Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Монгол Улсын Харилцаа холбооны үүсэл хөгжил, өртөө, улааны тухай

2021.02.16

Анхны өртөө улаа яаж үүссэн цаашид хэрхэн өргөжин хөгжсөн, өртөө улааг зохион байгуулж байсан хэлбэр, харилцаа холбооны хөгжилд нөлөөлж байсан эерэг болон сөрөг хүчин зүйлийн талаар товч мэдээлэл хүргэж байна. Монгол Улсын харилцаа холбооны салбарын дотроос шуудан холбоо нь хамгийн эртний ууган салбарын нэг юм. Өртөө шуудангийн эртний буурал түүхтэй улс орнуудын нэг нь Монгол Улс юм. Эдүгээгийн Монгол Улсын нутагт манай эрины өмнөх III зууны сүүлчээс оршин тогтнож байсан Хүннү нар олон муж хязгаартайгаа түргэн шуурхай харилцах хааныхаа зарлигаа хүргэх, мэдээлэл солилцохын тулд элч зарж, бичиг илгээж байсан мэдээ байдаг. (Монгол Улсын гавъяат холбоочин И.Норовжавын өгүүллээс…) ХҮННҮ УЛСЫН ҮЕИЙН ӨРТӨӨ ШУУДАН Эртний нүүдэлчин монголчуудын харилцаа холбооны гол хэрэглүүр нь морьт элч, галын дохио, дарцаг, утаа зэрэг зүйлс байлаа. Манай эрины өмнөх III зууны сүүлч II зууны эхнээс Хүннү улсад “Оуто ван” буюу өртөө ван хэмээх албан тушаал байжээ. Уг гүрний вангууд эзэн хаандаа яаралтай бичгүүдийг уургын улаа хэрэглэн буухиа элчээр явуулж эхэлснээр шуудан холбооны эх үүсвэр тавигдсан түүхтэй. Мөн III зууны сүүлч II зууны үед Хүннү нар гадаадад элч зарж, бичиг илгээж байсан мэдээ бий. Манай эриний IV зуун “Өртөөчин “ хэмээх албан тушаал бий болж, улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан өртөө байгуулж эхэлсэн. УУРГЫН УЛАА Уургын улаа гэдэг уургалан барих гэсэн утгатай үг бөгөөд харилцан нэвтрэлцэх явдлын нэг хэсэг, түр зуурын өртлөг өртөөний нэг хэлбэр юм. Энэ нь харилцаа холбооны анхны хэрэглэж байсан өртөө. Уургын улаач нь шууданч хаана яваа газраасаа ямар ч айлын сүргээс морь хөсгөө сольж, хүнсний хоол ундаа бэлтгэн хэрэглэхийг хэлдэг. Үүнд нь ард иргэд таатай бус хандаж байсан учир уургын улаач нараас аль болох холуур байхыг хичээдэг байв. Тиймээс уургын улаа нь маш их дутагдалтай байсан жишээ нь өртөө хоорондох зай харилцан адилгүй учраас айл хүнгүй газар унаа хөсгөө сольж чадахгүй, мөн хоол хүнсгүй болох зэрэг эрсдэлтэй тулгардаг байсан. Мөн уургын улаач нарт яаж явах замыг нь зааж өгсөн орчин үеэр бол газрын зураг байхгүй байсан тул яаралтай шуудан бичиг замдаа саатаж хугацаанаасаа хожимдох нь элбэг байв. ЧИНГИС ХААНЫ ҮЕИЙН ШУУДАН

XIII зууны эхэнд Монголын тулгар төрийг үндэслэгч их хаан Чингис нэгдсэн Монгол Улсыг байгуулсан тэр цагаас Монгол овог аймгуудын хооронд харилцан нэвтрэлцэх явдал нилээд өргөн болж шуудан өртөө нь улсын нэгдмэл алба болон хөгжсөн байна. Ийнхүү өртөө шуудангийн албыг эхнээс нь төрийн өндөрлөг албадын хооронд болон төрөөс нийгэмд хүргэх мэдээллийг харилцан дамжуулах үндсэн хэрэгсэл, онцгой алба болгон зохион байгуулж иржээ.

ӨГӨДЭЙ ХААНЫ ҮЕИЙН ӨРТӨӨ ШУУДАН

XII-XIII зууны Монгол оронд Чингис хааны гэрээслэл ёсоор 1228-1241 онд хаан ширээнд сууж байсан Өгөдэйн үед мэдээлэгч, захирагч \мэдээлэл\ нарыг бий болгон өртөө байгуулсан нь харилцаа холбооны хувьд уургын улааг устгаж, улсын өртөө байгуулсан явдал юм. Тэр үед өртөөгөөр цэргийн анги, эд бараа, нум сум, эмээл, хазаар зэргээр юм татаж авах эсвэл хаа хол газраас сувд, тана авчрах явдалд өртөөг өдөр шөнөгүй дайчилж байсан нь иргэдийг ихэд гачигдуулж байжээ.

Монгол гүрний хэмжээгээр өртөө байгуулах Өгөдэйн анхны шийдвэр дотор “Элч нарыг явуулахад явдал удаан, улс иргэнд зовлон буй учир “Огооторшуулан“ \журам болгон\ зүг зүгийн мянгат мянгатаас замчин \улаачин \ гаргуулж, суурьт зам өртөө үүсгэн, элч нарыг хамаагүй улсаар үл хэсүүлэн давхцуулах, зөвхөн өртөөгөөр явуулах хэрэгтэй гэж заасан байжээ.

Өгөдэй хаан анхны үед 37 суурь өртөө байгуулж, мянгат бүрээс суурь тутамд улаач, унааны морь, хүнсний хонь, саалийн гүү, хөллөх үхэр, ачих тэрэг зэргийг тогтоосон хэмжээгээр гаргах үүрэг ноогдуулж байв.

1232-1233 онд өртөөний ажлыг эмх журамтай болгохын тулд өртөөгөөр пайз тэмдэг, зар бичиггүй явсаныг цаазлах, өртөөгөөр явагчдын хэрэглэх хүнс шүүсний хэмжээг тогтоож, хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг цээрлүүлэн шийтгэж байхаас гадна өртөө замыг зөвхөн бүх монгол орны дотор төдийгүй 1235 оны үед монгол гүрний эзэмшсэн уудам нутагт өртөө замыг байгуулжээ. Энэ утгаар нь Өгөдэй хааныг монголд шуудан холбоог үндэслэгч, түүний байгуулсан шуудан өртөөг одоогийн шуудангийн төдийгүй харилцаа холбооны сүлжээний анхдагч гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Өгөдэй хааны зарлигаар байгуулсан морин өртөө шуудан нь өөрийн их эзэнт гүрнийг нэгтгэн барьж байх гэсэн тэр цагийн монгол хаадын бодлогод чухал үүрэг гүйцэтгэж байсан шигээ дараа дараачийн хаадууд монгол туургатны цаашдын хөгжилд амьдралын янз бүрийн үе шатанд тэдгээрийн эрх ашиг сонирхлыг хангах төрийн захиргааны нэгэн хэрэглүүр болж байв.

Монгол шуудангийн зохион байгуулалт ёс журам нь дундад зууны үеийн феодалын дорой буурай цагийн үед хамаарах боловч мөн үеийн Европтой зэрэгцүүлэхэд илүү сайн, тухайн эзэнт улсын байдалд зохицсон байжээ. Иймээс монголын шуудан нь бусад улс орны анхаарлыг татаж, шуудангийн нэр томъёо олон орны үгийг баяжуулсан гэж гадаадын зарим эрдэмтэд бичиж, үзсэн жуулчид магтсан байдаг.

Аливаа улсын шуудан нь уналга, тээврийн хэрэгсэлтэй нягт холбоотой болохоор тэдгээрийн хөгжил, төрөл, хүртээмж, зохион байгуулалтаас хамаарч байдаг. Эртний монголын шуудангийн унаа тээврийн гол үндсэн төрөл нь ердийн хөсөг, морь байв.

Монгол Улсын хязгаарын дотор болон хязгаар нэвтрүүлэх албан бичиг, захидал зэргийг шуудангаар нааш цааш нэвтрүүлэн явуулахдаа өртөө тутмаас ачих морь, морьтой улаач нэгийг хэрэглэдэг.

Албан бичгийн шуудан явуулахад түүн дээр маркны оронд тэр бичгийг явуулсан ба үнийг хураасан албан газрын тэмдэг дардаг байсан байна. Тухайн үеийн тэр тэмдгийг одоогийн марктай адилтгаж болох юм.

Монголын өртөө шуудан нь маш их хариуцлагатай алба байсан бөгөөд монголын их гүрний аль ч өнцөгт ямар ч самуун дэгдсэн харийн дайсан халдсан тухай эсвэл өөр ямар нэг чухал хэргийн талаар их хаанд айлтгахын тулд буухиа элч өдөрт 200 бээр, заримдаа 250 бээр \тэр үеийн 1 бээр 500 метртэй тэнцүү\ газар хурдлан мэдээ хүргэдэг байжээ.

Маш чухал яаралтай алба гарвал элчид шонхортой пайз олгоно. Элч хоёр өртөөний хоорондох 25 бээр газрыг гэдсээ боон, толгойгоо ороосон байдлаар асар богинохон хугацаанд туулдаг байв. Хэрэв элч хоёулаа байвал хурдан морийг хоёулаа унадаг байсан бөгөөд нэг өртөөнд ирэхэд  нь тусгайлан сойж бэлтгэсэн сэлгээний хурдан морьдыг бэлэн байлгадаг байжээ. Тэд огт сааталгүй дараагийн өртөөнд очиход мөн л морьд бэлэн байдаг байна.

Өртөө бүр дээр элч зарлага нарт зориулсан 300-400 морь, том гэр, унтах ор дэвсгэр, тансаг торгон хөнжил, хоол унд хэрэгтэй юм бүхэн элбэг дэлбэг хэзээд бэлэн байдаг байна. Морьдыг мянгат хот цайзуудаас бэлтгэх бөгөөд харин эл хуль газрын өртөөдөд хааны сангаас гаргадаг байжээ.

Тэр цагт яаралтай бичиг захианы дөрвөн буланд “Морин дэл дээгүүр довтлон явуул” гэж бичиж, өнцөгт нь нисэж яваа шувуу зураад “Нис, нис” гэсэн бичиж буухиагаар илгээдэг байсан нь хурдлан хүргэхийн тэмдэг байсан ба мөн шар шувууны өрөвлөг өд нааж явуулдаг байсныг \жигүүр агуулган\ “Өдтэй бичиг” гэдэг байсан.

Өдтэй бичгийг байгалийн ямар ч бэрхшээлийг ялгахгүй түүнд үл захирагдан өдөр шөнөгүй довтолгосоор хүрэх газарт нь хүргэх хатуу хуультай байжээ. Иймээс өдтэй бичигт наагдсан шувууны өд нь жирийн нэг шувууны өд наадаггүй гагцхүү шар шувууны өрөвлөгийг наадаг байсан нь өдөр шөнө аль ч цагт зогсолгүй явж хүргэх гэсэн агууллагатай өвөрмөц онцлогтой өв уламжлалтай байлаа. Түүнчлэн захидал бичигт зэрэглэл тогтоон онц яаралтай бичгийн дөрвөн захаар нь бийрээр хөвөө зурж явуулдаг байжээ. Их Монгол улсын хаан–эзэн Чингисийн  гутгаар хүү Өгөдэй, эцгийнхээ их сууринд сууж хаан эцгээс хойш үйлдсэн сайн хэрэг минь гээд:

  1. Би Алтан улсыг эзлэн дагуулав.
  2. Бидний хооронд элч явуулж харилцах ба элдэв хэргийг зөөлгөх өртөө замыг тавиулав.
  3. Усгүй газарт худаг малтуулж гаргуулаад улс иргэнийг ус өвсөнд хүрэлцээтэй болгов.
  4. Зүг зүгийн суурин улсын хотуудад мэдээлэгч захирагч нарыг тавьж, улс иргэнийг хөл хөсөр, гар газар тавиулж амар түвшин болгов гэжээ.

Өдтэй бичиг

Яаралтай бичиг

МОРИН ӨРТӨӨГӨӨР ЯВУУЛАХ ШУУДАНГИЙН ХЭМЖЭЭ

  •  хүнд нь 70 жин буюу 42 кг,
  • урт нь 13 ямх буюу 41,6 см
  • өргөн нь 7 ямх буюу 22,4 см
  • өндөр нь 6 ямх буюу 19,2 см \ 1ямх тэнцүү 3,2 см \ байхаар овор хэмжээ нь тогтоогдсон байна.

Шуудан нь нэг хоногт 6 өртөөнөөс доошгүй буюу \180 км\ явах журамтай байсан. Мөн бичиг захидлын хүндийг лан, пунгаар тогтоож зохих үнийг тэр хэмжээний дагуу хураадаг байжээ. \1лан тэнцүү 37,5 гр, 1 пүн тэнцүү 375Мгр\

ЯВГАН ӨРТӨӨ

Зарим өртөө замыг мориор нэвтрэн өнгөрч үл болох бартаатай замд явган өртөө гаргаж байв. Мөн өөр хоорондоо ойр зайтай суурин бүрд явган элч алба гүйцэтгэж байжээ. Алсаас гүйн ирэх чимээ нь дуулдаж байхын тулд элч нь хонх бүхий бүстэй байна. Нэг элчийг гүйн ирэхэд авчирсан шуудангийн зүйлийг дараачийн элч халаа залган авч гүйнэ. Үүний дүнд 10 өдрийн газрыг нэг, 20 өдрийн газрыг хоёр хоногийн дотор явж мэдээ авалцаж, шууданг дамжуулах хурд тэр үед харьцангуй их түргэн байжээ.

МАНЖИЙН ҮЕИЙН ӨРТӨӨ ШУУДАН

Дундад зууны үеийн Монголд морин өртөө анх байгуулагдахдаа л эгэл жирийн хүмүүсийн хөрөнгө хүчинд түшиглэж, яваа яваандаа их нүсэр хүнд албан үүргийн нэг болсон байна. Энэ хүндрэл нь ялангуяа Монголын Феодалууд Манжид дагаар орж Манж Чин улс халх Монголд өөрийн ноёрхолыг бэхжүүлэх, баруун Монголыг байлдан дагуулах зорилгоор Монголын өргөн уудам газар нутагт цэрэг, буухиа, элч, бичиг харилцан нэвтрэлцэх зорилгоор цэргийн буухиа, суман, салбар, хэсгийн өртөөд олон тоогоор байгуулсан тэр үеэс бүр их дарамт болж улам харгис хэрцгий шинж чанарт шилжсэн байна.

XIII зууны үед зохион байгуулагдсан Монголын өртөө шуудан олон зуун жил үе улиран хэрэглэгдсээр Манжийн ноёрхлын үед ч \ 1691-1911\ үргэлжлэн өртөөгөөр явах алба бүхэн нь яаралтай түүний дотроос шуудан бичиг бүрийг маш түргэн дамжуулах ёстой. Үүгээр Манжийн хааны эртний заншлаар өдтэй, морин туурайтай бичгүүдийн аль аль нь дамждаг байжээ. Гэвч энэ үед шуудан өртөөний албыг энгийн ард иргэдээр үнэ хөлсгүй гүйцэтгүүлж бүх зардлыг өөрсдөөр нь гаргуулах зарлиг буулгаж, өртөөчдийг харгис хэрцгийгээр дарлан мөлждөг байсан нь Монгол шуудангийн түүхэн дэх хамгийн хүнд хэцүү үе юм.

Манжийн Энх-Амгалан хаан 1692 онд Хятад цагаан хэрмийн хаалганаас эхлэн гадаад Монголын газарт таван замын өртөө байгуулах зарлиг буулган уул өртөөдийг байгуулах Хятад сайд, Монгол түшмэдийг тохоон томилж тулган даалгаж байжээ. Чухамхүү тэр үеэс Хятадын түмэн газрын Цагаан хэрмээс ар Монголын голлох чухал газар нутагт нэвтрэн холбосон таван замын \сүүлдээ 7 замын\ морин буухиа өртөө байгуулагджээ.

1715-1723 оны хооронд зөвхөн баруун талын нутагт орон нутгийн чанартай 39 өртөө, 1730 оны үед Түйн голоос Ховд Улиастай хүртэл 29 өртөө, Улиастайгаас Орхон хүртэл 18 суурь өртөө нэмж байгуулжээ.

XVIII зууны дунд үед Улиастайн жанжин, Их хүрээний сайд, Хар мөрний жанжин нарын хооронд элч бичиг дамжуулахаар халхын зүүн захаас улиастай хүртэл 74 суурь \2220 км\ суман өртөө байгуулав. Үүнийг “Умард замын өртөө” гэж нэрлэдэг. Мөн Түшээт хан, Цэцэн хан хоёр аймгаас Улиастай, Их хүрээний газартай холбох суман өртөөд олныг байгуулж, тус тус аймгийн элч шууданг нэвтрүүлж байжээ. Ийм өртөө Монгол нийтдээ 700- гаад байсан байна.

1758, 1762 онуудад Их хүрээ Ховдод тус тус суулгасан Манж амбан, баруун хойд хязгаарын жанжин сайдын газруудад буухиа элч бичиг нэвтрүүлэх, цэрэг, эдийн засаг, улс төрийн эзэгнэлийнхээ шаардлагаар Чуулалт хаалганаас Хятадын баруун хойд хязгаар өвөр ба Ар Монголын өргөн уудам нутаг дэвсгэр дээр Алтай замын гэж нэрлэгдэх цэргийн 140 гаруй суурь буухиа өртөөг ийнхүү байгуулсан. Алтай замын өртөө нь олон замын өртөө байсан.

Цэргийн ба буухиа өртөө нь цэрэгжүүлсэн морин өртөө бөгөөд нэвтрүүлэх албыг хэрхэн залгуулах тухай Манжийн дайчин улс хатуу нарийн хууль дүрмээр тогтоожээ. Буухиа өртөөний албыг ардууд биеэрээ, хөрөнгөөрөө залгуулах үүрэг хүлээдэг байсан бөгөөд буухиа өртөөний албан хаагчдыг өрх цэрэгт тооцож эр нэг бүр цэргийн хувьд бүрэн зэвсэг, морь дөрөв, тэмээ нэгийг бэлтгэж өртөөний албыг залгуулах хүнд үүрэг хүлээдэг байв.

Буухиа өртөөний суурь тутмын хооронд 30-35 км зайтай, харин нэвтрэн өнгөрүүлэх ачааллын хэмжээнээс хамааран суурь тутмын алба залгуулах өрх цэрэг зүтгэх хүчний мал хөрөнгө, орон сууц зэрэг хэрэглэл бэлтгэх тоо хэмжээг ялгавартай тогтоож байжээ. Манж чин улсын олон замын буухиа өртөөнд 2500 шахам өрх дайчлагдан алба залгуулдаг байсан төдийгүй өртөөний суурь бүрт 5-20 орчим цагаан гэр, элчийн хүнс, уналга ачааны морь, тэмээд, улаач, галч, тогооч зэргийг өртөөний алба залгуулагчдаас байнга бэлэн байлгахыг шаардаж байсан учраас аймаг хошуудаас өртөөний албыг хаахын тулд алс газар нутагт албан журмаар хугацаатай нүүдэллэн очиж байжээ.

Өртөөний өрх бол айлын өрх биш харин өртөөний зохион байгуулалтын хэлбэр нэгж юм. Энэхүү нэгжийг өрх гэж нэрлэж байв. Олон замын өртөөний нэгэн өрхийн албыг мал хөрөнгөөр баян чинээлэг нэг айл өрх залгуулж байсан боловч тийм хүмүүс цөөн бол нэг өрхийн албыг хэд хэдэн айл өрх хамжин \ дунджаар 3-4 \ морь, тэмээ, хүнсээ нийлүүлэн өртөө өрх болж байжээ. Өртөөний суурь тутамд аливаа албыг залгуулж нийлүүлэх бэлтгэлийн “өртөөний тай”  хэмээх газар байв.

Манж чин улсын ноёрхлын үед тогтоосон өртөөнөөс гадна хошуу нутгийн дотор улаа дайчлах явдал жил дараалан нэмэгдэж, ард түмэн уургын улаанаас залхан халширч түүнээс зайлсхийхийн тулд адуу малаа нуух нутаг шилжин нүүх улааг таслах зэргээр тэмцдэг байжээ. Ард түмэн уургын улааг малын дайсан чонын адил үзэн ядаж “улих чоно, уургын улаанаас зайлахтун” гэж жигшин дургүйцэж байсан байна.

Өртөөний алба XIX зууны сүүлчээс улам хүндэрч ширүүсэн манжийн боолчлолын шувтаргын үеэр Монголын ноёд ч өртөөний алба ялангуяа Алтай замын цэргийн өртөөний албыг хөнгөтгөх шаардлагыг ширүүн тавьж байв. Тэр үед Монголын ард элдэв татвар албанд дарагдаж ядуурч хөрөнгө хүч мөхөсдөн үгүйрч өлсгөлөн тохиолдсон хүн ихээр бий болж байв. Манжийн өртөөний албаны бас нэг уршиг бол өртөөний зүтгэх хүчний гол хэрэгсэл болох малын хүч чадал доройтон турж үхэх эмгэг авах зэрэг шалтгаанаар жил тутамд олон зуун толгой мал үхэж хоргодон, ард иргэд ядуурч байсан байна.

  МАНЖИЙН ЗАХИРГААНЫ ҮЕИЙН ОРОН НУТГИЙН ӨРТӨӨ ШУУДАН

Манжийн ноёрхогчид XVII зууны сүүлч XVIII зууны эхэнд олон хошуудын засаг захиргааны газрыг байгуулж, орон нутгийн дотор харилцан нэвтрэлцэх явдлыг залгуулахын тулд тэдгээр газруудын дэргэд морин өртөөдийг нэмж байгуулжээ. Эдгээр морин өртөөд нь олон замын буухиа өртөөнөөс тусдаа байгуулагдсан бөгөөд “Орон нутгийн морин өртөө” гэж нэрлэгдэж байв. Манжийн үед орон нутагт янз бүрийн хэлбэрийн өртөөдийг байгуулсан бөгөөд уургын улааг хүртэл хэрэглэж аливаа харилцан нэвтрэлцэх явдлыг залгуулж байв. 1872 онд Түшээт хан аймгийн чуулганы дарга, олон хошууд, бусад албан газар, жагсаалын зарлага, мэдээний албыг 385 өрх хааж байсан байна. Ар Монгол дахь манжийн захиргаа, Улиастайн жанжих, Хов, хүрээний амбас, Хиагт, хүрээний заргач, шүүхийн газруудын хооронд элч, бичиг нэвтрүүлэхийн тулд орон нутгийн дотор байнгын ажиллагаатай олон тооны морин өртөөг удаа дараа байгуулж, ард олны бие, хөрөнгөөр үнэ хөлсгүйгээр албан залгуулж байв. Энэхүү орон нутгийн морин өртөөг “суман өртөө” гэх бөгөөд түүнээс салбарласан өртөөдийг “салбар”, “дамжлага”, “навч” өртөөд гэж нэрлэжээ. Өртөөний албан хаагчдыг “тахар”, “зарлага мэдээ”,  “уяачин” гэх зэргээр нэрлэдэг байв. Улиастайн жанжин, хүрээний амбасаас Хар мөрний Жанжин нарын хооронд элч бичиг нэвтрүүлэхээр Халхын зүүн хязгаараас Улиастай хүртэл 74 суурь суман өртөөг байгуулжээ. Үүнийг “умард замын өртөө” гэж нэрлэжээ. Байгалийн бэрхшээл бүхий бөгөөд нутаг бэлчээр тохиромжгүй, ялангуяа ган гачиг, зуд байнга тохиолддог зарим нутаг орон буюу нэгэн өртөөнөөс олон зам чиглэлээр салбарласан элч, бичиг нэвтрүүлэхийг хүнд хатуу өртөө гэдэг байжээ. Харин нутаг бэлчээр сайтай, элч бичгийг зөвхөн хоёроос илүүгүй чиглэлээр нэвтрүүлэх ба урин дулаан улиралд залгуулах зэргийг харгалзаж байсан учир хөнгөн зөөлөн өртөө хэмээн нэрлэж, ацаг хөлсийг харилцан адилгүй их бага янз бүр олгодог байжээ.( Н.Төмөрхүү- Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон номноос )

Монгол оронд байсан Оросын худалдаачид захидал харилцаандаа ашиглаж байсан шуудангийн өдрийн тэмдэгтийн дардас:

Монгол оронд байсан Хятадын худалдаачид захидал харилцаандаа ашиглаж байсан  шуудангийн өдрийн тэмдэгтийн дардас:

ТҮМТ ӨРТӨӨ

Түмт  өртөө нь төв өртөө бөгөөд Нийслэл хүрээ, Улиастай хоёроос өөр газар байгаагүй байна. Түмт өртөөнд аймаг хошуудаас шилж ирүүлсэн олон бод бүхий чинээлэг баян 20 өрх айл алба хааж байжээ. Өртөөнд алба хааж байгаа өрх тус бүр бэлхнээ эмээллэх гоц сайн морь 50-аас доошгүй байх тул түмт өртөө тухайн үед нэгэн амиар 1000 морь эмээллэн гаргах чадалтай байжээ.

Өртөөнд хөдлөх хүчний хүмүүс нь: өртөөний занги 1, бичээч 1, өртөө алба хааж байгаа өрх бүрийн гэрийн эзэн түүний мэдлийн дор тус бүрд нь 2 улаач нийтдээ 62 эрэгтэй энэ Түмт өртөөнд ажиллаж байна. Түмт өртөө гэж нэрлэсэний учир бол түмэн цэрэг хөдөлгөх түүнд зориулах бэлэн түмэн агт эмээллэн мордуулах чадалтай төв өртөө гэсэн нэр бөгөөд тэр үеийн өртөө бол эрх биш цэргийн зохион байгуулалт бүхий утга чанар хадгалан байсан байна.

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

 

 

 

 

Бусад мэдээ

Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Барилга хот байгуулалтын сайд нарын хамтарсан тушаалаар “Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хууль”-ийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Энэхүү хуулийн төсөл нь орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах, хяналт тавих, хэрэглээг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой бөгөөд өнөөдөр (2023.12.08) тус хуулийн төслийн хэлэлцүүлгийг харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд зохион байгууллаа. Монгол Улсад орон зайн өгөгдлийн санг бүрдүүлэх, ашиглах асуудлыг зохицуулсан хүчин төгөлдөр үйлчилж буй 13 хуульд давхардсан тоогоор 44 мэдээллийн сангийн зохицуулалт байгаа боловч хоорондын уялдааг хангах, орон зайд дүрслэгдэх өгөгдөл, мэдээллийн нэгдсэн системийг бий болгох, орон зайн өгөгдлийн нэгдмэл байдлыг хангахтай холбоотой эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Хуулийн төсөл батлагдсанаар олон төрлийн мэдээллийн сангийн уялдаа, холбоог хангахад нэгдсэн стандартын дагуу бүрдүүлж, ашигласнаар төсвийн давхардал, мэдээллийн шинэлэг, баталгаатай байдал хангагдах ач холбогдолтой юм.

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангана

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал: Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангана 2022.11.17 Хүний эрхийг хангах үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр /2022.11.17/ төрийн ордонд боллоо. Хуралдаанаар хүний эрхийг хангах цахим хөгжил, бизнес, төсөв, боловсрол, соёл, нийгэм, эрүүл мэнд зэрэг салбаруудын асуудлыг хөндөж, шийдлүүдийг танилцууллаа. ЦХХХ-ны сайд Н.Учрал хуралдаанд оролцож Цахим орчны өнөөгийн байдал, Цахим орчинд хүний эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл тавилаа. ХХЗХ-ны 2022 оны эхний хагас жилийн тайланд Монгол Улсад ухаалаг төхөөрөмж хэрэглэгчдийн тоо 3,836,572, Фейсбүүк хэрэглэгчдийн тоо Ази тивд 1 дүгээрт /2.8 сая/, дэлхийд 10 дугаар байрт жагсах болсон нь цахим хэрэглээний хамрах хүрээ, хэрэглээ хурдацтай өсч байгааг харуулж байна. Үүнийг дагаад бусдын нэр төр, алдар хүндэд халдах, гутаан доромжлох, иргэдийг залилах, төөрөгдүүлэх, үзэл бодлоор нь талцуулах, хүчирхийлэлд уриалах, төр засгийн эсрэг үйл ажиллагаа явуулах зэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй хууль бус үйлдлүүд ихсэж байна. Мөн сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд цахим гадуурхалд өртөж байна. ЦХХХ-ны сайд Н.Учрал: Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажлын хэсэг байгуулж, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ. Энэ хүрээнд Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үед мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлага, үнэлгээ хийх зааварчилгаа, хадгалах технологид тавигдах шаардлагыг боловсруулж, баталсан. Мэдээлэл хариуцагч хүний оролцоогүйгээр мэдээлэлд цахим хэлбэрээр боловсруулалт хийх технологийг ашиглан мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглаж үед үнэлгээ хийх аргачлал, журмыг боловсруулж хэрэгжүүлнэ. Хүний эмзэг мэдээлэл, генетик болон биометрик мэдээлэл боловсруулахад баримтлах технологийн аюулгүй байдлын шаардлага, журмыг боловсруулна. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахад тавигдах шаардлага, анхааруулга боловсруулна. Хувийн мэдээллээ хамгаалах талаар иргэдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх сургалт зохион байгуулна. Цахим орчинд хүний эрхийг хангах чиглэлээр судалгаанд суурилсан санал боловсруулахаар ажиллаж байна гэсэн юм.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ЦХХХЯ-ны албан хаагчид төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтад тэнцэн төрийн захиргааны нэр хүндтэй, хариуцлагатай албан тушаалд томилогдон ажиллаж буй ЦХХХЯ-ны нийт 18 албан хаагч өнөөдөр /2023.04.07/ тангарагаа өргөлөө. Ёслолын ажиллагааг нээж ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Төрийн жинхэнэ албан хаагч болж нэр хүндтэй, амаргүй, хариуцлагатай албыг хашихаар тангараг өргөж байгаа албан хаагчдадаа баяр хүргэе. Төрийн албыг түүчээлэн улс эх орныхоо ирээдүйг гэрэл гэгээтэй авч явах хүндтэй үүрэг хүлээсэн залуус та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, өөрт хүлээсэн үүргээ хэлбэрлэлтгүй биелүүлж, бүхий л нөөц бололцоогоо дайчлан хичээн зүтгэж, шинэ хандлага, шинэ зарчим, шинэ цаг үе, эерэг өөрчлөлтийг төрийн албанд авч ирнэ гэдэгт итгэл төгс байна. Монгол Улсын Засгийн газраас төрийн албан хаагчдын эрх зүйн баталгааг хангах, мэргэшсэн цомхон, оновчтой төрийн алба, тогтолцоог бий болгох, үйл ажиллагааны үр дүн, оновчлолыг сайжруулах ажлуудыг үе шаттай хийж хэрэгжүүлж байна. Мөн түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газрын хүний нөөцийн газрыг шинээр байгуулсан. Засгийн газрын хүний нөөцийн нэгдмэл тогтолцоо бүрдсэнээр боловсон хүчний бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны уялдаа холбоо, хариуцлагын тогтолцоог сайжруулах чиглэлд дорвитой үр дүн гарна гэсэн хүлээлттэй байна. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны оролцоотойгоор Засгийн газрын хүний нөөцийн цахим системийн хөгжүүлэлтийн ажил хийгдэж байна. Мэргэшсэн, ёс зүйтэй, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, гагцхүү хуульд захирагдан, иргэддээ хоёргүй сэтгэлээр үйлчлэн, бусдыг манлайлан ажиллахыг хүсэн ерөөж, нийт албан хаагчдад ажлын амжилт хүслээ.