Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, ЦХИХХ-ны дэд сайд Г.Баярхүү нар Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа.
Монгол Улс дахь НҮБ-ын байгууллагууд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай олон чиглэлээр хамтран ажиллаж байна.
Тухайлбал:
-Цахим үйлчилгээг алслагдсан сумдад хүргэх,
-Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх цахим мэдээллийн ажилтнуудыг сургах, -Монгол Улсын хиймэл оюуны хөтөлбөрийг дэмжих,
-Хиймэл оюуны бэлэн байдлыг үнэлэх,
-1000 гаруй залуусыг Хиймэл оюуны элчээр томилох,
-е-Бизнес платформыг хөгжүүлж, ЖДҮ, ялангуяа орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих,
-Кибер гэмт хэрэгтэй тэмцэх,
-Хөдөө аж ахуйн дижитал платформыг хөгжүүлэх, хөдөөгийн иргэд, малчдын цахим боловсролыг дэмжих ,
-Цахим холболт, кибер аюулгүй байдал, цахим хөгжлийн үндэсний чадавх бэхжүүлэх зэргээр дэмжлэг үзүүлж байна.
ЦХИХХ-ны дэд сайд Г.Баярхүү Монгол Улсын Засгийн газрын “Шинэ итгэл-Эрс шинэтгэл 2026-2030” Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн хөгжлийн хөтөлбөрийн чиглэл болоод “Цахимаар нэн тэргүүнд” бодлого, стратегийн зорилтын талаар танилцуулга хийлээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам цаашид Монгол Улсад амжилттай хэрэгжсэн “Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх” (DEMOSC) төслийн туршлагад тулгуурлан иргэдийн дижитал болон хиймэл оюуны суурь мэдлэгийг нэмэгдүүлэх, орон нутагт төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр санал нэгдэв.











