Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

АБГББХ: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхээр тогтов

2021.07.01

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.01) хуралдаан 9 цаг 07 минутад цахимаар эхэлж, хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Засгийн газраас өчигдөр /2021.06.30/ өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцуулав.

НҮБ-ын төрөлжсөн агентлаг болох Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гишүүн 193 орны хүрээнд гаргадаг кибер аюулгүй байдлын индексийг тухайн улсын хууль эрх зүйн орчин, техникийн хувьд хэрэгжүүлж буй арга хэмжээ, зохион байгуулалтын арга хэмжээ, чадавх бүрдүүлэх, хамтын ажиллагаа гэсэн 5 үндсэн, 25 үзүүлэлтийн хүрээнд гаргадаг аж.

Манай улсын хувьд кибер аюулгүй байдлын индексийн гол үзүүлэлт болох хууль эрх зүйн орчин бүрдээгүй, үндэсний кибер халдлага, зөрчлөөс сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх чиг үүрэг бүхий  байгууллага байхгүй, хамтын ажиллагаа дутмаг  зэрэг үндэслэлээр  2017 онд 104 дүгээр байранд, 2018 онд 85 дугаар байранд эрэмбэлэгджээ.

Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Хувь хүний мэдээлэл /өгөгдөл/-ийг хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг шинээр боловсруулах, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийг хангах тухай хуулийг шинэчлэн найруулж, Улсын Их Хурлын 2021 оны чуулганаар хэлэлцэн батлуулахаар гаргасан хуваарь, цаг үеийн нөхцөл шаардлага, эрэлт хэрэгцээг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийн зорилт нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, хүртээмжтэй, нууцлагдсан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэжээ. Хуулийн төсөлд цахим мэдээлэлд хандах, боловсруулах, ашиглах, түгээхэд ашиглагддаг мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, тэдгээрийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдлага зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу үйлдэл үзүүлэх, нөхөн сэргээх замаар кибер аюулгүй байдлыг хангах харилцааг зохицуулахаар тусгасныг хууль санаачлагч онцлов.

Орчин үеийн мэдээллийн технологид суурилсан нэгдсэн удирдлага бүхий төхөөрөмжүүдээр тоноглогдсон нийгмийн эрүүл мэнд, амин чухал хэрэгцээг хангах үйлдвэр, байгууламж, обьектууд нь кибер терроризмын гол бай болдгийг харгалзан онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг хуулиар тогтоож, түүний кибер аюулгүй байдлыг хангах тодорхой эрх, үүргүүдийг хуульчлахаар зохицуулсан.

Хуулийн төсөлд тусгасан шинэлэг зохицуулалт бүхий харилцаа нь мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх харилцааг хуульчилсан. Учир нь кибер аюулгүй байдлыг хангах арга хэмжээ нь мэдээлэл, түүнийг агуулах мэдээллийн сан, ашиглах боломжийг бүрдүүлэх мэдээллийн систем, хүний нөөц, техник технологийн арга хэмжээ, эдгээрийн харилцан уялдаа холбоог зохицуулсан бодлого, дүрэм журам, төлөвлөгөө, зохион байгуулалтын үйл ажиллагаа болон хөндлөнгийн хараат бус хяналт шалгалтын чиг үүрэг бүхий аудитын үйл ажиллагааг шаарддаг олон улсын жишгийн дагуу энэ харилцааг оруулж ирсэн.

Кибер аюулгүй байдлыг хангах нь үндэсний хэмжээнд авч үзэх асуудал бөгөөд төр, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тусгах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянан зохицуулах нэгдсэн удирдлагаар хангах тогтолцоог бэхжүүлж өгсөнд энэ хуулийн ач холбогдол оршино гэж үзэж буйгаа хууль санаачлагч онцоллоо.

Хуулийн төсөл нь 5 бүлэг, 25 зүйлтэй бөгөөд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Эрүүгийн хуульд холбогдох өөрчлөлтийг оруулах төслийг хамтад нь боловсруулжээ. Уг хуулийг 2021 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгажээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Энхболд нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан энэ нь цаг үеэ олсон нэн чухал төсөл учраас хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд гишүүдэд сайн судалж үзэх бололцоо олгох, хэлэлцүүлгийн явцад нухацтай хандах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлж байв.

Кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд АНУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Япон, Хорват, Унгар, Гүрж, Литви, Латви, Сингапур, Эстони зэрэг улс бие даасан хууль баталж гаргасан байна. Хуулийн төслийг боловсруулахдаа кибер аюулгүй байдлын индексээр дэлхийд тэргүүлж буй БНСУ, ХБНГУ, Япон, Эстон зэрэг улс орнуудын хууль эрх зүйн орныг харьцуулан судалж, өөрийн орны практик нөхцөл байдлыг харгалзан үзсэн гэсэн хариултыг ажлын хэсгээс өгсөн юм.

Ингээд санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувийн саналаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

Бусад мэдээ

Монгол бичгийн гарын драйверийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүллээ

2025 оны 01-р сарын 01-ний өдрөөс төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулж байна. Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам үндэсний стандартад нийцүүлэн монгол бичгийн гарын драйв хийх тендер зарласан бөгөөд болорсофт компани шалгарч, Android, MacOS, IOS үйлдлийн системүүдийн орчинд ажиллах монгол бичгийн гарын драйверыг хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүллээ. Монгол бичгийн гарын драйвер нь мобайл аппликейшн болон хэрэглэгчийн төхөөрөмжид сонголтоор суулгаж, гараас бичвэр оруулах, түүний боловсруулалт хийх, үйлдлийн системтэй харилцах боломжийг бүрдүүлэв. Гарын драйв суулгах, ашиглах зааврыг дараах холбоосоор орж үзээрэй.https://kb.mngl.net/ Монгол бичгийн гарын драйверийг Монгол Улсын “MNS 7004:2023, Монгол хэлний компьютерын орчны тогтолцоо. Тооцоолох хэрэгслийн гарын товчлуур дээрх монгол бичгийн үсэг, тэмдгийн байршил” стандартын дагуу хөгжүүлжээ.

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал БНСУ-ын Сөүл хотноо 2024 оны 3 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Хиймэл оюун ухаан-Дижитал технологи ба Ардчилал” сэдэвт “Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт”-д Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Жу Тэ Ёль-ийн урилгаар оролцож байна. Дээд түвшний уулзалтанд БНСУ-ын Eрөнхийлөгч Юн Сог Ёль, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Их Британийн Шадар сайд Оливер Доуден болон Эстони, Швед, Шинэ Зеланд, Энэтхэг, Австрали зэрэг 30 орчим улсын гадаад харилцаа, цахим засаглал, мэдээллийн технологийн асуудал эрхэлсэн сайд нар оролцож байна. Сайд Н.Учрал энэ үеэр “Хиймэл оюун ухаан-Дижитал технологи ба Хүртээмжтэй нийгэм” сэдвээр үг хэллээ. Тэрээр “Нэгэн цагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри манай эх орныг “Ардчиллын баян бүрд” хэмээн хэлж байлаа. Бид ардчиллыг бэхжүүлж мэдэх эрхийг хангуулахаар “Шилэн” нэртэй ил тод байдлын анхны нэгдсэн платформыг олон нийтэд танилцуулсан. Энэхүү платформд 13 сая гаруй удаа хандсан бөгөөд улсын хэмжээнд, ялангуяа засгийн газрын хөрөнгийн зарцуулалтын талаар хэд хэдэн хэлэлцүүлэг өрнөж, 27 сая гаруй ам.долларын зээлтэй тэнцэх 92 тэрбум төгрөгийн зээлийг буцаан төлжээ. Энэ нь Монголын ард түмэн технологийн дэвшлийг ашиглан өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, бодит үр дүнд хүрч байгаагийн тод жишээ юм” гэлээ.

”Ази Номхон далайн Дижитал сайд нарын бага хурал” 2 дахь өдрөө Цахим сайд нарын хурлаар үргэлжилж байна

ҮЙЛ ЯВДАЛ ”Ази Номхон далайн Дижитал сайд нарын бага хурал” 2 дахь өдрөө Цахим сайд нарын хурлаар үргэлжилж байна 2022.11.10 Өнөөдөр тус хуралд оролцож буй дэлхийн улс орнуудаас 15 улсын сайд өөрийн улсын цахим хөгжлийн тухай танилцууллаа. ЦХХХ-ны сайд Н.Учрал Монгол улсын цахим хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал, бий болж буй боломжууд, цаашдын чиг хандлага, ОУ-ын хамтын ажиллагааны хүрээнд илтгэл тавьсан юм. Тус хурлын үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал, БНСУ-ын Шинжлэх Ухаан, Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн сайд Ли Жон Хо-той санал солилцлоо. Сайд Н.Учрал: Хоёр улсын нөхөрсөг хамтын ажиллагааны үр дүнд төр болон хувийн хэвшлийн төвшинд мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт олон төслүүд амжилттай хэрэгжсэнийг дурдаад талархал илэрхийлсэн бол БНСУ-ын Шинжлэх Ухаан, Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн сайд Ли Жон Хо: Монгол улсад ЦХХХ-ны яам байгуулагдан ажиллаж байгааг сайшааж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ. “Ази, Номхон далайн бүсийн дижитал сайд нарын анхдугаар бага хурал-2022” нь дижитал шилжилтийг ахиулах, бүс нутгийн дижитал хамтын ажиллагааг бэхжүүлэх нөхцөл байдал, сорилт бэрхшээл, арга замыг хэлэлцэх томоохон боломж юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ