Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Холбооны 7 дахь сайд буюу удам залгасан гурав дахь үеэ “Дасгалжуулж” буй Гавьяат холбоочин Ирвузын Норовжав

2021.05.12

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1976 оноос Холбооны яамны орлогч сайд, 1979- 1989 онд Холбооны сайдаар ажиллаж байсан Ирвузын Норовжавын тухай нийтэлж байна. Ирвуз овогтой Норовжав нь 1940 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын нутаг “Арвын Эх” гэдэг газар төрсөн, Ховд хотын 7 жилийн сургуулийг 1957 онд, Улаанбаатар хотод Политехникумыг 1960 онд “Холбооны техникч-эдийн засагч” мэргэжлээр, Зөвлөлт Холбоот Улсын Новосибирск хотод Холбооны цахилгаан техникийн институтийг 1968 онд “Холбооны инженер-эдийн засагч” мэргэжлийг эзэмшсэн байна. Мөн тэрбээр мэргэжлээ дээшлүүлэхээр 1983 онд ЗХУ-ын сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улс ардын аж ахуйн удирдлагын институт, 1985 онд ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улс ардын аж ахуйн академийг тус тус төгсжээ. И.Норовжав нь ажиллахын хажуугаар өөрийн мэдлэг, оюундаа байнгын “хөрөнгө оруулалт” хийдэг нэгэн бөгөөд 1998 онд Монгол Улсын Техникийн их сургуулийн “Бизнесийн удирдлагын ухаан”-ы магистр цол, 2002 онд “Мэдээлэл холбооны сүлжээний зөвлөх инженер” цолыг тус тус хүртсэн байна. “Холбооны инженер-эдийн засагч” мэргэжлийг эзэмшин сургуулиа төгсөөд Тээвэр, холбооны сайдын 1960 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 270 дугаар тушаалаар Тээвэр холбооны яамны харьяа Шуудан, Цахилгаан хооронд Төлөвлөгч-эдийн засагчийн ажилд томилогдон хөдөлмөрийн гараагаа эхэлж байжээ. И.Норовжав нь 1960-1963 онд Тээвэр, Холбооны яамны төлөвлөгөөний хэлтэст төлөвлөгч, 1968 оны 7 дугаар сараас Холбооны яамны төлөвлөгөө эдийн засаг, хөдөлмөр цалин хөлсний хэлтэст инженер-эдийн засагч, 1971 оны 9 дүгээр сараас хэлтсийн дарга, 1976 оны 6 дугаар сараас Холбооны яамны орлогч сайдаар ажиллаж байв. “Монгол Улсын холбооны салбарын хөгжил, байршлын ерөнхий схем”-ийг 1970 оны эхээр ЗХУ-ын Холбооны эрдэм шинжилгээ, зураг төслийн төв институт Монгол инженерүүдийн оролцоотойгоор боловсруулсан нь холбооны сүлжээ, үйлчилгээний байдалд дүгнэлт хийж, шинэ техник, технологид суурилсан цахилгаан холбооны нэгдсэн сүлжээ байгуулах шийдлийг тодорхойлсон Монгол Улсын харилцаа холбоог хөгжүүлэх “хоёр дахь” схем байсан бөгөөд И.Норовжав энэхүү схемийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, сүлжээний бүтэц, зохион байгуулалт, төлөвлөлт норм, нормативын талаар тусган идэвх зүтгэл гарган ажилласан байна. Орлогч сайдаар томилогдон санхүү, эдийн засаг, барилга, тээврийн асуудлыг хариуцаж байсан тул ЗХУ-аас үзүүлсэн бэлгийн болон буцалтгүй тусламжийн 60 сая рубль буюу тухайн үеийн ханшаар 54 сая ам.долларын өртөг бүхий харилцаа холбоо, радио, телевизийн цогцолбор, барилга байгууламжийн барилгын Монголын талын хүлээсэн үүргийг амжилттай гүйцэтгэн ажиллажээ. И.Норовжав гуай: “ЗХУ-ын Холбооны яамны нэгдүгээр орлогч сайд байсан В.А.Шамшинтай Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн цахилгаан, шуудан холбооны байнгын комиссын хурлаар үеэр уулзаж, манай улсад КУРС (Комплекс унифицированных радио релейных систем) системийн Радио релейный шугамыг байгуулж өгөх талаар зурагтай альбом үзүүлж байсан ба энэ систем нь 1970 оны эхээр зохион бүтээсэн шинэ техник байсан тул бидний судалгаа хийж мэдэж авч байсан билээ. В.А.Шамшин нь 1968 онд ЗХУ-ын Холбооны яамны орлогч сайд, 1976 оноос нэгдүгээр орлогч сайд, 1980-1989 онд ЗХУ-ын Холбооны сайдаар ажилласан ба Монгол Улсад 5 удаа айлчилж, Монгол Улсын харилцаа холбоо, телевиз, радио өргөн нэвтрүүлгийн сүлжээг хөгжүүлэхэд бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлж байсан Монгол элэгсэг нэгэн … ” хэмээн Харилцаа холбоо-Миний амьдрал номдоо дурсжээ. 1968-1971 онд И.Норовжавын шууд удирдлагын дор болон өөрөө биечлэн Холбооны салбарын ажил үйлчилгээний өөрийн өртөгт үндэслэгдсэн үйлчилгээний тариф, хөдөлмөрийн норм, норматив, цалин хөлс, урамшууллын системийг боловсруулж мөрдүүлснээр холбооны байгууллагууд анх удаа ашигтай ажилладаг болж, улмаар “Төлөвлөлт, эдийн засгийн урамшууллын шинэ систем”-ээр ажиллуулах аргачлалыг боловсруулан, 1973-1982 онд Холбооны салбарын бүх байгууллагуудыг энэхүү системээр ажиллуулсан нь 1985 оноос “Холбооны Яам” -ыг бүхэлд нь аж ахуйн тооцоогоор ажиллах боломжийг бий болгожээ. И.Норовжавыг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1979 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн зарлигаар БНМАУ-ын Холбооны сайдаар томилжээ. И.Норовжав нь сайдаар ажиллаж байх хугацаанд бүх сум, сангийн аж ахуй, хилийн заставыг аймгийн төвтэй нь агаарын шугамаар холбож, ЗХУ-ын бэлгийн болон буцалтгүй тусламжаар байгуулсан 4000 шахам км радио релейний шугам, радио нэвтрүүлэх 7 станц, олон сувгийн 2000 км агаарын шугам байгуулж өргөтгөх, Улаанбаатар хотын 1000 кВт, Чойбалсан хотын 1000кВт чадалтай радио станцыг байгуулж, 1980-аад оны эхээр бүх аймгийн төв, бүх сумдыг телевизийн нэвтрүүлгийг хүлээн авдаг, Улаанбаатар хотын телевизийн нэвтрүүлэх станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, 1982-1984 онд Улаанбаатар хотод улс, хот хоорондын холболтын хагас автомат станц байгуулснаар Монгол Улсын цахилгаан холбооны нэгдсэн сүлжээ, радио, телевизийн нэвтрүүлгийн сүлжээтэй болсон байна. Түүнчлэн Телевизийн үндэсний нэвтрүүлгийг Сансрын холбооны дагуулаар дамжуулах ажлын барилга угсралтын ажлыг удирдан гүйцэтгэснээр 1991 оны 7 дугаар сарын 1-нээс бүх аймаг, сум үндэсний телевизийн нэвтрүүлгийг үздэг болсон байна. Олон улсын сансрын холбооны ИНТЕРСПУТНИК байгууллагад 1993-1997 онд ажиллахдаа уг байгууллагын эдийн засгийн механизмыг зах зээлийн системтэй уялдуулан боловсронгуй болгох журам, аргачлалыг боловсруулан олон улсын хурлаар батлуулан хэрэгжүүлсэн байна. Монголын шуудангийн маркийн түүхэнд том байр эзлэх “ Алтадсан марк” гэж нэрлэгддэг 23 каратын алтан шармал бүхий Дэлхийн улаан номонд орсон Монголд амьдардаг амьтдын зургаар 30 нэрийн маркийг хэвлүүлэх, орлого, ашгаа хуваах асуудлыг Америкийн нэгэн пүүсийн санал болгосноор боловсруулан, Гадаад худалдааны яамтай хамтран холбогдох дээд байгууллагуудад оруулж, хэлэлцэн сүүлдээ Ю.Цэдэнбал даргад хүрч шийдвэрлүүлж байсан нь тухайн он цагийн түүхэнд тодоор бичигдэн үлджээ. Энэ маркийг нэг бүрийг нь 20 ам.доллароор зарж, нэг бүрээс нь 2.6 ам.долларыг манайх авч нийтдээ 234 мянган ам.долларын ашиг олж байв. Түүнчлэн Монгол хүн сансарт нисэхэд зориулан 7 номиналь, нэг блок бүхий марк, 2 төрлийн дугтуйг хэвлүүлэх, мөн сансрын бүхээгт шуудангийн тусгай штемпелээр тамгалах дугтуйг хэвлүүлэх, штемпелийг ЗХУ-ын Холбооны яамаар тусгай захиалгаар хийлгэх ажлыг И.Норовжав сайд гардан хариуцаж, уг ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна. Монгол Улсад нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж байсан 1990 онд ард иргэдийг мэдээллээр хангах, төрөөс болон орон нутгаас зарцуулж байсан хөрөнгийг зарцуулах боломжгүй болж, хүн, шуудан тээвэрт нисэж байсан АН-2 онгоц нисэхээ больж, бүх автомашин хувьчлагдаж, хөдөө, аж ахуйн байгууллагууд татан буугдаж, хөдөө, орон нутаг руу хэвлэл, шуудан хүргэлтийн сонгомол систем үйлчлэхэд хүндрэлтэй болсон байна. Энэ асуудлыг даван туулах зорилгоор олон асуудал боловсруулж байсан ба шуудангийн олон салбартай Улаанбаатар хот болон зарим хотуудад шууданг ялгах, бичиг, захидлын хаягийг бүрэн уншиж, аль салбарт хуваарилах зэргээс хамааран шуудан саатах, хоцрох явдал гарч байгааг И.Норовжав сайд гярхай анзааран шуудангийн салбарын дугаараа, тухайлбал, Улаанбаатар-46 гэж бичиж байхаар кодыг бий болгосон байна. И.Норовжав сайд сумдын холбооны салбарын байрыг өөрийн байртай болгох зорилгоор нэг загварын холбооны салбарын хоёр хувилбарын зураг хийж, барилгыг бариулах, салбарыг нэг загварын цөөн, ойлгомжтой үгээр сурталчлах, нэг загварын хаягтай болгох, шуудангийн индексийг боловсруулах, холбооны техник төхөөрөмжийг үйлдвэрлэх, хэрэгжүүлэх зэрэг ажлыг холбогдох мэргэжилтнүүдийг дэмжин ажиллаж байсан нь салбарын хөгжилд ихээхэн түлхэц өгсөн байна. Түүнчлэн харилцаа холбооны салбарын гадаад харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудалд ихээхэн анхаарч, Сансрын холбооны олон улсын Интерспутник байгууллага, Социалист орнуудын холбооны байгууллага, эдийн засгийн харилцан туслах зөвлөлийн шуудан, цахилгаан холбооны байнгын комисс, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын хуралд оролцож, үүнээс Монгол Улс анх удаа Бразилийн Рио- де-Жанейрд болсон Дэлхийн шуудан холбооны байгууллагын их хурлаас “Дэлхийн шуудан холбооны байгууллагын гүйцэтгэх зөвлөл”-д сонгогдож, Гүйцэтгэх зөвлөлийн хурлын нэгдүгээр ширээний нэг номерийн суудалд суух сугалаа сугалж 4 жил Гүйцэтгэх зөвлөлийн хуралд Монголын төлөөлөгчид энэхүү суудалд суудаг байсан ба тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, буцалтгүй дэмжлэг авч байсан нь шуудангийн хөгжилд ихээхэн үр ашгаа өгсөн байна. Мөн харилцаа холбоог хөгжүүлэх, түүний ажлыг сайжруулахад МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Засгийн газрын салбар хариуцсан дарга нар, аймгуудын нам, захиргааны байгууллагуудын удирдлагуудтай байнгын холбоотой ажиллаж байсны үр дүнд тэдний туслалцаа дэмжлэг нь харилцаа холбооны салбарын хөгжилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг байжээ. Ийнхүү гадаад болон дотооддоо хамтын ажиллагааг анхаарч, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, өнөөгийн сайхан хөгжлийн суурийг тавьж өгсөн үе үеийн сайд, хамтран зүтгэгчдийн нөр их хөдөлмөрийн үр шим гэдгийг одоо үеийн залуус ойлгож, үлгэр дуурайл авна гэдэгт итгэлтэй байна. Тухайн үед мэргэжилтэй боловсон хүчнээр салбарыг хангах, мэргэжлийн инженер, техникийн албан хаагчдаар байгууллагыг удирдуулах, сургалтад хамруулах, дахин мэргэшүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хужиртын холбооны салбарын хоёр давхрыг сувилал болгон өөрчилж, дулааны улиралд холбоочдоо сувилах, “ Сансар” хүүхдийн зусланг байгуулах, туслах аж ахуй байгуулж холбоочдоо хүнсээр хангах зэргээр удирдлагын өндөр мэдрэмж бүхий арга барилаар ажиллаж байсан нь түүний тухай номоос уншсанаа товчхон сийрүүлэн багтаахыг хичээлээ. И.Норовжав нь: 1989 оны 3-р сараас 1993 оны 2-р сар хүртэл Холбооны яамны Радио, радио релей, телевизийн техникийн ашиглалтын газрын дарга 1993 оны 2-р сараас 1997 оны 8-р сар хүртэл Олон улсын сансрын холбооны “Интерспутник” байгууллагад эдийн засгийн зөвлөх 1997 -2004 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Шуудан Цахилгаан Холбооны газарт Санхүү эдийн засгийн албаны дарга 2005 оноос Ньюком ХХК, Мобиком корпорац, Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн төвд “Төслийн удирдагч” зөвлөхөөр тус тус ажиллажээ. И.Норовжав нь Улаанбаатар хотын МАХН-ын хорооны XVII, XXII, XXIII бага хурал, МАХН-ын XVIII, XIX их хурлын төлөөлөгч, МҮЭ-ийн XII, XIII их хуралд төлөөлөгчөөр сонгогдож, зөвхөн харилцаа холбооны салбараар зогсохгүй улсын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж байсан. Мөн МАХН-ын их хурлуудаас МАХН-ын Төв Хорооны орлогч гишүүнээр хоёр удаа, Ардын их хурлын 10, 11 дахь удаагийн сонгуулиар Ардын их хурлын депутатаар 2 удаа сонгогдож, АИХ дахь парламентын бүлгэмийн гишүүн, АИХ-ын барилгын асуудлын байнгын комиссын нарийн бичгийн даргаар тус тус 10 жил ажиллажээ. И.Норовжавыг Монгол Улсын Харилцаа Холбооны салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөрийг нь төр засгаас өндөр үнэлж “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 60, 70, 80, 85 жилийн ойн медаль, Зэвсэгт хүчний 60 жил, Халх голын ялалтын ойн медаль, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн “Жуух бичиг”, ЗСБНХУ-ын “Улс түмний найрамдлын одон”, “Польш улсын хүндэт холбоочин”, Монгол Улсын “Онц холбоочин”, “Хүндэт холбоочин”, “Радио, телевизийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнажээ. Дээрх шагналаас гадна түүний нөр их хөдөлмөрийг өндрөөр үнэлж 2006 онд “Монгол Улсын Гавьяат холбоочин” цол олгосон байна. Харилцаа холбооны салбарын хөгжлийг түүчээлэгч хойч үедээ зориулан өөрийн оюун ухаан, сэтгэлээ чилээн холбооны салбарын техник технологийн тулгамдсан асуудлаар 50 гаруй эрдэм шинжилгээний сэдэвт өгүүлэл, нийтлэл бичиж, 10 орчим ном эмхэтгэж редакторлан хэвлүүлсэн байна. И. Норовжав нь Монгол Улсын анхны сансрын холбооны хиймэл дагуулын болон Сансрын кабелийн телевизийн техник эдийн засгийн үндэслэлийг тус тус боловсруулсан нь улс орон, харилцаа холбооны хөгжилд чухал ач холбогдолтой болсон байна. И.Норовжав гуай хэдийгээр өндөр насны тэтгэвэрт гарсан ч Монгол Улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч агентлаг Шуудан Цахилгаан Холбооны Газрын эдийн засгийн албаны даргаар ажиллаж байхдаа 2002 онд холбооны шилэн кабелийг холбооны агаарын шугамаар байгуулах төслийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг удирдан гүйцэтгэснээр богино хугацаанд хямд зардлаар Алтай-Улиастай, Ховд-Улаангом, Булган-Мөрөн сумын хооронд 700 гаруй км шилэн кабелийг байгуулснаар тоон системийг нэвтрүүлэх, хөдөлгөөнт холбоо, интернэтийн сүлжээтэй болгох нөхцөлийг бүрдүүлсэн нь оюун ухаан, сэтгэл зүрх хэзээ ч тэтгэвэрт гардаггүйг бэлхнээ харуулж байна. Түүнчлэн бага оврын Тоон радио релейны шугам байгуулах төслийг 2003 онд боловсруулж радио релейны шугамын дундын станцыг Монгол Улсад анх удаа алсаас автоматаар удирддаг, сэргээгдэх эрчим хүчний системээр ажилладаг техникийн өвөрмөц шийдлээр Цэцэрлэг-Хашаатын 150 км, Дархан-Шарын голын 50 км шугамыг ашиглалтад оруулсан байна. 2004 онд нэг нэвтрүүлгийг дамжуулж байсан сансрын холбооны нэг сувгаар телевизийн олон нэвтрүүлгийг тоон технологиор дамжуулах төслийг гардан боловсруулж, удирдан хэрэгжүүлж 2005 оноос эхлэн Телевизийн 5 нэвтрүүлгийг бүх сум суурин газарт болон зэргэлдээ улс орнуудад үздэг болсон нь улс орны хөгжил, ялангуяа хөдөөгийн ард иргэдийг мэдээ, мэдээллээр хангахад чухал ач холбогдолтой болсон юм. Монгол Улсын харилцаа холбооны салбарт хоёр, гурван ба түүнээс дээш үеэрээ удам залган ажиллаж байгаа холбоочид олон байдаг бөгөөд И.Норовжав гуайн гэр бүлийн “Холбоочид”-ын талаар танилцуулъя. И.Норовжав нь П.Мандахтай 1958-1960 онд Политехникумд хамт суралцаж байсан бөгөөд тэд 1964 онд гэр бүл болсон байна. Эхнэр П.Мандах нь 1961 онд Холбооны техникч- эдийн засгийн мэргэжлээр сургуулиа төгсөөд Булган аймгийн холбооны газарт техникч, эдийн засагч, тасгийн дарга, Тээвэр холбооны яаманд техникч, эдийн засагчаар ажиллаж байсан ба 1972 онд Эдийн засгийн дээд сургуульд суралцан Нягтлан бодогч, эдийн засагч мэргэжил эзэмшжээ. П.Мандах нь Холбооны яам, түүний харьяа Шуудан-цахилгаан холбооны газар, Холбооны үйлдвэрлэл шинжилгээний институтэд эдийн засагч, боловсон хүчин зэрэг албыг хашиж , холбооны салбарт 43 жил ажиллажээ. Том охин Н.Болормаа нь цахилгаан холбооны инженер мэргэжилтэй. Харилцаа холбооны салбарт 24 жил ажиллаж байна. Цахилгаан холбооны газрын Улс хоорондын албанд гадаад хэлний залгагчаар 1991 онд ажлын гараагаа эхэлж байсан ба Техникийн их сургуулийн Холбоо мэдээллийн техникийн сургуулийг Цахилгаан холбооны инженер мэргэжлээр 1997 онд төгсч Монголын цахилгаан холбоо ХК -ийн Хот хоорондын дамжуулах байгууламжийн ашиглалтын газарт (ЛАЦ) ээлжийн инженер, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шуудан цахилгаан холбооны газарт хөрөнгийн үнэлгээ, гэрээ хяналтын мэргэжилтэн, Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн төвд мэргэжилтэн, одоо Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Үйл ажиллагааны газарт Борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байна. Бага охин Н.Оюумаа нь 1997 онд Техникийн их сургуулийн Холбоо мэдээллийн техникийн сургуулийг Цахилгаан холбооны инженер мэргэжлээр улаан дипломтой төгсөж Монголын цахилгаан холбоо ХК-ийн Хотын телефоны газарт холбох шугамын байгууламжийн инженерээр ажиллаж байгаад 2006 онд Франц улсын Холбооны их сургууль « IMT Atlantique » -д Үүрэн холбооны чиглэлээр Магистрт суралцан төгсөж, 2007 оноос Франц улсын үүрэн холбооны хоёр дахь том компани болох « SFR » компанид инженерээр ажиллаж байгаад одоо байгууллагынхаа дизайн инженеренгийн газрын IMS, voLTE,voWIFI, HSS /HLR /UDM (5G),R4 , LI сүлжээний төхөөрөмжүүдийн ашиглалтыг хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байна. Том охин Н.Болормаагийн дунд хүү М.Болор-Эрдэм нь 2016 онд ШУТИС-Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийг Утасгүй холбооны инженер мэргэжлээр төгсөж гурав дахь үеийн холбоочин болжээ. Сургуулиа төгсөөд Скайтел ХХК-д ээлжийн инженерээр ажлын гараагаа эхэлж одоо тус компанидаа Технологийн газарт төлөвлөлтийн инженерээр ажиллаж байна. Ийнхүү энэ гэр бүлийнхэн удам залган гурван үеэрээ Монгол Улсын харилцаа холбооны салбарт ажиллаж, мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх, ард иргэдийн мэдээлэл, холбооны үйлчилгээний хэрэгцээг хангах ажилд бүхий л амьдрал, оюун ухаанаа зориулсан бахархмаар гэр бүл гэдгийг энд онцоллоо. И.Норовжав нь Монгол Улсын харилцаа холбооны салбарт өөрийн амьдралынхаа 45 жилийг зориулж, харилцаа холбооны хөгжил, үйлчилгээний чанарыг сайжруулах, залуу холбоочдод өөрийнхөө ажил хөдөлмөрийн арвин туршлагаа хуваалцаж үнэт сургаалаа хайрласаар байгаа манай ахмад холбоочдын нэг билээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” 2011 он, И.Норовжав “Харилцаа холбоо – Миний амьдрал” 2008, 2013 он Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь

Бусад мэдээ

Стартап компаниудыг олон улсад гаргахад хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Нгуен Дуан Танийг энэ сарын 08-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой өнгөрсөн онд тохиож, хоёр орны хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой ач холбогдолтой болсон гэдгийг онцолж, цаашид харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ. Тодруулбал, Монгол Улс төрийн үйлчилгээг цахимжуулж, иргэд гар утас болон суурин компьютер ашиглан төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажилласан. Энэ хүрээнд НҮБ-ын хоёр жил тутамд гаргадаг “Цахим засаглалын индекс” -ээр Монгол Улс 28 байраар урагшилж, 193 орноос 46 дугаарт эрэмбэлэгдэв. Үүнд, “И-Монгол академи”-ийн гүйцэтгэсэн үүрэг их бий гэдгийг онцлов. Иймд Вьетнам Улсын төрийн үйлчилгээг иргэдэд нь хүртээмжтэй хүргэх чиглэлд хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлэв. БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань: Сүүлийн жилүүдэд Вьетнам улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд дэлхийн томоохон IT компаниуд тус улсыг сонирхох болсон гэдгийг дуулгав. Энэ хүрээнд NVIDIA компанитай хамтын ажиллагааны хэлэлцээрийг өнгөрсөн 12 дугаар сард байгуулсан. Хэлэлцээрийн хүрээнд “Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх судалгааны төв” болон “Хиймэл оюун ухааны өгөгдлийн төв” байгуулахаар төлөвлөсөн. Мөн хагас дамжуулагчийн чипийн үйлдвэрлэл эрхлэгчид мөн тус улсад үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр хамтын ажиллагаагаа эхлүүлээд байгаа гэдгийг онцлов. Мэдээллийн технологийн салбар Вьетнамын эдийн засагт онцгой байр суурийг эзэлж байгаа бөгөөд цаашид энэ салбарт Монгол Улстай хамтран ажиллах орон зайг эрэлхийлж байгаагаа онцлов Уулзалтын төгсгөлд, Ц.Баатархүү сайд 2025 онд Монгол Улс дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн их өгөгдлийг эргэлтэд оруулж, хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд Вьетнам Улстай харилцан туршлага судлах, хоёр улсын стартап компаниудыг харилцан бойжуулах чиглэлд хамтарсан хөтөлбөр эхлүүлэх, шинэ гарч буй технологийг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломж талаар дурдав. Монгол Улсын хувьд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар ДНБ-ний 3.2 хувийг эзэлдэг бөгөөд мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн дэмжих тухай хуулийн хүрээнд Виртуал бүсэд бүртгүүлсэн IT компаниудад татварын болон татварын бус 8 дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Вьетнам улсын хувьд мэдээллийн технологийн компаниудыг эхний 4 жилийн хугацаанд ААНОАТ-с чөлөөлж, дараагийн 9 жилийн хугацаанд 50 хувиас эхлэн шат дараатай бууруулан сүүлийн хоёр жилд 10 хувь хүртэл буруулах зарчмаар төрөөс дэмждэг аж. Тус улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар нь ДНБ-нийхээ 1/3 хувь буюу борлуулалтын орлого нь 150 тэрбум ам.долларт хүрч, эдийн засгийн бусад салбаруудтай харьцуулахад өсөлт нь 2 дахин өндөр байна.

“Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд зөвлөх үйлчилгээнд хүсэлтээ ирүүлэхийг урьж байна

“Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилтын дор дараах бие даасан зөвлөх үйлчилгээнд та бүхнийг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.  Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2024.04.08, 15:00 PM Хүсэлт хүлээн авах хэлбэр: Цаасан болон цахим хэлбэрээр   Зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар, тавигдах шаардлага зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу: Нэг: Бие даасан ахлах зөвлөх/Silver IT (Лавлах дугаар: 3.1.2.3) https://www.smart.gov.mn/mn/consulting-services-3-1-2-3-senior-consultant-silver-it/ Хоёр: Бие даасан зөвлөх/Silver IT (Лавлах дугаар: 3.1.2.4-1) https://www.smart.gov.mn/mn/consulting-services-3-1-2-4-1-training-and-events-coordination/ Гурав: Бие даасан зөвлөх/Silver IT (Лавлах дугаар: 3.1.2.4-2)  https://www.smart.gov.mn/mn/consulting-services-3-1-2-4-2-marketing-and-outreach/ Дөрөв: Бие даасан зөвлөх/Silver IT (Лавлах дугаар: 3.1.2.4-3) https://www.smart.gov.mn/en/consulting-services-3-1-2-4-3-program-development/ Мэдээлэл харилцааны мэргэжилтэн “Ухаалаг засаг-2” төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж и-мэйл:  purevochir@smart.gov.mn гар утас: 976-99010865

Solarcity болон Hyperloop төслүүдийг Монголд хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов

ҮЙЛ ЯВДАЛ Solarcity болон Hyperloop төслүүдийг Монголд хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо 2022.08.16 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд өнөөдөр / 2022.08.16 / SpaceX компанийн ерөнхийлөгч Gwynne Shotwell болон Элон Маскийн багийнхантай цахим уулзалт хийлээ. Уулзалтаар Старлинк төслөөс гадна Элон Маскийн сэргээгдэх эрчим хүчний төсөл болох Solarcity болон Hyperloop төслүүдийг Монголд хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Тус яам нь 2022 оны 05 дугаар сард “Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл”-ийг баталсан бөгөөд энэхүү бодлогын баримт бичигтэй Старлинкийн үйл ажиллагааны стратегитай хэрхэн уялдах талаар ярилцав.  Түүнчлэн SpaceX компанитай хэрхэн хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан юм. Цахим хөгжил, харилцаа холбооны яам SpaceX компанийн сэргээгдэх эрчим хүчний Solarcity төсөл болон хотын түгжрэлийг бууруулах Hyperloop төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх саналыг тавьсан юм. Мөн дээрх төслүүдийн мэдээллийг сонсож, холбогдох албаны хүмүүстэй нь холбож, ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ