Монгол Улсын финтек салбарын хөгжлийг дэмжих, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ санаачилга, инновацыг нэвтрүүлэх зорилгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Монголын финтекийн холбоо хамтран “Frontier Fintech Summit 2025” олон улсын чуулга уулзалтын нээлтийн арга хэмжээний хүрээнд финтек салбарын “Дугуй ширээний уулзалт”-ыг амжилттай зохион байгууллаа.
Монголын санхүүгийн технологийн холбоо нь финтекийн салбарын хөгжлийг хурдасгах, салбарын чиг хандлагыг тодорхойлох, хууль эрх зүйн орчин болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох зорилгоор уламжлал болгон “Frontier Fintech Summit” олон улсын чуулга уулзалтыг 2019 оноос хойш жил бүр зохион байгуулсаар ирсэн билээ. Энэ жилийн чуулга уулзалтыг 2025 оны 09 дугаар сарын 19-ны өдөр “Fintech for People and Planet” буюу “Эх дэлхийд ээлтэй финтек” сэдвийн дор TechWeek-т хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.
Өнөөдрийн дугуй ширээний уулзалтаар “Цахим хөгжил, харилцаа холбооны яам”-ны төлөөлөл холбооны үйл ажиллагаа, салбарын өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл өгч, салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга зам болон одоо хэрэгжиж буй хуулийн төслүүдийн талаар санал солилцлоо. Мөн төрийн байгууллагууд, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын нийт 30 гаруй төлөөлөгчид оролцож, финтек экосистемийн бодлого, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хэлэлцүүлгийн үеэр:
- Виртуал бүсэд компаниудыг бүртгэх журам
- Өгөгдлийг аюулгүй хадгалах, хамгаалах стандартууд
- Сэндбокс орчны зохицуулалтын журам
- Тоон гарын үсэг болон цахим баталгаажуулалтын шийдлүүд
- Гадаадад оршин суугаа иргэд финтек аппликейшнд хэрхэн бүртгүүлж, үйлчилгээ авах боломж зэрэг чухал сэдвүүдийг хөндөн ярилцлаа.
Энэ жилийн чуулга уулзалтын онцлог нь дэвшилтэт технологи дээр суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэгч компани оролцогч талуудыг нэгтгэх, боломж бэрхшээлийг хэлэлцэх, санхүүгийн салбарын ирээдүйг тодорхойлох, бодит туршлага, сургамж, сорил, шийдлийг онцлох юм.