“Мэдээлэл харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх” төслийн үндсэн Ажлын хэсгийн анхны хурал боллоо.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) болон Мэдээллийн технологийн үндэсний парк хамтран “Мэдээлэл харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх” төслийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү төсөл нь Монгол Улсын Мэдээлэл харилцаа холбооны технологийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, олон улсын хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх чухал ач холбогдолтой.
Төслийн хүрээнд дараах үндсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна. Үүнд:
-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хэлэлцүүлгийг идэвхжүүлэх
-Мэдээллийн технологийн салбарын бодлого, хууль тогтоомжийг сайжруулах
-Монголын IT компаниудын гадаад зах зээлд нэвтрэх чадавхыг нэмэгдүүлэх
-Мэдээлэл технологийн салбарын бизнесийг олон улсын зах зээлд нэвтрэх үйл явцад дэмжлэг үзүүлэх
-Мэдээлэл технологийн салбарын гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх
-Нээлттэй өгөгдөл, их өгөгдөл, хиймэл оюуны тогтолцоог сайжруулах, хэрэглээг хөгжүүлэх
Төслийн хүрээнд хэрэгжүүлэх гол ажлуудаас дурдвал:
• Төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хэсэг, дэд ажлын хэсгүүд байгуулж, салбарын хөгжлийн замын зураг, санал зөвлөмжийг боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүлэх
• Монголын мэдээллийн технологийн компаниудын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, салбарын экосистемийн зураглал боловсруулах
• Монголын IT компаниудыг гадаад зах зээлд нэвтрэхэд чиглэсэн сургалт, менторинг, олон улсын бизнес холбох арга хэмжээг зохион байгуулах
• Үндэсний болон бүс нутгийн хурдасгуур хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх
• Нээлттэй өгөгдөл, Big Data, AI-д суурилсан инновацын шийдлүүдийг дэмжих, туршилтын арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм.











