Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Дэлхийн банкны Монгол Улс дахь шинэ Суурин төлөөлөгч Викториа Делмоныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Ухаалаг засаг II” төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах, УИХ-д өргөн барьсан Өгөгдлийн тухай хуулийн төсөл, Монгол Улсад хиймэл оюунд суурилсан ногоон дата төв хөгжүүлэх хөрөнгө оруулалт, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр санал солилцов.
Мөн цаашдын хамтын ажиллагааны хүрээнд хиймэл оюунд суурилсан шийдвэр гаргалт, тооцоолох хүчин чадлыг нэмэгдүүлэх, туршилт болон прототипт суурилсан төслүүд хэрэгжүүлэх, томоохон дата төвийн техник, эдийн засгийн судалгааг хамтран хийх боломжийг хэлэлцэж, ЦХИХХЯ болон Дэлхийн банкны дунд хугацааны хамтын ажиллагааны замын зураглал боловсруулах талаар санал солилцлоо.
Хатагтай Викториа Делмон нь дэд бүтцийн санхүүжилт, хөрөнгө оруулалт, бодлогын шинэчлэлийн чиглэлээр Африк, Зүүн Европ, Ойрхи Дорнод, Ази, Номхон далайн бүс нутагт 30 гаруй жил ажилласан туршлагатай.












