Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Кансат-2022” үндэсний V тэмцээний бүртгэл эхэллээ

2022.03.25

Цар тахлын улмаас түр завсарлаад байсан “КАНСАТ” үндэсний V тэмцээн ирэх зургадугаар сард болох гэж байна. Сансрын технологийн мэдлэг, боловсролыг бодит төслөөр дамжуулан оюутан, залуучуудад таниулан, сурталчлах зорилготой тус тэмцээнд оролцох багийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Энэ жилийн “Кансат-2022” үндэсний V тэмцээн нь дараах хоёр ангиллаар явагдана: КАНСАТ: Оролцогч багууд лаазанд багтах хэмжээтэй төхөөрөмж зохион бүтээсэн байх ба жижиг цойлуурт хийн дээш хөөргөж шүхрээр буцан доош бууж ирэх хугацаандаа тодорхой даалгавар гүйцэтгэх. БУЦАГЧ: Оролцогч багууд өөрөө “нисэгч” эсвэл “явагч” зохион бүтээсэн байх ба хөөргөгч, цойлуураар дээш хөөрсөн төхөөрөмж газарт байрлах тодорхой солбицол дээр хамгийн богино хугацаанд дөхөж очих ёстой. Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, энэ салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд залуус, инженер, судлаачид болон нийгэм, олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Цахим хөгжил харилцаа холбооны яам, хамтран зохион байгуулагчаар Шинжлэх ухааны академи, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн Их Сургууль, Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар, Монголын Сансрын Технологийн Холбоо ТББ зэрэг байгууллагуудтай ажиллаж байна. “КАНСАТ- 2022” тэмцээнд хамгийн ихдээ хоёр ангилал тус бүрд 15 баг буюу нийт 30 баг оролцох ба түүнээс дээш багууд бүртгүүлсэн тохиолдолд дараах шалгуур үзүүлэлтүүдээр эхний 15 багуудыг тус тус сонгоно. Шалгуур үзүүлэлт 1. Удирдамж, зааврын дагуу хугацаандаа бүртгүүлж материалаа ирүүлсэн байх Шалгуур үзүүлэлт 2. Багийн танилцуулга, ярилцлага Тэмцээний үе шатууд, оноо цуглуулах зарчим КАНСАТ тэмцээнд оролцогчид нь ямар ангиллаар өрсөлдөж байгаагаас үл хамааран дараах хоёр үе шаттайгаар шүүгчдээс оноо цуглуулна. Үүнд: А. Хөгжүүлэлтийн үе (нийт 40 оноо) Оролцогч багууд нь хөгжүүлэлтийн явцад чиглүүлэх сургалтад хамрагдсан байх ба дараах хэлэлцүүлгүүдэд оролцож, хөгжүүлэлтийн явцыг үнэлүүлж шүүгчдээс тодорхой оноо цуглуулсан байна. Хөгжүүлэлтийн үе шатуудыг дүгнэх хэлэлцүүлгүүд: Даалгавар Тодорхойлох, Урьдчилсан загварын Хэлэлцүүлэг – 15 оноо Шийдвэрлэх Загварын Хэлэлцүүлэг – 15 оноо Нисэх Бэлэн Байдлын Хэлэлцүүлэг – 10 оноо Б. Хөөргөлт, гүйцэтгэл (нийт 60 оноо) Тэмцээн болох өдөр багууд өөрсдийн хийсэн төхөөрөмжөө хөөргөн, зорилтот даалгавраа биелүүлэхийн төлөө өрсөлдөнө. Оролцогч багуудын тухайн өдрийн амжилт, туршилтын үр дүнг тэмцээний шүүгчид дүгнэн гаргаж өмнөх хөгжүүлэлтийн үеэс авсан оноог нэмж тэмцээний ялагчийг тодруулна. Зургаа. Хугацаа, байршил Багийн мэдүүлэг хүлээн авах сүүлийн хугацаа – 2022.03.25-30 Тэмцээн болох газар – Цонжинболдог Тэмцээн, хөөргөх өдөр – 2022.06.11 Шагнал гардуулах – 2022.06.17 Оролцогч багт тавигдах шаардлага Тэмцээнд мэдүүлгээ өгч, чиглүүлэх сургалтад хамрагдсан байх. Багийн гишүүд нь удирдагч болон 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна. Багийн удирдагч нь заавал насанд хүрсэн хүн байх. Нэг оролцогч нэгээс илүү багт харьяалагдахгүй байх. Багууд нь тэмцээнд оролцох мэдүүлгийг загварын дагуу бөглөж 2022 оны 03 дугаар сарын 30-ны 23:59 цагаас өмнө info@mosta.mn цахим хаягаар ирүүлнэ. Багууд өөрийн гэсэн оноосон нэртэй байна. Багууд тэмцээний дараа орчны цэвэр байдлыг хариуцна. “КАНСАТ” тэмцээн нь манай улсад анх 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Хиймэл дагуул-Бидний тэмүүлэл” уриатайгаар зохион байгуулагдаж ирсэн бөгөөд 2016 онд Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран олон улсын уралдаан болгон өргөтгөн зохион байгуулж байсан юм. Тэмцээнд оролцогчид нь хиймэл дагуулын технологи дэд системүүдийн үүрэг зориулалтын тухай мэдэж авахын зэрэгцээ, өөрсдийн зохиож буй системийн даалгавраа хэрхэн тодорхойлж бичихээс эхлэн загвар гаргах, турших, угсрах, хөөргөн ажиллуулах, мэдээлэл боловсруулах, түүн дээр үндэслэн дүгнэлт хийх зэрэг төслийн амьдралын мөчлөгийн бүхий л үйл явцыг өөрсдөө оролцон хийдэг давуу талтай. “КАНСАТ – 2022” ҮНДЭСНИЙ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Бусад мэдээ

Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын санаачилгаар “Монгол Ард Улсын цахилгаан мэдээ шуудан бичгийн хэргийг ерөнхийлөн шийтгэх газрын захирлага” олноо өргөгдсөн 15 он гэх бичээс бүхий Холбооны музейд хадгалагдаж байсан тамгыг өнөөдөр (2024.05.22) Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Хүндэтгэлийн танхимд их эзэн Чингис хааны хөргийн өмнө залж, ЦХХХЯ-ны нийт хамт олон хүндэтгэл үзүүллээ.

Өгөгдлийн засаглалыг бэхжүүлэхэд удирдлагын манлайлал чухал

Хиймэл оюуны үсрэнгүй хөгжлийн өнөө цагт дэлхийн 60 гаруй улс орнууд үндэснийхээ стратеги, хууль эрх зүй, зохицуулалтын орчныг бий болгоод байна. Монгол Улсын хувьд Oxford Insight  байгууллагын гаргасан “Хиймэл оюуны бэлэн байдал” судалгаагаар дэлхийн 192 орноос 109 дүгээр байранд эрэмбэлэгдсэн нь хиймэл оюуны алсын хараагүй байгаа нь голчлон нөлөөлжээ. Түүнчлэн дээрх судалгаанд дурдсанаар, Монгол Улс 2020 оноос хойш өгөгдөл ба дэд бүтэц гэсэн ангилалд жил бүр буурсан үзүүлэлттэй байна. Иймд өгөгдлийн засаглалын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан газартай хамтран “Монгол Улсын Үндэсний өгөгдлийн засаглал болон Дижитал Засаглал” олон улсын хурлыг энэ сарын 3-4 өдрүүдэд зохион байгууллаа. Тус хуралд өгөгдөлтэй холбоотой ажилладаг төр хувийн хэвшлийн 70 гаруй байгууллагын төлөөллүүд оролцож, 7 багт хуваагдан, өгөгдлийн засаглал, нууцлал хамгаалалт, ёс зүй, хадгалалт, стандарт, өгөгдлийг хуваалцах, цахим танилт зэрэг сэдвийн дор Монгол Улсын өгөгдлийн өнөөгийн нөхцөл байдлыг олон талаас нь дүгнэж, баг тус бүр саналаа танилцууллаа. Монгол Улсын хувьд өгөгдлийн асуудлыг 10 жилийн өмнө ярьж байсан ч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй ярьсан хэвээрээ байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдсан ч өгөгдөлтэй холбоотой ганцхан заалт байгаа нь хангалтгүй, хуулийн үзэл баримтлал нь өгөгдлийн засаглалыг төлөөлж чадахгүй байгаа гэдгийг судлаачид онцолж байсан юм. Харин Үндэсний статистикийн хорооноос өгөгдлийн стандарт, ангилал, кодчилолыг баталсан ч төр болон хувийн хэвшлийн байгууллагууд нь мөрддөггүй, стандарт, код ашиглах ажил нь төлөвшөөгүй, байгууллага тус бүр өөр өөрсдийнхөөрөө өгөгдлийн хадгалдаг нь эргээд түүнийг эргэлтэд оруулахад хүндрэл учруулдаг зэрэг асуудлыг хөндлөө. Жишээлбэл, хаягжилтийн асуудлыг оролцогчид хөндсөн юм. Монгол Улсад хаягжилтийн асуудал нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам өөрсдийн стандартаар хаягжилтийг хадгалсан байдаг бол нийслэл мөн өөр стандартаар хадгалсан байдаг ажээ. Түүнчлэн аливаа өгөгдлийг нээлттэй ил тод болгох нь тухайн байгууллагын удирдлагын манлайлал маш чухал гэдгийг талууд онцлов. Иймд Монгол Улс олон улсын жишгийн дагуу өгөгдөлтэй холбоотой үндэсний зөвлөлийг байгуулж, шат дараатай арга хэмжээг авах нь чухал гэдгийг оролцогчид тодотгов. Хүний нөөцийн хувьд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Боловсролын яамтай хамтран ойрын 4 жилд бэлдэх боловсон хүчний квотыг тодорхойлвол, их дээд сургуулиуд боловсон хүчнээ бэлдээд явах бүрэн боломжтой гэлээ. Энэхүү хурлаас гарсан санал зөвлөмжийг НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан байгууллага нэгтгэж, Монгол Улсын Үндэсний Өгөгдлийн Засаглалын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, зөвлөмж өгөх юм.

Ажлын хэсгийн гишүүн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт ажиллав

ҮЙЛ ЯВДАЛ Ажлын хэсгийн гишүүн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт ажиллав 2021.08.05 Улсын Их Хурлын даргын 2021 оны 54 дүгээр захирамжаар Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Э.Бат-Амгалан, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар өнөөдөр (2021.08.05) Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт ажиллаж, Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “1111” төв болон “e-Мongolia” төвийн үйл ажиллагаатай танилцав. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн үйлчилгээний хөгжлийг олон байршил дээр олон ажилчид ажилладаг, нэг байршил дээр олон ажилтан ажилладаг, операторын системд орж нэг ажилтан олон байгууллагын үйлчилгээг хүргэдэг, иргэд төрийн бүх үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон үе гэж дөрвөн үе шатанд хувааж үзэж болох юм. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “e-Mongolia” төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системийг хөгжүүлж байгаа бөгөөд өдөрт дунджаар 50-60 мянган хандалт авдаг байна. Иргэд вакцины гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, оршин суугаа хаягийн лавлагаа зэрэг төрийн 539 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болжээ. УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал “Төрийн үйл ажиллагааг ил тод, авлигаас ангид, иргэдэд чирэгдэлгүй хүргэхэд цахим шилжилт чухал үүрэг гүйцэтгэнэ. Манай улс дэлхийн бусад улс оронтой өрсөлдөх чадвараа дээшлүүлэх шаардлага үүсэж байна. Технологийн шинэчлэлээс гадна хууль, эрх зүйн өөрчлөлтийг хийх хэрэгтэй учраас УИХ-ын  Инновац, цахим бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хамтран Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай болон Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүд дээр ажиллаж байна. Цахим засаглалыг хөгжүүлэхэд мэдээллийн аюулгүй байдал хамгийн чухал байгаа” гэлээ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ