Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХ-ны Дэд сайдаар Б.Болор-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн даргаар Ч.Золбаяр нар томилогдлоо

2022.08.31

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайдаар Б.Болор-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн даргаар Ч.Золбаяр нарыг томиллоо.

Б.Болор-Эрдэнэ нь 2020 онд Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд 2022 оны 01 дүгээр  сараас өнөөдрийг хүртэл Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Тэрбээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цахим хөгжлийн дэмжих багц хуулиуд болон төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-г санаачлан хэрэгжүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай хүргэх тал дээр анхаарч ажиллаж байсан бөгөөд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлсэн юм. 

БОЛОВСРОЛ

  • 2016-2017: Оксфордын Их Сургууль, Англи, Нийтийн удирдлагын магистрын зэрэг
  • 2011-2014: Хандон Глобал Их Сургууль, БНСУ, Бизнесийн удирдлагын магистрын зэрэг
  • 2007-2011: Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Олон Улсын Харилцааны бакалаврын зэрэг
  • 1999-2007: Булган аймаг Ерөнхий боловсролын сургууль

АЖЛЫН ТУРШЛАГА

  • 2022.01-одоог хүртэл: Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2020.07-2022.01: Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга
  • 2020.01-2020.07 Монгол Улс, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Цахим хөгжлийн үндэсний хорооны Ажлын албаны дарга
  • 2019-2020.07: Оксфордын Их Сургууль болон Гейтс сангийн хамтарсан санхүүжилттэй “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн зохицуулагч
  • 2018-2020.07: Дэлхийн банк, Австрали Улс дахь салбарт Үнэлгээний зөвлөх
  • 2017.05-2017.09: Их Британийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Судлаач
  • 2011-2017: Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Мянганы сорилтын сан, Тогтвортой хөгжлийн олон улсын институт, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг байгууллагуудад зөвлөхөөр ажиллаж байсан.

ОНЦЛОХ АЖЛУУД

  • Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia -г нэвтрүүлэв.

e-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн системийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээсэн. Тус системд өнөөдрийн байдлаар төрийн 63 байгууллагын 685 үйлчилгээ, 21 аймгийн нутгийн захиргааны 1284 үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж нэгтгэгдээд байна. E-Mongolia систем нь өнөөдрийн байдлаар 1.9 сая идэвхтэй хэрэгчидтэй болсон бөгөөд нийтдээ давхардсан тоогоор 14 сая гаруй үйлчилгээг цахимаар иргэд болон хуулийн этгээдэд хүргээд байна.

  • Цахим хөгжлийн багц хуулиудыг батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Цахим хөгжлийн багц хуулиуд болох Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кибер аюулгүй байдлын тухай хуулийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлуулсан бөгөөд 2022 оны 05-р сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Цахим хөгжлийн багц хуулийн хэрэгжилтийн хүрээнд Засгийн газраар 13, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын тушаалаар 7, нийт 20 журмыг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

  • “Цахим үндэстэн” бодлогын бичиг баримт бичгийг боловсруулж батлуулав.

Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогын бичиг баримтад нийцүүлэн Цахим үндэстэн бодлогын бичиг баримтыг боловсруулж батлуулав. Уг бодлогын бичиг баримт нь дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсгийн чадавх, инновац үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн  стратегийн зургаан том зорилттой.

  • Цахим үндэстэн – Digital Nation арга хэмжээг зохион байгуулав.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга болох ICT EXPO-г 2021 онд цар хүрээг нь өргөжүүлэн цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болгон DIGITAL NATION-2021 нэр дор 2021 оны 09 дүгээр сарын 17-19-ны өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулав.

  • Код бичих охидын хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлэв

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх, салбарын хүний нөөцийн хүйсийн тэнцвэрийг хангах, ирээдүй хойч үеэ технологийн салбарт дурлуулах, хүүхэд залуусын сонирхлыг ХХМТ-ийн салбарт татах зорилгоор “Код бичих охидын хөтөлбөр”-ийг санаачилж амжилттай хэрэгжүүлэв. Энэхүү хөтөлбөрөөр 2021 онд 30 охидыг амжилттай хамруулсан бол 2022 онд 50 охидыг тус хөтөлбөрт хамруулсан.

  • Бусад салбарын хөгжлийг төсөл арга хэмжээг хэрэгжүүлэв

Засгийн газрын цахим хуралдааны системийг амжилттай нэвтрүүлснээр түргэн шуурхай болсон.

Үндэсний их баяр наадмын тасалбарыг анх удаа цахимаар борлуулав. Ингэснээр иргэд хүндрэл чирэгдэлгүй болсон.

Боловсролын салбарт иргэдийн дунд хамгийн их бухимдал үүсгэдэг байсан цэцэрлэг болон 1-р ангийн бүртгэлийг цахимаар бүртгэх ажлыг амжилттай хэрэгжүүлсэн.

  • Гадаад хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргав

Шинэ техник технологи, инновац нэвтрүүлэх, сайн туршлага судлах, мэдээлэл технологи, харилцаа холбооны хамтын ажиллагааг хөгжүүлэх, тус салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, салбарын гадаад харилцааг шинэ түвшинд гаргах зорилгоор олон улсын байгууллагууд, дэлхийд тэргүүлэгч технологийн компаниуд болон донор байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна.

Тухайлбал, харилцаа холбооны салбарын хууль эрх зүй, бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр Олон Улсын цахилгаан холбооны байгууллага, Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллага, шуудан холбооны чиглэлээр Дэлхийн шуудангийн холбооны байгууллага, Ази номхон далайн шуудангийн холбооны байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн.

Мөн төрийн байгууллагын албан хаагчдыг албан ёсны эрхтэй программ хангамж хэрэглүүлж хэвших зорилгоор Майкрософт компанитай хямд үнийн хэлэлцээрийг амжилттай хийж байна. Цаашилбал мэдээллийн технологийг хөгжүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр Google, Meta зэрэг дэлхийн нэр хүнтэй компаниудтай гадаад харилцаагаа өргөжүүлж байна.

Сансрын технологийг хөгжүүлэх чиглэлд Ази номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага (APSCO), Америкийн сансар судлалын байгууллага (NASA), Сансрын техник, технологийн тэргүүлэгч компани Space X, ОХУ-ын сансар судлалын улсын үйлдвэрийн газар Роскосмос, олон улсын сансрын холбооны байгууллага Интерспутник зэрэг байгууллагуудтай ажиллаж байна.

Түүнчлэн цахим засаглалыг хөгжүүлэх, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Эстони Улсын Цахим засаглалын академи, Сингапур улсын Харилцаа холбоо, мэдээллийн яамтай тус тус хамтран ажиллах санамж байгуулан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган хамтран ажиллаж байна. Мөн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк зэрэг донор байгууллагуудтай харилцан уялдаатай хамтын ажиллагааг өрнүүлж байна. 

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ЗОЛБАЯР

Түүнчлэн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цахим хөгжил харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр томилогдлоо.

 Тэрбээр 2016 оноос хойш Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд  “Монголын хөгжлийн сүлжээ-2021” стратегийг боловсруулж, орон нутгийн цахим хэрэглээг 9 дахин өсгөх, дамжуулах сүлжээний нэгж үнийг 5 дахин бууруулах ажлыг хэрэгжүүлж, үндсэн сүлжээний багтаамжийг аймаг бүрт 20 дахин нэмэгдүүлэн Монгол Улсад цахим шилжилт хийх суурь дэд бүтцийг байгуулах ажлыг оновчтой зохион байгуулсан эрхэм билээ.  Тэрбээр өнгөрсөн хугацаанд Монгол Улсын телевизийн дөрвөн сувгийг тоон системд шилжүүлэн, орон даяар дамжуулах төслийг боловсруулж, удирдан хэрэгжүүлж, орон даяар ашиглалтад хүлээлгэн өгсөн. 

Түүнчлэн Монгол Улсын дамжуулах сүлжээний багтаамж 168 дахин, хөдөлгөөнт холбооны 4G хэрэглэгчийн тоо 10.4 дахин, хөдөө орон нутгийн интернэт хэрэглээний бодит урсгал 15.5 дахин нэмэгдсэн шууд үр дүнг гаргасан. 

БОЛОВСРОЛ

  • ЕБС-ийн 54-р сургууль
  • ШУТИС-ийн ХМТС-ийн Мэдээллийн технологи, техникийн ухааны магистр

АЖИЛ

  • 2016-2022 он: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • 2012-2015 он: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Бодлого төлөвлөлтийн газрын дарга
  • 2009-2012 он: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын дарга
  • 2007-2009 он: Энжинекс ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • 2005-2007 он: Интелликом ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • 2001-2005 он: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шуудан цахилгаан холбооны газрын Хөрөнгө оруулалтын албаны мэргэжилтэн
  • 2000-2001 он: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн программист

Бусад мэдээ

АНУ-ын ORACLE корпорацийн төлөөлөлтэй албан уулзалт хийлээ

Oracle корпораци нь Америкийн Нэгдсэн Улсын Техас мужийн Остин хотод төвтэй Америкийн үндэстэн дамнасан компьютерын технологийн корпораци бөгөөд 2020 онд орлого, зах зээлийн үнэлгээгээр дэлхийн гурав дахь том программ хангамжийн компани болсон өгөгдлийн сангийн программ хангамж, технологи, үүлэн инженерчлэлийн системүүд болон программ хангамжийн бүтээгдэхүүн борлуулдаг корпораци юм. ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Oracle корпорацийн төрийн байгууллага хариуцсан захирал Иван Тимофеев тэргүүтэй төлөөлөлтэй өнөөдөр /2023.04.05/ албан уулзалт хийж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд, Монгол Улсад Oracle өгөгдлийн санг ашигладаг төрийн олон байгууллага байдаг талаар онцлов. Уулзалтаар Oracle өгөгдлийн санг ашиглаж буй Монгол Улсын төрийн байгууллагуудад төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх болон төрийн байгууллагын программ хангамжийн хүний нөөцийг үе шаттай бэлтгэх, мэдлэг, чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтад хамруулах боломжийн талаар ярилцлаа. Oracle өгөгдлийн санг Үндэсний дата төв, Татварын ерөнхий газар, Сангийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг цөөнгүй байгууллагууд ашигладаг бөгөөд Үндэсний дата төв нь 2014 оноос Oracle, Exadata X4 engineered системийг төрийн мэдээллийн үндсэн болон суурь мэдээллийн сангууд дээр ашиглаж эхэлсэн. 2021 оноос эхлэн Oracle Exadata X8M-2 engineered системийг ашиглаж байна. Уулзалтын төгсгөлд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ирэх 06 дугаар сард зохион байгуулагдах “ICT Expo 2023 Mindgolia” буюу Харилцаа холбоо, мэдээллийн технологийн олон улсын үзэсгэлэн, арга хэмжээнд Oracle компаний төлөөллийг оролцохыг урилаа.

“Цахим эдийн засаг”, “Цахим аюулгүй байдал”, “Цахим нийгэм” чиглэлээр Сингапур улсын сайн туршлагыг хэрэгжүүлнэ

Сингапур Улсын цахим форум (Digital FOSS) хөтөлбөр, “Cross Border Data Flows Roundtable” уулзалтын хүрээнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Сингапур Улсын Гадаад харилцааны сайд Vivian Balakrishnan, Мэдээлэл, харилцаа холбооны сайд хатагтай Josephine Teo, Сингапур Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, профессор Tommy Koh, Инфоком медиа, хөгжлийн агентлагийн гүйцэтгэх захирал Lew Chuen Hong нартай албан уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар “AsiaTech Singapore-2023” (ATxSG) арга хэмжээнд урьж, оролцуулж буйд талархал илэрхийлэн, Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа. Уулзалтаар Сингапур Улсын Мэдээлэл, харилцаа холбооны яамны “Digital Economy”, “Digital Security”, “Digital Society” 3 чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар туршлага судалж, цахим орчинд хүний эрхийг хамгаалахтай холбоотой хууль эрх зүйн чиглэлээр дэмжлэг үзүүлэх, Сингапур Улсад буй олон улсын платформууд болох (Meta, You tube, Тik Tok)-тай уулзахад дэмжлэг үзүүлж, хил дамнасан өгөгдлийн урсгалын хууль эрх зүй, бодлого зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Мөн цахим эдийн засгийн хөгжил, цахим хуваагдал, цахим үйлчилгээнд төрөөс хэрхэн дэмжлэг үзүүлэх чиглэлээр Сингапур Улсын сайн туршлагыг судалж, хамтран ажиллахаар болов.

5G сонгон шалгаруулалт зарлагдлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 2025 онд 5G технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооноос 5G сонгон шалгаруулалтыг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зарлалаа.   Энэхүү сонгон шалгаруулалтад Монгол Улсын нутаг дэвсгэрт үүрэн холбооны зориулалтаар радио давтамж ашиглан харилцаа холбооны үйлчилгээ (яриа, дата, мессеж) эрхлэгчийг оролцохыг урьж байна.  Хүснэгт 1: Радио давтамжийн зурвасын нөөц № Радио давтамжийнзурвас (МГц) Зурвасын өргөн (МГц) Хамрах хүрээ 1 3300-3400 100 Улаанбаатар хот болон 21 аймаг, сум, багийн нутаг дэвсгэрт 2 3500-3600 100 3 3600-3700 100 4 3700-3800 100 5 3800-3900 100 6 3900-4000 100 Хүснэгт 1-д заасан зурвасаас нэг үйлчилгээ эрхлэгчид нэг 100МГц өргөнтэй зурвасыг хуваарилж, олгоно.  Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн эрх бүхий этгээд сонгон шалгаруулалтын баримт бичгийг Харилцаа холбооны зохицуулах хороонд албан бичгээр хүсэлт гаргаж, цаасан болон цахим хэлбэрээр авах ба зөвхөн нэг сонгон шалгаруулалтын төсөл (цаашид “төсөл” гэх) ирүүлнэ. Сонгон шалгаруулалтыг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл зарлаж байна. Сонгон шалгаруулалтад ирүүлэх төслийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү. Шуудангийн хаяг:  Харилцаа Холбооны Зохицуулах Хороо                                    Метро бизнес төв А-блок 5 давхар, Сүхбаатар дүүрэг,                                 Д.Сүхбаатарын гудамж -13, Улаанбаатар хот                         14201-0033, Монгол Улс.                                  Утас:+976-11-304258, 1800-1858