюулгүй байдал”, “Шинжлэх сэтгэлгээ” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулж, танин мэдүүлэх мэдлэг, мэдээлэл хүргэлээ. Сургалтад Увс аймгийн төрийн 52 байгууллагын 80 орчим албан хаагчид хамрагдаж, сонирхсон асуултдаа хариулт авав.

Шил ажиллагаа: Голын ай сав дахь барилгуудыг ашиглалтанд хүлээн авсан улсын комиссын мэдээлэл ил тод боллоо

“Шил” ажиллагаа, Ерөнхий сайдын 01 тоот албан даалгаврын дагуу Засгийн газрын хуралдаанд барилга, байгууламж ашиглалтанд оруулах улсын комиссын дүгнэлтүүд, барилга, түүний эзэмшигчдийн мэдээллийг танилцуулж байна. Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8404 дүгнэлт ирүүлснийг shilen.gov.mn-д өнөөдрөөс ил тод байршуулав. Аймгуудад 15 жилийн хугацаанд улсын комисс 165 ажиллаж 4721 дүгнэлт гаргаад байна. Харин Нийслэлд 105 комисс ажиллаж, 3,683 дүгнэлт гаргажээ. Барилга байгууламжийн бүтээц, технологи, эзлэхүүн төлөвлөлт, инженерийн шийдэл, хийцийн төрлөөс хамаарч зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх төлөв байдал буюу төвөгшлөөр ангилдаг. Нийслэлд 5 хүртэлх давхар буюу бага төвөгшилтэй 336, 5-9 давхар буюу дунд төвөгшилтэй 1,280, 9-16 давхар буюу өндөр төвөгшилтэй 564 дүгнэлт гаргасан байна. Онцгой төвөгшилтэй буюу 16-аас дээш давхартай барилгад 57 дүгнэлт гаргажээ. Түүнчлэн 2004-2023 оны хооронд архитектур төлөвлөлтөнд орсон 11,668 барилга, 3,941 эзэмшигчийн мэдээллийг ил болгов. Үүнээс 35,92 хувь нь орон сууц, 21,2 хув нь аялал жуулчлал, амралт сувилал, 13,59 нь үйлчилгээний зориулалттай барилга байна. Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011-2023 оны 25,679, Багахангай дүүргийн Засаг даргын 2011-2023 оны 2,734, Баянгол дүүргийн Засаг даргын 2000-2023 оны 519 газар эзэмших, ашиглах захирамжийн нэмж байршууллаа. “Шил” ажиллагаагаар 5-р сард нь хэн хэзээ, хэнд, ямар үндэслэл, зориулалтаар, хэр хэмжээний газар 23 жилийн туршид хэрхэн олгосныг ил болгосон. Үүн дээр нэмж барилга байгууламж ашиглалтанд хүлээн авах улсын комиссын нэр, бүрэлдэхүүн, архитектур төлөвлөлтийн мэдээлэл нээлттэй болсноор газар олгохоос эхлэн, барилга, байгууламжийг хүлээн авах хүртэлх бүх үйл явц бүрэн бүтнээрээ бүх нийтийн шууд хараа хяналтанд орж байна. Голын ай сав, гольдрол урсац дунд хууль зөрчин, газар олгож, түүн дээр барилга, байшин барьж, барьсныг нь хүлээж авч ирсний гамшигт үр дагаварт эрдэнэт хүний алтан амь эрсдэж, олон мянган иргэн, айл өрх, аж ахуйн нэгж эд хөрөнгө, орон гэр, машин тэрэг, эрүүл мэндийн асар их хохирол амслаа. Голын ай савд хууль зөрчин олгосон газар дээрх барилга, байгууламжийг төрийн нэрийн өмнөөс янз бүрийн мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн улсын комисс хүлээн авч ирсэн нь борооны үерээс гадна хариуцлагагүйн үер болсны хөдөлшгүй баримтууд юм. Хууль зөрчин голын ай савд баригдсан барилга байгууламжийг гарын үсэг зурж, хүлээн авсан албан тушаалтнууд хэн байсныг мэдэж авах нь хариуцлагагүйн үерээс урьдчилсан сэргийлэх нийгмийн санаа бодлын бат бэх хана бэхлэлт болно. Газар олгох, сунгах, зориулалт өөрчлөх, барилга, байгууламж хүлээн авах комиссын дарга, бүрэлдэхүүн, шийдвэрийн талаарх мэдээллийг шилэн, шуурхай, ил тод болгох нь аливаа гамшиг болоод өнгөрсөн хойно нь биш цаг тухайд нь иргэд мэдэх эрхээ эдлэн шууд хараа хяналт тавьдаг байх нь ч болзошгүй аюулыг уг үндсээр нь таслах хөшүүрэг болох юм. Голын ай савд газар олгож, барилга, байшин барьсан нь олон мянган иргэдийн орон сууц, эд хөрөнгө, зам, талбайд их хэмжээний хохирол учруулж, иргэн бүрийн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх, орчны тэнцэл алдагдахаас сэргийлүүлэх үндсэн эрхэнд халдаж буйг мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр онилон шүүмжилсэн. “Шил” ажиллагааны баг, ЦХХХЯ-ны ажилтнууд шилэн систем дэх мэдээллийг ашиглан нэгтгэж, олон нийтийн сүлжээ, цахим хуудсууд дахь мэдээ, баримтуудыг нягтлан тулгаж, зарим нотолгоог “egazar.gov.mn” газрын мэдээллийн нэгдсэн сангаас авч бүрдүүллээ.