Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулах ажлыг эхлүүлэн, салбар бүрийн төлөөлөлтэй уулзалт хийж, санал хүсэлт авч байна. Энэ хүрээнд өнөөдөр 13 яам, 19 агентлагийн 52 албан хаагчидтай хиймэл оюуны үндэсний стратегийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Яам, агентлагууд мэдээлэл технологийн мэргэжилтний хомсдолтой, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэхгүй байгаа нь асуудал дагуулдаг
Хэлэлцүүлэгт оролцсон албан хаагчид дараах саналыг илэрхийлэв.
- Яам, агентлаг хооронд мэдээлэл солилцох, өөрсдийн өгөгдлийг чанаржуулах, өгөгдлийн интеграц хийх цогц ажлыг тусгах.
- Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллах бодлогыг тусгах.
- Яам, агентлагуудын төсөвт хиймэл оюуны үндэсний стратегийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг тусгайлан тусгах.
- Хиймэл оюуныг ашиглан хүн цаг их зарцуулдаг, эсхүл хүнээс хамаарсан алдаа гарах магадлалтай ажил, чиг үүргийг автоматжуулах ажлыг эхлүүлэх.
Улс орнуудад иргэд, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээг хүргэх хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх зорилгоор хиймэл оюуныг түгээмэл ашиглаж байна. Мөн аливаа салбарын сургалт, багшийн үйл ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлэх, эрүүл мэндийн салбарт өвчний оношилгоо, нийгмийн эрүүл мэндийн урьдчилсан таамаглал боловсруулах ажил ч өрнөж байна. Улмаар эрх зүйн салбарт хүн, хуулийн этгээдэд эрх зүйн дүгнэлт, зөвлөмж боловсруулан өгөхөд ч ашиглаж байна. Энэ мэтээр хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулах явцад 13 яам, 19 агентлаг, ШУА-ийн эрдэмтэн судлаачид, Их дээд сургуулиудын төлөөлөл болон хувийн хэвшлийн төлөөлөл саналаа өглөө. “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги” анхдугаар чуулган 2-р сарын 13-нд Төрийн ордонд болно

