Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Зам, тээвэр, холбооны сайд Р.Сандалхан

2021.06.24

Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд салбарын түүхэн замналын талаарх нийтлэлийг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1992 оноос Зам, тээвэр, холбооны болон Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Монгол Улсын гавъяат тээвэрчин Раздакийн Сандалханы тухай нийтэлж байна. Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжиж, өөрчлөлт шинэчлэлт явагдаж байсан тухайн үед Холбооны яамыг татан буулгаж, Зам, тээвэр, холбооны яам нэртэйгээр 1992 онд байгуулсан түүхтэй. Сайдаар нь Р.Сандалханыг 1992 оны 8 дугаар сарын 15-наас томилж байв. Тэрбээр 1943 онд Баян- Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Чекин гэдэг газар төрж, 1952-1962 онд Баян-Өлгий аймгийн арван жилийн 1 дүгээр дунд сургууль, 1962-1967 онд Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг инженер механикчийн мэргэжлээр төгссөн юм. Р.Сандалхан 1967-1969 онд Улаанбаатар хотын авто тээврийн 5 дугаар баазад засварчин, механик, үйлдвэрийн инженер, 1972-1979 онд шинээр байгуулагдсан Налайхын XIV баазын ерөнхий инженерээр хоёр жил ажилласны дараа баазын дарга болж байв. Түүнээс хойш тээврийн салбарын шинээр байгуулагдсан томоохон албан газар ажиллаж, 1982-1985 онд ЗХУ-ын тусламжаар байгуулагдсан Авто комбинатын засварын станцад дарга, 1985-1989 онд Хот хоорондын Авто тээврийн удирдах ерөнхий газрын дарга, 1989-1990 онд Зам, тээврийн яаманд хэлтсийн дарга, 1990-1992 онд Зам тээврийн яамны харьяа Тээврийн ерөнхий газрын дэд дарга, 1992 онд Зам тээвэр, холбооны сайд, 1994 онд Дэд бүтцийн хөгжлийн сайдаар томилогджээ. Хоёр жил сайдын алба хашиж байгаад 1996, 2000, 2004 оны УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон Р.Сандалхан гуай энэ тухай өгүүлэхдээ “Түмэн олныхоо итгэлийг алдалгүй ажилласны үр дүн юм даа. Хэрэв худалч, хулгайч нөхөр байсан бол юу гэж намайг Баян-Өлгийнхөн гурван удаа Их хуралд суулгахав дээ” гэжээ. ( Өдрийн сонин 2015.03.22) Дэд бүтцийн хөгжлийн яам нь түлш, эрчим хүч, тээвэр, холбоо, барилга, хот байгуулалт, аялал жуулчлалын салбарыг нэгтгэсэн төрийн захиргааны төв байгууллага байсан. Р.Сандалхан сайд харилцаа холбооны салбарыг удирдан ажилласан хугацаандаа салбарын мэргэжлийн боловсон хүчнүүдийн санаа бодол, үйл ажиллагаанд тулгуурлан, цахилгаан холбооны салбарыг хувьчлах анхны алхмыг хийж, Монгол шуудан компанийг үүсгэн байгуулж, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийг УИХ-аар батлуулан, салбарын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1995 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 211 тоот тушаалаар Харилцаа холбооны зохицуулах зөвлөлийг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, үйл ажиллагаа явуулах түр дүрмийг баталжээ. Харилцаа холбооны салбарт либеральчлал нэвтрүүлж, үүрэн телефон холбооны үйлчилгээг нэвтрүүлсэн нь харилцаа холбооны салбарын өнөөгийн хөгжлийн үндэс суурийг тавилцсан гавъяатай нэгэн билээ. Р.Сандалхан сайд “Монгол Улс зах зээлд шилжих үеийн (1992-1996 он) хүнд бэрхшээлтэй ажлуудыг амжилттай хэрэгжүүлж, харилцаа холбооны хөгжлийн өндөр төвшинд хүргэхэд тухайн жилүүдэд хамт ажиллаж байсан холбооны салбарын өндөр мэдлэг боловсролтой, зохион байгуулах чадвартай туршлагатай олон хамтран зүтгэгч Б.Сүхбаатар, Н.Төмөрхүү, Д.Төгсөө, Г.Баттөр нартаа сэтгэл хангалуун баярлаж явдаг. 1992 онд ДБХ-ийн яамыг зохион байгуулахад олон салбарын үйл ажиллагааг шилжилтийн үед зохицуулахад амаргүй байсан. Холбооны салбарын ажлыг мэргэжилтэн нарын санал бодлыг голдуу хүндэтгэн шийдвэрлэдэг байлаа. Харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх, зах зээлд шилжүүлэх ажлыг мэргэжлийн алба хаагчдын хамт улам эрчимжүүлж, цахилгаан холбоог хувьчлах, шуудангийн салбарыг бие даасан төрийн өмчит компани болгон хөгжүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж, шуудангийн салбарын удирдлагыг нилээн өрсөлдөөн дунд томилсон бөгөөд ажилд томилогдсон хүмүүс бидний итгэл найдварыг амжилттай биелүүлж, шуудангийн салбар өнөөгийн төвшинд хүрсэн гэж үздэг” хэмээн дурсжээ. Р.Сандалханы хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Ардын хувьсгалын болон ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнажээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” 2011 он “Харилцаа холбооны зохицуулах байгууллага түүхэн замнал” Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь

Бусад мэдээ

Монголын Carepay дэлхийн технологийн төв Цахиурын хөндийг зорино

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд гарааны бизнесийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлж, дэлхийн хэмжээний юникорн компанийг Монгол Улсаас “төрүүлэх”-ийг зорилгоо болгон ажиллаж буй. Энэ ч утгаараа Монголын мэдээллийн технологийн компаниудыг дэмжих, тэднийг олон нийт болон хөрөнгө оруулагчдад таниулах ажлыг зохион байгуулж байгаа юм. Энэ удаад “CareAI” ХХК-ийн Care pay апп-ыг онцоллоо. Санхүүгийн дарамтад орохгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг технологийн тусламжтайгаар тэгш хүртээмжтэй авах боломжийг CAREPAY олгож байгаа юм. Тэд Монголын анхны Unicorn компани болох зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд Астана HUB-д бүртгүүлж, 350 мянган ам.долларын хөрөнгө оруулалт татаж чаджээ. Тус аппыг ашигласнаар эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрөө хүүгүй, шимтгэлгүй хуваан төлөхөөс гадна эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн аялал жуулчлал зэрэг олон үйлчилгээнд хамрагдаж болно. Одоогоор CarePay нь шүд, нүд, мэс засал, мэдрэл, гоо сайхан, уламжлалт эмчилгээ, хүүхдийн эмнэлэг, үр шилжүүлэн суулгах төв болон эрүүл мэндийн бүтээгдэхүүн, худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй байгууллагыг сүлжээндээ нэгтгээд байна.

Б.Болор-Эрдэнэ: “Цахим жишиг аймаг” концепцийг аймгуудад танилцуулна

ҮЙЛ ЯВДАЛ Б.Болор-Эрдэнэ: “Цахим жишиг аймаг” концепцийг аймгуудад танилцуулна 2022.02.22 Оюутан цэргийн бүртгэлийн “e-Mongolia” платформоор дамжуулан цахимаар хийх болсон талаар өнөөдөр /2022.02.22/ Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Батлан хамгаалах яамтай хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “e-mongolia” платформ дээр 2022 он гарснаас хойш хийгдэж буй томоохон ажлын талаар товч танилцуулга өгсөн юм. Тэрбээр “2022 он гарснаас хойш төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” төрийн 60 байгууллагын 624 үйлчилгээг цахимжуулсан. Шинээр нэмэгдсэн үйлчилгээнүүдийг товч танилцуулбал Барилга, хот байгуулалтын яамны 5 тусгай зөвшөөрөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны аж ахуй нэгж байгууллагад үзүүлдэг ойн 12 төрлийн үйлчилгээ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас иргэдэд үзүүлдэг “Хүүхдийн мөнгө авах хүсэлт” зэрэг 18 үйлчилгээ нэмэгдэж, өнөөдрийн байдлаар төрийн 60 байгууллагын 624 үйлчилгээтэй болоод байна. Үүний зэрэгцээ, бид ирэх 3 дугаар сарын 1-нд “Оюутан цэргийн бүртгэл” -ийг цахимаар буюу “e-Mongolia”-р дамжуулан авах гэж байна. Батлан хамгаалах яамны зүгээс 2022 оны 01 дүгээр сард цэргийн бүртгэлийн улс орон даяар амжилттай зохион байгуулж, нийтдээ 100,000 гаруй иргэн цахимаар амжилттай цэргийн бүртгэлээ хийлгэсэн. Иймээс тус яамны зүгээс цахимжуулж буй хоёр дахь үйлчилгээ болох “Оюутан цэргийн бүртгэл” цахимаар хийхээр болоод байна. Оюутан цэргийн бүртгэл “e-Mongolia” системд 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдөр нээгдэж, 2022 оны 03 дугаар сарын 10 өдөр хүртэл үргэлжилнэ. Өнгөрсөн долоо хоногт бид 21 аймгийн Засаг дарга нартай уулзаж, гэрээ байгуулсан. Зөвхөн Улаанбаатар хот цахимжих нь хангалтгүй улс орон даяар цахимжих шаардлагатай байгаа. Өнөөдрийн байдлаар бид 8 аймгийн 600 гаруй төрийн үйлчилгээг цахимжуулсан байгаа. Ирэх 3 дугаар сарын 1-ээс эхлэн Цахим хөгжил, харилцаа холбооны яам, И-Монгол академийн хамтарсан баг хөдөө, орон нутагт ажиллахаар бэлдэж байна. Энэ багууд нь тухайн аймгуудын цахимжилт болон онцлогуудыг үнэлж, хэрхэн цахимжих зааварчилгаа гаргана. Энэ долоо хоногийн Баасан гарагт бид 21 аймгийн Засаг дарга болон мэдээллийн технологийн ажилтнуудтай онлайнаар хуралдана. Энэ хурлаар Цахим жишиг аймгийн үзэл баримтлалыг танилцуулна. Тус үзэл баримтлалд олон улсын судалгаа, Монголын “e-Mongolia” -г хэрэгжүүлсэн судалгаа, Эстонийн Цахим засаглалын академитай хамтарсан моделиудыг ашиглан 21 аймгийн цахимжуулах загвар гаргасан байгаа. Цахимжилтийн явцад ямар өөрчлөлт орж буйг тухай бүрд нь мэдээлэл өгөөд явах болно” гэв. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсгийн баг “Цахим Баянхонгор-2023” арга хэмжээнд оролцож байна

“Цахим Баянхонгор-2023” Нээлттэй ирээдүй арга хэмжээ өнөөдөр (2023.09.13) Баянхонгор аймагт зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээ нь төрийн цахим үйлчилгээг иргэддээ сурталчлан таниулах, цахим шилжилтийн хүрээнд хийж, хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа танилцуулах, иргэдийн цахим ур чадварыг сайжруулах сургалт, хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор төрийн бүх шатны байгууллагуудаа хамруулан зохион байгуулж байна. Арга хэмжээнд харилцаа холбоо, мэдээлэл технологи, боловсрол, банк санхүү, зам тээвэр ложистик, виртуал технологи, пос төхөөрөмж, зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон гарааны 20 гаруй компани бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан оролцож байна.