Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын X хуралдаан Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж, хоёр улсын мэдээллийн технологи, цахим засаглал, сансрын технологи, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагааны хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.

Хуралдаанаар “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2025–2027 онд эрчимжүүлэх замын зураглал”-ын талаар хэлэлцэж, хоёр улсын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтыг тохиролцов.
Мөн хоёр улсын газарзүйн байршлын давуу талд суурилан олон улсын сүлжээний шинэ гарц бий болгох, харилцаа холбооны дэд бүтцээр холбогдох боломжит чиглэл, маршрутыг хамтран судлахаар болов. Энэ нь Монгол Улсыг Төв Ази болон цаашлаад Европын олон улсын сүлжээтэй холбох боломжийг нэмэгдүүлэх юм.
Хуралдааны үр дүнд дээрх болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтарсан протокол байгуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, ажлын чиглэлүүдийг тодорхойллоо.












