Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Холбоочдын “Шар Ордон”

2021.04.21

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад холбоочдын дунд “Шар ордон” хэмээн нэрлэгдэж буй Төв шуудангийн барилгын талаар өгүүлэх болно. Шар ордонд ажиллаж, ажил, амьдралын гараагаа эхэлсэн олон мянган холбоочид болон хойч үеийнхэнд түүх болсон энэ л барилгын талаар өгүүлэхэд таатай байна. БНМАУ-ын Тээвэр, Холбооны яам 1950-аад оны дунд үеэс шуудан, холбооны үйлчилгээний хүрээг тэлж, шуудангийн цэг, салбарыг олшруулах, нийслэлээс аймагт, аймгаас сумдад шуудан, хэвлэлийг 7 хоногт хүргэх тоо давтамжийг нэмэгдүүлэх, мөн хөдөөгийн харилцаа холбооны байгууллагуудыг тохилог орон байраар хангах, харилцаа холбооны олон улсын хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх талаар тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, “Монгол Улсын харилцаа холбоо, радио, өргөн нэвтрүүлгийн хөгжил, байршлын ерөнхий схем 1957-1970 он” гэсэн анхны төлөвлөгөөг Тээвэр, холбооны яамны орлогч сайд М.Чимиддоржийн удирдлагын дор Олег Александр Константинович нарын зэрэг Зөвлөлтийн мэргэжилтнүүд боловсруулжээ. Энэхүү ерөнхий схемийн дагуу Улаанбаатар хотод харилцаа холбооны төв барилгыг 1960 оны нэгдүгээр улиралд багтаан бариулж, ашиглалтад оруулах талаар 1958 оны 7 дугаар сарын 7-ны өдөр ЗСБНХУ-ын Холбооны яаманд захидал бичсэн байна. Энэ үед холбооны байгууллагууд аж ахуй, санхүү эдийн засгийн хувьд огт бэхжээгүй, 1933-1935 оны үед баригдсан холбооны үйлчилгээний төв барилга нь холбооны үйлдвэр технологийн зориулалтын бус, хэт хуучирсан, халаалт болон хүн ажиллах нөхцөл муугаас гадна холбооны шинэ АТС, техник, тоног төхөөрөмж суурилуулах огт боломжгүй болсон байна. “БНМАУ-ын Харилцаа холбооны ерөнхий хороо нь 1933 онд одоогийн Боловсролын их сургуулийн ар талд модон хашаан дотор модон байшинд, телефон цахилгаан хороо нь шавар байшинд байрлаж байв” гэж ахмад холбоочин Төмөрийн Цэрэн-Очир дурсан бичиж байжээ. БНМАУ-ын Холбооны сайд асан Л.Дамдинжав гуай өөрийн дурдатгалдаа “ … Холбооны төв барилгыг холбооны хөгжлийн ирээдүйн шаардлагыг хангахаар цэвэр үзэмжтэй барьж байгуулах явдал байлаа. Үүнд хөрөнгө, цаг хугацааны олон зүйлийн бэрхшээл тулгарч, нөхөр Л.Дамдинжав өөртөө хөшөө босгохоор зүтгэж байна гэсэн шүүмжлэл зэмлэл хүртэл гарч байсан ч төслөөсөө ухраагүй байна. Энэ нь зөвхөн барилгын асуудал ч биш, хэрэг дээрээ бүх төрлийн холбооны техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх тухай асуудал байсан бөгөөд үнэхээр ч төлөвлөсөн байдлаар шийдэгджээ. Холбооны орлого бага учир ашиглалтын олон чухал арга хэмжээг санхүүжүүлэхэд тээврийн байгууллагуудын оруулсан хөрөнгөөс нэлээд хэсгийг холбооны зарлагад арга буюу авч байсныг холбоочид санаж байх ёстой” гэж тэмдэглэжээ. Харилцаа холбооны төв барилгын ажил шүүмжлэл зэмлэлийн дунд ТХЯ-ны удирдлагуудын идэвхтэй санаачилга, ЗХУ-ын Холбооны яамны тусламж дэмжлэгтэйгээр 1959 оны дундуур эхэлж, ТХ-ны сайдын 1959 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 346 тоот тушаалаар Төв шуудангийн барилгын захиргааг Л.Буджаваар удирдуулан байгуулсан байна. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1960 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар Магсарын Чимэддоржийг томилжээ. ТХ-ны сайдын 1960 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 329 дүгээр тушаалаар харилцаа холбооны төв барилгыг хүлээн авах комиссыг орлогч сайд Д.Доржпаламаар удирдуулан, Л.Буджав, Мял, Полуянов, С.Борхүү, Шижээ нарын бүрэлдэхүүнтэй хэсэг 10 дугаар сарын 5-наас эхлэн барилгын ажлыг, Ж.Самбуу, Ш.Гандорж, П.Сэрээтэр, Чойжилсүрэн, С.Пүрэвсамбуу, Д.Гарам-Очир, Л.Сумьяа, С.Лувсанцэнд, З.Дүгэрсүрэн, С.Батдаваа, Г.Шижээ нарын инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг мөн сарын 20 – ноос эхлэн хүлээн авсан байна. БНМАУ-ын харилцаа холбооны төв барилгыг Ази, Европын аль ч хотын харилцаа холбооны барилгаас дутахааргүйгээр орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр ЗХУ-ын тусламжаар тоноглосон бөгөөд энэхүү барилгыг 1960 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авчээ. Төв барилгын нүүрэн талд “ Монгол, Зөвлөлтийн ард түмний ах дүүгийн найрамдал мандтугай” гэсэн лоозон бичиж хадсан байна. Нээлтийн ажиллагаанд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, МАХН-ын Төв хорооны 2 дугаар нарийн бичгийн дарга Л.Цэнд, нарийн бичгийн дарга Л.Балжинням, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Н.Жагварал, Д.Майдар, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.Лувсанравдан, ТХ-ны сайд М.Чимэддорж нар болон ЗХУ-ын Холбооны сайд Н.Д.Псурцев тэргүүтэй төлөөлөгчид, ЗХУ- аас тус улсад суугаа Элчин сайдыг түр хамаарагч В.И.Левкин, гадаад орнуудаас суугаа Элчин сайдын яамны тэргүүн,гишүүд нар оролцсон байна. Нээлтийн үгийг ТХЯ-ны дэргэдэх намын хорооны нарийн бичгийн дарга Пүрэвжал нээж, ТХ-ны сайд М.Чимиддорж үг хэлжээ. Сайд хэлсэн үгэндээ “Монголын холбоочид бид энхрий хайрт нам, засгийнхаа байнгын анхаарал, ЗХУ-ын тусламжийн ачаар орчин үеийн техник төхөөрөмжөөр тоноглогдсон нийслэл хотын холбооны төв барилгыг баяр ёслолын байдлаар ашиглалтад оруулах гэж байна. Манай энэ баярт ЗХУ-ын Холбооны сайд, бидний хүндэт зочин Николай Демьянович Псурцев оролцож байна. Холбооны төв барилгын ашиглалтад орж байгаа техникийн хэсэг нь 4 давхар 22 метр өндөр, нийтдээ 5190 хавтгай дөрвөлжин метр талбайтай, 132 тасалгаа бүхий 30 гаруй мянган шоо метр багтаамжтай юм. Энэ барилгад механикжсан төв шуудан, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй хот хоорондын телефон, цахилгаан холбооны төв болон олон сувгийн аппарат хэрэгсэл, анхны ээлжид 4000 дугаарын багтаамжтай цаашдаа 10000 цэг хүртэл нэмэгдэж чадах АТС, радио нэвтрүүлгийн зангилгаа зэрэг холбооны үйлчилгээний газруудтай билээ. Энэ нь манай нийслэл хот, улс орны холбооны техник төхөөрөмжийг өргөтгөн хөгжүүлэх одоо цагийн техникийг нэвтрүүлэхэд том бөгөөд чухал алхам боллоо. Энэ барилгад тавигдсан тоноглол төхөөрөмж нь олон тооны нэр төрөлтэй бөгөөд ховор, хүнд нарийн зүйлс байсан боловч тавигдах төхөөрөмж, орох материал нэг бүрийг ЗХУ-ын Холбооны яамнаас бүрдүүлж хугацаанд нь нийлүүлж өгснөөр ажлын зурагт төлөвлөгдсөн ёсоор угсарч тоноглоод ашиглалтад оруулах бололцоо хангагдлаа. Энэ барилга чанар сайтай, цэвэр үзэмжтэй баригдсан бөгөөд зураг төлөвлөгөө ёсоор барьж тоноглох ажилд Улаанбаатар хотын барилга трест, Мебелийн фабрик, Сантехник, цахилгаан монтаж болон Холбооны барилга монтажийн ашиглалтын газрын ажилчид, инженер техникийн ажилтнууд өөрсдийн бүтээлч хөдөлмөр, идэвх санаачилгаа өрнүүлэн ажиллаад, тохиолдсон элдэв бэрхшээлийг амжилттай давж, тавигдсан зорилгоо амжилттай биелүүлэв….”гээд сайд үгийнхээ төгсгөлд ”Холбооны төв барилгыг ашиглалтад хүлээж авч байгаа холбоочид бидний өмнө хариуцлагатай бөгөөд чухал зорилт тавигдаж байна. Өөрийн гардан ажиллах техник төхөөрөмжийг бүрэн эзэмшиж, түүний хүчин чадлыг шавхан гаргаж, үйлчилгээний чанарыг сайжруулан, хэрэглэгч олон түмнийг үргэлж баярлуулан өөрийн техникийн мэргэжил, ерөнхий ба улс төрийн боловсролыг цуцалтгүй дээшлүүлэн, социалист ёсоор ажиллаж сурч, аж төрөх гэсэн манай уралдааны шинэ хэлбэрийг тасаг, ээлж бүрээр өрнүүлж ажиллах хэрэгтэй байна. Харилцаа холбоог хөгжүүлэх гурван таван жилийн төлөвлөгөөг 45 хоногийн өмнө давуулан биелүүлэхээр амласан үүргээ нэр төртэй биелүүлсэн амжилтаа бататгаж, тэр туршлагадаа түшиглэж соёлын довтолгооны эрч хүчийг улам нэмэгдүүлэн, нэгдэл сангийн аж ахуйнуудыг холбоожуулах, айл өрхийг радиожуулах талаар тавигдсан чухал зорилтуудыг нэр төртэй биелүүлэхэд зориг төгөлдөр байгаагаа хамт олныхоо өмнөөс илэрхийлье” гэжээ. (Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” номоос 126 дугаар тал ) Монгол Улсын харилцаа холбооны төв барилга буюу бидний нэрлэж заншсанаар Төв шуудангийн үйлчилгээний танхимд 406 хэрэглэгчийн багтаамжтай шуудангийн хайрцгийг мебелийн үйлдвэрээр хийлгэн тавьснаас гадна нэгдүгээр давхраас хоёрдугаар давхарт шуудан гаргах өргөгч цахилгаан лифт, гадна талаас шуудан хэвлэл оруулах ТП-4 маркийн туузан дамжуулагч, ялган боловсруулах цех тасгуудын хооронд шуудангийн зүйлүүдийг зөөх туузан дамжуулагч, бичиг, захидлын марк тамгалагч ШММ- 48 маркийн машин, МВТУ-5 маркийн шуудан боогч, ППГ-64 маркийн худалдагч автомат зэрэг тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, радио нэвтрүүлгийн ярианы хэд хэдэн студи, хөгжмийн том студи, 15 кВт-ын чадалтай радио зангилаа, хот хоорондын холбооны шугамын нягтруулгын төв, коммутатор, цахилгаан мэдээний аппаратын заал, зай тэжээл, эрчим хүчний иж бүрэн нөөц бүхий байгууламж, хөргөлт, халаалтын цогцолбор, шугам кабелийн төгсгөлийн байгууламж, үйлчилгээний хэд хэдэн заал бүхий орчин үеийн барилга болон сүндэрлэсэн билээ. Төв шуудангийн энэ барилга нь БНМАУ-ын харилцаа холбооны салбарын анхны хөгжил байршлын схемийг хэрэгжүүлэх эхний алхам болсон байна. Тээвэр, холбооны сайдын 1960 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 434 дүгээр тушаалаар Төв шуудангийн барилгын захиргааг үндсэн үүргээ амжилттай гүйцэтгэж дуусгасан учир 1961 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр татан буулгажээ. Төв шуудангийн барилга ашиглалтад орж, Улаанбаатар хотын шуудан, хот хоорондын болон телефон холбоо, радио узелийн албадууд нэг дор байрлах болсонтой холбогдуулан, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 472 дугаар тогтоолоор эдгээр байгууллагуудыг нэгтгэж, ТХЯ-ны харьяанд Холбооны удирдах газрыг байгуулжээ. Өнөөг хүртэл энэхүү харилцаа холбооны салбарын барилга нь нийслэл хотын гэрэл, гэгээтэй газрын нэг болон сүндэрлэсээр байгаа бөгөөд харилцаа холбооны үйл ажиллагаагаа амжилттай явуулж, үе үеийнхний үйлчлүүлэх дуртай газрын нэг байсаар байсан, цаашдаа ч байсаар байх болно. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” Л.Дамдинжав” Итгэл хариуцлага” Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь

Бусад мэдээ

Цахим эрүүл мэнд, Сумдын интернэтийн хурдыг сайжруулах чиглэлд ЮНИСЕФ-тэй хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтран хэрэгжүүлэх улс орны хөтөлбөр /2023-2027/-ийн 2024-2025 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү болон НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар гарын үсэг зурж баталгаажуулав. Энэ үеэр Ц.Баатархүү сайд Монгол хүүхдүүд, тэр дундаа орон нутгийн хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, хамтран ажиллаж буйд НҮБ-ын Хүүхдийн сангийн хамт олонд талархал илэрхийллээ. Мөн тэрбээр хүүхэд, эцэг эхчүүдэд эрүүл мэндийн дадлыг технологийн шийдлээр суулгах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүүхдийн сан чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлов. НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан: Монгол Улс “Цахим Үндэстэн” болох зорилго тавиад буй. Энэ хүрээнд хүүхдүүдэд бага наснаас нь цахим ур чадвар олгох нь ирээдүйн дижитал иргэнийг бэлдэхэд чухал хувь нэмэртэй. Иймд бид энэ чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллаж байна.Түүнчлэн бид Олон улсын цахилгаан холбооны байгуулагатай хамтран “GiGa” санаачилгын хүрээнд ЕБС-ийн интернэт холболтыг хэмжих, нэгдсэн dashboard дээр харах төслийг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 58 сургуулийн интернэт холболтын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг дурдав. Мөн НҮБ-ын Хүүхдийн сан нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Эрүүл мэндийн яамтай хамтран “Цахим эрүүл мэнд” төсөл дээр хамтран ажиллаж, E-Mongolia системд эрүүл мэндийн үйлчилгээнүүдийг цахимжуулж, нэгтгэсэн. Түүнчлэн Монгол Улсын “Цахим эрүүл мэнд”-ийн нөхцөл байдлын дүн шинжилгээг хийсэн. Энэхүү судалгаа маань эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн бодлогод үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Эрүүл мэндийн яамны хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайн жишиг болгон харуулахыг бид зорьж байна” гэдгийг онцлов. ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: Монгол Улсын эрүүл мэндийн цахимжилтийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ болон И-Монгол палтформд орсон эрүүл мэндийн салбартай холбоотой үйлчилгүүдийн талаар УИХ болон Засгийн газрын гишүүд танилцаж, сайшаасан. Цаашид “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, GiGa-тай хамтран Монгол орны сумдын интернэтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.

Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс 1 эрэмбэ ухарчээ

2024 оны дижитал өрсөлдөх чадвараар Сингапур Улс тэргүүлж, Швейцар 2, Дани 3, АНУ 4, Швед 5-рт эрэмбэлэгдлээ. Өмнөх жил АНУ тэргүүлж, Сингапур улс 3-рт эрэмбэлэгдэж байсан. Харин Монгол, Гана, Нигер, Венесуэл улсууд дижитал өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр сүүл мушгижээ. Тодруулбал, Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс 1 эрэмбэ ухарч 67 орноос 64-рт эрэмбэлэгдлэгдлээ. 2023 онд 43.03 оноо авч байсан бол, энэ онд 41.31 болж 1.72 оноогоор буурчээ. Үндсэн 3 бүлгээр харвал Монгол Улс “Мэдлэг” бүлгийн эрэмбээр 6-аар ухарч 62, “Технологи” бүлгийн эрэмбэ 6-ээр ахиж 55, “Ирээдүйд бэлэн байдал” бүлгээр 2 эрэмбээр ухарч 64-рт тус тус эрэмбэлэгдэв. “Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2024”-т дурдсанаар боловсролтой эмэгтэйчүүдийн эзлэх хувь 24, эмэгтэй судлаачдын үзүүлэлтээр 1, харилцаа холбооны салбарын хөрөнгө оруулалт 6, өндөр технологийн экспортын хувь 8, ухаалаг утас эзэмшилт 7-рт байгаа нь давуу тал боллоо. Харин олон улсын туршлага 66, оюуны өмчийн эрх 66, их өгөгдлийн аналитик ашиглалтын түвшин 67, төр хувийн хэвшлийн түншлэл 66, мэдлэгийн шилжилт 67-рт тус тус эрэмбэлэгдэж байна. Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайланд Ази, Номхон далайн 14 улс хамрагдсанаас Монгол Улс 14, 20 саяас доош хүн амтай 37 улс хамрагдсанаас 37, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 20’000 ам.доллароос бага 23 улс хамрагдсанаас 20-рт эрэмбэлэгджээ. Олон Улсын менежментийн хөгжлийн хүрээлэнгийн дэргэдэх Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс “Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2024”-ийг танилцуулдаг. 2024 оны тайлан нь “Мэдлэг”, “Технологи”, “Ирээдүйн бэлэн байдал” гэх гурван үндсэн бүлэг, 9 дэд бүлэгт хамаарах 54 шалгуур үзүүлэлтээр тооцоолдог. Эдгээр нь статистик мэдээлэл болон санал асуулга гэх хоёр эх үүсвэрээс бүрдсэн. Энэ жилийн тайланд нийт 67 улс хамрагджээ. “Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан” нь Засгийн газар, бизнес, нийгмийн орчинд улсууд хэрхэн дижитал технологийн нээлт хийж технологид дасан зохицож байгааг харуулдаг.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалт”-д оролцож байна

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал 2024 оны 2 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Дубай хотноо зохион байгуулагдаж буй “Дэлхийн Засгийн газруудын дээд түвшний уулзалт”-д Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн зохион байгуулагч талын урилгаар анх удаа оролцож байна. Сайд Н. Учрал Дээд түвшний уулзалтын хүрээнд “Цахим шилжилт-Ирээдүйн замнал” болон “Цахим Засгийн газар-Бодит амьдралд хэрэгжих нь” сэдэвт сайд нарын түвшний хэлэлцүүлгүүдэд оролцож, Монгол Улсын цахим шилжилтийн бодлого, зорилт, сайн туршлагаас хуваалцав. Мөн энэ үеэр тэрээр АНЭУ-ын Хиймэл оюун ухаан, цахим эдийн засаг, зайны хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан Төрийн сайд Омар Султан Аль-Оламатай өнгөрсөн 11 дүгээр сард хоёр талын уулзалт хийж, хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллахаар тохирсны дагуу “Хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурав. Сайд Н.Учрал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн АНЭУ-д өнгөрсөн онд хийсэн айлчлалын үеэр байгуулсан “Засаглалын хөгжил, шинэчлэлийн туршлага солилцох тухай Монгол Улсын Засгийн газрын ХЭГ болон АНЭУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн дагуу хоёр орны Засгийн газар албан ёсоор хамтын ажиллагааг эхлүүлж байгааг зарлах ёслолын арга хэмжээнд оролцоно. Дэлхийн Засгийн газруудын дээд түвшний уулзалтыг Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар анх санаачлан 2013 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд хүн төрөлхтний өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд инновац, дэвшилтэт технологийн шийдэл, боломжуудыг ашиглах, Засгийн газруудын хамтын ажиллагааг хангах, туршлага солилцох боломжуудыг нээх зорилготой механизм юм. Энэ удаагийн Дээд түвшний уулзалтад Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Р.Т.Эрдоан, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди зэрэг 20 гаруй улсын төр, засгийн тэргүүн, 300 гаруй сайд, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дарга К.Шваб, Дэлхийн банкны ерөнхийлөгч А.Банга, Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристалина Гиоргиева зэрэг 80 гаруй олон улсын байгууллагын тэргүүн, нобелийн шагналтан, эрдэмтэн судлаачид болон “OpenAI” компанийн үүсгэн байгуулагч Сэм Алтман, Гүүгл компанийн Ерөнхий захирал асан Эрик Шмидт зэрэг технологийн салбарын нөлөө бүхий бизнес эрхлэгчид бүхий 4000 гаруй төлөөлөгч оролцож байна.