Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар 2023 оны 03 сард БНСУ-д ажлын айлчлал хийх үеэр тус улсын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институтийн ерөнхийлөгч Гвон Ху Елтой уулзаж, хамтын ажиллагааг эхлүүлсэн.

Хамтын ажиллагааны хүрээнд ЦХХХЯ, БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институт (KISDI)-тэй хамтран өргөн нэвтрүүлгийн талаар баримтлах бодлого чиглэл, өнөөгийн байдлыг тодорхойлоход төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна.

Уулзалтын үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, энэ чиглэлээр ажиллаж буй албан хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд үе шаттай сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, хамтран ажиллаж буй БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институт (KISDI)-ийн зөвлөх баг, БНСУ-ын их сургуулийн профессорууд, KISDI байгууллагын экспертүүдэд талархлаа илэрхийлсэн юм.

Уулзалтаар талууд өргөн нэвтрүүлгийн бодлогын зөвлөмжид тусгах санал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, шийдэл болон цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцлоо.





