УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, П.Наранбаяр, Ч.Анар, Ж.Галбадрах, П.Ганзориг, Л.Гантөмөр, Б.Жавхлан, С.Лүндэг, О.Номинчимэг нар хамтран боловсруулсан “Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай” 6 бүлэг, 20 зүйлтэй анхдагч бие даасан хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа.
Энэхүү хуулиар,
–13-аас доош насны хүүхдүүдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэхийг хязгаарлаж, цахим орчны бодит эрсдэлээс хамгаална.
– 13–16 насны хүүхдүүдийн насанд нь тохирсон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотойгоор зохистой хэрэглээг төлөвшүүлнэ.
– Үйлчилгээ үзүүлэгчдийн хариуцлагыг хуульчилж, нийгмийн сүлжээ болон харилцаа холбооны операторуудын хүүхдийн аюулгүй байдлын өмнө хүлээх үүргийг тодорхой болгоно.
-Хариуцлагын шинэ тогтолцоог бүрдүүлж, төр, боловсролын байгууллага болон асран хамгаалагчид хүүхдээ хамгаалах хамтын оролцоо, хариуцлагыг бэхжүүлнэ.
Хуулийн төслийн хэлэлцүүлэг, судалгаанд хүүхдүүд, эцэг, эх, асран хамгаалагч, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч болон бусад салбарын төлөөллийг хамруулсан билээ.
Cудалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 73 хувь нь зөвхөн нийгмийн сүлжээнд нэвтрэх зорилгоор интернэт ашиглаж, тэдний 30 орчим хувь нь өдөрт 4-өөс дээш цагийг цахим орчинд өнгөрүүлж байна гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс өдгөө нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь тулгамдсан асуудал болоод байгаа юм.










