Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Б.Билэгдэмбэрэл: Иргэд мэдээллийн аюулгүй байдлаа хангах мэдлэгтэй байх шаардлагатай

2022.03.30

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэлтэй ярилцлаа. – Монгол Улсад мэдээллийн аюулгүй байдлын асуудал эмзэг сэдэв байдаг. Тэгвэл өнгөрсөн намрын чуулганаар сүүлийн 10 гаруй жил баталж чадахгүй байсан Кибер аюулгүй байдлын анхны хууль батлагдлаа. Энэ хуулийн онцлох заалтын талаар дэлгэрэнгүй мэдээллээр ярилцлага эхэлье. – Мэдээллийн аюулгүй байдлын хуулийн гол онцлог нь онц чухал дэд бүтэцтэй 17 чиглэлийн байгууллагыг зааж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл тухайн 17 салбарын байгууллагын мэдээллийн систем нь доголдоход нийгэм, эдийн засагт нөлөө үзүүлэхүйц байгууллагууд байгаа гэсэн үг. Эдгээр байгууллага нь 2 жил тутамд аюулгүй байдлын хараат бус хөндлөнгийн аудит хийлгэж, үйл ажиллагаагаа сайжруулж байх зохицуулалтыг хуульд тусгасанаараа онцлог гэж хэлж болно. Үүний зэрэгцээ, төрийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангахад тагнуулын байгууллага, иргэд, аж ахуй нэгж, байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангахад Цахим хөгжил, харилцаа холбооны яам, зэвсэгт хүчинтэй холбоотой асуудалд зэвсэг хүчин гэх зэргээр чиг үүргийнхээ дагуу холбогдох байгууллагууд дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахыг хуульд тусгасан. Энэ хууль 2022 оны 05 дугаар сарын 01-с эхэлж хэрэгжинэ. Иймд бид хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлын хүрээнд хуульд заасан кибер аюулгүй байдлын үндэсний стратеги, аюулгүй байдлыг хангах нийтлэг журам, цахим халдлага, зөрчлийн үед хариу үзүүлэх төлөвлөгөө, харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит, мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх журмын төслийг холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулж батлуулахаар ажиллаж байна. – Өнгөрсөн хугацаанд мэдээллийн аюулгүй байдлыг хангах тал дээр Цахим хөгжил, харилцаа холбооны яам ямар ажлууд хийж гүйцэтгэсэн бэ? -Бид олон улсын цахилгаан холбооны байгууллагатай хамтран Цахим халдлага, зөрчилтэй тэмцэх төв байгуулах бэлэн байдлын судалгааг хийж байгаа бөгөөд эцсийн тайлан энэ оны 4 дүгээр сарын сүүлээр гарна. Мөн АНУ-ын Карнеги Меллоны сургуулийн Программ хангамжийн институттай хамтран Кибер аюулгүй байдлын боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх зорилгоор “Компьютерын аюулгүй байдал, халдлагад хариу үзүүлэх баг(CSIRT) байгуулах нь” сэдэвт сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Сургалтад төрийн болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй хувийн хэвшлийн нийт 20 байгууллагын 37 албан хаагч хамрагдсан. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай мэдээллийн аюулгүй байдлыг хангах мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх багш нарыг сургах, ур чадварыг сайжруулах талаар төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд энэ оны 4 дүгээр сард дээрх шийдвэр эцэслэн батлагдаж, 10 дугаар сараас сургалтын ажил эхэлнэ. -“e-Mongolia” системийн албан ёсны фейсбүүк хуудас хакердуулсан тохиолдол гарлаа. Иргэдийн хувьд мэдээлэл алдлаа хэмээн цахим орчинд шуугиад амжсан. Энэ тал дээр та юу хэлэх вэ? -Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академи хийж буй ажлаа олон нийтэд түгээх, иргэдтэй шуурхай харилцаж, санал, гомдлыг нь сонсох үүднээс фейсбүүкийг олон нийттэй харилцах суваг болгон ашигладаг. Иргэд бие биетэйгээ фейсбүүкээр харилцдагтай адил гэсэн үг. Энэхүү нийгмийн сүлжээний пэйжийг хөтөлдөг админуудын нэг нь нууц үгээ алдсаны улмаас дээрх асуудал үүссэн гэж харж байна. Тухайн үед бусад админуудад нь мэдэгдэл ирснээр шуурхай арга хэмжээ авч 10-20 минутын дотор META компаниас тус пэйжийн үйл ажиллагааг блоколж, зогсоосон. МЕТА компанийн үйлчилгээ үзүүлэх дүрмийн дагуу пэйжний нэр солих асуудлыг манай баг шуурхай ажилласны үр дүн богино хугацаанд бүрэн сэргээж чадлаа. Одоо бид халдлага хаанаас, ямар зорилгоор гарсныг META компанитай хамтран илрүүлэхээр ажиллаж байна. Мөн “e-Mongolia” фейсбүүк хуудасны админуудтай хариуцлага тооцох арга хэмжээ авч байна. Гэхдээ иргэдийн хувьд буруу ойлголт байх шиг байна. “e-Mongolia” системин фейсбүүк хуудас хакердуулсан болохоос систем хакердуулаагүй. “e-Mongolia” систем бол тусдаа ойлголт. Тус систем нь Монгол Улсад байршдаг. Мэдээлэл хариуцагч нь төрийн байгууллагууд байдаг ба төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан нэгдсэн нэг цонхоор иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлдэг төрийн үйлчилгээний нэгдсэн систем юм. Иргэд фейсбүүкийг ашиглан хоорондоо харилцдагтай адил “e-Mongolia”-ийн фейсбүүк хуудас бол иргэдтэй харилцах, мэдээлэл өгөх суваг байсан болохоос биш төрийн үйлчилгээ үзүүлдэг систем биш. – Иргэдийн хувьд мэдээллийн аюулгүй байдлыг зөвхөн төр хамгаалах ёстой мэт хандлага гаргадаг. Гэтэл төр засаг, хууль эрх зүйн орчноос гадна тухайн иргэн өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг өөрөө хамгаалах, энэ чиглэлд мэдлэг, мэдээлэлтэй болох ёстой байх. Энэ тал дээр та ямар зөвлөгөө өгөх вэ? -Мэдээллийн аюулгүй байдлын хувьд хувь хүнээс 80 хувь, техник технологоос 20 хувь нь шалтгаалдаг гэсэн судалгаа бий. Тиймээс иргэд нэн тэргүүнд нууц үгээ бусдаас нууцалдаг байх шаардлагатай. Наад зах нь дэлгүүрт ороод картныхаа нууц үгийг хамаагүй хэлдэггүй байх хэрэгтэй. Тухайн картны пин код алдагдвал дансны мөнгө нь алдагдах эрсдэл үүснэ гэсэн үг. Мөн нийгмийн сүлжээнд харилцахдаа нууц үгээ хүчирхэгжүүлэх, таахад амархан нууц үг ашиглахаас сэргийлэх зэргээр аюулгүй байдлаа хангах наад захын мэдлэгтэй байх хэрэгтэй. Мэдээллийн аюулгүй байдлыг хангана гэдэг бол техник технологоор хамгаална гэхээс илүүтэй иргэдийн дадал зуршил, мэдлэг ойлголттой шууд холбоотой. -“e-Mongolia” системийн аюулгүй байдлыг хангах тал дээр MNCERT ТББ-тай хамтарч ажилладаг хэмээн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга zarig.mn сайтад өгсөн ярилцлагадаа хэлсэн удаатай. Гэтэл MNCERT ТББ нь танай яамтай хамтарч ажилладаггүй гэх тайлбарыг хийсэн байсан. Энэ талаар тодруулахгүй юу? -“e-Mongolia” систем бол нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиараа төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем. Хэрвээ төрийн байгууллага цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлж байгаа бол “e-Mongolia” системтэй холбогдож, нэг цонхоор буюу нэгдсэн байдлаар гаргах зорилготой. Төрийн мэдээллийн системүүдэд хуулиараа тагнуулын байгууллагын бүтцэд байх кибер халдлага зөрчилтэй тэмцэх үндэсний төв нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллах ёстой. Харин хариуцагч байгууллагын хувьд эрсдэлээс сэргийлэх бодлого, дүрэм, журамтай байх, мэдээллийн аюулгүй байдлын шалгалт хийх, эмзэг байдлыг илрүүлэх арга хэмжээ авч байх нь тухайн байгууллагын хувьд мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлээ бууруулах гол нөхцөл байдаг. Халдлагаас 100 хувь хамгаална гэсэн ойлголт байхгүй. Ямар ч тохиолдолд эрсдэл бий. Харин эрсдэл учирч хэвийн үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд аль болох хурдан сэргээх боломжит нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тэр ч утгааараа нийтэд хэрэглэж буй системүүд дээр мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг гэрээгээр гүйцэтгүүлэх, илэрсэн цоорхойгоо нөхөх, улмаар учирч болзошгүй эрсдэлээ бууруулах арга хэмжээ авдаг. MNCERT хэмээх ТББ нь гишүүн байгууллагууддаа цахим аюулгүй байдлын талаарх сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх, халдлага гарсан тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх, аюулгүй байдлын талаарх мэдээ, мэдээллийг түгээх зэрэг үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Тус байгууллага нь мэргэжлийн болоод үйл ажилллагааны чиглэлийн дагуу холбогдох дүрэм, журмын төсөлд санал, тайлбар өгөх хэлбэрээр манай яамтай хамтарч ажилладаг. Өөрөөр хэлбэл, MNCERT ТББ нь өөрсдөө сайн дураараа нийгмийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахад төрийн бодлого зөв байгаасай гэдэг үүднээс бидэнд зөвлөгөө, дэмжлэг, туслалцааг үзүүлдэг. Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийн zarig.mn сайтад өгсөн ярилцлага бол 2021 оны 11 дүгээр сард өгсөн ярилцлага байсан. Тухайн үед харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь MNCERT ТББ-ын хоёр гишүүнтэй гэрээгээр хамтарч ажилладаг байсан. Харин 2021 оны 12 дугаар сарын 16-нд Кибер аюулгүй байдлын тухай хууль батлагдсанаар тус байгууллагын хоёр гишүүнтэй байгуулсан гэрээ дуусгавар болсон. 2022 онд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь татан буугдаж, Цахим хөгжил, харилцаа холбооны яам болсноор ямар нэгэн байгууллагатай гэрээлж ажиллаагүй байна. Кибер аюулгүй байдлын хууль ирэх 05 сарын 01-ээс хэрэгжиж эхлэнэ. Тус хуулинд халдлагаас хамгаалах төвийн асуудлууд орсон. Бидний хувьд халдлагаас хамгаалах төвийн судалгааг хийж байна.

Бусад мэдээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Катар Улсад ажлын айлчлал хийж байна

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Катар Улсад хийж буй айлчлалын хүрээнд 11 дүгээр сарын 16-ны өдөр Катар Улсын Харилцаа, холбоо мэдээллийн технологийн сайд Мухаммад бин Али Аль-Маннай-тай уулзалт хийв. Уулзалтад Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Элчин сайд П.Сэргэлэн, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх Г.Дашням, Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга З.Даваажав нар байлцав. Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Монгол Улсын цахим хөгжлийн явц, түүний бодлого, хууль эрх зүйн зохицуулалт, “e-mongolia” платформ болоод цаашид хийхээр төлөвлөж буй томоохон төсөл, хөтөлбөрийн талаар товч танилцуулаад Катар Улстай харилцаа, холбоо цахим хөгжлийн салбарт харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, Монголын мэргэжилтнүүдийг Катарт урт, богино хугацааны сургалтад хамруулах, Катараас Монголд хөрөнгө оруулалт татах, харилцан ашигтай хамтран ажиллах боломжийн талаар хөндөж ярилцав. Мухаммад бин Али Аль-Маннай сайдын хувьд Катар Улсын цахим хөгжлийн явц, хэрэгжүүлж буй бодлого, яамны үйл ажиллагаа, Катарын “Cloud” дата төвийн талаар танилцуулаад Монгол Улстай мэргэжилтнүүдийг чадавхжуулах, цахим шилжилтийн туршлагаасаа хуваалцах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд Монголын талаас тодорхой төсөл, хөтөлбөрүүд тавьсан тохиолдолд урт хугацааны хөрөнгө оруулалт хийх боломжийг судлахаа нотлов. Мөн тэрээр Катар Улс цахим Элчин сайдын яам төслийг анхлан хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд энэхүү төсөлд Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгааг мэдэгдэв. Цахим Элчин сайдын яам байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх саналыг Н.Учрал талархан хүлээн авч байгаагаа илэрхийлээд төслийг ажил хэрэг болгох, үр дүнд хүргэх чиглэлээр хамтран ажиллах, харилцан туршлага, мэдээлэл солилцоход бэлэн гэдгээ мэдэгдэв. Мөн тус төслийн хүрээнд Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Элчин сайдын яамыг анхны цахим Элчин сайдын яам болгох чиглэлээр Элчин сайд П.Сэргэлэнг Катарын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн яамтай тогтмол уялдаа холбоотой ажиллаж, мэдээллээ Засгийн газарт ирүүлж байх чиглэлийг өгөв. Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны яамд хооронд илүү ойр дотно хамтран ажиллах хүрээнд Харилцан ойлголцлын Санамж бичгийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцлоо. Н.Учрал сайд айлчлалынхаа хүрээнд Катар Улсын Харилцаа, холбоо мэдээллийн яамнаас хэрэгжүүлж буй цахим шийдлийн хүрээнд иргэдийн амьдралын стандартыг дээшлүүлэх, Катарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн “TASMU Smart Qatar” хөтөлбөр болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахим үйлчилгээний төв болох “МАДА” -гийн үйл ажиллагаатай танилцав. Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

Гашуунсухайт боомтын цагаан хад суурьшлын бүсэд “төрийн цахим үйлчилгээний хурдан” цэг нээлээ

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын Цагаан хад суурьшлын бүсэд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг нээлээ. Ингэснээр тус бүсэд ажиллаж, амьдарч байгаа 23 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг хамгийн ойр цэгээс хурдан, шуурхай авах боломж бүрдлээ. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Төрийн цахим үйлчилгээг иргэдэд хүргэх, иргэдийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах ажлыг хурдан шуурхай зохион байгуулах чиг үүрэг бүхий Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулагдаад 3 сар болж байна. Тус байгууллага нь өнөөдрийн байдлаар Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 14 цэгт нээгээд байна. Мөн хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа төрийн үйлчилгээг хүргэхээр БНСУ-ын Сөүл хотын дипломат төлөөлөгчийн газар, хөдөлмөр халамжийн үйлчилгээний төв, Пусан хотын дипломат төлөөлөгчийн газар, Австрийн Вена хотод Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг байгуулсан. ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Өнөөдрийн байдлаар нийт 39 байгууллагын 440 орчим үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд операторын горимоор үзүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Цаашлаад 2023 ондоо үе шаттайгаар 55 байгууллагын 790 орчим төрийн үйлчилгээг иргэд маань “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрэн бүрдэнэ. Энэ ажлыг нэн яаралтай хийхэд Цахим хөгжил, харилаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, И-Монгол академи УТҮГ зэрэг байгууллагууд онцгой анхаарал хандуулж ажиллаж байна. Мөн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулах, хүртээмж, тоог нэмэгдүүлж, 1000-д хүргэж иргэдэд орон зай цаг хугацаанаас үл хамаарч төрийн үйлчилгээг цахимаар хурдан шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, хамгийн ойр цэгээс авах боломж бүрдэнэ. Цаашид төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг Монгол Улсаас хилийн чанадад дахь 47 дипломат төлөөлөгчийн газар, нийслэлийн хэмжээнд 61 цэг, 21 аймагт 4,5 дугаар саруудад ээлж дараалан нээх бэлтгэл ажил эрчимтэй явагдаж байна. Тус цэгүүд байгуулагдсанаар иргэд “ХУРДАН” гэсэн брендбүүк бүхий хаягжилттай газраас төрийн үйлчилгээг хамгийн ойроос авах боломж бүрдэх юм.

ЕСИМ ЭЛХАН-КАЙЛАР: МОНГОЛ УЛСЫН ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН БОДЛОГО АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

ЦХХХ-ны сайд Н.Учрал Азийн хөгжлийн банкны төлөөлөгчидтэй өнөөдөр /2023.06.08/ уулзлаа. Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Азийн Хөгжлийн банк нь Монголд олон салбарт цахим шилжилттэй холбоотой төсөл хэрэгжүүлж, тэр дундаа ЦХХХЯ-тай хамтран “Цахим шилжилт” техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлж байгаад талархал илэрхийллээ. Мөн “ICT forum Mindgolia” арга хэмжээг дэмжиж, олон улсын өндөр түвшний зочдыг урьж оролцуулж, зохион байгуулсанд дахин талархал илэрхийлсэн юм. ЦХХХЯ-наас “Mining to Mind” 10 жилийн хугацаатай мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээх бодлогын судалгаа, баримт бичиг боловсруулах бэлтгэл ажлыг хангаж байна. Тус бодлогын баримт бичгийг боловсруулахад АХБ-тай хамтарч ажиллах сонирхолтой байна гэсэн юм. Азийн хөгжлийн банкны Бүс нутгийн хамтын ажиллагаа, Эдийн засгийн судалгааны ажлын албаны захирал, ерөнхий эдийн засагч Есим Элхан-Кайлар хэлэхдээ Монгол улсын цахим шилжилтийн бодлого сүүлийн 5 жилд эрчимтэй хэрэгжиж, үсрэнгүй хөгжиж байна. Үүнд улс төрийн манлайлал чухал нөлөө үзүүлж байгааг онцоллоо. Азийн Хөгжлийн Банкны Дижитал хөгжлийн технологи, тогтвортой хөгжил, цаг уурын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн захирал Ноён Томас Абел “ICT expo 2023”, “ICT forum Mindgolia” нь цаашдын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой арга хэмжээ гэж байлаа.