Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ИЦББХ: “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 2021 оны гүйцэтгэлийн дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй гарсан гэв

2022.03.01

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг сонсов. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдын үүргийг хавсран гүйцэтгэгч Б.Жавхлан танилцууллаа. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байгаа юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу хүрсэн түвшинг хүрэх түвшинтэй харьцуулан бодит гүйцэтгэлийг гаргахад 2021 оны байдлаар 74.5 хувь, өссөн дүнгээр 19.5 хувийн хэрэгжилттэй байна хэмээн Б.Жавхлан сайд танилцуулав. 2020 онд мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах үед цар тахал цаашид үргэлжлэх төлөвтэй байсан тул 2021 онд зураг төсөл боловсруулах, судалгаа хийх, төсөв батлуулах, эхлүүлэх зэрэг бэлтгэл ажил хангах зорилт, арга хэмжээг түлхүү төлөвлөсөн нь мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт өндөр гарахад нөлөөлсөн гэв. Хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого тус бүрээр харуулбал Ковид-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 88 хувь, Хүний хөгжлийн бодлого 78 хувь, Эдийн засгийн бодлого 70 хувь, Засаглалын бодлого 76 хувь, Ногоон хөгжлийн бодлого 65 хувь, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого 79 хувийн хэрэгжилттэй байгаа гэлээ.

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд 9 зорилго, 47 зорилтын хүрээнд 2021-2025 онд 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталж, 2021 оны явцын дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй гарчээ. Үргэлжлүүлэн Б.Жавхлан сайд Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд үр дүнтэй хэрэгжиж байгаа томоохон зорилт, арга хэмжээнүүдийг дурдав.

Иргэдийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийн тодорхой хувийг Засгийн газраас хариуцан төлсөн. Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн, иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж, 2.2 сая насанд хүрэгчдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгосон. Мөн хүн амын коронавируст халдварын эсрэг вакцины I тунд 69.8 хувь, II тунд 66.8 хувь, III тунд 31.6 хувь, IV тунд 3.4 хувийг хамруулаад байгаа бөгөөд цар тахал эхэлснээс хойш нийт 36.360 монгол иргэнээ эх оронд нь эргүүлэн авчрах ажлыг зохион байгуулсан байна.

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд ажлын байрыг дэмжих зээлд 1.9 их наяд төгрөг, репо санхүүжилтийн зээлийн хүрээнд нийт 789.8 тэрбум төгрөг, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 925 тэрбум төгрөг, хөдөө аж ахуйг дэмжих болон малчдыг дэмжих зээлийн хүрээнд 384.2 тэрбум төгрөг тус тус олгожээ.

2021 оны байдлаар 40 цэцэрлэг, 32 сургууль, 5 спорт заал, 12 дотуур байрыг ашиглалтад оруулжээ. Түүнчлэн дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг 46 Мвт-аар өргөтгөсөн байна. Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх ажлын явцад үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор тус төслийн Засгийн газрын эзэмших хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирэх боломжтой болсон байна. Үүний зэрэгцээ гүний уурхайн үйлдвэрлэлийг 2022 оны нэгдүгээр сарын 22-нд эхлүүлсэн юм.

Цахим үйлчилгээний нэгдсэн www.e-mongolia.mn системд төрийн 562 үйлчилгээг нэгтгэж төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, хүнд сурталгүй болгоход ихээхэн ахиц гарсныг танилцуулгад дурдсан. Монгол Улс 2020 оны арван нэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд долоон удаа тогтоосон хатуу хөл хорионд нийт 79 хоногийг өнгөрүүлж, бусад үед нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байсан. Экспорт тасалдаж, олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширч, хичээл сургууль танхимаар хичээллэх боломжгүй болж, үйлчилгээний бүхий л газар үүд хаалгаа барьж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орж, эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшиж, улсын төсвийн орлого 23 хувиар тасарсан нэн хүнд цаг үеийг даван туулж Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхлээд байгааг Б.Жавхлан сайд тэмдэглэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ц.Сэргэлэн, Ч.Ундрам, Л.Энх-Амгалан, Н.Учрал нар асуулт асууж, санал хэллээ.

УИХ-аас 2021 оны 12 дугаар сард цахим шилжилтийг эрчимжүүлэх Кибер аюулгүй байдлын тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг дөрвөн багц хуулийг баталсан бөгөөд энэ оны тавдугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц ямар байгаа, ухаалаг засаглалыг бэхжүүлэх арга хэмжээний хэрэгжилт орон нутагт ямар түвшинд байгаа, мэдээллийн технологийн салбарыг дэмжсэнээр эдийн засагт ямар ахиц гарсан, хүний нөөцийн чадавхыг сайжруулахад хэрхэн анхаарч байгаа талаар гишүүд асууж тодруулсан юм.

Засгийн газрын тогтоолоор “E-Mongolia академи” улсын төсөвт үйлдвэрийн газрыг шинээр байгуулсан. Тус академи нь төрийн байгууллагын мэдээллийн системийг хөгжүүлэх, төрийн тодорхой салбар үйл ажиллагаанд цахим шилжилтийг хийхэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, иргэдийн мэдээллийн технологийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалт хийх чиг үүрэгтэй. Энэ хүрээнд орон нутагт төрийн үйлчилгээг цахимжуулах, хүний нөөцийн чадавхыг сайжруулах ажлууд хийгдэж байгаа. Одоогийн байдлаар www.e-mongolia.mn системд 562 төрийн үйлчилгээг нэгтгэж оруулсан. Өнгөрсөн жил гаруй хугацаанд 70 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн гэсэн урьдчилсан тооцоолол гарсан. Энэ онд 1200 төрийн үйлчилгээг оруулахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар 15 мянган орчим төрийн үйлчилгээ байна. Нэг талаар энэ тоон үзүүлэлт сайн боловч нөгөө талаар төрийн бүтэц хэт данхайсан байгааг харуулж байна. Тиймээс төрийн үйлчилгээний бүтцийг загварчилж, бүх салбарт инновацыг дэмжих санхүүжилтийн зөв тогтолцоог бүрдүүлэх шаардлага бий болсныг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.Энх-Амгалан хэллээ.

Xилийн боомтуудыг болон алслагдсан сум, багт шилэн кабельд холбох, Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасан Үндэсний төв, Нийтийн төвүүдийг байгуулахдаа программын аюулгүй байдал, хамгаалалтын асуудалд онцгой анхаарах хэрэгтэйг УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн сануулав.

Алслагдсан сумдын тухайд энэ онд 5 сумыг шилэн кабельд холбох ажлыг хийнэ. Ингэснээр манай улсын 330 сум бүгд шилэн кабельд холбогдоно. Цаашид сансрын холбоог ашиглаж, хүн амыг өндөр хурдны интернетийн сүлжээнд холбох ажлыг судалж эхэлжээ. Харин Тагнуулын ерөнхий газраас цахим шилжилтийн хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм, журам, аргачлал, стандарт, төлөвлөгөөг боловсруулж, холбогдох судалгаа, тооцооллын хамт Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүргүүлжээ.

Засгийн газраас үндэсний инновац, технологийн тогтолцоог бэхжүүлэхэд шаардлагатай төсөв санхүүжилтийг нэмэгдүүлэхэд анхаарах, хүний нөөцийг бодлогоор дэмжиж бэлтгэх тал дээр анхаарах хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал, Ч.Ундрам нар хэллээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Монгол Улсын хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан инновац, цахим бодлогын зорилтуудын хэрэгжилтийн байдалд шүүмжлэлтэй байгаагаа илэрхийлээд үр дүнг бодитоор хэмжих, дүн шинжилгээ хийх шаардлагатайг санууллаа.

Ингээд Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Төрийн байгуулалт болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Бусад мэдээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 105 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран Төрийн ордны Их танхимд өнөөдөр /2026.07.31/ арга хэмжээ зохион байгууллаа. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин илтгэл тавьж, салбарын бодлогын тэргүүлэх чиглэлүүдээ танилцуулсан бөгөөд “Цахим шилжилтийг эрчимжүүлж, салбарын бодлого, үйл ажиллагааг иргэн, бизнесийн хэрэгцээнд нийцүүлэх, төрийн үйлчилгээг илүү хялбар, шуурхай, чирэгдэлгүй хүргэх, хууль эрх зүйн орчныг шинэчлэх, мэдээллийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл болон гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байгаа”-г онцлов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монголын цахилгаан холбоо” компанийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг гардууллаа. Мөн салбарын түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол шуудан” ХК-ийн ахмад настан Ш.Дивраа, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн тоног төхөөрөмжийн инженер Ц.Түмэнжаргал нар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, нэр бүхий эрхмүүд төрийн дээд одон, медаль, салбарын шагналаар шагнуулав. Энэхүү арга хэмжээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын үе үеийн ахмадууд, нийт ажилтан албан хаагчдын төлөөлөл оролцлоо.

Төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг Баянхонгор аймгийн иргэдэд хаанаас ч ойр хүрэх боломж бүрдлээ

Төрийн үйлчилгээг цахимжуулах, хүн, хуулийн этгээдэд түргэн шуурхай хүргэх, төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэгийг 21 аймгийн төвд нээж, үйлчилгээг жигдрүүлэх ажлын хүрээнд өнөөдөр /2023.05.13/ Баянхонгор аймгийн төвд Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалын газрын дарга Б.Оргил, Баянхонгор аймгийн удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Операторын горимоор иргэдэд үйлчилгээ үзүүлэх “ХУРДАН” цэг Баянхонгор аймагт нээгдсэнээр орон нутгийн 5 дахь салбар болж, тус аймгийн 90,000 гаруй иргэдэд төрийн үйлчилгээ ойртож байна. Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээс иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолт, гадаад пасспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх зэрэг төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм. Цаашид 55 байгууллагын 790 орчим төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрдэнэ. Төрийн үйлчилгээ хаанаас ч ойр ХУРДАН.

Инновацын экосистемийг бүрдүүлэх, стартапуудыг дэмжих бодит орчныг бий болгох зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 төрлийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан. Тэгвэл энэхүү дэмжлэгийг үзүүлэх, шалгуур үзүүлэлт болон журмыг нь гаргах Үндэсний зөвлөлийн анхдугаар хурал 2024 оны 11 дүгээр сарын 27-нд боллоо. Хурлаар: Ажлын хэсгийн гишүүдийг сонгохдоо мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд тухайлан заасан хуулийн этгээд болох шинжлэх ухаан, технологи, санхүү, татвар, жижиг дунд үйлдвэрлэл, инновацын асуудлаар дагнан үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын холбогдох мэргэжилтэн, судлаачдыг багтаажээ. Үндэсний зөвлөл нь Монгол Улсад инновацын экосистемийг бүрдүүлэх, стартапыг дэмжих бодит орчныг бий болгох үүрэгтэй юм. Анхдугаар хурлын үеэр Мэдээллийн технологийн үндэсний паркын захирал, Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Золзаяа дэлхийн улс орнууд мэдээллийн технологийн компаниуддаа эдийн засгийн дэмжлэг үзүүлснээр тухайн улс орнууд ДНБ-дээ мэдээллийн технологийн салбарын эзлэх хувь хэмжээ, экспорт, хүний нөөцөө хэрхэн нэмэгдүүлж байгаа сайн жишгийг танилцуулж, дотоодын стартап компаниудад энэ төрлийн дэмжлэг үзүүлэх хууль эрх зүйн орчны бүрдсэн талаар мэдээлэл өглөө.   ЦХИХХ-ны сайд, Үндэсний зөвлөлийн дэд дарга Ц.Баатархүү: Мэдээллийн технологийн компаниудад хууль эрх зүйн талаас нь боломжийг нь нээж, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг УИХ баталсан. Одоо эдийн засгийн дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлж байна.  Үндэсний зөвлөл нь цаашид Монгол Улсад инновацын экосистемийг бүрдүүлэх, стартапыг дэмждэг бодит орчныг бий болгох үүрэгтэй гэж ойлгох хэрэгтэй. Энэхүү зөвлөл нь виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргаж, УИХ болон Засгийн газарт танилцуулна. Иймд хүрээгээ зөв тодорхойлж, сонгон шалгаруулалтыг хүний оролцоогүйгээр хийх технологийг шийдлийг нэвтрүүлэх зарчмыг баримтлах шаардлагатай гэдгийг онцоллоо. Түүнчлэн Монгол Улс төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг хангалттай сайн хийсэн. Ebarimt болон E-mongolia-гийг далайд гарцгүй орнууд сонирхож байна. Төрд байгаа эх кодыг экспортлох, олсон орлогыг виртуал бүсэд төвлөрүүлнэ гэдгийг онцлов. Цаашид дижитал эдийн засгийг бий болгох, ДНБ-д мэдээллийн технологийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, Монгол Улсаас дэлхийн хэмжээний юникорн “төрүүлэх” суурийг өнөөдөр тавьж байна гэдгийг дурдав. Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед дэлхийн улс орнууд өөр өөрсдийн амбицаа зарлаж байна. Тухайлбал, Япон улс 2030 он гэхэд робот техник, хиймэл оюун, IoT, кибер аюулгүй байдал зэрэг салбарууддаа анхаарч, жил бүр дижитал экспортыг 7 их наяд иенд хүргэх зорилт тавьсан бол Австрали улс дижитал худалдааг 30 хувь нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Харин Казахстан улсын Astana Hub  нь технологийн экспортоо 2025 он гэхэд 500 сая ам.доллар, 2030 он гэхэд 1 тэрбум ам.долларт хүргэх зорилго тодорхойлсон байна. Эдгээр улсууд дээрх зорилгодоо хүрэхийн тулд мэдээллийн технологийн компаниудад эдийн засгийн дэмжлэг үзүүлж байна. АСТАНА ХАБ 2027 ОНД АНХНЫ ЮНИКОРН КОМПАНИА ДЭЛХИЙД ГАРГАНА Астана Хаб нь 2018 онд байгуулагдаж, нэг жилийн дотор 35 сая ам.долларын орлогын олж төвлөрүүлсэн байна. Тус улс нь 2023 онд мэдээллийн технологийн экспортоо 80 гаруй хувиар өсгөж, 25,000 ажлын байр шинээр бий болгож,  665 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татаж чаджээ. Астана Хаб 2027 онд анхны юникорн компаниа төрүүлэхээр ажиллаж байна. Тэд өөрсдийнгөө “Технологийн хаб” хэмээн тодорхойлж, олон улсад амбицаа зарлаад байна. УЗБЕКИСТАН УЛС ОЛОН УЛСАД “АУТСОРСИНГ ХАБ” ГЭДГЭЭ ЗАРЛАЖЭЭ Узбекистан улсын мэдээллийн технологийн экспорт нь 2023 онд 343 сая ам.долларт хүрчээ. Тэд өөрсдийгөө олон улсад “Аутсорсинг хаб” хэмээн тодорхойлсон бөгөөд 2030 он гэхэд 300,000 ажлын байрыг бий болгож, экспортоо 5 тэрбум ам.долларт хүргэх тооцооллыг гаргажээ. МОНГОЛ УЛСЫН ДНБ-Д IT САЛБАРЫН ЭЗЛЭХ ХУВИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ Монгол Улсын хувьд ДНБ-д харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 3.2 хувийг эзэлж байгаа бөгөөд цаашид энэ хувь хэмжээг нэмэгдүүлэх, дижитал эдийн засгийг бий болгоход дээрх үндэсний зөвлөлийн үүрэг чухалд тооцогдож байна. Үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд даргаар ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү, Ажлын албаны даргаар МТҮП-ын захирал Ж.Золзаяа нар ажиллаж байна.