Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2022.04.25

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцууллаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын эрсдэлийг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж ирлээ. Үүнээс гадна ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Засгийн газарт уг асуудлыг нэн яаралтай шийдвэрлэн төсвийн хэмнэлтийн чиглэлээр тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллах шаардлага үүссэн. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомстол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа дурдсан юм. Түүнчлэн хуулийн төсөлд, – Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсоох; – Нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох; – Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлөх; – Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлэх; – Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжих зэрэг зохицуулалт тусгагдсан байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ц.Идэрбат, Н.Ганибал, Ж.Чинбүрэн, Т.Доржханд нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн зүгээс энгийн хувьцаа нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтад мэдээлэл, технологийн чиглэлээр ажилладаг компаниудыг оруулсан шалтгааныг тодруулсан. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар алслагдсан сум, багуудын үүрэг холбооны сүлжээнд холбох, дахин дамжуулах станц барихыг хориглосон нь цахим шилжилтийг хэрэгжүүлэх бодлогод харшлах эсэх талаар асуув. Төрийн өмчит компанийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох замаар ил тод байдлыг хангаж, санхүүгийн сахилга батыг сайжруулж, олон нийтийн хяналтад оруулах, үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс 37 аж ахуйн нэгжийн 34 хүртэл хувийн энгийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана. “Монголын цахилгаан холбоо” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ-ын хувьцааг олон нийтэд худалдахаар төсөлд орсон гэдгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хариултдаа онцлов. Харин “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн захирал Ч.Золбаяр хэлэхдээ, “УИХ-ын 2005 оны 48 дугаар тогтоолоор Монгол Улс харилцаа холбооны салбарт бүтцийн өөрчлөлт хийж, зах зээлийг либералчлах, цахилгаан холбооны үндсэн сүлжээг тоон технологид шилжүүлэх зэргээр салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд сүлжээний ашиглалт эзэмшлийг холбооны үйлчилгээ явуулах бизнес ажиллагаанаас салгах бүтцийн өөрчлөлтийн чиглэлийг баталсан. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь 16 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд улсын төсөвт 10.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлдэг. Улсын хэмжээнд 1640 ажилтантайгаар 373 обьект, 20 мянга орчим километр шилэн кабелыг хариуцан ажилладаг. 2016 оноос хойш үндсэн сүлжээний багтаамжийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд үнэ тариф 7.4 дахин буурч, интернет буюу дата сүлжээний хурдыг 15.5 дахин нэмэгдүүлж чадсан. Тиймээс төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хийхэд стратегийн ач холбогдолтой “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийг хувьчлах нь тохиромжгүй” гэв.

Мөн энэ онд Засгийн газрын тусгай сан болох Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө оруулалтаар 26 цэгт үүрэн холбооны сүлжээ татах ажлыг хийнэ. Харин 9 цэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үүрэн холбооны сүлжээ татахаар 03 дугаар сарын 01-ний өдөр тендер зарлаж, таван газрын ажил эхлээд явж байна. Үлдсэн дөрвөн цэгийн хувьд шалгарсан аж ахуйн нэгжүүдэд 04 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд мэдэгдэл хүргүүлээд байсан боловч 04 дүгээр сарын 15-ны дотор гэрээ байгуулаагүй гэх шалтгаанаар хасагдсан болохыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ хариултдаа дурдлаа.

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг “Цахим хөгжил, харилцаа холбооны яамны олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулах ангиллаас 152 сая 508 мянга 200 төгрөгийг хасаж, Үндэсний дата төв УТҮГ-ын урсгал зардалд уг 152 сая 508 мянга 200 төгрөгийг нэмэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн.

Байнгын хорооны дарга Н.Учрал төрийн байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, Төсвийн тодотголын төсөлд саналаа тусгахдаа салбарын нөхцөл байдлыг бодитоор үнэлэхийг сануулав.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Бусад мэдээ

Х.Магсаржавын цэрэг буюу Холбооны анхны сайд Дэчингийн Дэндэв

ҮЙЛ ЯВДАЛ Х.Магсаржавын цэрэг буюу Холбооны анхны сайд Дэчингийн Дэндэв 2021.11.03 Аливаа салбар, салбарынхаа үүсэл хөгжлийн ойг тэмдэглэхдээ түүний туулж өнгөрүүлсэн түүхэн замналыг бичиж үлдээхийг эрхэмлэдэг бөгөөд энэ нь тухайн салбарын түүх болдог. Түүх бол өнгөрсөн замын дурсамж бөгөөд ирээдүйн хөгжлийн чиглүүр болдог билээ. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой 2021 онд тохиохтой холбогдуулан харилцаа холбооны салбарт хувь нэмрээ оруулсан хүмүүний түүхийг цувралаар оруулж байгааг хүлээн авна уу. Х.МАГСАРЖАВЫН ЦЭРЭГ БУЮУ ХОЛБООНЫ АНХНЫ САЙД ДЭЧИНГИЙН ДЭНДЭВ Тэрээр 1902 онд Засагт хан аймаг Баатар вангийн хошуу одоогийн Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт төрсөн. Ардын хувьсгалын партизан. 19 настайдаа Хатанбаатар Магсаржавын цэрэгт элсэн орж Оросын цагаан хааны цэрэгтэй байлдаж яваад Ерөнхий сургуулийн холбооны ангид орж суралцаад 1926 онд төгсөж, холбооны мэргэжил эзэмшсэн ахмад холбоочин. Цэргийн ерөнхий сургуулийн холбооны салааны даргаар ажиллаж байгаад 1929 оны 9 дүгээр сарын 20-нд салааг нь цэргийн яамны хурдан шуудангийн салаатай нэгтгэж, Цэргийн яамны холбооны тусгай суманг байгуулахад сумангийн даргаар томилогдож, холбооны суманг өргөтгөж, 1931 оны 10 дугаар сарын 30-нд холбооны тусгай хороо болгосон бөгөөд тусгай хорооны даргаар томилогдсон байна. Цэргийн яамны дайчлахын туслах, цэргийн ерөнхий сургуулийн штабын дарга, Сангийн яаманд цэргийн асуудал хариуцсан түшмэлийн ажил хийж байгаад 1939 онд Хагас цэрэгжүүлсэн Монголын харилцаа холбооны ерөнхийлөн захирах албыг байгуулахад даргаар томилогдож, улмаар 1944 оны 5 дугаар сарын 9-нд Монгол Улсын харилцаа холбооны яам байгуулагдахад анхны сайдаар томилогдож, 1946 он хүртэл сайдын албыг хашжээ. Тэрээр Монголын харилцаа холбоог хөгжүүлэн бэхжүүлэхэд өөрийн ухамсарт амьдрал, хүч чадлаа дайчлан ажиллаж явсан ахмад холбоочин билээ. Мэдээллийг бэлтгэсэн: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Ц.Баатархүү: Төв Азид дижитал эдийн засгийн “баянбүрд”-ийг цогцлооно

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг салбар бүрийн төлөөлөлд танилцуулж, цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Цуврал хэлэлцүүлгийн эхнийх өчигдөр (2025.05.19) болсон бөгөөд салбарын эрдэмтэн судлаачид, их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагуудын төлөөллийн санал, байр суурийг сонсов. Уг хэлэлцүүлэгт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү оролцож, Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг танилцууллаа.  Тэрбээр “Манай улс хөгжлийн үзүүлэлтүүдээрээ олон улсын хэмжээнд 90-110 дугаарт эрэмбэлэгддэг бол цахим засаглалын хөгжлийн индексээр 46-д жагсаж байгаа нь харьцангуй сайн үзүүлэлт юм. Энэ амжилтаа хадгалж, танилцуулж буй стратегиа хэрэгжүүлэн ажиллавал Монгол Улс Төв Азид дижитал эдийн засгийн “баянбүрд” болох бүтэшгүй зүйл биш” хэмээн онцолж, Монгол Улсыг Төв Азийн дижитал эдийн засгийн “баянбүрд” болгох амбийцаа илэрхийлэв.  “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулахдаа бусад улсын туршлагыг судалсан. Гэхдээ хэчнээн сайн туршлага байгаад манай хөрсөнд буухгүй бол энэ баримт бичиг хэрэгжихгүй, цаас болж үлдэнэ. Тиймээс манай улсын ялгарал, онцлог нь ямар байх вэ гэдэг талаас харсан. Улсынхаа хөрсөнд бууж хэрэгжих бодлогын баримт бичиг боловсруулахыг чухалчилсан” гэдгийг салбарын сайд Ц.Баатархүү энэ үеэр хэлэв.  Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулах ажлыг энэ оны нэгдүгээр сараас эхлүүлсэн бөгөөд тухайн үед эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийнхэн зэрэг оролцогч талуудын саналыг авч төсөлдөө тусгасан. Ийнхүү тал талаас нь хэлэлцэн боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болсон төслөө дахин салбарынхнаараа нягтлан тунгааж байгаа нь энэ бөгөөд хэлэлцүүлэгт оролцогчид Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулж дууссанд талархалтай хандаж байлаа.  Энэхүү хэлэлцүүлэг цаашид оролцогч байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, УИХ, Засгийн газрын түвшинд цувралаар явагдах юм.  Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегид тусгасан онцлох заалтууд ТУЛГУУР 5 ЗОРИЛТ:  Монгол Улсын хиймэл оюуны хөгжлийн 3 үе шат 

Цахим хөгжлийн асуудал хариуцсан сайд нар “Digital Almaty 2023” форумд оролцлоо

Бүгд Найрамдах Казахстан Улсын “Astana hub” технологийн паркийн 2023.02.02-04-ний өдрүүдэд зохион байгуулсан “Digital Almaty 2023” форумд Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хүндэт зочны хувиар уригдан оролцлоо. Форумд ЕЭАЗХ-ны гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн болон Цахим хөгжлийн асуудал хариуцсан сайд нар оролцож, технологийн үзэсгэлэн үзэж танилцаж, улс бүрийн технологийн салбар дахь амжилт, ололт, туршлагын талаар илтгэлүүдийг дугуй ширээний уулзалтаар танилцуулсан юм. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инноваци, агаар-сансарын үйлдвэрлэлийн сайд Багдат Мусин, технологийн салбарын хөрөнгө оруулагч, Freedom Finance компанийн захирал Тимур Турлов нартай уулзаж Монгол Улсын мэдээллийн технологийн салбарт хөрөнгө оруулах боломж, бололцооны талаар харилцан ярилцсан бөгөөд дараагийн шатны уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахаар ярилцаж тохирлоо. Түүнчлэн Алматы хотын түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдол өгч буй скүүтер түрээсийн компаниудын тэргүүлэгч “Jet” компаний захирал Серик Успановтай уулзаж, тус компанийн хөрөнгө оруулалт татсан туршлага, технологийг Монголд нэвтрүүлэх, цаг агаарын ижил нөхцөлтэй Астана хотод хэрэгжүүлсэн туршлага, үр дүнгийн талаар ярилцаж, технологийн дэвшлийг ашиглаж түгжрэлийг бууруулах талаар холбогдох байгууллагатай холбож дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.