Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхэд цахим шилжилтийг дэмжих хуулиуд чухал үүрэг гүйцэтгэнэ”

2022.05.10

Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос “Цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилтэд анхаарах асуудал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.05.10) Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд, ЦХХХ-ны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан, тус яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Билэгдэмбэрэл, Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхорол болон төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжийн удирдлага, албан хаагчдын төлөөлөл танхимаар болон цахимаар оролцлоо.

Хэлэлцүүлгийг эхэнд УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Н.Учрал энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн цахим хөгжлийг дэмжих багц хуулиудын хамрах хүрээ, онцлог, давуу талын талаар товч танилцуулав. Тэрбээр, “Цахим шилжилт хийхэд хамгийн гол асуудал болох эрх зүйн орчин бүрэн бүрдлээ. Одоо харин хэрэгжилтэд онцгой анхаарах цаг үе та бүхний өмнө ирж байна. Хуулиуд дагаж мөрдсөнтэй холбогдуулан хэрэгжилтийн үед анхаарах асуудлын талаар ярилцаж нэг ойлголттой болох үүднээс өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна. Цахим шилжилтийг хийхэд төрийн байгууллагуудын мэдээллийн технологи хариуцсан албан хаагчид та бүхний хичээл зүтгэл маш их. Хуулийн хэрэгжилтийг хангаж, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх учиртай юм. Инновац, цахим бодлогын байнгын хорооноос та бүхнийг үргэлж дэмжин ажиллана” гэж хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцлов.

УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан: Монгол Улсын их хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулиудыг баталсан. Эдгээр хуулиуд батлагдснаар Монгол Улсад цахим шилжилт хийх эрх зүйн орчин бүрэн бүрдсэн. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар 5 төрлийн 68 мэдээлэл ил болсноор авилгын индекс буурах нөхцөл бүрэн бүрдэнэ. Мөн уг хуулиар зохицуулж байгаа дэмжих системийн нэг болох албан бичиг солилцооны дунд системийг нэвтрүүлснээр бичиг хэрэг болон шууданд зарцуулж байсан 43.5 тэрбум төгрөгийг хэмнэх боломж бүрдэнэ. Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжилтийг хангахад цахим шилжилтийн багц 5 хууль чухал үүрэгтэй юм. Өнөөдрийн байдлаар “e-mongolia” системээр дамжуулан төрийн 61 байгууллагын 657 үйлчилгээг давхардсан тоогоор 10.8 сая удаа иргэдэд цахимаар хүргэсэн нь иргэдэд 99.5 тэрбум төгрөгийг хэмнэх боломжийг бүрдүүлсэн байна. Цаашид цахим шилжилтийг Монгол Улс бүрэн хийж чадвал иргэдийн халааснаас гарч буй мөнгө болон төрийн зардлыг хэмнэх боломж бидэнд байна. Энэ нь эргээд манай улсын эдийн засаг, дотоодын нийт бүтээгдэхүүнд эерэгээр нөлөөлөх үндэслэл болно. Мэдээлэл солилцооны бүртгэлийн систем нэвтэрсэнээр үндсэн систем болох ХУР системээс илгээсэн, хүлээсэн авсан мэдээллийг бүртгэн цахим баримт бичгийн үнэн, зөв бодит байдлыг нотлох нөхцөлийг бүрдүүлж эхэлж байна. Мөн хүний хувийн мэдээллийг мэдээлэл хариуцагчаас бусад этгээдэд дамжуулсан бол иргэнд мэдэгдэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Ингэснээр иргэн өөрийн хувийн мэдээллийг хэн, хэзээ, хаана, ямар үндэслэлээр ашиглаж байгаа талаар мэдэх, улмаар хяналт тавих боломжууд бүрдэж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.

Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдвээр, ЦХХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр, ЦХХХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхорол “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр, ЦХХХЯ-ны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Насанбат “Кибер аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр тус тус мэдээлэл хийв.

Мэдээлэл, танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид асуулт илтгэгчдээс асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Соёлын яамны мэдээлэл технологийн ажилтан н.Ууганбаяр “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд мэдээлэл хариуцагчтай холбоотой хуулиар зохицуулаагүй харилцааг зохицуулсан журам гарах эсэх, мөн мэдээлэл хариуцагчийг тухайн байгууллага ямар шалгуур үзүүлэлтээр  томилох ёстой вэ” гэсэн асуултад ЦХХХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхорол “Хуулийн хүрээнд нарийвчилсан шинжтэй гурван журам батлагдана. Тухайн байгууллага нь үйл ажиллагаандаа эдгээр гурван журмыг харгалзан үзээд дотоод журмыг мөрдөж ажиллах ёстой” хэмээн хариуллаа. Мөн Дундговь, Баянхонгор, Баян-Өлгий,  аймгаас цахимаар оролцож байгаа оролцогчид өөрсдийн асуултууддаа хариулт авсан юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд  УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Н.Учрал “Цаашид хувийн хэвшлийн төлөөллүүдийн саналыг авч, хуулийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллана. Энэ хуулиудыг хэрэгжүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулж, шаардлагатай гэж үзвэл УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, төсөв мөнгөний асуудлыг 2023 оны төсөвт суулгах асуудлыг онцгой анхаарах нь зохистой гэж үзэж байгаа. Хамгийн чухал асуудал бол хүний нөөцийн ажил. Иймд хүний нөөцийг бэхжүүлж, чадавхижуулах шаардлагатай. Түүнчлэн, төр бие даан бүх ажлыг хийх боломжгүй. Төр өөрөө хувийн хэвшлүүдтэйгээ өрсөлдөхгүй байх зарчмыг манай салбарт барих ёстой. Тийм учраас миний зүгээс яам болгон дэргэдээ мэдээллийн технологийн төв байгуулдаг асуудлыг таслан зогсоох ёстой гэсэн байр суурьтай байдаг. Бид төрийн хамтын ажиллагаа, эко системийг бүрдүүлэх ёстой” гэдгийг онцлон тэмдэглэв.

 

 

Бусад мэдээ

Гарааны бизнесийг хамгаалах, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулна

Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн яам хооронд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд: ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “БНКУ-ын ЦХИСАҮЯ болон Монгол Улсын ЦХИХХЯ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд хоёр чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Нэгдүгээрт, Монгол Улсад дижитал эдийн засгийг хөгжүүлэхийн тулд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Казахстан Улсаас суралцах хамгийн том туршлага бол хөрөнгө оруулагчдыг хамгаалах хууль эрх зүйн орчныг маш сайн бүрдүүлсэн. “Астана хаб”-д дэлхийн олон орноос гарааны бизнесүүд бойжиж байна. Монгол Улс дижитал бизнесийг бий болгох, гарааны бизнесийг хамгаалахын тулд Төв Ази болоод Азийн орнуудад гарцтай байх, мэдээллийн технологийн салбарын экспортыг нэмэгдүүлэхийн тулд инновац, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх, сайжруулах шаардлага бий. Энэ хүрээнд гарааны бизнесийг дэмжих, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх, виртуал бүсэд найман төрлийн татварын бус хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Хоёрдугаарт, Сансар судлалын чиглэлд БНКУ арвин туршлагатай. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тандан судалгааны хиймэл дагуул хөөргөх санамж бичгийг байгууллаа. Ингэснээр барилга, уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын салбарт тандан судалгааны зургуудыг 10 гаруй цаг тутамд тасралтгүй авах, технологийн дэвшил бий болно” хэмээн ярилаа. БНКУ-ын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн сайд Ж.Х.Мадиев “Өндөр дээд түвшний айлчлалын үеэр Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн яам хооронд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах Хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд бид дижитал эдийн засаг, хиймэл оюун, нэн шинэ технологиудын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Монгол Улс цахим шилжилтийн салбарт амжилттай хөгжиж байгаад бидний зүгээс баяртай байгаа бөгөөд цаашид дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд харилцан туршлага солилцож, хамтран ажиллахдаа таатай байна” хэмээн онцоллоо. 2027 ОНД ТАНДАН СУДАЛГААНЫ ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРГӨНӨ Энэ үеэр БНКУ-ын “Казакстан Гарыш Сапары” ХК болон Монгол Улсын “АйСиТи Групп” хооронд тандан судалгааны хиймэл дагуул хөөргөх чиглэлд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. ЦХИХХЯ хувийн хэвшлийн санаачилгыг дэмжиж, хөрөнгө оруулалтыг татах чиглэлд нээлттэй хамтран ажиллаж байна.  ICT группын ТУЗ-ын дарга Г.Лхамсүрэн “Монгол, Казахстан Улс хооронд нэлээд том хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын гэрээ зурагдаж байна. Энэ бол Монгол Улсад анх удаа хувийн хэвшил санаачлаад, БНКУ-ын “Казакстан Гарыш Сапары” ХК-тай хамтран, ажиглалтын хиймэл дагуулыг хөөргөх гэж байна. Энэ нь эдийн засгийн үр өгөөжтэй хөрөнгө оруулалт болж, хиймэл дагуулыг захиалгаар хийлгэж, 2027 онд хөөргөхөөр бэлдэж байна” хэмээн ярилаа.

Орхон аймагт Төрийн үйлчилгээний “Хурдан цэг” нээгдлээ

Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүй, зардал чирэгдэлгүй хаанаас ч ойр хүргэх “ХУРДАН” цэг өнөөдөр (2023.06.15) Орхон аймагт нээлтээ хийж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхбат, Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат, Төрийн цахим үйлчилгээний Орхон аймаг дахь хэлтсийн дарга М.Баярбаясгалан болон аймгийн холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг Орхон аймагт нээгдсэнээр тус аймгийн 100 гаруй мянган иргэн, төрийн 35 байгууллагын 440 орчим үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг операторын горимоор нэг дороос авах боломжтой юм. Өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 49, орон нутагт 15, гадаадын элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газруудад 6 цэгийг байгуулан ажиллаж байна. Цаашид 56 байгууллагын 785 төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрдэнэ. Төрийн үйлчилгээ, танд ойрхон.. ХУРДАН.

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГ ХЭНТИЙ АЙМАГТ

Төрийн үйлчилгээг операторын горимоор түргэн шуурхай, хүнд сурталгүй, зардал чирэгдэлгүй хүргэх “ХУРДАН” цэг өнөөдөр /2023.05.25/ Хэнтий аймагт нээлтээ хийж байна. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Ц.Идэрбат, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Хэнтий аймгийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг Хэнтий аймагт нээгдсэнээр тус аймгийн 78 мянган иргэн, төрийн 35 байгууллагын 440 орчим үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нэг дороос авах боломжтой юм. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны эрхлэх асуудлын хүрээнд Монгол шуудан ХК, Монголын цахилгаан холбоо ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн тусламжтайгаар өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 41, орон нутагт 10, гадаадын элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газруудад 5 цэгийг байгуулан ажиллаж байна. Цаашид 56 байгууллагын 785 төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрдэнэ. Төрийн үйлчилгээ, танд ойрхон.. ХУРДАН.