Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Б.Билэгдэмбэрэл: Иргэд мэдээллийн аюулгүй байдлаа хангах мэдлэгтэй байх шаардлагатай

2022.03.30

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэлтэй ярилцлаа. – Монгол Улсад мэдээллийн аюулгүй байдлын асуудал эмзэг сэдэв байдаг. Тэгвэл өнгөрсөн намрын чуулганаар сүүлийн 10 гаруй жил баталж чадахгүй байсан Кибер аюулгүй байдлын анхны хууль батлагдлаа. Энэ хуулийн онцлох заалтын талаар дэлгэрэнгүй мэдээллээр ярилцлага эхэлье. – Мэдээллийн аюулгүй байдлын хуулийн гол онцлог нь онц чухал дэд бүтэцтэй 17 чиглэлийн байгууллагыг зааж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл тухайн 17 салбарын байгууллагын мэдээллийн систем нь доголдоход нийгэм, эдийн засагт нөлөө үзүүлэхүйц байгууллагууд байгаа гэсэн үг. Эдгээр байгууллага нь 2 жил тутамд аюулгүй байдлын хараат бус хөндлөнгийн аудит хийлгэж, үйл ажиллагаагаа сайжруулж байх зохицуулалтыг хуульд тусгасанаараа онцлог гэж хэлж болно. Үүний зэрэгцээ, төрийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангахад тагнуулын байгууллага, иргэд, аж ахуй нэгж, байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангахад Цахим хөгжил, харилцаа холбооны яам, зэвсэгт хүчинтэй холбоотой асуудалд зэвсэг хүчин гэх зэргээр чиг үүргийнхээ дагуу холбогдох байгууллагууд дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахыг хуульд тусгасан. Энэ хууль 2022 оны 05 дугаар сарын 01-с эхэлж хэрэгжинэ. Иймд бид хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлын хүрээнд хуульд заасан кибер аюулгүй байдлын үндэсний стратеги, аюулгүй байдлыг хангах нийтлэг журам, цахим халдлага, зөрчлийн үед хариу үзүүлэх төлөвлөгөө, харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит, мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх журмын төслийг холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулж батлуулахаар ажиллаж байна. – Өнгөрсөн хугацаанд мэдээллийн аюулгүй байдлыг хангах тал дээр Цахим хөгжил, харилцаа холбооны яам ямар ажлууд хийж гүйцэтгэсэн бэ? -Бид олон улсын цахилгаан холбооны байгууллагатай хамтран Цахим халдлага, зөрчилтэй тэмцэх төв байгуулах бэлэн байдлын судалгааг хийж байгаа бөгөөд эцсийн тайлан энэ оны 4 дүгээр сарын сүүлээр гарна. Мөн АНУ-ын Карнеги Меллоны сургуулийн Программ хангамжийн институттай хамтран Кибер аюулгүй байдлын боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх зорилгоор “Компьютерын аюулгүй байдал, халдлагад хариу үзүүлэх баг(CSIRT) байгуулах нь” сэдэвт сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Сургалтад төрийн болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй хувийн хэвшлийн нийт 20 байгууллагын 37 албан хаагч хамрагдсан. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай мэдээллийн аюулгүй байдлыг хангах мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх багш нарыг сургах, ур чадварыг сайжруулах талаар төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд энэ оны 4 дүгээр сард дээрх шийдвэр эцэслэн батлагдаж, 10 дугаар сараас сургалтын ажил эхэлнэ. -“e-Mongolia” системийн албан ёсны фейсбүүк хуудас хакердуулсан тохиолдол гарлаа. Иргэдийн хувьд мэдээлэл алдлаа хэмээн цахим орчинд шуугиад амжсан. Энэ тал дээр та юу хэлэх вэ? -Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академи хийж буй ажлаа олон нийтэд түгээх, иргэдтэй шуурхай харилцаж, санал, гомдлыг нь сонсох үүднээс фейсбүүкийг олон нийттэй харилцах суваг болгон ашигладаг. Иргэд бие биетэйгээ фейсбүүкээр харилцдагтай адил гэсэн үг. Энэхүү нийгмийн сүлжээний пэйжийг хөтөлдөг админуудын нэг нь нууц үгээ алдсаны улмаас дээрх асуудал үүссэн гэж харж байна. Тухайн үед бусад админуудад нь мэдэгдэл ирснээр шуурхай арга хэмжээ авч 10-20 минутын дотор META компаниас тус пэйжийн үйл ажиллагааг блоколж, зогсоосон. МЕТА компанийн үйлчилгээ үзүүлэх дүрмийн дагуу пэйжний нэр солих асуудлыг манай баг шуурхай ажилласны үр дүн богино хугацаанд бүрэн сэргээж чадлаа. Одоо бид халдлага хаанаас, ямар зорилгоор гарсныг META компанитай хамтран илрүүлэхээр ажиллаж байна. Мөн “e-Mongolia” фейсбүүк хуудасны админуудтай хариуцлага тооцох арга хэмжээ авч байна. Гэхдээ иргэдийн хувьд буруу ойлголт байх шиг байна. “e-Mongolia” системин фейсбүүк хуудас хакердуулсан болохоос систем хакердуулаагүй. “e-Mongolia” систем бол тусдаа ойлголт. Тус систем нь Монгол Улсад байршдаг. Мэдээлэл хариуцагч нь төрийн байгууллагууд байдаг ба төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан нэгдсэн нэг цонхоор иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлдэг төрийн үйлчилгээний нэгдсэн систем юм. Иргэд фейсбүүкийг ашиглан хоорондоо харилцдагтай адил “e-Mongolia”-ийн фейсбүүк хуудас бол иргэдтэй харилцах, мэдээлэл өгөх суваг байсан болохоос биш төрийн үйлчилгээ үзүүлдэг систем биш. – Иргэдийн хувьд мэдээллийн аюулгүй байдлыг зөвхөн төр хамгаалах ёстой мэт хандлага гаргадаг. Гэтэл төр засаг, хууль эрх зүйн орчноос гадна тухайн иргэн өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг өөрөө хамгаалах, энэ чиглэлд мэдлэг, мэдээлэлтэй болох ёстой байх. Энэ тал дээр та ямар зөвлөгөө өгөх вэ? -Мэдээллийн аюулгүй байдлын хувьд хувь хүнээс 80 хувь, техник технологоос 20 хувь нь шалтгаалдаг гэсэн судалгаа бий. Тиймээс иргэд нэн тэргүүнд нууц үгээ бусдаас нууцалдаг байх шаардлагатай. Наад зах нь дэлгүүрт ороод картныхаа нууц үгийг хамаагүй хэлдэггүй байх хэрэгтэй. Тухайн картны пин код алдагдвал дансны мөнгө нь алдагдах эрсдэл үүснэ гэсэн үг. Мөн нийгмийн сүлжээнд харилцахдаа нууц үгээ хүчирхэгжүүлэх, таахад амархан нууц үг ашиглахаас сэргийлэх зэргээр аюулгүй байдлаа хангах наад захын мэдлэгтэй байх хэрэгтэй. Мэдээллийн аюулгүй байдлыг хангана гэдэг бол техник технологоор хамгаална гэхээс илүүтэй иргэдийн дадал зуршил, мэдлэг ойлголттой шууд холбоотой. -“e-Mongolia” системийн аюулгүй байдлыг хангах тал дээр MNCERT ТББ-тай хамтарч ажилладаг хэмээн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга zarig.mn сайтад өгсөн ярилцлагадаа хэлсэн удаатай. Гэтэл MNCERT ТББ нь танай яамтай хамтарч ажилладаггүй гэх тайлбарыг хийсэн байсан. Энэ талаар тодруулахгүй юу? -“e-Mongolia” систем бол нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиараа төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем. Хэрвээ төрийн байгууллага цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлж байгаа бол “e-Mongolia” системтэй холбогдож, нэг цонхоор буюу нэгдсэн байдлаар гаргах зорилготой. Төрийн мэдээллийн системүүдэд хуулиараа тагнуулын байгууллагын бүтцэд байх кибер халдлага зөрчилтэй тэмцэх үндэсний төв нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллах ёстой. Харин хариуцагч байгууллагын хувьд эрсдэлээс сэргийлэх бодлого, дүрэм, журамтай байх, мэдээллийн аюулгүй байдлын шалгалт хийх, эмзэг байдлыг илрүүлэх арга хэмжээ авч байх нь тухайн байгууллагын хувьд мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлээ бууруулах гол нөхцөл байдаг. Халдлагаас 100 хувь хамгаална гэсэн ойлголт байхгүй. Ямар ч тохиолдолд эрсдэл бий. Харин эрсдэл учирч хэвийн үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд аль болох хурдан сэргээх боломжит нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тэр ч утгааараа нийтэд хэрэглэж буй системүүд дээр мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг гэрээгээр гүйцэтгүүлэх, илэрсэн цоорхойгоо нөхөх, улмаар учирч болзошгүй эрсдэлээ бууруулах арга хэмжээ авдаг. MNCERT хэмээх ТББ нь гишүүн байгууллагууддаа цахим аюулгүй байдлын талаарх сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх, халдлага гарсан тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх, аюулгүй байдлын талаарх мэдээ, мэдээллийг түгээх зэрэг үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Тус байгууллага нь мэргэжлийн болоод үйл ажилллагааны чиглэлийн дагуу холбогдох дүрэм, журмын төсөлд санал, тайлбар өгөх хэлбэрээр манай яамтай хамтарч ажилладаг. Өөрөөр хэлбэл, MNCERT ТББ нь өөрсдөө сайн дураараа нийгмийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахад төрийн бодлого зөв байгаасай гэдэг үүднээс бидэнд зөвлөгөө, дэмжлэг, туслалцааг үзүүлдэг. Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийн zarig.mn сайтад өгсөн ярилцлага бол 2021 оны 11 дүгээр сард өгсөн ярилцлага байсан. Тухайн үед харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь MNCERT ТББ-ын хоёр гишүүнтэй гэрээгээр хамтарч ажилладаг байсан. Харин 2021 оны 12 дугаар сарын 16-нд Кибер аюулгүй байдлын тухай хууль батлагдсанаар тус байгууллагын хоёр гишүүнтэй байгуулсан гэрээ дуусгавар болсон. 2022 онд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь татан буугдаж, Цахим хөгжил, харилцаа холбооны яам болсноор ямар нэгэн байгууллагатай гэрээлж ажиллаагүй байна. Кибер аюулгүй байдлын хууль ирэх 05 сарын 01-ээс хэрэгжиж эхлэнэ. Тус хуулинд халдлагаас хамгаалах төвийн асуудлууд орсон. Бидний хувьд халдлагаас хамгаалах төвийн судалгааг хийж байна.

Бусад мэдээ

Говь-Алтай аймгийн төрийн албан хаагч, мэдээллийн технологийн ажилчид болон ЕБС-ийн сурагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулав

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа, салбар байгууллага болон Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын холбогдох албаны төлөөлөл Говь-Алтай аймгийн төрийн байгууллагын ахлах болон дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд, мэдээллийн технологи хариуцсан ажилтан, хүний нөөц, бичиг хэргийн ажилтнууд, сумдын e-mongolia хариуцсан операторуудын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа. Төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд: Кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг хэрэгжүүлэх, Монгол улсын Кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал Төрийн байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд Төрийн үүлэн тооцооллын дэд бүтэц /mCloud/ Цахим орчны зохицуулалт Төрийн албан хаагчдад зориулсан docx, erp, sudalgaa.gov.mn, ekids систем Орон нутгийн төрийн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчилж төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох төслийн танилцуулга Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад: “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал, Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой зохицуулалтын талаарх мэдээлэл /Харилцаа холбооны зохицуулах хорооны Технологи хөгжлийн төвийн мэргэжилтэн Ч.Пүрэвсүрэн/ Мэдээллийн технологийн мэргэжлийн онцлог /Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Тамир/ “Мөрөөдөлдөө хүрэх алхам”/Момэйд Виртуал туслахын агентлагийн үүсгэн байгуулагч Л.Бадамцэцэг/

Цахим ур чадвар олгох сургалт Дорноговь аймагт зохион байгуулагдаж байна

ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи хамтран “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд “Цахим ур чадвар олгох” сургалт зохион байгуулж байна. Сургалтад Дорноговь аймгийн төрийн захиргааны болон 14 сумын мэдээллийн технологи хариуцсан 100 орчим албан хаагч хамрагдаж байна. Цахим шилжилт, Кибер аюулгүй байдал, Цахим. бэлэн байдлын үнэлгээ сэдвүүдээр ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, “И-Монгол” академийн салбар дундын зохицуулалтын газрын дарга Х.Энхманлай, “И-Монгол” академийн салбар дундын зохицуулалтын газрын процесс аналист П.Оргил, “И-Монгол” академийн цахим ур чадварын газрын сургагч багш Г.Халиун нар хичээл орж байна. Дорноговь аймаг нь Төрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор “Цахим Дорноговь” төслийг 7-р сараас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд Төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор нэгдсэн дотоод системд 128 байгууллагыг үе шаттай нэгтгэх ажлыг зохион байгуулж байна. Мөн иргэдэд орон нутгийн мэдээллийг нээлттэй, шуурхай хүргэх зорилгоор “Нээлттэй Дорноговь” апплейкешн нэвтрүүлсэн бөгөөд одоогоор 2000 орчим хэрэглэгч ашиглаж байна. #цахим_аймаг #Дорноговь

Радио өргөн нэвтрүүлгийн дамжуулах сүлжээг тоон технологид шилжүүлнэ

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2025 оны хурал боллоо. Дээрх хуралд ЦХИХХ-ны сайд Э.Батшугар Радио өргөн нэвтрүүлгийн дамжуулах сүлжээг тоон технологид шилжүүлэх төслийг танилцууллаа. Манай улсад нийт тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо 2000 онд 2547 байснаас 2024 онд 5118 болж хоёр дахин нэмэгдсэн бол жилд 250 орчим хүн гамшиг ослын улмаас амь насаа алдаж байна. 2023-2024 онд нийт нутаг дэвсгэрийг хамарсан зудын гамшиг тохиолдож, 7.4 сая мал хорогдож, эдийн засагт 1.3 их наяд төгрөгийн хохирол учирсан, 2025 онд 273 удаагийн ой, хээрийн түймрийн улмаас 1.2 сая га ойт хээрийн талбай шатаж, 6.3 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ. Эдгээр баримт мэдээллийг өнөөдөр болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хурлын үеэр танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн дарга Г.Занданшатар тус хурлыг нээж үг хэллээ. Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн эрсдэлийг дан ганц нэг салбарт нөлөөлөх байдлаар биш дэлхий нийтэд системийн хэмжээнд авч үзэж байна. Мөн учирч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээг эртнээс төлөвлөж хэрэгжүүлдэг болж байна. Эрсдэлийг бууруулах арга хэмжээний нэг ам.доллар гамшгийн дараах хохирлын 15 ам.доллартой тэнцдэг гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Ерөнхий сайд энэ оны наймдугаар сард Үндэсний аврах бригадын алба хаагч нарын саналыг сонсож, онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгосон. Ирэх жилийн улсын төсөвт тусгасан ажлууд, мөн Монгол Улсын Засгийн газар Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх томоохон техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт, арга хэмжээнүүд, Азийн хөгжлийн банкны зээлийн төслийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүд зэргийг хэрэгжүүлснээр ирэх жилүүдэд онцгой байдлын албаны хөрөнгө оруулалт, хангалтыг шинэ шатанд хүргэнэ гэж зорьж байна гэлээ. Улс, орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийн менежментийн тогтолцоог нэвтрүүлж, болзошгүй эрсдэлийг бууруулахад үндэсний болон орон нутгийн зөвлөлийн дарга, гишүүд онцгойлон анхаарч, эрсдэлийг урьдчилан тооцож, бууруулахад дараах чиглэлээр анхаарал хандуулж ажиллахыг Ерөнхий сайд чиглэл болголоо. Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам тархан суурьшсан, нүүдлийн амьдралын хэв маяг, мал аж ахуй бүхий Монгол орны хувьд ялангуяа хөдөө орон нутгийн иргэдэд, малчид, тариаланчид, хилчид, тээвэрчдэд үнэн зөв мэдээ, мэдээллийг хүлээн авах, гал, гамшгийн үеийн мэдээг олон нийтэд найдвартай, хугацаа алдалгүй түргэн шуурхай дамжуулах, тэнцвэртэй, чанартай, хүртээмжтэй хүргэхэд радио өргөн нэвтрүүлгийн сүлжээг өргөтгөх, шинэчлэлт хийх нь чухал тулгамдсан асуудал болоод байна. Мөн Монгол Улсын аналоги радио өргөн нэвтрүүлгийн дамжуулах сүлжээг тоон технологид шилжүүлж, үйлчилгээний тогтвортой, найдвартай, тасралтгүй байдлыг сайжруулахад оршино. Үр дүнд нь Радио өргөн нэвтрүүлгийн дэлхийн стандартад нийцсэн, хүртээмжтэй, чанартай, мэдээллийн өндөр багтаамжтай, радио давтамжийн спектрийн ашиглалт сайжирсан үйлчилгээг иргэдэд хүргэх боломж бүрдэнэ. Тоон технологид шилжсэнээр нэвтрүүлгийн дамжуулалт улс орныг бүрэн хамрах бөгөөд энэ нь улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын том илэрхийлэл байна. Онцгой нөхцөл байдал /гамшиг тохиолдсон/-ын үед газарзүйн байршлаас үл хамааран хэрэглэгчдэд үнэн зөв бодит мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг ач холбогдолтой.