Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Холбооны дөрөв дэх сайд Магсарын Чимиддорж

2021.03.25

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. 100 жилийн ой хүрээнд салбарын түүхэн замналыг цуврал нийтлэлээр хүргэж буй. Бид энэ удаад Холбооны 4 дэх сайд М.Чимэддоржийн тухай өгүүлж байна. Мушаадан овгийн Магсарын Чимэддорж 1923 онд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Улз голын ойр орчимд төржээ. 1933-1934 онд сумын бага сургуульд суралцан төгсөөд, жинчин болж, холбооны мэргэжилд дур сонирхолтой болсон тухайгаа “ … тэр үед арван хэдтэй хүү би жинчин болж, Онон голоос Баянтүмэн, Тамсагбулаг, Матад сум хүртэл үхэр тэргээр холбооны шугамын багана мод тээвэрлэж байлаа. Хүнд ачаатай үхэр тэрэг хөтөлж яваа хүүд урьд үзээгүй зүйл, олон янзын машинтай монгол, орос цэрэг дарга нар давхих нь сэтгэлд нэгийг бодогдуулна. Ялангуяа өдөр, шөнөгүй яваад байхад тасралтгүй үргэлжлэх холбооны агаарын урт шугам миний сонирхлыг гойд татаж байлаа. Энэ шугамыг харахад гайхамшигтай цэх шулуун тавигдсан, мод бүр нь өөрийн дугаартай, орой нь жигд бөгөөд цэвэрхэн тэр хэсэгт нь дэгээ, лонх суулгаж, төмөр утас татаж, тэгээд дүнгэнэж дуугарах нь бүр ч сонирхолтой, түүгээр ямар нэгэн чухал мэдээ дамждаг байх гэсэн бодол төрдөг байлаа. Энэ шугам байгуулдаг ажилтай бол ямар сайхан бэ, гэсэн бодол санаанаас гардаггүй боллоо. Ингэж явахдаа Улаанбаатар хотын холбооны сургуульд орж, шугам байгуулдаг мэргэжилтэй болохоор 1940 оны зун шийдэж билээ” хэмээн дурсан бичжээ. М.Чимиддорж 1940 онд Улаанбаатар хотод ирж, төсөр утасны сургуульд орж, 1944 онд холбооны техникумыг утсан харилцааны техникчийн мэргэжлээр төгсжээ. Түүнийг Улаанбаатар хотын телефон хорооны станцын шугамын хэсэгт механикч- монтёроор томилж, утасны модонд гарах, агаарын шугам шалгаж засах болон аюулгүй ажиллах арга техникийг эзэмшүүлсний дараа Их тэнгэрт тавигдсан утаснуудыг буюу Монгол Улсын төр засгийн удирдлагуудын тусгай холбооны ашиглалт үйлчилгээг гардан хариуцуулжээ. Дээрх үүргээ хариуцлагатай гүйцэтгэж, 1944-1946 онд тусгай байрны телефон техникчээр ажиллаж, мөн Холбооны техникумд багшилж байв. Үүний зэрэгцээ тэрээр МУИС-ийн бэлтгэл ангид оройгоор суралцан, өөрийн мэдлэгээ дээшлүүлэхэд анхаарч байлаа. МУИС-ийн тоо физикийн ангид суралцах болсноо сайд З.Аюурзанад танилцуулсан боловч эхлээд чухал ажил хариуцсан сайдын мэдлийн хүн атлаа зөвшөөрөлгүй ажлаа орхин сургуульд явах гэлээ гэж зэмлүүлж, сайд “Холбооны мэргэжлээр инженерийн дээд сургуульд гадаадад явуулбал чи суралцаж чадах уу” гэж асуусан гэдэг. Ийнхүү ЗХУ-ын холбооны сургуульд суралцуулахаар бэлтгэл хийж, 1946 онд Москва хотын Холбооны цахилгаан техникийн дээд сургуульд суралцахаар элсэн орж, 1951 онд тус сургуулийг радио холбооны инженерийн мэргэжлээр амжилттай төгссөн бөгөөд Монгол Улсын холбооны салбарын анхны инженер болсон байна. Тэрээр 1952 оноос Холбооны яаманд инженер, ерөнхий инженер, Холбооны яам болон Тээвэр холбооны яамны орлогч сайдаар ажиллаж байгаад БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1960 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар томилогджээ. Түүний Монгол Улсын харилцаа холбооны хөгжилд оруулсан үнэт гавьяа бол БНМАУ-ын харилцаа холбоог 1960-1975 онд хөгжүүлэх ерөнхий схем байсан бөгөөд энэ ерөнхий схемээс анхлан баригдсан томоохон төслүүд нь Холбооны төв барилга, Хонхор дахь радио нэвтрүүлэх төв, Наран дахь харилцаа холбооны зохицуулах хорооны радио долгионы хяналтын төв болон нийслэл аймаг, хоорондын шугамын өргөтгөн шинэчилж өнгөт шугам өлгөж телефоноор харилцуулах ажлыг эхлүүлсэн юм. М.Чимиддорж сайд шинийг санаачлагч байсан нь тэр 1939 онд Чойбалсан Тамсагбулгийн хооронд байгуулсан төмөр замыг хурааж шугамын баганын төмөр хөл хийж бэхлэх ажил байсан бөгөөд эзгүй хээр төмөр замын ган рельсийг тайрна гэдэг хүний ой тойнд оромгүй ажлыг идэр есийн хүйтэнд, үүрийн таван жингийн жавраар рельсээ тайрах газраа дэр тавьж байгаад хасуураар ором гаргаад үзүүр дээр нь лантуугаар цохиход хугардаг технологи нэвтрүүлсэн нь гайхалтай үр дүн өгч уул төмөр замыг 1957-1960 онд гуравхан өвөл хурааж Улаанбаатар, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Улаанбаатар, Архангай, Улаанбаатар Хужирт, Өвөрхангай чиглэлийн шугамын баганыг хөллөсөн нь тэдгээр шугамын бэхжилтийг шийджээ. М.Чимиддорж сайд 1962 онд Их Эзэн Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойгоор 4 ширхэг шуудангийн марк гаргасан нь дэлхийд маш үнэтэй цуглуулгын зүйл болсон бөгөөд гүйлгээнд гаргаад гурав хонож байтал ЗХУ-ын коммунист намын Төв Хорооны шахалтаар Чингис хааны ойг тэмдэглэх ажлыг зогсоосон учир борлуулалтыг хааж байсан ч ардчилсан хувьсгалын дараагаар хорио нь тавигдсан юм. Эх орныхоо түүхтэй холбоотой ийм марк гаргах зоригтой хүн социалист үзэл суртлын хатуу дэглэмийн үед ганцхан М.Чимиддорж гуай байсан бөгөөд түүнийг нь дэмжсэн МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, нарийн бичгийн дарга Дарамын Төмөр-Очир албан тушаалаас авахууны үндсэрхэг үзэл дэлгэрүүлэгч хэмээн буруутгагдаж байв. М.Чимиддорж 1962 оны намар Тээвэр холбооны сайдын ажлаасаа чөлөөлөгдсөн ЗХУ дахь БНМАУ-ын Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр томилогдсон бөгөөд энэ албаа хорь гаруй жил хашихдаа улсын харилцаа холбоог хөгжүүлэх анхдагч ба хоёрдогч ерөнхий схемийн зорилгыг биелүүлэх хэрэгт хүчин зүтгэж бүрэн биелүүлэхэд хүндтэй гавьяа байгуулсан ахмад холбоочин байсан. Тэрээр 1960-1973 онд АИХ-ын депутатаар сонгогдон ажиллаж байсан бөгөөд түүний хөдөлмөрийг өндрөөр үнэлж, “ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”- гоор 2 удаа, “ Алтан гадас” одон, “Монгол Улсын гавьяат эдийн засагч” цол, ЗХУ-ын “Улс түмний найрамдлын одон”- оор тус тус шагнажээ. Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын зөвлөх инженер Н.Цэвээндарь

Бусад мэдээ

Цахим хөгжлийн асуудал хариуцсан сайд нар “Digital Almaty 2023” форумд оролцлоо

Бүгд Найрамдах Казахстан Улсын “Astana hub” технологийн паркийн 2023.02.02-04-ний өдрүүдэд зохион байгуулсан “Digital Almaty 2023” форумд Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хүндэт зочны хувиар уригдан оролцлоо. Форумд ЕЭАЗХ-ны гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн болон Цахим хөгжлийн асуудал хариуцсан сайд нар оролцож, технологийн үзэсгэлэн үзэж танилцаж, улс бүрийн технологийн салбар дахь амжилт, ололт, туршлагын талаар илтгэлүүдийг дугуй ширээний уулзалтаар танилцуулсан юм. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инноваци, агаар-сансарын үйлдвэрлэлийн сайд Багдат Мусин, технологийн салбарын хөрөнгө оруулагч, Freedom Finance компанийн захирал Тимур Турлов нартай уулзаж Монгол Улсын мэдээллийн технологийн салбарт хөрөнгө оруулах боломж, бололцооны талаар харилцан ярилцсан бөгөөд дараагийн шатны уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахаар ярилцаж тохирлоо. Түүнчлэн Алматы хотын түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдол өгч буй скүүтер түрээсийн компаниудын тэргүүлэгч “Jet” компаний захирал Серик Успановтай уулзаж, тус компанийн хөрөнгө оруулалт татсан туршлага, технологийг Монголд нэвтрүүлэх, цаг агаарын ижил нөхцөлтэй Астана хотод хэрэгжүүлсэн туршлага, үр дүнгийн талаар ярилцаж, технологийн дэвшлийг ашиглаж түгжрэлийг бууруулах талаар холбогдох байгууллагатай холбож дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Харилцаа холбооны сүлжээний нэгдсэн хяналтын самбартай болно

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шуурхай хурал 2024 оны 12-р сарын 17-ны өдөр боллоо. Өнөөдрөөс хуралд оролцож буй газар, хэлтсийн дарга нарын ирцийг хяналтын самбарт /дашбоард/ байршуулж эхлэв. Сайдын шуурхай хуралдааны үеэр ЦХИХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баясгалан, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар нар сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа танилцууллаа. ЦХИХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь “Засгийн газрын 100 хоног”-ийн хүрээнд гурван ажил гүйцэтгэх үүрэг хүлээжээ. Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн хүрээнд газрын станц барих 5 байршилд үнэлгээ хийж, радио давтамжийн судалгааг гүйцэтгэв. Тус ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 12-р сарын 20-нд хүлээлгэж өгнө. Мөн хиймэл дагуулын арилжааны гэрээний орчуулга хийгдэж, ГХЯ-нд хүргүүлсэн байна. Энэхүү орчуулга батлагдсаны дараа яамдууд руу санал хүргүүлж, эцсийн байдлаар батлана. Ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна.   Мөн Харилцаа холбооны сүлжээний нэгдсэн хяналтын самбарыг хөгжүүлж, нэвтрүүлэх үүрэг чиглэлийн дагуу хөгжүүлэлт хийгдэж, 2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн ашиглах боломжтой болж байна. ШИВЭЭХҮРЭН БООМТОД 5G ЖОЛООЧГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ТУРШИНА Хилийн бүс орчимд 5G жолоочгүй тээврийн хэрэгсэл турших ажлыг Шивээхүрэн боомтод хэрэгжүүлэхээр 11 байгууллагын төлөөлөлтэй хамтран ажиллахаар болжээ. Тус боомтод жолоочгүй тээвэр турших дэд бүтэц нь бэлэн учраас 2025 оны 5-р сарын 1-ний өдрөөс өмнө дээрх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Мөн 5G ашиглах радио давтамжийн хувиарлалтыг төлөвлөсөн байна.   Цахим мөрийтэй тоглоомын эсрэг ЦЕГ, ХХЗХ-той хамтарсан “Хяналт-1” болон “Хяналт-2” гэсэн арга хэмжээ зохион байгуулжээ. Тус ажлын явцад Монгол Улсаас хандалттай 5241 домэйныг хязгаарласан. Цахим мөрийтэй тоглоомын мөнгөн эргэлт 2022 онд 1.7 их наяд төгрөг, ДНБ-ий 3.2 хувьтай тэнцэж байна. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн журмыг шинэчлэх ажлын хүрээнд АТГ-ын зөвлөмжийн дагуу ажлын хэсэг хуралдаж, удирдамжийн дагуу үүргээ хуваарилах, журмын судалгаа болон журам өөрчлөх эсэх дээр саналуудаа нэгтгэв. Харилцаа холбооны төслийн хүрээнд хөдөөгийн алслагсдан багт 2024 онд 50, 2025 онд 50 цэг шинээр оруулахаар төлөвлөснөөс ондоо багтан нийт 18 цэгийг ашиглалтад оруулах нөхцөл бүрджээ. 2025 онд дээрх төлөвлөлтөөс үлдсэн цэгүүд, Хэнтий аймагт 5, Хөвсгөл аймагт 2 нийт 119 цэгт сүлжээ оруулахаар төлөвлөсөн. ЛАВЛАГАА, ТОДОРХОЙЛОЛТЫГ ТӨРИЙН БАНКНЫ АТМ -ЭЭС АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ Харин Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор 407 ХУРДАН цэг ажиллаж байгааг онцоллоо. Үүнээс орон нутагт 256, Нийслэлд 103, боомтод 1 цэг байна. 1.6 жилийн хугацаанд дээрх цэгүүдийг байгуулж, 926 мянган үйлчилгээ үзүүлжээ. Түүнчлэн анхан шатны нэгжүүдэд ХУРДАН цэгүүдийг нийслэлийн дүүргүүдэд нэвтрүүлж эхэллээ. Мөн төрийн үйлчилгээ буюу лавлагаа, тодорхойлолтыг банкуудын АТМ-ээр үзүүлэх ажил Төрийн банкинд бүрэн хэрэгжсэн байна. Тус банкны 114 ATM-ээс лавлагаа, тодорхойлолт гаргах бэлтгэл ажил хангагджээ. Бусад арилжааны банкуудтай энэ асуудал дээр зөвшилцөхөөр ярилцаж байна. 785 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх Засгийн газрын 100 дугаар тогтоолын дагуу 43 байгууллагын 451 үйлчилгээг нэвтрүүлэв. 16 мэдээлэл хариуцагч байгууллагын 124 үйлчилгээг хасан, давхардсан, цахимд шилжих боломжгүй үйлчилгээнүүдийг ангилжээ. Нэмж 24 байгууллагын 210 үйлчилгээг нэвтрүүлэхээр судаллаа. Төрийн үйлчилгээний нэгдсэн системд 1263 үйлчилгээ байгаагаас портал хэлбэрээр 746, оператораар 529, аппликейшнаар 295, киоскоор 105 үйлчилгээг үзүүлж байна. Дээрх ажлын хүрээнд 517 хэрэгцээ шаардлага нь эргэлзээтэй үйлчилгээнүүдийг тодорхой болгожээ. Төрийн үйлчилгээнд процессын инженерчлэл хийж, дахин загварчлах тухай 1996 оны 36-р тогтоолоор буюу 28 жилийн өмнө хөндөгдөж байжээ. ТЦҮЗГ-аас ЖДҮГ-т 3 сарын хугацаанд процессын инженерчлэл хийж, бүтэц, чиг үүргийг зөв болгох, системтэйгээр нэгдсэн бодлогоор цахимжуулах, оролцогч талуудыг тодорхой болгох, уялдаатай байх, төрийн албыг цомхон, чадварлаг болгох тал дээр анхаарч ажиллав. Дээрх танилцуулга, ажлын явцтай танилцсаны дараа ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү доорх үүрэг чиглэлийг холбогдох дарга нарт өглөө.

АНУ-ын олон улсын худалдааны асуудал эрхэлсэн худалдааны дэд сайд, хатагтай Мариса Лагог хүлээн авч уулзав

Цахим хөгжил, инновоац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од өнөөдөр (2024.09.09) Америкийн Нэгдсэн Улсын олон улсын худалдааны асуудал эрхэлсэн худалдааны дэд сайд, хатагтай Мариса Лагог хүлээн авч уулзан, Монгол Улсад хүрэлцэн ирж, манай яаманд зочилж буйд баяртай байгаагаа илэрхийлж, хоёр орны хооронд хамтран хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцов. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам АНУ-тай харилцан тохиролцсоны үр дүнд хэрэгжүүлж буй томоохон ажлууд: АНУ-ын Төрийн департамент болон MITRI зэрэг байгууллагуудтай хамтарч Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрийн болон олон нийтийн кибер, халдлага зөрчилтэй тэмцэх байгууллагуудыг чадавхжуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тогтсон. Төв Азийн улс орнуудтай хамтарсан санаачилгын хүрээнд хэрэгжиж байгаа Торгоны зам инновацын төвд албан ёсоор Монголын мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч 10 компанийг байршуулж, Цахиурын хөндийн эко системд бойжуулах эхлэлийг тавьсан. Google компанитай хамтран мэргэжлийн цахим ур чадвартай 1000 боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагааны хүрээнд “Grow with Google” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Олон улсын цахим төлбөр тооцооны “Apple Pay” системийг манай улсад нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна. Цаашид цахим эдийн засгийг хөгжүүлэх хүрээнд АНУ-тай дараах чиглэлээр хамтран ажиллана. Хиймэл оюун ухаан, их өгөгдөл Хөрөнгө оруулалтын сан (Matching fund, Venture fund) Сансрын технологи, сансар судлал Кибер аюулгүй байдал