Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хийлээ

2021.11.23

Улсын Их Хурлын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.11.23) хамтарсан хуралдаан 10 цаг 22 минутад 51.7 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хурлын эхэнд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулав. Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны арван нэгдүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас болон гишүүдээс санал гаргаагүй гэдгийг тэрбээр танилцуулгадаа дурдав. Төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна. Ажлын хэсгийн танилцуулга болон төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Төрийн болон албаны нууцын тухай хуулийг өөрчлөх шаардлагын талаар хэлж, үүнтэй холбогдуулан асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Төсөл дээр 67 төрлийн мэдээллийг нээлттэй хэмээн хуульчилж байгаа гэдгийг Н.Учрал гишүүн онцлон тайлбарлаж өгөв. Ийнхүү төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж дууссан бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Дараа нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулсан.

Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны арван нэгдүгээр 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.3-т заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг боловсруулжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг  явуулах үед хуралдаан даргалагчаас болон Улсын Их Хурлын гишүүдээс Улсын Их Хурлын гишүүнийг хуралдааны ирцэд бүртгүүлэх, санал хураалт явуулахад гарын хурууны хээгээр хязгаарлахгүй байх санал гаргасан тул биометрик мэдээллийг ашиглах талаар, хүний хувийн мэдээллийг задруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, ялын бодлогыг ялгамжтай оногдуулах зорилгоор хувь хүний нууцыг задруулсан, түүнчлэн харилцаа холбоо, цахим сүлжээг ашигласан бол зургаан сараас таван жил хүртэл хорих ялаар оногдуулдаг байх саналыг тус тус боловсруулсан гэв. Түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийн эзний хүсэлтийн дагуу мэдээллийн хуулбарыг цахим хэлбэрээр үнэ төлбөргүй өгөхөөр тусгасан байна.

Төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна.

Ажлын хэсгийн танилцуулга болон төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, Д.Ганбат, Б.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Т.Доржханд нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч болон бүрэлдэхүүнээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хийсэн юм.

Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг  2021 оны арван нэгдүгээр сарын 22-ны өдөр хуралджээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үед дэмжигдсэн саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцээд дараах саналуудыг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар шийдвэрлүүлэхээр танилцуулсан. Үүнд, төслийн 23 дугаар зүйлийн “23.3” дахь хэсгийг 5 дугаар зүйлд шилжүүлэн “5.3” дахь хэсэг болгох саналыг нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх үед хуралдаан даргалагчаас Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар дахин хэлэлцэхийг  чиглэл өгсөн юм. Мөн Цахим гарын үсгийн тухай хуулийг 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр өөрчилж, Нийтийн мэдээллийн тухай болон Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн дагаж мөрдөх хугацаатай уялдуулах нь зүйтэй хэмээн үзжээ.

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн нэр болон холбогдох зүйл, хэсэг, заалтын дугаарт өөрчлөлт орсонтой холбогдуулан Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийн 2.1 дэх хэсэг, 4.1.9, 10.2.2, 13.2.1, 15.3.3 дахь заалтад эшилсэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн нэр болон холбогдох зүйл, хэсэг, заалтыг нийцүүлэн өөрчлөх болон Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд хөндөгдсөн асуудал болох Иргэний хуулийн 421 дүгээр зүйл, 43 дугаар зүйлд цахим хэлбэрээр хэлцэл хийхэд “тоон гарын үсэг”-ийг хүлээн зөвшөөрөх асуудлыг “цахим гарын үсэг” болгож байгаатай холбогдуулан Иргэний хуулийн 196 дугаар зүйлд тусгагдсан цахим хэлбэрээр гэрээ хийхэд “тоон гарын үсэг”-ийг хүлээн зөвшөөрөх асуудлыг мөн адил “цахим гарын үсэг” болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэж, холбогдох саналын томьёоллуудыг боловсуурлсан байна.

Ажлын хэсгийн танилцуулга болон төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын дөрвөн томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Эцэст нь энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусад мэдээ

Шуудангийн үйл ажиллагаанд дроны технологийг ашиглах туршилтын төсөлд Монгол Улс сонгогдсон

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Дэлхийн Шуудангийн Холбооны дэд захирал Марьян Освалд тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2025.07.01/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд дэд захирал Марьян Освалдын зүгээс Ази, Номхон далайн шуудангийн холбооны  Удирдах Зөвлөлийн ээлжит хурлыг Монгол Улсад амжилттай зохион байгуулж буйд Монгол Улсын Засгийн газар болон Монгол Шуудан ХК-ийн хамт олонд талархал илэрхийлээд газар зүйн хувьд хэдийгээр далайд гарцгүй, хязгаарлагдмал гарцтай орон боловч шуудангийн томилогдсон оператор компани маш амжилттай ажиллаж, цаашид өсөн дэвжих өргөн боломж байгааг онцоллоо. Мөн шуудангийн үйл ажиллагаанд дроны технологийг ашиглах чиглэлээр туршилтын төсөл хэрэгжүүлэх орнуудын нэгээр Монгол Улс сонгогдсон талаар дурдан, төслийн хүрээнд дроны чиглэлээр бодлогын баримт бичиг боловсруулахад улс орнуудад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. ЦХИХХ-ны сайд Э.Батшугар: Монгол Шуудан ХК бол төр, хувийн хэвшлийн түншлэлийн маш амжилттай жишээ болон 2016 оноос үйл ажиллагаа, үр ашиг нь дээшилж байгааг онцлон, Монгол Улсын Засгийн газраас дроны технологийг шуудангийн үйл ажиллагаанд ашиглах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар анхаарч ажиллаж байгааг дурдлаа. Мөн Шуудангийн үндэсний сүлжээг сайжруулж, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бүсийн төвүүдэд түшиглэсэн хабууд байгуулахаар төлөвлөж байгаа талаар дурдлаа. Уулзалтын төгсгөлд дэд захирал Марьян Освалд шуудангийн дэд бүтэц бол онц чухал дэд бүтцийн нэг бөгөөд шуудангийн үйлчилгээгээр хязгаарлагдахгүй цахим худалдаа, санхүүгийн үйл ажиллагааг хавсран эрхлэн бүрэн боломжтой онцгой салбар гэдгийг онцолсон юм.

Орон нутагт төрийн үйлчилгээний нэгдсэн системд нэвтэрсэн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчлах ажлыг эхлүүллээ

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар “И-Монгол академи” УТҮГ-тай хамтран орон нутгийн төрийн байгууллагуудын төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-mongolia-д нэвтэрсэн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчлах, шинээр цахимжуулах үйлчилгээний судалгааг гаргах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Өмнөговь, Өвөрхангай, Дорнод, Хэнтий, Сэлэнгэ аймгууд дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсүүд болон “И-Монгол академи” УТҮГ-ын хамтарсан баг өнөөдрөөс /2023.11.20/ ажлаа эхлүүлээд байна. Дээрх үйл ажиллагаа нь 5 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд дараах ажлуудыг зохион байгуулна. Үүнд: Цахимжсан төрийн үйлчилгээний нөхцөл байдлын шинжилгээ хийх, ашиглаж буй системүүдийн судалгааг авах Цахим үйлчилгээ, Сэтгэл ханамжийн судалгаа авах Ахмадуудад зориулсан сургалт зохион байгуулах Байгууллагуудын олон шатлалт үйлчилгээний сайжруулалт хийх Хуучин үйлчилгээний систем дэх өөрчлөлт хийх Шинээр нэвтрэх үйлчилгээ судлах бодлогын даалгавар боловсруулах Сумдын үйлчилгээний ажилтнуудад сургалт хийх ERP/DOCX сургалт зохион байгуулах Иргэдэд зориулсан сургалтыг зохион байгуулах Судалгааны үр дүнг нэгтгэх Төрийн үйлчилгээний хүсэлтийн бүртгэл хяналтын системийн шийдвэрлэх албан хаагчдын сургалтад хамруулах

2024 оны ажлаа дүгнэж, цаашид хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг хэлэлцэв

Долоо хоног бүрийн Мягмар гарагт ЦХИХХ-ны сайдын шуурхай хурал болдог. Өнөөдрийн хурлаар 2024 оны төлөвлөгөөний биелэлтээ дүгнэж, 2025 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг хэлэлцлээ. Хурлын эхэнд Засгийн газрын 100 хоногийн хүрээнд төлөвлөсөн ажлуудын гүйцэтгэл сайн хэрэгжиж байгааг онцлов. Тодруулбал, Мөн нэмэлтээр Монгол Улсын нийт газар нутгийн харилцаа холбооны сүлжээний нэгдсэн хянах самбар (Dashboard) хийх ажлыг үүрэг болгосон. Энэ хүрээнд одоогийн байдлаар холболт хийгдсэн шилэн кабель, түүний нийт урт, үүрэн холбооны сүлжээний бааз станцуудын байршлын зураглал, хүчин чадлыг засаг захиргааны нэгж (аймаг, сум) бүрээр шууд хянах тогтолцоог бүрдүүллээ. Түүнчлэн салбарын хуулиудын давхардлыг арилгах судалгааг хийж дуусгав. Судалгаанаас гарсан үр дүнд тулгуурлан салбарын хуулиудыг цэгцлэх, нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл шинэчлэн найруулах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгов. Төрийн цахим үйлчилгээний тоонд бус чанарт анхаарч ажиллах концепцийг 2025 оны 1-р сард танилцуулж, төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг зохион байгуулах чиглэл өглөө. 2025 онд гадаад хамтын ажиллагаанд онцгойлон анхаарч, төрийн эзэмшиж буй эх кодыг экспортлоход нь чухал ач холбогдол өгч ажиллана. Энэ хүрээнд Киргиз, Узбекистан зэрэг улсуудтай хамтарч ажиллахаас гадна код экспортлох бусад боломжийг эрэлхийлж, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна.