Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Мэдээллийн технологийн салбарын жендэрийн стратеги төлөвлөгөө боловсруулна

2022.07.04

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын жендерийн стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд ойлголт нэгтгэх семинар 2022 оны 07 сарын 01-ний өдөр боллоо.

Семинарт Цахим хөгжил харилцаа холбооны яам болон харъяа байгууллагуудын төлөөлөл, Жендерийн үндэсний хорооны ажлын алба нийт 8 байгууллагын 50 орчим төлөөллүүд оролцож, “Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль, салбарын жендэрийн бодлого боловсруулах тухай ЦХХХЯ-ны сайдын тушаал, холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажлын төлөвлөгөө танилцуулга”, “Жендэрийн үндсэн ойлголт, жендэрийн тэгш байдлыг хангах Засгийн газрын бодлого”, “Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль, төрийн бодлогын хэрэгжилт, ахиц дэвшил”, “Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын жендэрийн нөхцөл байдал” зэрэг асуудлаар сургалт хэлэлцүүлэг хийлээ.

Хэлэлцүүлгийн дүнд салбарын жендэрийн тухай нэгдсэн ойлголтод хүрэх, цаашлаад жендэрийн стратеги төлөвлөгөөний төсөл боловсруулж батлуулахаар болов.

Бусад мэдээ

Дроны туршилтын бүс байгуулна

Засгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаар Дроны туршилтын бүс байгуулах шийдвэрийн төслийг баталлаа. Тодруулбал, дрон, хүнгүй агаарын хөлгийн систем (UAS)-ийг 500 метрийн өндөрт турших байнгын ажиллагаатай туршилтын бүс (төрөлжсөн)-ийг Дархан-Уул аймаг болон Баянзүрх-Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байгуулна. Цаашид судалгаагаар тогтоогдсон бусад байршилд дроны туршилтын бүс байгуулахад шаардлагатай эрх зүйн болон бусад зохицуулалт хийх ажлыг эрчимжүүлнэ. Дроны туршилтын бүс байгуулснаар дэвшилтэт шинэ технологийг эх орондоо турших, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, геологийн хайгуул, байгаль орчны тандалт шинжилгээ хийх, эрчим хүч, онцгой байдал, алслагдсан сум суурин газарт интернэтийн үйлчилгээг хүргэх арга хэрэгсэл болгон ашиглах юм. Мөн “Дрон такси” үйлчилгээг нэвтрүүлэх суурь нөхцөл бүрдэж байна. Энэ бүхнийг “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” болон урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдуулж, төр, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулсан. Мөн Иргэний нисэхийн Ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар холбогдох бусад байгууллагатай хамтран агаарын замаас зайдуу, өндрийн хязгаарлалтай болон өндрийн хязгаарлалтгүй цэгийг тогтоожээ. Улмаар радио давтамж, радио долгион, цахилгаан соронзон орны нөлөөллийн судалгаа хийн, дроны туршилтын бүс байгуулах боломжтой газрын байршлыг тодорхойлж, Засгийн газрын хуралдаанаар танилцуулж, батлууллаа.   Монгол Улсад аливаа агаарын хөлөг, төхөөрөмжөөр гүйцэтгэх нисэхийн үйл ажиллагааг Иргэний нисэхийн тухай (1999), Радио долгионы тухай (1999), Улсын нисэхийн тухай (2003), Агаарын зайг нисэхэд ашиглах тухай (2003) хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан Иргэний нисэхийн багц дүрмээр зохицуулдаг. Үйл ажиллагаа эрхлэгчийн эрх, үүрэг, аюулгүй байдлын эрсдэл, нислэгт тэнцэх чадварын норм нормативыг тогтоон, нисэхийн агаарын зайг А, В, С, Е, F, G гэсэн ангилалд хувааж, холбогдох зөвшөөрлийг олгох байдлаар хэрэгжүүлж ирсэн.   Үүнээс дроныг нисэхийн агаарын зайг ашиглах G ангилалд хамааруулж, 25 кг-аас ихгүй жинтэй, газрын түвшнээс дээш 120 метрээс хэтрэхгүй өндөрт, зөвхөн өдрийн цагаар нисгэх зохицуулалттай. Мөн үндэсний болон нисэхийн аюулгүйн хамгаалалт, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлын бусад шалтгаанаар олон улс болон орон нутгийн нисэх буудал, “Иргэний нисэхийн дүрэм 71”-д  заасан хязгаарлалттай, хамгаалалттай бүсэд нислэг үйлддэггүй. Гэвч дэвшилтэт технологийн хөгжлийг дагаад дээрх хууль, эрх зүйн баримт бичгээр зохицуулж байсан дроны жин, хурд, нислэгийн өндөр болон зайн хязгаарлалт зэргээс давсан үзүүлэлттэй дронууд хэрэглээнд нэвтэрч эхэлсэн. Энэ нь агаарын зай болон аливаа нислэг хөдөлгөөнд аюул учруулах, хууль бус зүйлс тээвэрлэх, тагнуулын үйл ажиллагаа эрхлэх, кибер халдлага үйлдэх, зөвшөөрөлгүйгээр дроны туршилт хийж олон нийтийн аюулгүй байдалд халдах зэрэг эрсдлийг бий болгожээ. Тиймээс улс орнууд дэвшилтэт шинэ технологийг турших, нэвтрүүлэх суурь орчныг бүрдүүлж, энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих зорилгоор туршилтын чөлөөт бүс (Dron testing zone, Geo zone) байгуулан, нийгэм, эдийн засгийн хөгжлөө дэмжихээр зорьж байна.

Хиймэл оюуны үндэсний стратегийг олон нийтэд танилцуулна

Эртний Грекийн домогт оюун ухаант машин гэдэг ойлголт гарч ирж, 1956 онд судалгааны салбар болон хөгжиж ирсэн хиймэл оюун (AI) нь технологийн үсрэнгүй хөгжлийн ачаар өнөөдөр урьд урьдынхаасаа илүүтэй олны анхаарлын төвд орлоо.  Түүний ололт амжилт, хууль эрх зүйн зохицуулалт, дээд хэмжээний уулзалтууд мэдэгдэхүйц нэмэгдэж, дэлхийн Засгийн газрууд түүний үр нөлөөг хүлээн зөвшөөрч эхлэв.  2017 онд БНХАУ, Канад, АНЭУ, Франц зэрэг дөрвөн улс хиймэл оюуны стратегиа дэлхий дахинд анхлан зарлаж байсан бол өдгөө 77 улс стратегиа баталж, түүний хөгжүүлэлт, зохицуулалт, ёс зүйн асуудалд чиглүүлэх бодлогоо боловсруулсан талаар Oxford Insight байгууллагын 2024 онд гаргасан тайланд дурджээ.  2024 онд 12 улс хиймэл оюун ухааны стратегиа олон нийтэд зарласан нь 2023 онтой харьцуулахад гурав дахин өсчээ. Эдгээр стратегийн талаас илүү хувь нь дундаас доогуур болон бага орлоготой орнууд байсан нь түүхэн хоцрогдолтой эдийн засгийн орнуудын дунд “Хиймэл оюуны Засаглал” эрчимтэй хөгжиж буйг харуулж байна. Тухайбал, 2023 онд Руанда хиймэл оюун ухааны стратеги зарласан бага орлоготой анхны улс болж байсан бол 2024 онд Этиоп хоёр дахь улсаар тодорлоо.  Харин Монгол Улс хиймэл оюуны стратегигүй цөөн орны нэг. Бид хиймэл оюуны бэлэн байдлын олон улсын үнэлгээгээр 2024 онд 98 дугаарт эрэмбэлэгдсэн нь 2023 онтой харьцуулахад 11 байраар урагшилсан амжилтыг үзүүлсэн. Гэхдээ олон улсад алсын хараагүй орны тоонд орж буй.  Хиймэл оюуны алсын харааг тодорхойлох нь зөвхөн технологийн хөгжлийг бус үндэсний тогтвортой хөгжил, иргэдийн сайн сайхан байдал, улс орны дэлхийн тавцанд өрсөлдөхүйц байр суурь эзлэх гол хүчин зүйл болох юм.  Иймд Монгол Улсад хиймэл оюуны өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, цаашдын бодлогын суурь мэдээллийг бүрдүүлэх зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Хиймэл оюуны бэлэн байдлын үнэлгээ”-г хийж гүйцэтгэлээ. Энэхүү үнэлгээг хийхдээ төр, хувийн хэвшил, ШУА-ийн эрдэмтэд, их дээд сургуулийн багш нар болон хиймэл оюуныг хөгжүүлж буй залуустай цуврал хэлэлцүүлэг өрнүүлж, санал зөвлөмжид тулгуурлан Монгол Улс “Хиймэл оюуны үндэсний стратегиа” олон нийтэд танилцуулахад бэлэн боллоо.   Хиймэл оюуны үндэсний стратегийг танилцуулж, олон нийтээр хэлэлцүүлэх анхдугаар чуулган 2025 оны 02-р сарын 13-нд Төрийн ордонд болно.  Тус чуулганд оролцож, хиймэл оюуны үндэсний стратегид өөрийн хувь нэмрээ оруулах бол та доорх QR -р бүртгүүлнэ үү. 

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн засгийн газруудын дээд хэмжээний уулзалтаас “Global Government Excellence Award” шагнал хүртлээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 2024 оны 2 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалтаас Монгол Улсын Засгийн газарт “Global Government Excellence Award” шагнал гардуулав. Энэхүү нэр хүндтэй шагнал нь Засгийн газруудын шинэ технологи, инновацад суурилсан цахим шилжилтийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлсэн шилдэг туршлагад олгодог бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн манлайлал дор хэрэгжиж буй шилэн ажиллагаа, ил тод байдал, “Цахим үндэстэн-И-Монгол” санаачлагын хүрээнд төрийн үйлчилгээг иргэнд ойртуулах, хялбаршуулах, нээлттэй, ил тод болгох чиглэлд гаргаж буй үр дүнг олон улсын хэмжээнд тэргүүн туршлага хэмээн үнэлж байна. Шагналыг уг Дээд түвшний уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцож буй Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн ордны Хөгжлийн бодлогын газрын дарга Эрхэм дээд Ханхүү Шейх Диаб бин Мухаммад бин Заид Аль-Нахъянаас гардан авлаа.