Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 14-нд болж, 20 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас хүн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээг шинэчлэх талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний жагсаалтыг ирэх сард багтаан салбарын хэмжээнд үйлчилгээ тус бүрээр нарийвчлан гаргахаар боллоо.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын салбар, харьяа төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг (нийслэлд 144, орон нутагт 405, хилийн чанад дахь 31 улсын 47 байршил, нийт 596 ), “ХУРДАН” киоск (нийслэлд 120, орон нутагт 362, нийт 482) машинаар дамжуулан 43 байгууллагын 451 үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж байна.
“Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын хүн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээний жагсаалт” батлагдсан. Дээрх жагсаалтад 56 байгууллагын 785 үйлчилгээ багтсан бөгөөд үйлчилгээнүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх явцад жагсаалтад байхгүй боловч цахим хэлбэрт шилжсэн, цаашид цахим хэлбэрт шилжүүлэх, мөн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд мэдээлэл хариуцагч болон үйлчилгээний нэр, төрөл өөрчлөгдсөн зэргээс шалтгаалж тус жагсаалтыг шинэчлэх хэрэгцээ шаардлага үүсээд байжээ.
Жагсаалтыг шинэчлэн баталснаар төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа хангагдаж, мэдээллийн давхардал, зөрчил арилж, иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмж, үр ашиг бодитоор нэмэгдэнэ.












