Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Чуулган: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2021.11.29

УИХ-ын Баасан гарагийн /2021.11.19/ чуулганы хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэгт заасны дагуу Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хамтарсан хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал ахалж, гишүүдэд Н.Алтанхуяг, П.Анужин, Э.Бат-Амгалан, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар ажилласныг онцлоод Ажлын хэсэг хуулийн төслийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын саналыг судлан үзэж, түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нийцүүлэн агуулга, бүтэц, нэр томьёо, хэл найруулгын шинжтэй зарчмын зөрүүтэй 38 санал, найруулгын шинжтэй 2 санал боловсруулсныг дурдав. 

  • Олон улсын жишгийн дагуу онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй төрийн өмчит хуулийн этгээд болон төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон байгууллагад чиглэсэн кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, түүнд өртсөн дэд бүтэц, мэдээллийн системийг нөхөн сэргээхэд мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, улсын хэмжээнд кибер халдлага зөрчилтэй тэмцэх төвүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, Монгол Улсыг төлөөлөн олон улсын ижил төстэй байгууллагатай хамтран ажиллах чиг үүрэг бүхий Үндэсний төвийг тагнуулын байгууллагын бүтцэд,
  • Иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд чиглэсэн кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, кибер халдлага, зөрчилд өртсөн мэдээллийн системийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх, кибер халдлага, зөрчлийн талаар судалгаа, дүн шинжилгээ хийх, олон нийтэд зөвлөмж, мэдээлэл түгээх чиг үүрэг бүхий Нийтийн төвийг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд,
  • Тайван цагт батлан хамгаалах үйл ажиллагааны кибер аюулгүй байдал, зэвсэгт хүчний мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний аюулгүй байдлыг хангаж, шаадрлагатай үед улсын кибер орон зайн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, кибер аюулгүй байдлын үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг батлан хамгаалах салбарт зохион байгуулах чиг үүрэг бүхий Зэвсэгт хүчний төвийг зэвсэгт хүчний кибер командлалын бүтцэд,
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас гаргасан саналыг үндэслэн, кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээлэл солилцох чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажиллахаар төсөлд тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулгадаа дурдав. 

Бусад мэдээ

Монгол Улс дэлхийн үүрэн холбооны конгресст үүрээ заслаа

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн олон улсын хамгийн том арга хэмжээ “Дэлхийн үүрэн холбооны конгресс 2024” /Mobile world congress/ эхэллээ. Испанийн Хаант улсын Барселон хотод энэ сарын 26-29-ний хооронд болох MWC-т Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын санаачилгаар манай улс анх удаагаа өөрийн асар /booth/ байгуулан, төр, хувийн хэвшил хамтдаа Монголын цахим шилжилт, технологийн хөгжил, дэвшлээ сурталчлан оролцож байна. Энэ санаачилга нь Ази, Номхон далайн бүсийн түнш орнуудын дижитал хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг дэлхийн улс орнуудад сурталчлах, гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэг олон талын ач холбогдолтой юм. ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид MWC-ийн хүрээнд хоёр талын уулзалтууд хийж, салбар хуралдаануудад оролцоно. MWC-т дэлхийн олон арван мянган технологи, инновац бүтээгчид, харилцаа холбооны гол тоглогчид, төрийн өндөр дээд албан тушаалтнууд гээд 100 мянга гаруй хүн, 2 мянга орчим компанийн төлөөлөл оролцож байна. Арга хэмжээний хамгийн чухал, томоохон сэдвүүд нь хиймэл оюун ухаан, сансрын хиймэл дагуул, 5G технологи, B2B боломжууд бөгөөд технологигүйгээр салбарынхаа хөгжлийг төлсөөлж болохгүйг баталсан танилцуулга, уулзалтууд үргэлжилж байна.

Зөвшөөрлийг цахимжуулахад Эстон зөвлөнө

2019 онд Эстоний И-Засаглалын академитай Монгол Улсын Засгийн газар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, цахим хөгжлийг дэмжих эрх зүйн орчинг бүрдүүлэх, И-Монгол платформыг хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр зөвлөх үйлчилгээ авсаны үндсэн дээр 1000 гаруй төрийн үйлчилгээ хэрэглээнд нэвтэрч И-Монгол 3.0 хувилбарыг 2023 онд олон нийтэд танилцуулсан юм. Мөн УИХ-аас цахим хөгжлийг дэмжих 4 багц хуулиудыг батлаж 60 гаруй журмыг боловсруулан батлуулсан. Тус зөвлөх үйлчилгээний үр дүнд Монгол улс НҮБ-ын цахим хөгжлийн индексээр 18 байр урагшилсан бөгөөд Эстоний нийслэл Талин хотод зохион байгуулагдсан “Нээлттэй засгийн түншлэл” дээд хэмжээний уулзалтын үеэр МУ-ын Засгийн газрыг “Нээлттэй засгийн хүндэт өргөмжлөл”-өөр шагнаж цахимжилтийн үр дүнг өндрөөр үнэлжээ. Тэгвэл энэ өдрүүдэд ЦХХХ-ы сайд Н.Учралын Эстони улсад хийгдэж буй айлчлалын үеэр И-Засаглалын академитай цахимжилтийн 2 дахь түвшний хамтын ажиллагааг эхлүүлж ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, И-Засаглалын академийн захирал Ханнес Асток нар гэрээнд гарын үсэг зурлаа. Тус зөвлөх үйлчилгээний хамтын ажиллагааны хүрээнд иргэн бүрт тоон гарын үсгийг түгээх, бизнесийн зөвшөөрлийг цахимжуулж И-Бизнес шийдлийг боловсруулж Эстони улсын сайн туршлага “Цахим оршин суугч” платформыг нэвтрүүлэхээр харилцан тохирлоо.

Монгол Улсын дижитал шилжилтийн ололт, амжилтыг Ази, Номхон далайн орнуудын төлөөлөгчдөд танилцууллаа

Ази, Номхон Далайн орнуудын цахилгаан холбооны байгууллагын сайд нарын зөвлөлдөх уулзалт тавдугаар сарын 30-31-ний хооронд Япон улсын Токио хотноо боллоо.  Тус зөвлөлдөх уулзалтад Монгол Улсыг төлөөлж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын зөвлөх М.Тулгат, “Монгол Шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, “Үндэсний дата төв” УТҮГ-ийн Мэдээллийн технологийн газрын дарга Д.Цэнгүүнжав нар оролцов.  ЦХИХХ-ны сайдын зөвлөх М.Тулгат Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, голлох амжилтууд болон Ази номхон далайн цахим холбооны байгууллагын дэвшүүлсэн стратегий зорилтуудыг хэрэгжилтэд Монгол Улсын оролцоог бусад улс орнуудын төлөөлөлд танилцуулсан юм. Мөн энэ үеэр Монгол Улсын төлөөлөгчид Япон улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны сайд Мүраками Сэйичиро, Ази, Номхон далайн цахилгаан холбооны байнууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Кондо Масанори нартай уулзаж, хоёр болон олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцов. Тодруулбал, Ази номхон далайн орнуудад Монгол Улсын төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-mongolia”-г экспортлох, олон амжилтыг нь хуваалцах, Монгол Улсад хиймэл оюунд суурилсан кибер аюулгүй байдлын олон улсын төв байгуулах, олон улсын дата төв байгуулах, транзит шуудан илгээмжийн хамтын ажиллагааг өрнүүлэх, бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн механизмыг шинэчлэх зэрэг асуудлаар хамтран ажиллах талаар санал солилцлоо Ази номхон далайн орнууды цахилгаан холбооны байгууллагын  сайд нарын зөвлөлдөх уулзалтын үеэр “Токиогийн мэдэгдэл”-ийг хэлэлцэн баталсан юм.. Тус тунхаглалд Ази, Номхон далайн бүс нутгийг хөгжүүлэх, тэр дундаа хамгийн бага хөгжилтэй орнууд болон далайд гарцгүй хөгжиж буй орнууд, жижиг арлын хөгжиж буй улсууд руу чиглэсэн бодлого, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилтыг тодорхойлж өгчээ. Монгол Улсын хувьд олон улсын хамтын ажиллагаанд оролцогч бус  тодорхой асуудлуудаар санаачлагч, манлайлагч байхыг зорьж ажиллана.