Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний судалгаа” олон нийтэд танилцуулж байна

2022.02.22

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Үндэсний статистикийн хороотой хамтран “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний судалгаа”-г олон нийтэд танилцуулж байна. Энэхүү судалгаа нь Олон улсын цахилгаан холбооны байгууллагын зөвлөмжийн дагуу хийгдсэн Үндэсний хэмжээний анхны түүвэр судалгаа бөгөөд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийг бодитой тооцоход Монгол Улсын тоо баримтыг тусгах, цаашид салбарын хөгжлийн бодлогыг боловсруулах, стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах суурь судалгаа, статистик мэдээ мэдээллээр хангах, харилцаа холбоо, мэдээллийн технологийн өнөөгийн байдлыг үнэлэх ач холбогдолтой. Монгол Улсын 335 сум, суурин газарт өндөр хурдны интернэт сүлжээ орсноор нийт өрхийн 80 хувь нь интернэт хэрэглэж байна. Мөн үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо жил бүр өсөн нэмэгдэж, 2021 оны байдлаар нийт иргэдийн 97,6 хувь нь гар утас хэрэглэж, үүнээс ухаалаг гар утасны хэрэглээ 84,7 хувьд хүрсэн. Энэ нь төрийн үйлчилгээг цахимаар хурдан шуурхай, нээлттэй, хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг тус судалгаанаас харж болох юм. Судалгаанд хамрагдсан иргэдийн 98 хувь нь гар утастай бол судалгаанд хамрагдсан боловсролгүй иргэдийн 54.8 хувь нь гар утастай байжээ. Мөн 15 ба түүнээс дээш насны хүмүүсийн 31.5 хувь нь суурин компьютер ашигладаг бол цахим худалдаанд иргэдийн 29.9 хувь нь тодорхой хэмжээгээр оролцсон байна. Сүүлийн гурван сарын хугацаанд судалгаанд оролцсон иргэдийн 84.3 хувь нь интернэт ашигласан бөгөөд тэдний 95 хувь нь мэдээлэл авах зорилгоор интернэтийг ашигласан ажээ. Түүнчлэн Монгол Улсын нийт өрхийн: 97.9 хувь нь гар утастай 97,3 хувь нь телевизтэй 80.0 хувь нь интернэттэй 8.1 хувь нь радиотой 9.0 хувь нь суурин утастай 33.3 хувь нь компьютертэй гэсэн судалгаа гарчээ. Мөн сүүлийн гурван сарын хугацаанд монголчууд харилцаа холбоо, мэдээллийн технологийн зардалд 246,1 мянган төгрөгийг зарцуулжээ. Үүний 29 хувь нь тоног төхөөрөмж 69,9 хувь нь үйлчилгээ 0.5 хувь нь программ хангамж 0.5 хувь контент 0.1 хувь нь видео тоглоомд зарцуулсан байна. ӨРХИЙН БОЛОН ХУВЬ ХҮНИЙ МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА

Бусад мэдээ

Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг боллоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлж буй. Энэхүү хуулийн гол зорилго нь -Хиймэл оюун ухаан болон дижитал үйлчилгээний хөгжлийг дэмжих -Өгөгдлийн аюулгүй байдал, хариуцлагыг хуульчлах -Төр, хувийн хэвшлийн дунд өгөгдөл солилцоог нээж, технологийн салбарын хөрөнгө оруулалтыг татахад чиглэж байгаа юм. Өгөгдлийн экосистем бүрдсэнээр шинэ стартап бизнесүүд төрөх, өндөр цалинтай ажлын байр нэмэгдэх бодит үр өгөөжтэй. Монгол Улс Ази, Европыг холбосон дата төвийн стратегийн зангилаа болох бүрэн боломжтой бөгөөд уг хуулийг нээлттэй хэлэлцүүлж, дижитал ирээдүйн суурийг хамтдаа тавих болно. Манай улс “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд мэдлэгт суурилсан эдийн засаг руу шилжих зорилт тавьсан бөгөөд өгөгдлийг улсын стратегийн баялаг гэж үзэж байна. Монгол Улс газар зүйн байршил, сэргээгдэх эрчим хүчний нөөц нь байгальд ээлтэй, өртөг багатай дата төвүүдийг байгуулж, бүс нутагтаа өрсөлдөх гол давуу тал юм. Үүний тулд хөрөнгө оруулагчдад дараах гурван баталгааг олгож байна. Үүнд: -Эрчим хүчний бие даасан байдал; -Харилцаа холбооны сүлжээний бие даасан байдал; -Хууль, эрх зүйн хараат бус байдлыг нэг дор санал болгож байгаа юм.

АНУ-ын олон улсын худалдааны асуудал эрхэлсэн худалдааны дэд сайд, хатагтай Мариса Лагог хүлээн авч уулзав

Цахим хөгжил, инновоац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од өнөөдөр (2024.09.09) Америкийн Нэгдсэн Улсын олон улсын худалдааны асуудал эрхэлсэн худалдааны дэд сайд, хатагтай Мариса Лагог хүлээн авч уулзан, Монгол Улсад хүрэлцэн ирж, манай яаманд зочилж буйд баяртай байгаагаа илэрхийлж, хоёр орны хооронд хамтран хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцов. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам АНУ-тай харилцан тохиролцсоны үр дүнд хэрэгжүүлж буй томоохон ажлууд: АНУ-ын Төрийн департамент болон MITRI зэрэг байгууллагуудтай хамтарч Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрийн болон олон нийтийн кибер, халдлага зөрчилтэй тэмцэх байгууллагуудыг чадавхжуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тогтсон. Төв Азийн улс орнуудтай хамтарсан санаачилгын хүрээнд хэрэгжиж байгаа Торгоны зам инновацын төвд албан ёсоор Монголын мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч 10 компанийг байршуулж, Цахиурын хөндийн эко системд бойжуулах эхлэлийг тавьсан. Google компанитай хамтран мэргэжлийн цахим ур чадвартай 1000 боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагааны хүрээнд “Grow with Google” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Олон улсын цахим төлбөр тооцооны “Apple Pay” системийг манай улсад нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна. Цаашид цахим эдийн засгийг хөгжүүлэх хүрээнд АНУ-тай дараах чиглэлээр хамтран ажиллана. Хиймэл оюун ухаан, их өгөгдөл Хөрөнгө оруулалтын сан (Matching fund, Venture fund) Сансрын технологи, сансар судлал Кибер аюулгүй байдал

Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 2025 онд салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд үндсэн чиглэлд туссан хууль тогтоомжийн төслийг боловсруулах, захиргааны хэм хэмжээний актын тоог 2 дахин бууруулах, эрх олгосон заалтын хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллаж байна.  Тухайлбал, ЦХИХХ-ны сайдын эрхлэх асуудлын хүрээнд хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор ХЗДХ-ийн сайдтай хамтарсан үзэл баримтлалын төсөл боловсруулжээ.  Харилцаа холбооны тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Шуудангийн тухай хууль, Радио долгионы тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах уу, шинэчлэл хийх үү гэдэг асуудал бий. Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 онд хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгасны дагуу Харилцаа холбоо болон Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд хэрэгжилтийн үр дагаварт 2023 онд, Шуудан болон Радио долгионы тухай хуульд хэрэгжилтийн үр дагаварт 2024 онд тус тус үнэлгээ хийжээ.  Тухайлбал, Харилцаа холбооны тухай хууль нь 1996 онд батлагдаж, үүнээс хойш 20 гаруй удаа нэмэлт өөрчлөлт оруулав. Тиймээс орчин үеийн технологийн үсрэнгүй хөгжилтэй зэрэгцүүлэн тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын оронд шинэчлэн найруулах саналтай байгаагаа салбарын хуульчид дурдав.  Харин Сансрын тухай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага байгаа эсэхэд урьдчилан тандан судалгаа хийжээ. Мөн нисэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/-ын тухай хуулийн төсөл ч боловсруулсан.  Эдгээр нь анхдагч хуулийн төслүүд юм. Түүнчлэн 2024 онд Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдсан. Улмаар виртуал бүсэд бүртгэлтэй мэдээллийн технологийн компанид татварын болон татварын бус дэмжлэг олгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр дараах ажлууд хийгджээ.  Мэдээлэл, технологийн салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх бодлого, анхдагч хуулийн төсөл, тулгамдаж буй бусад асуудлаар салбарын хуульч, мэргэжилтнүүдтэй хэлэлцүүлэг өрнүүлж, санал хүсэлтийг ийнхүү сонслоо. Уг хэлэлцүүлэгт ЦХИХХ-ны Сайдын зөвлөх М.Тулгат, Д.Нарантуяа, ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатар, ХХБЗГ-ын дарга Д.Баясгалан, СБТГ-ын дарга Ш.Батзаяат, ХХ-ийн дарга Л.Нямдорж тус яамны холбогдох албан хаагчид болон харьяа, салбар байгууллага, ХХЗХ, үүрэн холбооны оператор болон мэдээллийн технологийн компаниудын хуулийн нэгжийн албан хаагчид оролцлоо. ЦХИХХЯ байгуулагдсанаас хойш Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, Тоон гарын үсгийн тухай хууль батлагдсан. Гэхдээ дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаан хурдтайгаар хөгжиж буй энэ үед хууль хоорондын уялдаа, шинэ технологийг даган гарах хуулийн хэрэгцээ шаардлага бий. Тиймээс ЦХИХХЯ-наас салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгойлон анхаарч ажиллаж байна.