Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Цахим жишиг аймаг” концепцийг 21 аймгийн удирдлагуудад танилцуулав

2022.02.24

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” УТҮГ-ийн удирдлагууд өнөөдөр /2022.02.24/ 21 аймгийн удирдлагуудтай цахимаар хуралдаж, “Цахим жишиг аймаг” концепцыг танилцууллаа. Энэ 2022 онд тус яамнаас 21 аймгийг цахимжуулахаар төлөвлөж байгаа бөгөөд аймаг бүрд мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, төрийн дижитал шилжилтийг хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг бүхий CIO (Chief Information Officer) -ийн орон тоог бий болгохоор төлөвлөж байгаа ажээ. Уг албан тушаалтан нь аймгаа цахимжуулах тал дээр Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтарч ажиллах юм. Хурлыг нээж, Боловсрол, шинжлэх ухааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газраас мэдээллийн технологийг бодлогын түвшинд дэмжиж, “Цахим Үндэстэн” болох уриалга дэвшүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлд ажиллаж байна. Өнгөрсөн 7 хоногт бид 21 аймгийн удирдлагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээний хэрэгжилтийг хангах үүднээс цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс та бүхэнд мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллана. Монгол Улсын Ерөнхий сайд аймгуудын ажлыг гурван шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ гэдгээ илэрхийлсэн. Үүний хамгийн эхний шалгуур нь бол цахимжилт байгаа. Өнөөдөр “e-Mongolia” системд төрийн 600 гаруй үйлчилгээ орсон байна. Мөн найман аймаг нутгийн захиргааны үйлчилгээгээ цахимжуулчихсан байна. Ирэх 03 дугаар сарын 15-аас Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн хамтарсан баг хөдөө, орон нутагт ажиллаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө” гэдгийг онцлов.

Үүний дараагаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “Цахим Үндэстэн” бодлогын баримт бичгийг 21 аймгийн удирдлагуудад танилцуулав.

Тэрбээр “Цахим Үндэстэн” бодлогын баримт бичиг нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг “Алсын хараа – 2050”, “Хөгжлийн зорилтот хөтөлбөр -2030”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт уялдуулан боловсруулсан гэдгийг онцлов. Энэхүү бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангахад дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсэгтэн, Инновац, үйлдвэрлэл, Хөгжлийн хурдасгуур гэсэн стратегийн зургаан зорилтыг дэвшүүлсэн.

Монгол Улсын цахим шилжилт улс орон даяар хийгдэх ёстой ажил гэж харж байна. Нийслэл төдийгүй 21 аймаг цахимжиж байж бид “Цахим Үндэстэн” болох зорилтоо биелүүлнэ. Иймээс 21 аймгийн удирдлагууд үүнд манлайлж ажиллахыг уриалсан юм.

Үүний хүрээнд Монгол Улсын хүн ам, нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан мэдээлэл, харилцаа холбооны сүлжээг өргөтгөнө. 5G технологийг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт нэвтрүүлэх, шуудангийн үйлчилгээ, цахим худалдаа, логистик, шуудангийн олон улсын транзит тээврийг бүс нутгийн хөгжилтэй уялдуулан өргөтгөн хөгжүүлэх, иргэдийн тоон бичиг үсгийн чадварыг сайжруулах тал дээр далайцтай ажил төлөвлөж байгааг мэдээлсэн юм.

21 аймгийн удирдлагуудтай хийж буй цахим хурлын үеэр “И-Монгол” академийн захирал Л.Энхбат “Жишиг цахим аймаг” концепцийг танилцуулсан юм. Тэрбээр аймгуудыг өөрсдийнх нь онцлогт тохируулан цахимжилтийн ажлыг хийхээр төлөвлөж буйг онцоллоо.  Өнөөдрийн байдлаар “e-Mongolia” системд 8 аймгийн нутгийн захиргааны 540 үйлчилгээ цахимжсан байгаа бөгөөд цаашид бүх аймгийн нутгийн захиргааны үйлчилгээг цахимжуулах, ойрын хугацаанд төрийн алба хаач болон иргэд олон нийтэд сургалт зохион байгуулна. Төрийн үйлчилгээ нэгдсэн төвийг аймаг бүрт байгуулах, мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, төрийн дижитал шилжилтийг хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг бүхий CIO (Chief Information Officer) -ийн орон тоог бий болгоно гэдгийг онцолсон юм.

Түүнчлэн тус яамны Бодлогын газрын дарга З.Гантогоо олон улсын жижиг хот, аймгуудын цахимжилтын туршлагын талаарх мэдээллийг өгсөн юм.

Мөн цахим хөгжлийн багц хуулиуд батлагдсантай холбогдуулан нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, кибер аюулгүй байдлын тухай хууль, цахим гарын үсгийн тухай хуулийн онцлох заалтуудын талаарх мэдээллийг өглөө.

Хурлын төгсгөлд 21 аймгийн удирдлагууд асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ цахимжилтийн хүрээнд хийгдэж буй ажлаа танилцууллаа. Цаашид жилд дөрвөн удаа цахимаар хуралдаж, ажлын явцын талаар санал солилцож байхаар болов.

Бусад мэдээ

Дижитал дэд бүтцийг сайжруулахад Дэлхийн банктай хамтран ажиллахаар боллоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн дэд бүтэц хариуцсан захирал Судешна Гош Банержи, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли нарыг хүлээн авч уулзав.  Ц.Баатархүү сайд Монгол Улсын хөгжлийг эрчимтэй урагшлуулахад дэд бүтцийн хөгжил чухлыг онцлоод, Дэлхийн банк Монгол Улсын харилцаа холбооны орчин үеийн дэд бүтцийг бий болгоход дэмжиж ажилласанд талархал илэрхийлэв. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтцийг хөгжүүлэх төслийг Дэлхийн банкны дэмжлэгээр 2007 оноос хэрэгжүүлсэн бөгөөд төслийн хүрээнд бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан байгуулах, сумдад үүрэн холбооны үйлчилгээ нэвтрүүлэх, 152 багт малчдын нийтийн холбооны үйлчилгээний цэг байгуулах, интернэтийн үйлчилгээг орон нутагт хүргэх шилэн кабель тавих зэрэг ажлыг хийсэн юм.  Мөн тэрбээр уулзалтын үеэр Монгол Улс хиймэл дагуултай болох, технологийн дэвшлийг нутагшуулах, дижитал шилжилт хийх зэрэг цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын томоохон асуудлуудад Дэлхийн банкны чадварлаг, туршлагатай мэргэжилтнүүдийн туслалцаа хэрэгтэй байгаа талаар дурдаад, дижитал шилжилтийн гурван тулгуур бодлогын нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй дижитал дэд бүтэц бий болгох чиглэлд хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.  Хатагтай Судешна Гош Банержи “Монгол Улсын эрчим хүч, тээврийн салбарт Дэлхийн банк дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Тиймээс Монгол Улсын цахим хөгжлийн асуудлыг хэрхэн яаж зөв оновчтой томъёолж Дэлхийн банкаар дэмжүүлэх талаар ярилцъя. Харилцаа холбооны салбарын асуудлыг эрчим хүчний шинэчлэлтэй уялдуулж, дэд бүтцийг цогцоор нь хөгжүүлэх боломжтой. Эрчим хүчний шинэчлэлийн төслийн техникийн судалгааны ажлууд эхэлсэн. Тэнд хийгдэх яриа уулзалтуудад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас хүмүүс оролцуулаад явъя” гэв. Ц.Баатархүү сайд “Монгол Улсын Засгийн газар дэд бүтцийг цогцоор нь хөгжүүлэх нь эдийн засгийн хувьд ч, цаг хугацааны хувьд ч үр ашигтай гэж үзэж буй. Энэ таны хэлсэнтэй Засгийн газрын байр суурь таарч байна” гэлээ. Судешна Гош Банержи уулзалтын үеэр Монгол Улсын дижитал шилжилтийн 3 тулгуур бодлогын талаар сонирхон асууж байв. 2040 хүртэл хэрэгжүүлэх дижитал шилжилтийн 3 тулгуур бодлогын 1-рт, дижитал дэд бүтэц бий болгох, 2-рт, төрийн үйлчилгээг иргэн бүрт тэгш, хүртээмжтэй хүргэх, 3-рт, дижитал эдийн засаг хөгжүүлэх, энэ хүрээнд олон улсын дата төв байгуулах гэх мэт зорилго бий талаар сайд танилцуулсан. Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли энэ үеэр Монгол Улсад хэрэгжээд дуусах шатандаа орсон “Ухаалаг засаг – 2” төслийг амжилттай дуусгах, дараагийн хэрэгжүүлэх төсөл юу байх талаар ярьж эхлэх хэрэгтэйг дурдлаа.  Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн дэд бүтэц хариуцсан захирал Судешна Гош Банержи эрчим хүчний дэд бүтэцтэй хамт цахим дэд бүтцийг хөгжүүлэх боломжтой гэж харж буйгаа илэрхийлсэн бөгөөд эрчим хүчний төслийн бэлтгэл дээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэргэжилтнүүд томилж ажиллуулан, ажлаа эхнээс нь уяж явах, дижитал шилжилтийн хүрээнд 2040 он хүртэл хийх ажлуудын замын зураглал гаргах, дараагийн томоохон төсөл хэрэгжүүлэх талаар ярилцах гэсэн 3 асуудалд санал нэгдсэнээр уулзалт өндөрлөв. Судешна Гош Банержи нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн 10 гаруй оронд хэрэгжиж буй 10 тэрбум ам.долларын төсөл хөтөлбөрт хяналт тавьдаг, Дэлхийн банкны эрчим хүч, тээврийн хөтөлбөрүүдийг удирдан чиглүүлдэг гол хүн юм.

Г.Занданшатар: 2026 он бол цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээллийн технологийн хөгжлийг хурдасгах жил байх болно

Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын шинэ мэдлэг, инновац, технологи, ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалт, бодлогын асуудлыг хэлэлцэн туршлага солилцох, талуудын бодит оролцоог хангах үндэсний хэмжээний цогц арга хэмжээ болсон “Tech Week 2025”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй “ICT FORUM” Төрийн ордонд эхэллээ. Ерөнхий сайд Г.Занданшатар тус арга хэмжээний нээлтэд үг хэллээ. Монгол Улсын ерөнхий сайд Г.Занданшатар: Та бүхэнд технологийн салбарын хамгийн том цугларалт “Tech Week 2025” арга хэмжээнд оролцон туршлагаа солилцож, мэдлэгээ хуваалцаж байгаад гүн талархлаа илэрхийлье. Долоо хоногийн турш үргэлжилсэн тус арга хэмжээний ололт амжилтыг дүгнэн, Монгол Улсын хөгжлийг хурдасгах дижитал технологийн боломж, шийдлийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан өргөн хүрээнд хэлэлцэх бодлогын хэлэлцүүлэг “ICT FORUM 2025″-ийг өнөөдөр зохион байгуулж байна. Монгол Улс цахим шилжилтийг эрчимжүүлж, шат дараатай төсөл, хөтөлбөрийг сүүлийн жилүүдэд амжилттай хэрэгжүүлж буйг онцлон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, нийгмийн газраас Цахим засаглалын хөгжлийн индексээр нийт 193 улсаас 46 дугаар байр буюу “өндөр” түвшнээс “маш өндөр” түвшинд шилжиж буйг батламжилсан. Энэхүү ололт, амжилт нь сүүлийн жилүүдэд гаргаж буй амжилт боловч үе үеийн шуудан, радио, өргөн нэвтрүүлэг, цахилгаан холбоо, харилцаа холбоо, мэдээллийн технологи, сансрын технологийн чиглэлээр ажиллаж байсан удирдлагууд, ажилтан, алба хаагчид, инженер техникийн ажилтнууд болон өнөөдөр ажиллаж буй 21.2 мянган ажиллагсад, тэдгээрийн гэр бүлийн 74 мянган гишүүдийн хамтын хүчин зүтгэл болохыг цохон тэмдэглэе. Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан цахим шилжилтийг хурдасгаж, төрийн мэдээлэл солилцооны “ХУР”, танилт баталгаажуулалтын “ДАН”, төрийн цахим үйлчилгээний “И-Монголиа” системүүдийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлж, 2 сая хэрэглэгчдэд 1263 үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж, сүүлийн 5 жилийн байдлаар иргэдийн халааснаас гарах байсан нийт 1.7 их наяд төгрөгийн зардлыг хэмнээд байна. Энэ бол цахим шилжилтийн эхлэл бөгөөд цаашид бидэнд илүү том боломж байна. Иймд Монгол Улсын хөгжлийг хурдасгах гол түлхүүрийг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар хэмээн тодорхойлж, Манай Засгийн газрын гол ялгарал, онцлог нь “Цахимаар түрүүнд” зарчмаар аливаа бодлогыг төлөвлөн хэрэгжүүлнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс “5D стратеги” буюу ДНБ-ийг 10 жилийн дотор хоёр дахин өсгөх, Экспортын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх, Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэх, Эдийн засгийн бие даасан байдлыг баталгаажуулах, Төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, дижитал эдийн засгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Миний бие Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувиар Засгийн газрынхаа эхний 100 хоногт багтааж “5D стратеги” хэрэгжүүлэхэд зориулан технологийн хөгжилд чиглэсэн хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Үүнд: Эдгээр шийдвэрүүд нь Монгол орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт их өгөгдөл, хиймэл оюуныг ашиглан төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний үр өгөөж, чанарыг дээшлүүлэх, иргэн, аж ахуйн нэгж бүрийн тулгамдсан асуудлыг цахимаар буюу технологиор шийдвэрлэхэд томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газрын эхний 100 хоногт багтаж И-баримтыг бүрэн цахимжуулах ажлыг хэрэгжүүлж эхлүүлсэн бөгөөд цаасан И-баримтыг халж автоматаар бүртгэгдэх нөхцөлийг үе шаттайгаар бүрдүүлж байна. Эхний ээлжид 3 арилжааны банк тус системд холбогдон цаасан баримтыг халаад байгаа бол ойрын хугацаанд үлдсэн банкуудын системүүдийг бүрэн холбож дуусгана. Мөн хиймэл оюуны хөгжүүлэлтийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх ажлын эхлэлийг тавьж “И-монголиа 5.0” хувилбарыг өнгөрсөн долоо хоногт танилцууллаа. Тус хувилбар нь хиймэл оюунт хөтөч, цахим хэтэвч, ухаалаг танилт нэвтрэлт бүхий илүү хялбар, илүү өргөн боломжуудыг агуулснаар онцлог юм. 2026 он бол цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээллийн технологийн хөгжлийг хурдасгах жил байх болно. Бид бүхэн “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих анхны Виртуал бүс”-ийг ирэх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлнэ. Тус бүсэд бүртгэлтэй Мэдээллийн технологийн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд татварын нэн таатай орчинд үйл ажиллагаа явуулахаас гадна судалгаа, хөгжүүлэлтийн зардалд грант авах, нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн олговор авах зэрэг 9 төрлийн татварын бус дэмжлэгүүдийг хүртэнэ. Үүнээс гадна, 2026 онд Монгол Улс анх удаагаа төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, гарааны бизнес эрхлэгчдийн судалгаа, шинжилгээний ажилд зориулан GPU кластерийг байгуулах, Үндэсний их өгөгдлийн санг эргэлтэд оруулах, олон улсын жишигт нийцэхүйц их өгөгдөл, хиймэл оюуны чиглэлийн магистр, докторын хөтөлбөрийг хэрэгжүүлэн салбар бүрд хиймэл оюуныг хөгжүүлэх, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна. Уламжлал болгон зохион байгуулдаг ICT EXPO арга хэмжээг дараа жил олон улсын зах зээлд чиглэсэн хэлбэрээр хийхээр төлөвлөж буйг онцлон тэмдэглэхийг ялдамд та бүхэн илүү их ололт, амжилтаар ахин хуран цуглахын ерөөлийг дэвшүүлье. Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахаар хичээн зүтгэж байгаа төр, хувийн хэвшлийн төлөөлөлд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж, “Агуу Монголоо дахин агуутгая”, үүний төлөө хамтдаа зүтгэхийг та бүхнээс уриалж байна. Та бүхэнд Монгол Улсын хөгжлийг хурдасгах дижитал технологийн боломж, шийдлийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар өргөн хүрээнд хэлэлцэх өнөөдрийн бодлогын хэлэлцүүлэгт амжилт хүсэж, форум албан ёсоор нээж буйг мэдэгдье.

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Энэтхэг улсын Элчин сайд М.П.Сингхтай уулзлаа

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Энэтхэг улсын Элчин сайд М.П.Сингхтай уулзлаа 2022.02.12 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён М.П.Сингхтай уулзлаа. Уулзалтаар мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв байгуулах ажлын явц болон Энэтхэг улсад Монгол Улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг сургах, мэргэшүүлэх талаарх санал солилцлоо. Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв нь 864 м2 талбай бүхий 10 давхар байгууламж байх бөгөөд харилцаа холбоо, мэдээллийн технологи, аутсорсингийн чиглэлээр Монгол Улсын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн хоёр улсын хамтарсан хөгжлийн түншлэлийн төсөл юм. Тус төв нь энэ онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна. Монгол Улсын Засгийн Газрын 2021-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хамгийн том зорилтын нэг нь “Цахим үндэстэн” болох зорилт дэвшүүлсэн бөгөөд цахим шилжилтийг эрчимжүүлэхэд монгол залуучуудын өрсөлдөх чадвар болох мэдээллийн технологийн хүний нөөцийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа. Уг сургалтын төв баригдсанаар жилд 5000 мэргэжилтэн 16 төрлийн чиглэлээр төгсөх боломжтой. Үүний зэрэгцээ, хоёр тал Монгол Улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг Энэтхэг улсад мэргэжил дээшлүүлэх чиглэлд сургах, мэргэшүүлэх тал дээр санал солилцож, цаашид хоёр улсын эдийн засгийн стратегийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй төслүүдийн явцыг урагшуулахад анхаарч ажиллахаар тохиролцов. Share on facebook Share on twitter Бусад мэдээ