Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2022.04.25

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцууллаа.

Дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын эрсдэлийг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж ирлээ. Үүнээс гадна ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Засгийн газарт уг асуудлыг нэн яаралтай шийдвэрлэн төсвийн хэмнэлтийн чиглэлээр тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллах шаардлага үүссэн. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомстол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа дурдсан юм.

Түүнчлэн хуулийн төсөлд,

– Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсоох;

– Нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

– Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлөх;

– Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлэх;

– Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжих зэрэг зохицуулалт тусгагдсан байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ц.Идэрбат, Н.Ганибал, Ж.Чинбүрэн, Т.Доржханд нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн зүгээс энгийн хувьцаа нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтад мэдээлэл, технологийн чиглэлээр ажилладаг компаниудыг оруулсан шалтгааныг тодруулсан.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар алслагдсан сум, багуудын үүрэг холбооны сүлжээнд холбох, дахин дамжуулах станц барихыг хориглосон нь цахим шилжилтийг хэрэгжүүлэх бодлогод харшлах эсэх талаар асуув.

Төрийн өмчит компанийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох замаар ил тод байдлыг хангаж, санхүүгийн сахилга батыг сайжруулж, олон нийтийн хяналтад оруулах, үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс 37 аж ахуйн нэгжийн 34 хүртэл хувийн энгийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана. “Монголын цахилгаан холбоо” ХК​, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ​-ын хувьцааг олон нийтэд худалдахаар төсөлд орсон гэдгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хариултдаа онцлов.

Харин “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн захирал Ч.Золбаяр хэлэхдээ, “УИХ-ын 2005 оны 48 дугаар тогтоолоор  Монгол Улс харилцаа холбооны салбарт бүтцийн өөрчлөлт хийж, зах зээлийг либералчлах, цахилгаан холбооны үндсэн сүлжээг тоон технологид шилжүүлэх зэргээр салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд сүлжээний ашиглалт эзэмшлийг холбооны үйлчилгээ явуулах бизнес ажиллагаанаас салгах бүтцийн өөрчлөлтийн чиглэлийг баталсан. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь 16 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд улсын төсөвт 10.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлдэг. Улсын хэмжээнд 1640 ажилтантайгаар 373 обьект, 20 мянга орчим километр шилэн кабелыг хариуцан ажилладаг. 2016 оноос хойш үндсэн сүлжээний багтаамжийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд үнэ тариф 7.4 дахин буурч, интернет буюу дата сүлжээний хурдыг 15.5 дахин нэмэгдүүлж чадсан.  Тиймээс төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хийхэд стратегийн ач холбогдолтой “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийг хувьчлах нь тохиромжгүй” гэв.

Мөн энэ онд Засгийн газрын тусгай сан болох Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө оруулалтаар 26 цэгт үүрэн холбооны сүлжээ татах ажлыг хийнэ. Харин 9 цэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үүрэн холбооны сүлжээ татахаар 03 дугаар сарын 01-ний өдөр тендер зарлаж, таван газрын ажил эхлээд явж байна. Үлдсэн дөрвөн цэгийн хувьд шалгарсан аж ахуйн нэгжүүдэд 04 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд мэдэгдэл хүргүүлээд байсан боловч 04 дүгээр сарын 15-ны дотор гэрээ байгуулаагүй гэх шалтгаанаар хасагдсан болохыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ хариултдаа дурдлаа.

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг “Цахим хөгжил, харилцаа холбооны яамны олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулах ангиллаас 152 сая 508 мянга 200 төгрөгийг хасаж, Үндэсний дата төв УТҮГ-ын урсгал зардалд уг 152 сая 508 мянга 200 төгрөгийг нэмэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн.

Байнгын хорооны дарга Н.Учрал төрийн байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, Төсвийн тодотголын төсөлд саналаа тусгахдаа салбарын нөхцөл байдлыг бодитоор үнэлэхийг сануулав.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Бусад мэдээ

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг боллоо

ҮЙЛ ЯВДАЛ Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг боллоо 2021.08.18 Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар болон Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Н.Учрал гишүүн хэлэлцүүлгийг удирдан явуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Инноваци, цахим бодлогын байнгын хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цахим хөгжлийн үндэсний хороо зэрэг байгууллага буюу хуулийн төслийн бэлтгэл хангах үүрэг бүхий үндсэн болон дэд ажлын хэсгийн гишүүд оролцож, санал солилцлоо. Хэлэлцүүлгийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал “Хуулийн төслийг нэрнээс нь эхлээд зүйл заалт, үг өгүүлбэр бүрээр нь уншиж, санал бодлоо солилцон, шаардлагатай өөрчлөлтийн саналуудаа тэмдэглэн ярилцах зайлшгүй шаардлагатай. Үг буруу хэрэглэснээр, буруу үг сонгосноос үүдэн тухайн хууль батлагдсаны дараа тооцоолоогүй төрөл бүрийн сөрөг үр дагавар бий болгох эрсдэлтэй. Тухайлбал, Нийтийн мэдээллийн гэдэг үгийг иргэд маань иргэдийн мэдээлэл авах, цаашлаад хэвлэл мэдээллийн салбарын утгатай хууль гэж ойлгох нь элбэг байна. Үнэн хэрэгтээ энэхүү хууль бол төрөөс иргэддээ үзүүлж буй мэдээллийн шинжтэй үйл ажиллагаа, иргэний мэдээллийг иргэнээсээ бус төр нь өөр хоорондоо солилцдог болох тухай хууль юм. Тиймээс энэ хуулийн төслүүдийн уншлагыг сайтар хийж тал талаас санал хүсэлтээ гарган тэмдэглүүлж, маш сайн хууль гаргахын төлөө хамтран ажиллаж байгаа ажлын хэсэг дэд хэсгийн гишүүддээ баярлалаа” хэмээв Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам    Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээний хүрээнд ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академийн хамтарсан 14 хүний бүрэлдэхүүнтэй баг 4 аймагт нэгэн зэрэг ажиллаж байна

Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсгийн 14 хүний бүрэлдэхүүнтэй 2 баг 2023.09.11-15-ны өдрүүдэд 4 аймаг (Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай)-т нэгэн зэрэг ажиллаж байна. ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан баг өнөөдөр (2023.09.14) Баянхонгор аймгийн төрийн албан хаагчдад ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлт, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулж, цахим шилжилтийг үнэлэх, шалгуур үзүүлэлт, арга зүйн талаар сургалт зохион байгууллаа. Баянхонгор аймаг нь нийт 20 сумтай бүх сум өндөр хурдны шилэн кабелиар холбогдсон, сүлжээний дэд бүтэц сайтай, цахим хөгжлийн нэгдсэн бодлоготой, цахим шилжилтийг хурдацтай хэрэгжүүлж байгаа аймгуудын нэг бөгөөд төрийн цахим үйлчилгээний e-mongolia нэгдсэн системийн оператор бүх сумдад ажиллаж байна. Орон нутгийн онцлог бүхий олон шатлалт 32 төрлийн үйлчилгээг цахимд шилжүүлэн e-mongolia системд холбож, 2022 оны 05 дугаар сараас эхлэн иргэдэд тоон гарын үсгийг олгон хэрэглээнд нэвтрүүлж, өнөөдрийн байдлаар 44866 иргэнд тоон гарын үсэг олгосон байна.

Сонгинохайрхан дүүргийн 203 цагдаагийн алба хаагчийг кибер аюулгүй байдлын сургалтад хамрууллаа

ЦХИХХЯ, Кибер аюулгүй байдлын зөвлөл, ЦЕГ хамтран Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын алба хаагчдад зориулсан “Кибер аюулгүй байдлын чиглэлээр чадавхжуулах” сургалтыг өнөөдөр /2026.06.08/ зохион байгууллаа. Сургалтад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 203 алба хаагч хамрагдаж, цахим гэмт хэргийн нөхцөл байдал, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, дижитал нотлох баримтыг шинжлэн судлах, хиймэл оюунд суурилсан халдлагаас хамгаалах зэрэг сэдвээр мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэв. Арга хэмжээний үеэр энэ сарын 02-03-нд зохион байгуулсан “ЦЕГ-ын мөрдөгчдийн цахим залилан болон кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөр”-т амжилттай хамрагдсан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн мөрдөгчдөд гэрчилгээ гардууллаа. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин сургалтыг нээж хэлсэн үгэндээ: “Монгол Улсын Засгийн газрын 108 дугаар тогтоолоор батлагдсан “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэн төвтэй, хүртээмжтэй болгох үндэсний хөдөлгөөн орон даяар өрнөж байгаа билээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 99 дүгээр захирамжаар шүүх, хууль сахиулах байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэхтэй холбоотой нөхцөл байдлыг үнэлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох Ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Кибер аюулгүй байдлын зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран “Цагдаагийн алба хаагчдыг кибер аюулгүй байдлын чиглэлээр чадавхжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Кибер аюулгүй байдлын мэдлэг нь зөвхөн мэдээллийн технологийн ажилтны бус, хууль сахиулах байгууллагын алба хаагч бүрийн эзэмших суурь чадамж болсон” хэмээн онцоллоо. Монгол Улс НҮБ-ын Цахим засаглалын хөгжлийн индексээр 193 орноос 46-д, Ази, Номхон далайн бүс нутагт 13 дугаарт эрэмбэлэгдэж байна. Гэвч цахим хөгжилтэй зэрэгцэн цахим орчин дахь эрсдэл нэмэгдсээр буй. Өнөөдөр бүртгэгдэж буй нийт гэмт хэргийн 35 хувь буюу гурван гэмт хэрэг тутмын нэг нь цахим орчинд үйлдэгдэж байна. Мөн кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаж буй нэг мөрдөгчид 120-150 хэрэг ногдож буй нь бусад чиглэлийн мөрдөгчдийн ачааллаас хоёр дахин өндөр байна. Иймээс цагдаагийн алба хаагчдын кибер аюулгүй байдлын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, цахим гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлж, цагдаагийн алба хаагчдыг үе шаттай хамруулах юм.