Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу манай улсад жилд дунджаар 4 сая орчим зөрчлийг хянан шийдвэрлэдэг байна. УИХ-аас өнгөрсөн оны 07 дугаар сарын 09-нд Зөрчлийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс улсын хэмжээнд бүртгэгдсэн зөрчлийн талаарх мэдээллийг нэг эх сурвалжид төвлөрүүлж эхэлсэн.
Энэхүү шинэчлэлийн хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Сангийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, И-Монгол академи УТҮГ хамтран Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д зөрчлийн торгуулийн мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд цахимаар хүргэх, торгууль төлөх үйлчилгээг нэвтрүүлсэн билээ.
Гэхдээ торгуулийн төлбөр төлөх систем тодорхой хүрээнд хязгаарлагдмал, Smartcar.mn, Torguuli.mn зэрэг аппликейшн ажиллахгүй болсноор иргэд хуулиар хөнгөлөлт эдлэх хугацаанд торгуулиа төлж чадахгүйд хүрсэн тохиолдол цөөнгүй.
Тэгвэл өнөөдрөөс уг асуудлыг бүрэн шийдвэрлэж байна. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учралын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Сангийн яам, Улсын ерөнхий прокурорын газартай хамтран торгууль төлөх үйлчилгээг төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системд нээлттэй API хэлбэрээр байршууллаа. Ингэснээр иргэд өөрийн өдөр тутам ашигладаг банк, финтекийн аппликейшн болон бусад цахим сувгаар торгуулиа төлбөрийг хялбар төлөх боломж нээгдэж буй. Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд энэхүү үйлчилгээг өөрсдийн системдээ саадгүй нэвтрүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.
Ийнхүү төрийн байгууллагуудын API сервисийг иргэд, бизнесийн өдөр тутам хэрэглэдэг платформуудад нээлттэй болгосноор төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ түвшинд гаргаж, төрийн үйлчилгээг олон сувгаар хүргэхэд онцгой ач холбогдолтой.










