Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Бичил хиймэл дагуул хөөргөх "Кансат - 2022" үндэсний V тэмцээн Ням гарагт болно

2022.06.03

Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд, залуус, инженер судлаачид болон олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой “КАНСАТ – 2022” үндэсний V тэмцээн цаг агаарын нөхцөл байдлын улмаас хойшлогдож, энэ Ням гарагт буюу 2022 оны 06 дугаар сарын 05-нд Налайхын нислэгийн талбайд зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС, ҮБХИС, Шинэ Монгол, Монгол Коосен зэрэг найман их дээд сургуулийн 15 багийн 90 гаруй оюутан, залуус оролцож, өөрсдийн бүтээсэн сансрын бага оврын хиймэл дагуулыг хөөргөж, өрсөлдөх юм. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран зохион байгуулагчаар Монголын сансрын технологийн холбоо, Шинжлэх ухааны академи, Нийслэлийн бизнес инновац, хөгжлийн газар, ШУТИС, МУИС, ерөнхий ивээн тэтгэгчээр Монголсат нетворкс компани тус, тус ажиллаж байна.

Тэмцээнд зориулагдсан нийт 5 нийтийн тээвэр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал,

  • Нийтийн тээвэр № 1, 2, 3:  2022 оны 06 дугаар сарын 05-ны 08.00 цагт Төв шуудангийн арын талбайгаас хөдөлнө.
  • Нийтийн тээвэр №4: 2022 оны 06 дугаар сарын 05-ны 09.30 цагт Хорооллын эцсийн буудлаас хөдөлж, хойд чиглэлийн автобусны буудал бүрт зогсож, үзэгчдийг Кансат тэмцээн болох талбайд хүргэж өгөх юм.
  • Нийтийн тээвэр №5: 2022 оны 06 дугаар сарын 05-ны 09.30 цагт Саппорогийн буудлаас хөдөлж, төв зам дагуух автобусны буудал бүрт зогсож, үзэгчдийг Кансат тэмцээн болох талбайд хүргэх юм.

Сансрын технологийг сонирхогч хүүхэд, залуус та бүхнийг тус тэмцээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Бусад мэдээ

“Төрийн бүтээмжийн сэргэлт- Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” үндэсний зөвлөлдөх уулзалт болж байна

Цахим хөгжил, харилцаа, холбооны яам, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Төрийн бүтээмжийн сэргэлт- Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтад тус яамдын төлөөлөл болон Азийн цахим эрүүл мэндийн холбооны төлөөлөл, нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд оролцож байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус уулзалтад оролцогчдод зориулан илгээлт ирүүлснийг уулзалтын эхэнд Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх Ч.Болортуяа уншиж танилцууллаа. ЦХХХ-ны сайд Н.Учрал “Монгол Улсын цахим шилжилтийн бодлого” сэдвээр илтгэл тавьсан юм. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй программ хангамж үйлдвэрлэгч ААН-тэй хамтран ажиллаж, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг бодит цагийн горимд нэгтгэх нөхцөлийг бүрдүүлж, үндсэн систем “ХУР”-тай холбогдон, иргэний зөвшөөрлөөр эрүүл мэндийн байгууллага хооронд эрүүл мэндийн мэдээллийг дамжуулах боломжтой болсон. Мөн Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем И-Монгол-д эрүүл мэндийн нэн шаардлагатай “Эмийн жор”, “Шинжилгээний хариу”, “Дүрс оношилгооны дүгнэлт”, “Хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ”, “Амбулаториор эмчлүүлэгчдийн карт”, “Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт”, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-ийг цахим хэлбэрт шилжүүлэн, 5-р сарын 4-өөс өмнө бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр иргэд цаг, мөнгөө хэмнэх, хүнд суртал, аливаа эрсдэлийг бууруулах боломжийг бүрдүүлнэ гэдгийг илтгэлдээ онцоллоо. Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаар танилцуулж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эрүүл мэндийн хамтын ажиллагааны зөвлөлийн шинжээч, АНУ-ын Карнеги Меллон их сургуулийн зөвлөх Диксон Памела Грахам ДЭМБ, Олон улсын цахилгаан холбоо хамтран гаргасан “Цахим эрүүл мэндийн хүрээ”-ний талаарх мэдээллийг өглөө. Уулзалтаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэлийн “Салбар хоорондын мэдээлэл солилцоо” , Азийн цахим эрүүл мэндийн холбооны олон улсын зөвлөх Амийра Хамидын “Монгол Улс дахь “Цахим эрүүл мэнд”-ийн нөхцөл байдлын хөндлөнгийн үнэлгээний үр дүн”, Азийн цахим эрүүл мэндийн холбооны гүйцэтгэх захирал Жэй Ганеш Удаяасанкараны “Их өгөгдлийн дүн шинжилгээ”, “Алсын зайн анагаах ухааны олон улсын сайн туршлага”, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн Кибер халдлагаас урьдчилан сэргийлэх газрын дарга Г.Гантуяагийн “Эрүүл мэндийн мэдээллийн аюулгүй байдал”, АНУ-ын Карнеги Меллон их сургуулийн зөвлөх Диксон Памела Грахамын “Хиймэл оюун ухааныг эрүүл мэндийн салбарт ашиглах нь”, FESC, FJCS, Люксембургийн хөгжлийн агентлагийн ахлах зөвлөх, УГТЭ-ийн Зүрх судасны үндэсний төвийн зөвлөх Д.Мөнгөнчимэгийн “Зүрх судасны өвчний оношилгоо эмчилгээг сайжруулахад телемедицин ашигласан туршлага” илтгэлүүдийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Ц.Баатархүү: AI тусламжтайгаар хүний хөгжлийн индексийг дээшлүүлнэ

“Хиймэл оюуны эрин дэх хүмүүсийн сонголт ба боломжууд” сэдэвт 2025 оны Хүний хөгжлийн илтгэлийг өнөөдөр /2025.05.25/ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс танилцууллаа.  КОВИД-19 цар тахлын жилүүдийг эс тооцвол дэлхийн хүний хөгжлийн өсөлт 1990 оноос хойших хамгийн доод хэмжээнд хүрснийг тус илтгэлд онцолжээ.  Илтгэлд өөрчлөлт, шинэчлэлийг бий болгох гурван тэргүүлэх чиглэлийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд, Монгол Улсын Хүний хөгжлийн индекс 1990 оноос хойш 26 хувиар өсч, 0.747-д хүрсэн ба өдгөө 193 улс орноос 104-т эрэмбэлэгдэж байна. 1990-2023 оны хооронд Монгол Улсад дундаж наслалт 12.9 жилээр, сургуульд суралцах хугацаа 3.5 жилээр, сургуульд суралцсан дундаж хугацаа 0.93 жилээр тус тус нэмэгдсэн бол, нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 148.4 хувиар өсчээ. Тус арга хэмжээг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин хот эсвэл хөдөө амьдарч байгаагаас хамаарч эрс тэс байна. Тухайлбал, 2022 онд хотод амьдарч буй 10 хүн тутмын 2 нь ядуу байсан бол хөдөөд 4 буюу 2 дахин их байна. Иймд, дэлхийн зарим орны сайн жишгийн дагуу их өгөгдөл, хиймэл оюуныг ашиглан хот, хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгах, нийгмийн үйлчилгээг тэгш хүргэх, хөгжлөөс хэнийг ч үлдээхгүй байж тогтвортой хөгжлийг бий болгоно.  Мөн бүх нийтийн цахим болон хиймэл оюуны ур чадварыг дээшлүүлж, хот, хөдөөгийн дижитал хуваагдлыг бууруулахын тулд ЕБС-ын сурагчдаас сонгон “Үндэсний хэмжээнд хиймэл оюуны 1000 элч төлөөлөгч”-ийг бэлтгэн, тэдгээрээр дамжуулан хиймэл оюуны талаарх мэдлэг ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлж, өдөр тутмын амьдралд ашиглах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Эцэст нь хиймэл оюунд хандах хандлага нь олон нийтийн сайн сайхны төлөө үйлчилдэг, мэдээлэл хамгаалах стандартыг чанд мөрддөг, хүний хувийн нууцыг хамгаалах, ялгаварлан гадуурхахгүй байх эрхийг хангахын зэрэгцээ найдвартай байдал, ёс зүйн хэм хэмжээ, үндсэн эрхийг хамгаалах нь чухал болоод байна. Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-йг боловсруулж, дууссан бөгөөд Засгийн газарт өргөн барихад бэлэн болоод байна” гэдгийг онцлов.  Монгол дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “Хиймэл оюун нь зөвхөн технологийн асуудал биш, бидний үнэт зүйлс, зорилго, сонголтын тусгал юм. Хэрэв зүй зохистой ашиглаж чадвал энэ нь “Алсын хараа-2050″ урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг дэмжих хурдасгуур хүч болж чадна. Иймээс бид хиймэл оюуны потенциалын талаар ярихаас илүүтэй, үүнийг хүний хөгжлийг ахиулахад хэрхэн чиглүүлж, ашиглаж болох талаар ярьж эхлэх хэрэгтэй байна” гэв.  Хүн төрөлхтөн, нийгэмд хиймэл оюуны үзүүлэх нөлөөлөл нь хиймэл оюуны чадамжаас бус бид үүнийг хэрхэн удирдахаас шалтгаална. Улс орнууд цахим шилжилтийг хэрэгжүүлж эхлээд буй энэ цаг үед илүү ухаалаг, хүртээмжтэй, даван туулах чадвартай нийгмийг цогцлоох ховор боломж бүрдээд байгааг Хүний хөгжлийн 2025 оны илтгэлд онцолжээ.  2025 оны Хүний хөгжлийн илтгэлтэй танилцах бол ЭНД дарна уу.   

ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр /2023.06.20/ Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын Санхүүгийн албаны дарга Мехмет Онур Парталыг хүлээн авч уулзлаа

Н.Учрал сайд уулзалтын эхэнд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, хийж байгаа ажлуудаа танилцуулсан юм. БНТУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын Санхүүгийн албаны дарга Мехмет Онур Партал Истанбулын санхүүгийн төв байгуулах тухай хуулийн төслийг Туркын парламентад өргөн мэдүүлж, батлуулсан тухай танилцуулж, гарааны компаниуд болон финтек салбарыг дэмжих бодлогын талаар танилцууллаа.