Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Монгол Улс ЖАЙКА-тай хамтран “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл” хэрэгжүүлнэ

2022.06.16

Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-н нарийвчилсан төлөвлөлтийн судлагааны багтай хамтран “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр боллоо. Өнөөдөр уг төслийг хэрэгжүүлэх гэрээнд Монгол Улсыг төлөөлж, Цахим хөгжил, харилцаа холбооны яам Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, ЖАЙКА-ийн талаас Нарийвчилсан судалгааны багийн дарга Идэ Хироюуки нар тус, тус гарын үсэг зурлаа.

Төслийн хүрээнд

  • Иргэд, олон нийтэд кибер аюулгүй байдлын талаарх ойлголт, мэдлэгийг түгээх,
  • “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал”-ын протокол үйлдэх
  • Төрийн албанд ажиллаж буй мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Мөн талууд Монгол Улсын кибер аюулгүй байдлыг бэхжүүлж, дижитал нийгмийг бүтээх, улс орны цахим өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлд хамтран ажиллах юм.

Уг төслийг Монгол Улсын талаас Цахим хөгжил, харилцаа холбоноы яам, ШУТИС, Удирдлагын академи, МУИС, Дотоод хэргийн их сургууль, Үндэсний дата төв, И-Монгол академи зэрэг байгууллагууд хэрэгжүүлэх бол Япон улсын талаас төслийн хэрэгжилтийн үеэрх бүхий л шаардлагатай заавар, зөвлөгөөг өгөх ажээ.

 

Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх зорилгоор “Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээг харьяа, салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 гаруй төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын идэвх санаачилга, оролцоотойгоор хамтран зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2024.03.15) Дундговь аймагт ажиллаж, аймгийн ЗДТГ-ын удирдлагууд, төр, хувийн хэвшлийн байгууллагын албан хаагчид, иргэд, олон нийтэд ЦХХХЯ-наас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээ болон аймгийн цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээ, анхаарах асуудал, шийдэл гарцын талаар танилцуулга, мэдээлэл хийв. Мөн кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх, кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, төрийн үүлэн тооцооллын дэд бүтэц /mCloud/ систем, цахим орчин дахь хүүхэд хамгаалал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, технологийн боломжийн талаар сургалт зохион байгууллаа. Цахим хөгжлийн өдөрлөгт оролцогч байгууллагууд орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, иргэд, олон нийтэд бизнесээ цахимжуулах арга зам, программ хангамжийн танилцуулгыг хийж, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан, заавар, зөвлөмж өгч ажиллаж байна. Дундговь аймаг нь 47,2 мянган хүн амтай. 15 сум 66 багтай. 66 багаас 16 баг 4G сүлжээнд, 15 баг 3G сүлжээнд холбогдсон. Эдийн засгийн тэргүүлэх салбар Уул уурхай олборлолт, Боловсруулах үйлдвэрлэл. Төрийн үйчилгээний нэгдсэн систем (И-Монгол)-д төрийн 12 байгууллагын 64 үйлчилгээг холбосон. Аймгийн хэмжээнд 18.750 иргэн буюу 58.6% нь тоон гарын үсэгтэй болсон байна.

Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой өнөөдөр тохиож байна

1981 оны 03 дугаар сарын 22-ны өдөр буюу энэ өдөр Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын сансрын хамтарсан нислэгээр БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч, гуравдугаар сарын 30-ны 19:42 цагт эх дэлхийдээ амжилттай газардсан түүхтэй. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийн сансрын нисэгчийг нисгэсэн дэлхийн 10 дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг. Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь Монгол Улсаас сансарт ниссэн анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн юм.

Харилцаа холбооны салбарын 100 жил: Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн нь

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбооны салбарын 100 жил: Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн нь 2021.05.27 Өнгөрснөөсөө суралцахгүй, Түүхээ мэдэхгүйгээр хөгжлийн асуудлыг бүү ярь. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Аливаа салбарын хөгжил мэргэжилтэй боловсон хүчнээс хамаардаг бөгөөд тэднийг хэрхэн сургаж, өнөөгийн цаг үед мэргэжлийн хүрээгээ тэлэх хэмжээнд хүрсэн талаар доор өгүүлэх болно. Энэ хугацаанд тус салбарын хөгжил дэвшилд эрдэмтэн багш нарын оруулсан нөр их хөдөлмөр, хувь нэмэр маш их гэдгийг цохон тэмдэглэх нь зүйтэй. Өнгөрсөн зууны эхээр Монгол Улс тусгаар тогтнож, түүхийн ахар богино хугацаанд бий болоод байсан харилцаа холбооны хэрэгсэл Монгол Улсын өмч болж, Засгийн газрын мэдэлд ирсэн ч тэдгээрийг ажиллуулах үндэсний мэргэжилтэн байсангүй. Ийнхүү 1921 онд байгуулагдсан Ардын түр Засгийн газраас холбооны үндэсний мэргэжилтэн бэлтгэх талаар удаа дараа шийдвэр гарч, түр сургуулиар хэд хэдэн удаа цахилгаан мэдээний бичээч, шуудангийн ажилчин, агаарын шугамын засварчин зэргийг бэлтгэж байжээ. Улс орныг батлан хамгаалах болон эх орны дотоод амьдралын шаардлага, хэрэгцээгээр харилцаа холбоог өргөтгөн хөгжүүлэх явдал чухлаар тавигдаж, энэ талаар ЗХУ-ын бүх талын тусламжтайгаар багагүй ажлыг гүйцэтгэж ирсэн. Ийнхүү монгол газар нутагт телеграфын холбоо, телефон холбоо, радио холбоо хөгжөөд 20-30 жил болж байсан үед буюу 1930 оны дунд үеэс холбооны дунд мэргэжилтэн бэлтгэх асуудал улс орны бодит шаардлагаар урган гарсан юм. БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1934 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Холбооны Ерөнхий хорооны дэргэд “Утсан ба радиотехникийн мэргэжилтэн бэлтгэх холбооны түр сургууль”-ийг 1937 оны 3 дугаар сарын 1-ний өдөр байгуулжээ. Энэ сургуульд холбооны тусгай мэргэжлийн сургалтын хөтөлбөрөөр ерөнхий эрдэм, улс төр, холбооны онол, техник зохион байгуулалтын зэрэг хичээлүүдийг заадаг байжээ. Сайд нарын зөвлөлийн 1938 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар хурлаар Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хорооны дарга Т.Лувсанцэрэнгийн илтгэлийг сонсоод тогтоол гаргасан байна. Уг тогтоолд : “… Одоогийн байгуулагдсан дотоод дахь холбооны сургуулийг нэн ялангуяа орон сууц, аж ахуйн хэрэглэгдэхүүнээр буюу мэргэжилтэн багш нараар хангах, ажилчдын сахилга батыг чангатгах хийгээд үргэлжийн удирдлага шаардлагаар хангаж чанагшид үргэлжлүүлэн бэхжүүлэхээс гадна энэ онд харилцаа холбооны мэргэжлийн дэвсгэр бүхий сайн ажилчдын дотроос зүй байдлаар нийлүүлэн Холбоот улсад явуулан холбооны дээд ба дунд мэргэжилтэй болгон суралцуулж, цаашид үргэлжлүүлэн тогтмол явуулж байхыг Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороонд даалгасугай.” гэжээ. МАХН-ын Төв хороо, Засгийн газрын шийдвэрээр 1939 онд цахилгаан, шуудангийн сургуулийг холбооны техникум болгон өргөтгөн байгуулжээ. Техникумын нээлтэд Улсын бага хурлын дарга Д.Догсом оролцож хэлсэн үгэндээ” … Тус сургууль бол манай улсын харилцаа холбоог шинэ өсвөрийн, мэдлэг мэргэжилтэй боловсон хүчнээр хангаж харилцаа холбооны ажлыг аль болохоор сайжруулах зорилт тавьсан” хэмээжээ. Холбооны техникум 1939 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар 11 багш, 75 сурагчтайгаар эхэлж байжээ. Энэ техникум нь манай улсын анхны техникумын нэг байсан байна. Сургуулийн төгсөлт 1942 онд болж, мэргэжилтэй боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх ажил амжилттай болсон байна. Цэрэгжүүлсэн харилцаа холбооны ерөнхий хорооны даргын 54 тоот тушаал гарч 1943 онд төгсөх радио ангийн 11 сурагчдаар 6 дугаар сарын 1-нээс эхлэн 3 сарын хугацаанд хотын узель, радио станц, тасгуудад практик хийлгэх тухай заажээ. Холбооны техникум 1943, 1947, 1949 онд радиогийн мэргэжлээр, 1944, 1948 онд утсан харилцааны мэргэжлээр дагнан, ээлжлэн нэг ангиар сурган төгсгөж, 1942, 1946, 1950 оноос эхлэн дээрх хоёр мэргэжлээр зэрэг төгсгөсөн байна. Москва хотын Холбооны цахилгаан техникийн дээд сургуулийг 1951 онд М.Чимиддорж радио өргөн нэвтрүүлэг, радио холбооны инженер мэргэжлээр төгсөж, Монгол Улсын харилцаа холбооны “анхны” инженер болсон байна. Холбооны техникум 3 жилээр сургадаг байсан үеийн хамгийн сүүлийн төгсөлтөөр радио холбооны ангийг 17, утсан харилцааны ангийг 13 хүн төгсөж, нийт 30 техникч бэлтгэгдэж байжээ. Холбооны техникумын үндсэн ангид 1939-1957 онд 15 удаа төгсөлт хийж, радио холбоо, утсан харилцааны техникч мэргэжлээр 345 дунд мэргэжилтэн бэлтгэжээ. Техникумын үндсэн ангид 1956-1957 оны хичээлийн жилээс холбооны техникч- эдийн засгийн анги нээж 25 сурагч элсүүлсэн байна. Техникумын хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж, суралцах хугацааг 4 жил болгосны зэрэгцээ Тээврийн техникумтай нэгтгэн Тээвэр, холбооны техникум болгожээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1958 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн 298 дугаар тогтоолоор Тээвэр, холбооны техникумыг Үйлдвэр, барилгын техникумтай нэгтгэн Политехникум болгон 1958-1959 оны хичээлийн жилээс 4 том салбартайгаар хичээллүүлжээ. Политекникумын бүрэлдэхүүнд байсан холбооны салбар 1959-1962 онд 4 удаа төгсөлт хийж, радио холбоо, цахилгаан холбооны техникч, техникч-эдийн засгийн мэргэжлээр 211 мэргэжилтэн бэлтгэжээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1962 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 612 дугаар тогтоолоор Политехникумын холбооны салбарыг Төмөр замын техникумд 1962-1963 онд хичээлийн жилийн сүүлийн хагасаас нэгтгэжээ. Техникум төгсөөд 5 жил ажилласны дараа дээд сургуульд суралцахыг зөвшөөрдөг журам 1963 он хүртэл үйлчилдэг байсан бөгөөд үүнээс хойш техникумыг онц дүнтэй төгсвөл шууд дээд сургуульд элсүүлдэг байв. Төмөр замын техникумын бүрэлдэхүүнд байсан холбооны сургууль 1963-1974 онд 12 удаа төгсөлт хийж, радио холбоо, утсан харилцааны техникч, техникч- эдийн засагч мэргэжлээр дунд мэргэжлийн 847 холбоочид төгсгөжээ. Манай улсын харилцаа холбоо түргэн хөгжиж түүнд орчин үеийн техник нэвтэрч, инженер техникийн дээд мэргэжилтэн олноор шаардагдах болж байгааг харгалзан БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1966 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 232 дугаар тогтоолоор 1967-1968 оны хичээлийн жилд МУИС-ийн Энерги механикийн факультетэд холбооны инженер мэргэжлээр анхны элсэлт авснаар харилцаа холбооны дээд мэргэжилтэн бэлтгэх үндэс суурь тавигдсан. 1960 оноос радио өргөн нэвтрүүлгийн их чадлын станцууд, 1967 онд анхны телевизийн систем, 1971 онд сансрын холбооны анхны газрын станц, 1981 оноос улсын хэмжээний радио релейний сүлжээ гэх мэт бүтээн байгуулалтууд бий болсноор инженер технологийн мэргэжилтний хэрэгцээ улам өсөн нэмэгдсэн байна. Ийнхүү 1971 оны 2-р сард МУИС-ийн Эрчим хүчний факультетийн харъяанд Радио холбооны тэнхим албан ёсоор байгуулагдаж 6 багштайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Радио холбооны тэнхим нь тухайн үед улс орны бүтээн байгуулалт, шинээр нэвтрүүлж байгаа техник, технологитой уялдуулан радио холбоо, цахилгаан холбоо гэсэн 2 хөтөлбөрөөр сургалт явуулж байсан. МУИС-ийн Ректорын 1971 оны 221 тоот тушаалаар Политехникийн дээд сургууль /ПДС/-ийн Эрчим хүчний факультетийн бүрэлдэхүүнд “Радио холбооны тэнхим”-ийг байгуулж, мөн Политехникийн дээд сургуульд холбооны инженер-эдийн засагчийн анги шинээр нээжээ. Салбарын анхны төгсөлт 1973 онд болж 21 төгсөгч холбооны инженерийн диплом авчээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1973 оны 221 дүгээр тогтоолоор Төмөр замын техникумын холбооны салбарыг Холбооны техник мэргэжлийн сургуультай нэгтгэж Холбооны Сургалтын Төвийг байгуулсан байна. Тус төв нь холбооны дунд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх техникчийн салбар, холбооны мэргэжлийн ажилчид бэлтгэх түгээмэл мэргэжлийн гэсэн хоёр салбартай байжээ.