Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар дата төв байгуулах асуудлаар 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа.
Уулзалтад ЦХИХХ-ны дэд сайд Г.Баярхүү, Хархорум хотын Захирагч Л.Халтар, гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөлөл, Эрчим хүчний яамны төлөөлөл, Эдийн засаг, хөгжлийн яамнаас холбогдох албаны хүмүүс оролцов.
Энэхүү уулзалтаар Хархорум хотод дата төв байгуулах боломж, техникийн шийдэл, эрх зүйн зохицуулалт, эрчим хүчний найдвартай хангамж, хөрөнгө оруулалтын бүтэц, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны механизмын талаар дэлгэрэнгүй санал солилцож, хэрэгжилтийн дараагийн үе шатны чиглэлийг тодорхойллоо.
Эрчим хүчний яамны зүгээс дата төвийн төслийн эрчим хүчний хангамжийг бодлогын түвшинд дэмжин ажиллахаа илэрхийлсэн бөгөөд Эдийн засаг, хөгжлийн яамнаас Хархорум хоттой холбоотой 2026 онд хэрэгжүүлэх дөрвөн төслийн бүрэн санхүүжилтийг улсын төсөвт тусгасныг онцлон тэмдэглэлээ.
ЦХИХХ-ны дэд сайд Г.Баярхүү цаашид холбогдох байгууллагууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, шаардлагатай шийдвэр, эрх зүйн баримт бичгийг боловсруулан, төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэх хэрэгтэйг онцоллоо.









