Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

COVID-19 ERSDEL системийг 500 мянга орчим хүн ашиглаж, цар тахлаас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж байна

2021.07.19

КОВИД-19 өвчнийг үүсгэгч САРС-КоВ-2 вирүсийн халдвартай тэмцэх, тархалтыг сааруулах гол хэрэгслүүдийн нэг нь таны гарт байгаа ухаалаг утас юм. Та коронавирүст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх “КОВИД-19 ЭРСДЭЛ” системийг суулгаж идэвхжүүлснээр халдварт өртсөн эрсдэлээ цаг алдахгүй мэдэх боломж бүрдэнэ. КОВИД-19 ЭРСДЭЛ системийг өнөөдрийн (2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр) байдлаар нийт 491,520 хүн ашиглаж өөрийгөө хамгаалж байна. Нийтдээ 120,946 хүнд коронавирүст халдвар авсан нь батлагдсан талаар мессеж очсон бол тэдгээр хүмүүсийн ойрын хавьтал болсон 2,926 хүнд өөрийгөө тусгаарлах талаар мэдэгдлийг автоматаар өгчээ. Ингэснээр тэдгээр иргэд өөрсдийгөө тусгаарлаж халдвар цааш тарахаас хамгаалсан байна. КОВИД-19 ЭРСДЭЛ системийг аль болох олон хүн хэрэглэж байж халдварын тархалтыг бууруулахад дэмжлэг болж иргэд хэвийн амьдралдаа шилжихэд нэмэр болох юм. Тиймээс та бусдад КОВИД-19 ЭРСДЭЛ системийн талаар мэдээлэл хуваалцаж халдвараас сэргийлэхэд дэмжлэг үзүүлнэ үү. КОВИД-19 ЭРСДЭЛ систем нь та хэрвээ халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ. “КОВИД-19 ЭРСДЭЛ” систем таны нэр болон бусад хувийн мэдээллийг авахгүй бөгөөд таны мэдээллийг хэзээ ч хэнд ч дамжуулахгүй. “КОВИД-19 ЭРСДЭЛ” систем таны байршлын талаар мэдээлэл цуглуулж хадгалахгүй. Уг систем нь GPS-ийг биш Bluetooth технологийг ашигладаг. “КОВИД-19 ЭРСДЭЛ” систем таны болон хайртай хүмүүсийн тань амь насыг аврахад тусална. Нэмэлт мэдээллийг доорх линкээс авна уу. https://covid19ersdel.e-mongolia.mn/ Түгээмэл асуулт хариулт: Миний шинжилгээний хариу эерэг (КОВИД-19 өвчнийг үүсгэгч САРС-КоВ-2 вирүсийн PCR шинжилгээний хариу) гарч би коронавирүст халдвар авсан нь батлагдсан бол би яаж бусдад анхааруулах вэ? Нэг удаагийн баталгаажуулах 8 оронтой код бүхий холбоосыг улсын онцгой комиссын нэгдсэн мэдээллийн системээс (https://eruul.gerege.mn) шинжилгээний хариу эерэг гарсан хүмүүст илгээнэ. Хувь хүмүүс энэхүү мессежийг 8 оронтой кодыг шинжилгээний хариу гарснаас 4 цагийн дотор хүлээн авна. Та хүлээн авсан 8 оронтой кодоо КОВИД-19 ЭРСДЭЛ системд аль болох хурдан хуваалцаж таны ойр байсан хүмүүст халдварт өртсөн байж болзошгүйг мэдээлээрэй. Та энэхүү кодыг явуулснаар хэнд ч таны хувийн мэдээлэл болон хаагуур явсан зэрэг бусад хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл очихгүй юм. Энэхүү 8 оронтой кодыг хуваалцсанаар та харин бусад хүмүүсийг цаашид халдвар тараахаас сэргийлж халдварын тархалтыг хумихад чухал хувь нэмэр оруулах юм. Хэрвээ танд 8 оронтой код ирээгүй бол 7777-3773 утсаар холбогдоно уу. САРС-КоВ-2 вирүсийн PCR шинжилгээний хариу эерэг гарсан үед ХӨСҮТ шуурхай удирдлагын багаас тантай утсаар холбогдож зөвөлгөө өгнө. Хэрвээ тантай холбогдоогүй байгаа бол та энд дарж хэрэгтэй мэдээллээ авна уу. (энд дарж – Таны PCR шинжилгээний хариу (КОВИД-19 өвчнийг үүсгэгч САРС-КоВ-2 вирүсийн шинжилгээний хариу) эерэг гарсан бол доорх зөвлөмжийг анхааралтай уншина уу -г холбох). КОВИД-19 ЭРСДЭЛ системээс САРС-КоВ-2 вирүсийн халдварт өртсөн байж болзошгүй эрсдэлийн анхааруулга хүлээн авсан одоо би юу хийх ёстой вэ? Сүүлийн 14 хоногт тантай ойрхон байсан хүмүүсээс хэн нэг нь коронавирүст халдвар авсан болох нь батлагдсан учраас та КОВИД-19 ЭРСДЭЛ системээс САРС-КоВ-2 вирүсийн халдварт өртсөн байж болзошгүй эрсдэлийн анхааруулга мэдээлэл хүлээн авчээ. Та халдвартай хүнтэй 2 метрээс дотогш зайд 15 минутаас дээш хугацаанд ойрхон байсан учир та халдварт өртсөн байж болзошгүй юм. Тиймээс та өөрийгөө өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд хөл хорино уу. Та “Гэрийн Тусгаарлалт”-ийн дэглэмд байх бол дараах зааврыг мөрдөнө: Танд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй бол гэрийн тусгаарлалтын дэглэмийг коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан өдрөөс эхлэн 7-10 хоногийн турш мөрдөх ба хяналтын эмчийн шийдвэрээр дуусгавар болгоно. Танд ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн бол шинж тэмдэг илэрсэн өдрөөс эхлэн 10 хоногийн турш мөрдөх ба мөн хамгийн багадаа сүүлийн 3 хоногийн турш халуураагүй зэргийг үндэслэн гэрийн тусгаарлалтын дэглэмийг хяналтын эмчийн шийдвэрээр дуусгавар болгоно. Таныг оношлогдсон өдрөөс эхлэн таны оршин суугаа хаягийн харьяалагдах Өрх, Сум, Тосгоны эмнэлгийн эмч нар хянах ба тантай тогтмол холбоотой байж эмнэлзүйн шинж тэмдэг биеийн байдлыг тань үнэлэх учир та сандрах хэрэггүй ухаалаг тайван байгаарай. Хэрэв танд Амьсгалахад хүндрэлтэй болох, Цээж байнга өвдөлттэй эсвэл дараад байгаа мэт болох, Арьс уруул хумсны өнгө цайрах эсвэл хөхрөх, Нойр хүрэхгүй, нойргүйдэх зэрэг шинж тэмдэг илэрвэл нэн яаралтай харьяа Өрх, Сум, Тосгоны эмнэлгийн эмч рүү залгаарай. Мөн та (КОВИД-19)-ын нэгдсэн лавлах:119, ХӨСҮТ:100,(8008-6829), ЗӨСҮТ: 7028-4393, СЭМҮТ:1800-2000, ЭМЯ: 11-323002 утсаар холбогдож зөвлөгөө авч болох юм. Та гэрээр тусгаарлагдахдаа гэрийнхээ агааржуулалт сайтай өрөөнд гэр бүлийн гишүүдээс тусдаа байрлах ба өрөөний цонхыг тогтмол нээж агааржуулалт хийнэ. Тусдаа өрөөнд байх боломжгүй бол таны ор гэр бүлийн бусад гишүүдийн орноос 1 метрээс доошгүй зайд байрлах ба гэр бүлийн гишүүдтэйгээ зайт харилцааг баримтална. Та аль болох тайван стресстэхгүй байхыг хичээж шаардлагагүй биеийн хүчний ажлаас татгалзаж, маск тогтмол зөв зүүж, гараа тогтмол спиртэн суурьтай гар ариутгагчаар ариутгаж, тогтмол угаах хэрэгтэй. Гараа угаах, Шүдээ угаах, Бие засах зэрэгтээ хянуур байж зөвхөн өөрийн, 1 удаагийн цаасан алчуур салфетка, 00-ын цаас хэрэглэх, 1 удаагийн хэрэглэлүүд боломжгүй бол зөвхөн өөрийн алчуурыг тогтмол хэрэглэх ба тогтмол савандаж угааж байх. Бие зассаны дараа 00-ын тагийг таглаж усаа татах. Таныг гэр бүлийн 1 эрүүл гишүүн асарч сувилах ба бусад гишүүдтэй аль болох ойр зайнаас харьцахгүй байхыг хичээнэ. Гэрээр эмчлэгдэх хугацаанд өдөр бүр, өдөрт 2 удаа биеийн халуунаа үзэн тэмдэглэх, өөрт илрэх шинж тэмдгийг анхааралтай ажиглан тэмдэглэх ба таны тэмдэглэлийг анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч утсаар өдөр бүр холбогдож авна. Та хэрвээ боломжтой бол https://eruul.gerege.mn системээс ирсэн хаягаар орж өөрийн шинж тэмдгийн мэдээллээ өдөр бүр оруулж эрүүл мэндийн салбарын ажилд дэмжлэг үзүүлнэ үү. Ингэж бүртгүүлснээр эрүүл мэндийн ажилтнууд хүндрэх эрсдэл өндөртэй өвчтөнүүдэд илүү цаг зарцуулж ажиллах боломж олгож та цар тахалтай тэмцэх явцад өөрийн хувь нэмрээ оруулж байгаа явдал юм. Илчлэг сайтай, амархан шингэх тэжээллэг хоол иднэ. Өөрийн дураар шаардлагагүй антибиотик, бусад төрлийн эм хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Бусад мэдээ

Мэдээлэл, технологийн салбарт охид манлайлна

ҮЙЛ ЯВДАЛ Мэдээлэл, технологийн салбарт охид манлайлна 2022.10.11 Нэгдсэн Үндэстний Байгууллага 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг “Охидын эрхийг хамгаалах олон улсын өдөр” болгон зарлаж, энэ өдөр охидын боловсролыг дэмжих, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалахад анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхийг зорьдог. Олон Улсын охидын эрхийн өдрийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрууд хамтран “Мэдээлэл, технологийн салбар дахь охидын манлайлал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Охидын манлайллыг дэмжих, зөв үлгэр дуурайл үзүүлэх, цахим шилжилт, харилцаа холбоо, мэдээлэл технологийн хэрэглээний соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий уг нээлттэй хэлэлцүүлэг: “Мэдээллийн технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдал; охид, эмэгтэйчүүдийн боломж”, “Цахим платформд эерэг нөлөөлөл үзүүлэх нь” сэдвийн хүрээнд цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан юм. Хэлэлцүүлэгт мэдээлэл технологийн салбарт амжилттай ажиллаж, цахим сувгуудад эерэг нөлөөлөл үзүүлж буй манлайлагч эмэгтэйчүүд оролцон зөвлөгөө, мэдээлэл өгч, мэдлэг туршлагаа хуваалцан, санал солилцлоо.     Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд Европын улсуудаас туршлага судална

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од энэ сарын 3-ны өдөр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните болон Европын Комиссын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр “Мэдээллийн тасралтгүй урсгал, өгөгдлийн асар том давлагааг гэтлэх гол суурь нь хүчин чадал сайтай дата төв юм. Тэр дундаа ногоон хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс эрчим хүчний үр ашигтай, нөөцийн хэмнэлттэй “Грийн дата” төвтэй болох эрмэлзлэл бий. Энэ чиглэлээр улс орнуудын туршлагаас хуваалцах, ТЭЗҮ боловсруулахад хамтран ажиллах хүсэлтэй байна. Монгол Улсын программ хангамж хөгжүүлэгч болон мэдээллийн технологийн бизнес эрхлэгчдийг Европын Холбооны орнуудын зах зээлд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, мэдээллийн технологийн аутсорсинг хийх боломжийг эрэлхийлж байна. Үүний зэрэгцээ, манай улс үндэсний хиймэл дагуул хөөргөх асуудлаар Францын “Талес Алена Спейс” компанитай хамтарч, зээлийн хэлэлцээрийг УИХ-ын Байнгын хороо болон Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. УИХ-аас зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсны дараа хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээ хийгдэнэ” гэж дурдлаа. Мөн ирэх жилээс цахим хөгжлийг дэмжих багц хуулиудыг шинэчлэн боловсруулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд төрд буй боловсруулсан мэдээллийг хувийн хэвшилд хэрхэн ашиглуулах, өгөгдөл, мэдээллийг эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулах талаар Европын Холбооны улсуудын бодлого, зохицуулалттай холбоотой сайн туршлагыг судалж, техникийн туслалцаа авах хүсэлтэй байгаагаа ч илэрхийлэв. Европын Комиссын Ази, Номхон далайн бүс нутаг болон Ойрх Дорнодыг хариуцсан Олон улсын түншлэлийн газрын захирал Петерис Устубс “Европын холбооноос хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Team Europe” хөтөлбөрийг  хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд дижитал эдийн засгийн чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж ирсэн. Хөтөлбөрийн хүрээнд техникийн туслалцаа, хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд бодлогын дэмжлэг, бодит шийдлийн дэмжлэгийг үзүүлдэг. Мөн Кибер аюулгүй байдлын чиглэлээр сургалт зохион байгуулах, хүний нөөцийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлдэг. Үүний зэрэгцээ, Төв Азид дунд орбитын хиймэл дагуулын хамтын ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төсөл Төв Азиас эхлээд Монголд хэрэгжих боломжтой. Харин Франц Улстай хамтран Үндэсний хиймэл дагуул хөөргөх танай төсөлтэй хэрхэн уялдуулах эсэхийг судалж, нэгдсэн шийдэлд хүрч болно. Старлинкээс ялгаатай нь интернет холболтын станц нь үүрэн холбооны байгууллагуудаар дамжин иргэдэд хүрэх юм. Энэ нь мэдээллийн урсгалыг дотооддоо хянаж, илүү найдвартай байдлыг бий болгож чадна” хэмээн онцоллоо.

“MЕТА TEEN ACCOUNT” Монгол Улсад нэвтэрлээ

Харилцаа холбооны зохицуулах хороо Мета компанийн Ази, номхон далайн бүсийн төлөөлөгчийн газартай хамтран тус компанийн өсвөр насны хүүхдэд зориулсан “Instagram Teen Account”-г Монгол Улсад албан ёсоор нэвтрүүллээ. “Instagram Teen Account” нь өсвөр насны буюу 16-аас доош насны хүүхдэд зориулсан ба хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан функцийг багтаадаг. Тухайлбал, хүүхдийг хувийн мэдээллээ алдах, танихгүй хүнтэй харилцах, зохисгүй контент үзэхээс урьдчилан сэргийлж, цагийг үр бүтээлтэй, соёлтой өнгөрүүлэх боломжийг олгоход чиглэдэг юм. “Instagram Teen Account” нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн ерөнхий боловсролын 10 гаруй сургуулийн сурагч, эцэг эх, нийгмийн ажилтны төлөөллөөс гадна хүүхдийн эрхийг цахим орчинд хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон олон улсын байгууллагын төлөөлөл 50 орчим хүн оролцлоо. Арга хэмжээг ЦХИХХ-ны сайд Э. Батшугар нээж  “Монгол Улсын хувьд дижитал ирээдүйг бүтээх үндэс нь бидний өсвөр үе, залуучууд юм. Түүнчлэн судалгаанаас харахад Монгол Улсад интернэт хэрэглэгчдийн 30 гаруй хувь, Инстеграмм хэрэглэгчдийн 40,8 хувийг 18 хүртэлх насны хүүхэд, залуус эзэлж байна. Тиймээс тэднийг зөв, аюулгүй, хариуцлагатай орчинд цахим орчныг ашиглах боломжоор хангах нь төрийн болон хувийн хэвшлийн хамтын үүрэг төдийгүй нийгмийн бүхий л талын оролцоо чухал билээ. Цаашид ч бид олон талт түншүүдтэй өсвөр насныхны цахим орчны боловсрол, хариуцлагатай хэрэглээг нэмэгдүүлэх, мэдээллийн технологийн эрин зуунд ёс суртахуунтай, мэдлэгтэй цахим иргэн болгон төлөвшүүлэх чиглэлээр хамтран ажиллах болно” гэл ээ. Түүнчлэн хүүхдийн ашиглаж байгаа болон шинээр нээх Instagram аккаунт нь “Instagram Teen Account”-д автоматаар шилжих боломжтой юм. Хүүхдийн аккаунт Instagram Teen Account-д бүртгэгдсэнээр хамгаалалтын тохиргоо автоматаар идэвхжиж, эцэг, эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах боломж бүрдэх юм.