Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Фишинг халдлага

2021.04.28

Мэдээллийн технологийн хөгжлийн өнөө үед цахим харилцаанд цахим шуудан томоохон орон зайг эзлэхийн хэрээр цахим халдлагын бай болох байгууллага, хувь хүнийг эрсдэлд оруулах үйлдлүүд ихээр гарах болсон. Иймд байгууллага, хувь хүн бүр цахим шуудангийн аюулгүй байдлын тухай ойлголттой байж, хортой код агуулсан цахим шууданг таньж чаддаг байх нь тухайн халдлагаас үүдэх гарах аливаа эрсдэл, алдагдлыг бууруулахад чухал нөлөөтэй болоод байна. Фишинг халдлага гэдэг нь таны нууц үг болон энэ төрлийн хувийн мэдээллийг хулгайлах зорилготой бөгөөд хакерууд фишинг халдлагын тусламжтайгаар хэрэглэгчийн нэр, нууц үг, регистрийн дугаар болон бусад холбогдох мэдээллийг цуглуулж, тухайн мэдээллийг хууль бус үйлдэлд ашиглах замаар өөр төрлийн халдлагууд хийх тохиолдол их байдаг. 2004 оноос эхлэн дэлхий даяар фишинг төрлийн халдлага ихэсч байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд байгууллагууд алсын зайнаас ажиллаж буйтай холбоотойгоор эрчимтэй өсөж, учруулж байгаа хохирлын хэмжээ ч тэр хэмжээгээр нэмэгдсэн талаар Computer Fraud & Security сэтгүүлийн 2020 оны 9 дүгээр сарын дугаарын “Why is phishing still successful?” өгүүлэл, Wiley хэвлэлийн газрын Internet technology letters сэтгүүлийн 2020 оны 10 дугаар сарын “COVID‐19 pandemic cybersecurity issues” өгүүлэл, IEEE Xplore-д 2021 оны 1 дүгээр сард хэвлэгдсэн “Phishing Web Page Detection Methods: URL and HTML Features Detection” өгүүлэл зэрэг олон эх сурвалжид онцолсон байна. Мөн хэрэглэгчдийн хувьд ялгаатай системүүдэд ижил нууц үг ашигладаг нь тухайн халдлагын тоо болон хор хохирол буурахгүй байгаатай шууд холбоотой хэмээн судлаачид үзжээ. Ихэнх фишинг цахим шуудан нь бидний өдөр тутам ашигладаг интернэт банк, нийгмийн сүлжээний сайтын нэр, логог ашиглан, тэдгээртэй ижил төстэй мэдээллийн агуулгатайгаар цахим шуудан илгээдэг. Цахим шуудангийн агуулга хүний анхаарал, сонирхол татах зорилготой байдгаас хэрэглэгч чухал ач холбогдолтой цахим шуудантай андуурч фишинг халдлагад өртөж хувийн мэдээллээ алдах магадлал өндөр байдаг. Бидний өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг цахим шуудангаар дамжуулж буй гол протокол нь SMTP (Simple Mail Transfer Protocol) юм. SMTP протоколоор цахим шуудан илгээхийн тулд заавал толгой мэдээлэл (header information)-тэй байх шаардлагатай. Уг мэдээлэлд тухайн цахим шуудан ямар хаяг болон серверээс ирсэн зэрэг гол утгууд агуулагдах бөгөөд бид энэхүү өгөгдөлд тулгуурлан тухайн цахим шуудан фишинг мөн эсэхийг тогтоох боломжтой юм. Зураг 1-д харуулснаар цахим шуудан sans@email.sans.org хаягаас ирсэн байна.

Зураг 1. Цахим шуудангийн толгой мэдээлэл харах

Тухайн цахим шуудангийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл (толгой мэдээлэл)-д цахим шуудан илгээсэн серверийн тухай мэдээлэл тодорхой харагдана. Хэрвээ цахим шуудан илгээгчийн мэдээлэл сэжигтэй санагдсан бол virustotal.com зэрэг сайтуудыг ашиглан шалгаж үзэхээс гадна ping, whois зэрэг хэрэгслэл /tool/-ийн тусламжтайгаар илүү нягталж үзэх боломжтой юм. Цахим шуудан илгээгчийн мэдээлэл дунд “unknown” гэсэн мэдээлэл байвал хэдий тухайн хаяг нь зөв байсан ч спам эсвэл фишинг халдлага байх магадлал өндөр байдаг. Өөрөөр хэлбэл спам, фишинг цахим шууданг зарим тохиолдолд хэн нэгний өмнөөс илгээх боломжтой байдаг.

Зураг 2. Цахим шуудангийн толгойн мэдээллийн хэсэг

Жишээ нь:

Сайн байна уу. Эрхэм харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе.

Таны Instagram дахь хаягаар 2020 оны 4 сарын 26-ны өглөө 07:12 цагт (GMT +8) халдлага хийгдсэн байж болзошгүй үйлдэл илрч 5 удаа нэвтрэх оролдлого хийлээ. Энэ нь таны хаягт password guess, dictionary, rainbow table төрлийн халдлагууд хийгдсэн байж болзошгүй гэдгийг илтгэж байна.

Хэрвээ та тухайн үед хаягтаа хандах оролдлого хийгээгүй бол аюулгүй байдлаа хангах үүднээс ЭНД дарж нууц үгээ яаралтай сольно уу.

Таныг хүндэтгэсэн:

Instagram-ийн аюулгүй байдлын баг.

Дээрх цахим шуудангаас ихэнх хэрэглэгч “халдлага”, “instagram”, “password guess”, ”dictionary”, ”rainbow table” зэрэг өөрт ойр болон техник, технологийн үгсүүд дээр голчлон анхаарч чухал цахим шуудан хэмээн итгэж хохирогч болох магадлалтай байдаг.

Фишинг цахим шууданд дараах агуулгууд ихэвчлэн байдаг тул түүнийг танихад ашиглаж болно. Үүнд:

  • Нууц холбоос: Жишээ нь дээрх цахим шууданд холбоосыг ЭНД гэж нууцалсан байгаа нь мэдээллийн аюулгүй байдлын мэдлэггүй хэрэглэгчид тухайн холбоос дээр дарж өөрийн мэдээллээ хакеруудад алдах боломж бүрдүүлдэг.
  • Нууц үгээ, нууц кодоо солихыг шаардсан шинж, агуулгатай цахим шуудан ихэвчлэн фишинг төрлийн халдлага байх магадлалтай. Жишээ нь дээрх цахим шууданд та халдлагад өртсөн байж болзошгүй тул ЯАРАЛТАЙ НУУЦ ҮГЭЭ СОЛЬ гэсэн байдлаар шаардаж буй юм. Мөн сугалаанд хожсон тул та яаралтай холбогдох мэдээллээ оруулна уу гэх зэрэг оролдлого нь фишинг халдлагын ангилалд орно.
  • Монгол улсын иргэн биш бол ихэнх тохиолдолд халдлага үйлдэгч нь логикийн алдаатай, үгийн алдаатай, бичиглэлийн, найруулгын алдаатай байдлаар бичдэг. Жишээ нь дээрх цахим шууданд “сольно”, “илрч” зэргээр алдаатай бичжээ.
  • Дуурайлган хийсэн, ижил төстэй домэйн бүхий вэб сайт ашиглах замаар фишинг халдлага хийгддэг. Жишээ нь Монгол улсын иргэдийн хувьд ихэнх нь Google-ийн цахим шуудангийн хаяг ашигладаг. Тэгвэл халдагч этгээд gmai1.com зэрэг хаяг ашиглан ижилхэн харагдах вэб байршуулах замаар олон тооны хэрэглэгчийг хамарсан халдлага хийдэг.

ЦАХИМ ШУУДАНГААР ФИШИНГ ХАЛДЛАГА ХИЙЖ БУЙ ЭСЭХИЙГ МЭДЭХ АРГА:

  • Нууц холбоос агуулсан цахим шуудангийн холбоосын аюулгүй байдлыг шалгахдаа virustotal.com сайтыг ашиглаж, https://www.youtube.com/watch?v=n916FbMdyk0 энэ бичлэгийн дагуу шалгаж болох юм.
  • Нууц үг болон бусад нууцлалтай холбоотой мэдээлэл солих агуулга бүхий цахим шуудан ирсэн тохиолдолд вэб сайт, холбоост хандахаас өмнө тухайн хаяг болон холбоосыг нягтлаарай. Шаардлагатай тохиолдолд тухайн үйлчилгээ үзүүлэгч байгууллагад хандан тодруулж болно.
  • Цахим шуудангийн агуулга, найруулга, үг үсгийн алдаа зэргийг сайтар нягталж унших хэрэгтэй. Мөн цахим шуудангийн Signature хэсгийг сайн харах хэрэгтэй. Дээрх цахим шууданд зөвхөн “Instagram-ийн аюулгүй байдлын баг” гэсэн signature ашигласан байгаа нь албан бус болох магадлалтайг илтгэж байна. Бид албаны цахим шуудангийн signature хэсэгт тухайн хүн, байгууллагатай холбоо барих мэдээллийг оруулдаг гэдгийг санах хэрэгтэй.
  • Цахим шуудангаар ирсэн холбоос дээр яаран дарахгүйгээр хайлтын системээс тухайн байгууллагын албан ёсны хаягийг цахим шуудангаар ирсэн хаягтай харьцуулж үзээрэй.

Байгууллагын хувьд фишинг цахим шуудантай тэмцэж түүний хохирлыг бууруулах үндэс нь байгууллагын бүх ажилчдын түвшинд болон бусад харилцагч байгууллагуудын түвшинд фишинг халдлагын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, байгууллагын хүрээнд ёс зүйт фишинг халдлага хийх (Phish drill exercise) замаар халдлагад өртөх магадлалтай бүлгийг тогтоох, тухайн бүлэгт тусгайлан сургалт явуулж, эрсдэлийг бууруулж болно. Технологийн хувьд спам цахим шуудангаас хамгаалах, whitelisting үүсгэх зэрэг шийдлүүдийг ашиглаж болно. Мөн фишинг халдлага нь DNS, вэб хөтөч болон бусад протоколуудад халдах замаар улам ухаалаг болж буйг тооцоолох нь чухал юм.

Фишинг халдлагад өртөх магадлал өндөр салбар болон хэрэглэгчдийн бүлгийг APWG- аас / APWG report / дараах байдлаар тодорхойлжээ.  Үүнд:

  • Онлайн тоглоом тоглогчид
  • Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид, тэдний үйлчлүүлэгчид
  • Сошиал сүлжээ идэвхтэй хэрэглэгчид

Мөн уншигч та фишинг халдлагыг таньж чадах буй эсэхээ Google-ээс гаргасан дараах тестээр шалгаж үзээрэй. Холбоос https://phishingquiz.withgoogle.com/

Танд Зураг 3-т үзүүлсэн цонх гарч ирэх бөгөөд 1 дугаартай мөрөнд буй зааврыг уншиж 2 дугаартай хэсэгт буй цахим шуудантай ажиллан Фишинг эсвэл Албан ёсны цахим шуудан гэдгийг таних бөгөөд 3 дугаартай мөрөнд байх хэсгээс өөрийн хариуг сонгох юм.

Зураг 3. Фишинг цахим шуудан таних тест

 

Бусад мэдээ

“Цахимд хэвшье” уриан дор үндэсний хэмжээнд өрнөж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” нэгдсэн арга хэмжээ Ховд аймагт хэрэгжиж байна

Цахим шилжилт аймаг, орон нутагт бодитоор хэрхэн хэрэгжиж байгаа, иргэд цахим хэрэглээг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж чадаж байгаа эсэх, төрийн үйлчилгээ иргэдэд тэгш, хүртээмжтэй хүрч чадаж байгаа болон цаашид төрөөс, салбараас бодлогын ямар дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа зэрэг асуудлуудад хариулт өгөх, цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байна. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “И-Монгол академи” УТҮГ, Үндэсний дата төв УТҮГ, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ гишүүн 22 байгууллага хамтран зохион байгуулж буй “Цахимд хэвшье” уриа бүхий “Цахим хөгжлийн өдөрлөг” өнөөдөр (2024.04.05) баруун бүсийн 2 дахь аймаг Ховд аймагт үргэлжилж байна. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, ЦХХХЯ-наас батасан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зохион байгуулж буй уг арга хэмжээний хүрээнд Ховд аймагт: Аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтнууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад ЦХХХЯ-наас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээ, аймгийн цахим бодлогын хэрэгжилтийн байдал, цахим бодлогын баримт бичиг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломж, орон нутгийн төрийн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчилж төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох төслийн талаар танилцуулга, мэдээллүүд Төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн ажилтан, захиргаа, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд Кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, нийтлэг журам, төрийн үүлэн тооцооллын дэд бүтэц /mCloud/, цахим орчны зохицуулалт, docx, erp, sudalgaa.gov.mn, ekids системийн талаар сургалт Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад зориулсан цахим орчин дахь хүүхэд хамгаалал, цахим ур чадвар дээшлүүлэх сургалт Жижиг дунд бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдэд ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллага, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн 22 байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн, худалдаа, зөвлөгөө, мэдээлэл, сургалт зэрэг арга хэмжээнүүд нэгэн зэрэг зохион байгуулагдана.

“Алслагдсан бүсэд шилэн кабелийн сүлжээг нэмэгдүүлэх ажил үргэлжилнэ”

Монгол Улсын хүн амьдрах боломжтой нийт газар нутгийн 23.8 хувьд нь үүрэн холбооны сүлжээ нэвтэрчээ. Харин үлдсэн газар нутагт ямар нэгэн сүлжээнд холбогдоогүй байдалтай байна. Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас 2024 онд 74 багт, 2025 онд 55 багт сүлжээ нэвтрүүлж байна. Үүний зэрэгцээ, Монгол орны алслагдсан бүс нутагт харилцаа холбооны үйлчилгээг хүртээмжтэй хүргэх үүднээс Монгол Улс 2027 онд “Үндэсний хиймэл дагуул” хөөргөхөөр бэлтгэл ажлаа хангаж байна.   Тэгвэл цаашид газрын дэд бүтцийг ашиглан сүлжээ нэвтрүүлэх ажил үргэлжлэх үү эсвэл үндэсний хиймэл дагуулаар асуудлыг шийдвэрлэх үү гэдэг асуултыг Мобиком корпорацийн зүгээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүтэй уулзах үеэрээ тавьсан юм. Ц.Баатархүү сайдын хувьд Монгол Улс 2027 онд Үндэсний хиймэл дагуул хөөргөнө. Энэ болтол газрын дэд бүтцийг ашиглан сүлжээ оруулах асуудал цаашид үргэлжилнэ. Энэ ажилд оператор компаниуд идэвхтэй оролцохыг уриаллаа. Түүнчлэн тэрбээр, “Бүх нийтийн үүргийн сан”-ийн журмыг олон талын оролцоотойгоор шинэчлэх ажил хийгдэж байгаа, цаашид сангийн санхүүжилт, түүний зарцуулалтыг оновчтой болгох ажил хийгдэнэ гэдгийг онцлов. Мобиком корпорацийн зөвлөх Кобаяши Хироюки тус компанид одоогоор тулгамдсан асуудал байхгүй ч цаашид яамтай нягт уялдаа холбоотой ажил хүсэлтэй буйгаа уламжиллаа. Уулзалтын төгсгөлд, талууд дроны туршилтын бүс байгуулах, монгол инженерүүдийг зайнаас Япон улсад ажиллах нөхцөл бололцоог хангах, мэдээллийн технологийн мэргэжлээр боловсон хүчнийг сургасан компанид тодорхой хэмжээнд урамшуулал олгодог болох талаар санал солилцлоо.

АНУ-ын ORACLE корпорацийн төлөөлөлтэй албан уулзалт хийлээ

Oracle корпораци нь Америкийн Нэгдсэн Улсын Техас мужийн Остин хотод төвтэй Америкийн үндэстэн дамнасан компьютерын технологийн корпораци бөгөөд 2020 онд орлого, зах зээлийн үнэлгээгээр дэлхийн гурав дахь том программ хангамжийн компани болсон өгөгдлийн сангийн программ хангамж, технологи, үүлэн инженерчлэлийн системүүд болон программ хангамжийн бүтээгдэхүүн борлуулдаг корпораци юм. ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Oracle корпорацийн төрийн байгууллага хариуцсан захирал Иван Тимофеев тэргүүтэй төлөөлөлтэй өнөөдөр /2023.04.05/ албан уулзалт хийж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд, Монгол Улсад Oracle өгөгдлийн санг ашигладаг төрийн олон байгууллага байдаг талаар онцлов. Уулзалтаар Oracle өгөгдлийн санг ашиглаж буй Монгол Улсын төрийн байгууллагуудад төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх болон төрийн байгууллагын программ хангамжийн хүний нөөцийг үе шаттай бэлтгэх, мэдлэг, чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтад хамруулах боломжийн талаар ярилцлаа. Oracle өгөгдлийн санг Үндэсний дата төв, Татварын ерөнхий газар, Сангийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг цөөнгүй байгууллагууд ашигладаг бөгөөд Үндэсний дата төв нь 2014 оноос Oracle, Exadata X4 engineered системийг төрийн мэдээллийн үндсэн болон суурь мэдээллийн сангууд дээр ашиглаж эхэлсэн. 2021 оноос эхлэн Oracle Exadata X8M-2 engineered системийг ашиглаж байна. Уулзалтын төгсгөлд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ирэх 06 дугаар сард зохион байгуулагдах “ICT Expo 2023 Mindgolia” буюу Харилцаа холбоо, мэдээллийн технологийн олон улсын үзэсгэлэн, арга хэмжээнд Oracle компаний төлөөллийг оролцохыг урилаа.