Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Харилцаа холбооны 100 жил: Улс орныг телевизжүүлэх бодлого хэрэгжиж эхлэв

2022.07.19

“Зурагт радиогийн нэвтрүүлгийг цаашид сайжруулах арга хэмжээний тухай” МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 64-р тогтоол 1969 оны 3 дугаар сарын 6-нд гарч, “Улс орныг зурагт радиожуулах” асуудлыг дэвшүүлэн тавих үүргийг Холбооны яаманд даалгасан юм. Ийнхүү телевизийн нэвтрүүлгийг үзэх хүрээг нэмэгдүүлэх талаар тухайн үеийн Радио, телевизийн техникийн төв Холбооны үйлдвэрлэл шинжилгээний институт хамтран ажилласны үр дүнд анхны дахин дамжуулах станцыг Төв аймагт дараа нь Налайхад хэрэгжүүлснээр цаашид орон нутгийг телевизжүүлэх асуудал ээлж дараатайгаар хэрэгжиж эхэлсэн түүхтэй. Тухайлбал, Үндэсний телевизийн нэвтрүүлгийг маргааш нь зөөж үзүүлэх аргуудыг 1972 оноос Дарханд, 1973 оноос Дорнод, Эрдэнэтэд, 1975 оноос Дорноговь, Хөвсгөл аймгуудад ашиглаж, улмаар радио релений станцууд байгуулагдаж дуустал энэ аргаар аймгийн төвүүдийг телевизжүүлэх асуудлыг шийдвэрлэж байв. Үндэсний телевизийн нэвтрүүлгийн зэрэгцээ тухайн үеийн Зөвлөлтийн төв телевизийн нэвтрүүлгийг нийслэл, орон нутагт үзүүлэх боломж нь “Орбита” станц байгуулах явдал байсныг ЗХУ өөрийн хөрөнгөөр барьж байгуулж өгөх асуудал шийдвэрлэгдэж, 1969 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр суурийг нь тавиад 1970 оны 1 дүгээр сард ашиглалтад оруулжээ. Тус станцын нэвтрүүлгийг үндэсний телевизийн нэвтрүүлэг гардаггүй Лхагва гаригийн 17.00-22.30, Бямба гаригийн 13.00-17.00 цагуудад УКВ станцаар цагийн хязгаартайгаар дахин дамжуулж байсныг 1973 оны 1 дүгээр сард Улаанбаатар хотод 100 Вт-ын чадалтай телевизийн дахин дамжуулах станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотод хоёр сувгаар нэгэн зэрэг телевизийн нэвтрүүлэг хүлээн авч үзэх техникийн боломж бүрджээ. Монгол Улсын цахилгаан холбооны нэгдсэн сүлжээ байгуулах, радио телевизийн дамжуулах сүлжээг өргөтгөх 1970-1990 онд хөгжүүлэх төлөвлөгөөг ЗХУ-ын Холбооны яамны эрдэм шинжилгээ, зураг төслийн институтэд Монгол Улсын мэргэжилтнүүд оролцон боловсруулжээ. Тус төлөвлөгөөг хэрэгжүүлэх, БНМАУ байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байгааг тохиолдуулан ЗХУ-аас 60 сая рублийн буцалтгүй тусламжийн хүрээнд 4000 км урт радио релений шугам байгуулж өгснөөр үндэсний телевизийн нэвтрүүлгийг тухайн цаг үед нь орон даяар дахин дамжуулах сүлжээний суурь тавигдсан юм. Тухайлбал, Радио релений шугам Улаанбаатар-Дашинчилэн-Булган-Эрдэнэтийн чиглэл 1980 оны 4 дүгээр сарын 22 өдөр, Дашинчилэн-Арвайхээр-Баянхонгор-Алтай-Өлгийн чиглэл 1981 оны 11 дүгээр сарын 28 өдөр, Улаанбаатар-Өндөрхаан-Баруун-Урт-Чойбалсангийн чиглэл 1985 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус, тус ашиглалтанд орсон бол 1985-1990 онуудад Улаанбаатар-Дархан-Сэлэнгэ, Улаанбаатар-Чойр-Бор-Өндөр-Сайншанд, Чойр-Мандалговь-Даланзадгадын чиглэлүүд ээлж дараатайгаар ашиглалтад орж, тус шугамын дагуу байрлах 100Вт-ын чадалтай “РЦТА” маркийн телевизийн дахин дамжуулах 86 ш станц ажиллаж, үндэсний телевизийн нэвтрүүлгийг Радио релений шугамын дагуух сум сууринд түгээн хүргэж байжээ.

1976  онд ЗХУ-д сансрын хиймэл дагуулын “Экран” систем ашиглалтад орж, жижиг суурин газруудыг телевизжүүлэхэд өргөн ашиглаж эхэлжээ. “Экран” систем нь 0,7 гГцын зурваст ажилладаг, хиймэл дагуул нь Дорнод уртрагийн 99 градуст байрлалтай үйлчлэх хүрээ нь 9 сая кв.м талбайг бүрэн хамарсан, түүний дотор манай орны нутаг дэвсгэр бүрэн хамрагдаж байсан нь тус системийг ашиглан Радио релений шугамаас бусад хот суурин газруудыг телевизжүүлэх боломж бүрдсэн байна. Ийнхүү анхны 20 ш  “Экран” системийн станцыг ЗХУ-ын буцалтгүй  тусламжийн хүрээнд шийдвэрлүүлж бүх аймгуудад 1980 оны босгон дээр ашиглалтад оруулсан бол 1981-1990 онуудад нийтдээ 400 гаруй сум сууринд суурилуулж, бүх сум сууринг телевизжүүлэх ажил 10 жилийн хугацаанд хийгдэж, телевизийн нэвтрүүлэг хүлээн авч үзэх хоёр сувгийн сүлжээтэй, нийт хүн амын 60 гаруй хувь нь зөвлөлтийн телевизийн нэвтрүүлэг, 42 хувь нь үндэсний телевизийн нэвтрүүлгийг шууд хүлээн авч үзэх техник технологийн боломжтойгоор 1990 он буюу зах зээлийн эдийн засаг руу шилжжээ.

1980 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн СнЗын “Холбооны буцалтгүй тусламжийн объектуудыг ашиглалтад хүлээн авах зарим арга хэмжээний тухай” 138-р тогтоолоор Холбооны Яамны “Радио телевизийн техникийн төв”-ийг өргөтгөн “Радио релей, радио телевизийн техник ашиглалтын газар”-ыг байгуулж, даргаар нь Ц.Мятав томилогдон, улс орны хэмжээнд байгуулагдсан радио релей, радио телевизийн дамжуулах сүлжээний техник ашиглалтыг хариуцан ажиллах болов.

Телевизийн өргөн нэвтрүүлэг хиймэл дагуулын системд шилжив

Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэрт байрласан бүх сум суурин газруудад үндэсний телевизийн сүлжээг зохион байгуулах ганц арга нь сансрын холбооны хиймэл дагуул ашиглах  нь  эдийн засгийн үр дүнтэй нь нотлогдсон энэ цаг үед буюу 1990- ээд  онд “Азиасат-1”  хиймэл дагуулыг ашиглаж,  Ардын хувьсгалын 70  жилийн ойн өмнө үндэсний телевизийн сувгаар улс орныг бүрэн телевизжүүлэхээр шийдвэрлэв.

БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 111 дүгээр тогтоолын дагуу тэр үеийн “Холбооны ерөнхий газар”  1991 онд Азийн хиймэл дагуулын байгууллагатай “Азиасат-1” системийн хиймэл дагуулаас “СИ” зурвасын сувгийг 7 хоногт 34 цагийн телевизийн нэвтрүүлэг дамжуулах зорилгоор түрээслэн авч ашиглах гэрээг  таван жилийн хугацаатай байгуулжээ.

Телевизийн үндэсний нэвтрүүлгийг сансрын хиймэл дагуул ашиглан орон нутагт дамжуулах тухай гэрээг ДБЯны Холбооны Ерөнхий газар – Азиасат компанийн хооронд 1991 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулж, 1991 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Азиасатын хиймэл дагуулд Монголын үндэсний нэвтрүүлгийг хүргэх газрын станцыг Монгол Улсын хөрөнгөөр байгуулж ашиглалтад оруулсан байна. Улмаар 1991 оны Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор бүх  аймаг, сум суурин газрууд Азиасат хиймэл дагуулаар дамжуулан үндэсний телевизийн нэвтрүүлгийг хүлээн авч үзэх боломж бүрдэв.

Тухайн үед Холбооны сайдаар ажиллаж байсан Б.Баатар дурсахдаа “…Орон нутгийг телевизжүүлэх тендерийг олон улсын хэмжээнд зарлан  Япон улсын “NEC” корпорац шалгаран  “Азиасат-1” хиймэл дагуулын нэвтрүүлэх ба хүлээн авах газрын станцыг барьж байгуулсан юм. Сумуудад тавих 306  хүлээн авах станцыг дагалдах төхөөрөмжийн хамтаар БНХАУ-д захиалан хийлгэсэн боловч санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй бэрхшээл тулгарсныг Ерөнхийлөгч П.Очирбатад танилцуулахад БНСУ-ын “Дэвү” корпорацаас 1.2 сая  ам.долларын тусламж авч шийдвэрлэж, 1991 оны 7 дугаар сарын 4-ны өдөр мэргэжилтэн Арвинцогтын хамт ачааны хоёр онгоц хөлөглөн авчирч байсан билээ…”  гэжээ. Ийнхүү улс   хувьсгалын 70 жилийн ойн босгон дээр Радио релей, радио телевизийн техник ашиглалтын газрын /РРРТТАГ/ хамт олон богино хугацаанд бүх сум суурин газруудад суурилуулан хийж  гүйцэтгэн, Үндэсний их баяр наадмаар орон даяараа үндэсний телевизийн нэвтрүүлгийг сансраас хүлээн авч үздэг болжээ.

Ийнхүү анх удаа хиймэл дагуулын “Азиасат-1” /1991-1998он/ системийг ашиглан үндэсний телевизийн нэвтрүүлгийг орон нутагт хүргэх, түрээсийн төлбөрийг сарын 76,583.34 ам.доллар байхаар гэрээлж, 7 хоногийн 6 өдөр 18.00-23.00 цагт ажиллаж байхаар тусгажээ. “Азиасат-1” системийг 1991-1998 он хүртэл 7 жил ашигласны дараа өөр хиймэл дагуулын сувагт  шилжүүлж, дахин шинэ суваг түрээслэх талаар тухайн үеийн Дэд бүтцийн хөгжлийн яамнаас ажлын хэсэг гарч ажилласан байна. Хиймэл дагуулын суваг түрээслэх хамгийн оновчтой хувилбарыг сонгох ажлын хүрээнд Интерспутникийн “Экспресс-6” , “Азиасат-2”,  “Интелсат-66” системүүдийг судалж  үзэн, хоногийн 24 цагийн турш ашиглах, төлбөр нь хямд зэргийг үндэслэн хоёр дахь удаагаа хиймэл дагуул түрээслэхээр “Интелсат”ыг/1998-2006 он/ сонгож, 1998 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ашиглахаар болсон бөгөөд “Хиймэл  дагуулын сувгийг шилжүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 32  тоот тогтоол гарч хэрэгжүүлсэн байна.

Орон нутагт үндэсний телевизийн өргөн нэвтрүүлгийг олон сувгаар дахин дамжуулах Монгол Улсын Засгийн газрын 2006 онд гарсан бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд техник технологийг сонгох, үйлдвэрлэгч, нийлүүлэгчийг олох, зохих журмын дагуу тендер зарлаж хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих ажлыг тухайн үед шинээр байгуулагдсан Засгийн газрын тохируулагч агентлаг -Мэдээлэл, Харилцаа холбоо, Технологийн газраас /дарга Ч.Сайханбилэг/, томилогдсон ажлын хэсэг /Бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга А.Мөнхбат, мэргэжилтэн Зоригтбаатар, Бодлогын хэлтсийн дарга Амгаланбат, зөвлөх Л.БанзрагчРТСГын дарга Т.Гантөмөр, МХС ТӨК-ний мэргэжилтэн З.Гантөмөр/ хариуцан гүйцэтгэсэн байна. Тус газраас зарласан  “Орон нутагт олон сувгийн телевизийн нэвтрүүлгийг хүлээн авч дахин дамжуулах техник тоног төхөөрөмжийг нийлүүлэх” тендерт “Сансар кабель”-ийн телевиз шалгарч хэрэгжүүлсэн  байна. Ийнхүү манай улс хиймэл дагуул түрээслэн ашиглах гэрээгээ 3 дахь удаагаа өөрчлөн 66  градуст байрлалтай хиймэл дагуулын “Интелсат-66” системээр/2006-2010 он/ 373  сум сууринг телевизжүүлэв.

1967 онд ашиглалтад орсон УКВ станцын “Якорь” станцыг 2 ба 4 дүгээр сувгийн АТРС маркийн ЗХУ-д үйлдвэрлэсэн 5 кВт хүчин чадалтай шинэ станцаар шинэчлэн ашиглалтад оруулж УБ хотын иргэд чанартай өнгөт нэвтрүүлэг хүлээн авч үзэх болжээ.

БНМАУ-ын ЗГын 1991 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 325 дугаар тогтоолоор радио телевизийн нэвтрүүлэг дамжуулах чиг үүрэг бүхий их хүчний радио станцууд болон УКВ станцыг Холбооны Яамны РРРТТАГ-аас РТХЭГын мэдэлд шилжүүлэв.

Үндэсний телевизийн нэвтрүүлгийг хиймэл дагуулаар 24 цагийн турш дамжуулж байх гэрээг үндэслэн орон даяар “Азиасат”-аас “Интелсат” хиймэл дагуулын систем рүү шилжив.

2 ба 4 дүгээр сувгийн дамжуулах станц тархалтын хүрээний зураглал

1991 онд ашиглалтанд орсон телевизийн 2 ба 4 дүгээр сувгийн дамжуулах станц

 Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер  Т.Гантөмөр

Бусад мэдээ

Радио өргөн нэвтрүүлгийн дамжуулах сүлжээг тоон технологид шилжүүлнэ

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2025 оны хурал боллоо. Дээрх хуралд ЦХИХХ-ны сайд Э.Батшугар Радио өргөн нэвтрүүлгийн дамжуулах сүлжээг тоон технологид шилжүүлэх төслийг танилцууллаа. Манай улсад нийт тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо 2000 онд 2547 байснаас 2024 онд 5118 болж хоёр дахин нэмэгдсэн бол жилд 250 орчим хүн гамшиг ослын улмаас амь насаа алдаж байна. 2023-2024 онд нийт нутаг дэвсгэрийг хамарсан зудын гамшиг тохиолдож, 7.4 сая мал хорогдож, эдийн засагт 1.3 их наяд төгрөгийн хохирол учирсан, 2025 онд 273 удаагийн ой, хээрийн түймрийн улмаас 1.2 сая га ойт хээрийн талбай шатаж, 6.3 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ. Эдгээр баримт мэдээллийг өнөөдөр болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хурлын үеэр танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн дарга Г.Занданшатар тус хурлыг нээж үг хэллээ. Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн эрсдэлийг дан ганц нэг салбарт нөлөөлөх байдлаар биш дэлхий нийтэд системийн хэмжээнд авч үзэж байна. Мөн учирч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээг эртнээс төлөвлөж хэрэгжүүлдэг болж байна. Эрсдэлийг бууруулах арга хэмжээний нэг ам.доллар гамшгийн дараах хохирлын 15 ам.доллартой тэнцдэг гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Ерөнхий сайд энэ оны наймдугаар сард Үндэсний аврах бригадын алба хаагч нарын саналыг сонсож, онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгосон. Ирэх жилийн улсын төсөвт тусгасан ажлууд, мөн Монгол Улсын Засгийн газар Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх томоохон техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт, арга хэмжээнүүд, Азийн хөгжлийн банкны зээлийн төслийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүд зэргийг хэрэгжүүлснээр ирэх жилүүдэд онцгой байдлын албаны хөрөнгө оруулалт, хангалтыг шинэ шатанд хүргэнэ гэж зорьж байна гэлээ. Улс, орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийн менежментийн тогтолцоог нэвтрүүлж, болзошгүй эрсдэлийг бууруулахад үндэсний болон орон нутгийн зөвлөлийн дарга, гишүүд онцгойлон анхаарч, эрсдэлийг урьдчилан тооцож, бууруулахад дараах чиглэлээр анхаарал хандуулж ажиллахыг Ерөнхий сайд чиглэл болголоо. Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам тархан суурьшсан, нүүдлийн амьдралын хэв маяг, мал аж ахуй бүхий Монгол орны хувьд ялангуяа хөдөө орон нутгийн иргэдэд, малчид, тариаланчид, хилчид, тээвэрчдэд үнэн зөв мэдээ, мэдээллийг хүлээн авах, гал, гамшгийн үеийн мэдээг олон нийтэд найдвартай, хугацаа алдалгүй түргэн шуурхай дамжуулах, тэнцвэртэй, чанартай, хүртээмжтэй хүргэхэд радио өргөн нэвтрүүлгийн сүлжээг өргөтгөх, шинэчлэлт хийх нь чухал тулгамдсан асуудал болоод байна. Мөн Монгол Улсын аналоги радио өргөн нэвтрүүлгийн дамжуулах сүлжээг тоон технологид шилжүүлж, үйлчилгээний тогтвортой, найдвартай, тасралтгүй байдлыг сайжруулахад оршино. Үр дүнд нь Радио өргөн нэвтрүүлгийн дэлхийн стандартад нийцсэн, хүртээмжтэй, чанартай, мэдээллийн өндөр багтаамжтай, радио давтамжийн спектрийн ашиглалт сайжирсан үйлчилгээг иргэдэд хүргэх боломж бүрдэнэ. Тоон технологид шилжсэнээр нэвтрүүлгийн дамжуулалт улс орныг бүрэн хамрах бөгөөд энэ нь улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын том илэрхийлэл байна. Онцгой нөхцөл байдал /гамшиг тохиолдсон/-ын үед газарзүйн байршлаас үл хамааран хэрэглэгчдэд үнэн зөв бодит мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг ач холбогдолтой.

Хиймэл оюун ухааныг улсын чухал стратегийн нэг хэсэгт тооцож эхэлжээ

Хиймэл оюун ухааны (AI) салбар дахь хөрөнгө оруулалт эрчимжиж, олон улсын томоохон компаниуд болон сангууд энэ чиглэлд анхаарлаа хандуулж байна. Тухайлбал, АНУ хиймэл оюун ухааны судалгаа, хөгжүүлэлтэд хамгийн их хөрөнгө оруулдаг орнуудын нэг юм. Google, Microsoft, OpenAI зэрэг компаниуд нь салбарын хөгжлийг тодорхойлж байна. Тус улсын Засгийн газар 2019 онд AI-ийн үндэсний стратегийг зарлаж, судалгаа, боловсролд хөрөнгө хуваарилах ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ Эрүүл мэндийн салбарт AI ашиглан өвчнийг эрт илрүүлэх, цэргийн салбарт хяналтын системд ашиглаж байна. БНХАУ хиймэл оюун ухааны технологид ихээхэн хөрөнгө оруулж, 2030 он гэхэд дэлхийд тэргүүлэх зорилго тавьсан. Alibaba, Baidu зэрэг компаниуд нь AI-ийн томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг. Тус улсын Засгийн газар AI-ийг улсын чухал стратегийн нэг хэсэгт тооцон, хотуудыг ухаалаг болгох төслүүдийг хэрэгжүүлж байна. Жишээлбэл, нүүр таних технологийг замын хөдөлгөөн зохицуулах, гэмт хэрэг илрүүлэхэд ашиглаж байна. Харин Европын Холбоо 2021-2027 оны хооронд AI болон тоон технологид 20 тэрбум еврогийн хөрөнгө оруулах зорилт тавьсан. Улмаар AI-ийн ёс зүй, хариуцлагын талаар дэлхийд тэргүүлэх дүрэм, стандарт тогтоохыг зорьж, эрүүл мэнд, байгаль орчны салбарт AI технологийг хөгжүүлж байна. Япон улс үйлдвэрлэл, робот техникийн салбарт AI-г өргөн ашиглаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр. 5G сүлжээнд суурилсан ухаалаг хотууд байгуулах, ахмад настны эрүүл мэндийг сайжруулах чиглэлд AI ашиглах бодлогыг ч эрчимжүүлжээ. Хүн-роботын хамтарсан үйлдвэрүүд, робот асрагч системүүд зэргийг ч нэрлэж болно. Энэтхэг улс AI-ийн үндэсний стратегиа баталж, боловсролын салбарт AI интеграц хийхийг зорьж байна. Мөн хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт AI шийдэл нэвтрүүлж эхэлсэн. Харин далайд гарцгүй орнуудын хувьд хиймэл оюун ухааны (AI) болон дижитал технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх нь олон улсын зах зээлд гарах, эдийн засгаа төрөлжүүлэх, дотоодын нөөц бололцоогоо үр ашигтай ашиглах боломжийг нээв. Эдгээр орнуудын бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл нь тэдний газар зүйн байршил, эдийн засгийн бүтэц, хөгжлийн стратегитай нягт холбоотой аж. Тухайлбал, төрийн үйлчилгээ болон засаглалаа сайжруулахаар Казахстан, Узбекистан зэрэг орнууд AI-г төрийн цахим үйлчилгээнд нэвтрүүлж, засаглалын ил тод байдал, үйл ажиллагааны хурдыг нэмэгдүүлэхэд хэрэглэж байна. Далайд гарцгүй орнуудын хувьд тээвэр, ложистик нь хөгжлийн гол сорилт болдог. Тиймээс Казахстанд AI ашиглан төмөр зам, авто замын тээврийн оновчлол хийх судалгааны төслүүдийг хэрэгжүүлж эхэлжээ. Мөн газар зүйн байршлын сул талаа нөхөхийн тулд технологийн салбарын өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх төслүүдийг хэрэгжүүлж байна. Жишээ нь Унгар, Словак зэрэг орнууд IT, стартапуудыг дэмжих бодлого баримталж эхэлсэн. Эдгээр орнууд өндөр боловсролтой ажиллах хүчнээ ашиглан програм хангамж, дата шинжилгээний чиглэлд мэргэшихэд анхаарч буй. Түүнчлэн Киргизстан, Тажикистан зэрэг орнууд AI хөгжүүлэхэд шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх болсон.   Далайд гарцгүй орнууд бүс нутгийн интеграцид AI-г ашиглан худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх боломжтой. Зүүн Африкийн Руанда, Уганда зэрэг орнууд бүс нутгийн ложистик, дижитал төлбөр тооцоонд AI ашиглаж эхэлсэн. Харин Төв Азийн орнууд хил дамнасан ложистикийн системийг AI-д тулгуурлан хөгжүүлж байна. McKinsey-ийн тайланд дурдсанаар, AI нь 2030 он гэхэд дэлхийн эдийн засагт 13 их наяд ам.долларын хувь нэмэр оруулах аж. Энэ нь жилд дунджаар 1.2 хувийн өсөлттэй тэнцэж, AI-ийн нөлөөгөөр дэлхийн эдийн засагт ихээхэн өөрчлөлт гарахыг урьдчилан тооцоолж  байна.

Хэнтий аймгийн төрийн албан хаагчдад цахим ур чадвар олгох сургалт зохион байгууллаа

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Хэнтий аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг “И-Монгол академи”-ийн сургагч багш О.Билгүүн зохион байгууллаа. Сургалт “Албан бичиг солилцооны дундын систем”, “Тоон гарын үсэг түүний хэрэглээ”, “Төрийн албан хаагчдад хэрэгцээт цахим хуудсууд”, “Мэдээллийн аюулгүй байдлын суурь ойлголтууд”, “Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам зэрэг сэдвийн хүрээнд болж, албан хаагчдын сонирхсон асуултуудад хариулт өгөн, мэдээлэл солилцлоо. Сургалтад Хэнтий аймгийн төрийн 8 байгууллагын 30 орчим албан хаагч хамрагдаж мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ. #цахим_аймаг #Хэнтий