Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан нэгжийн дарга Виктория Делмон, “Ухаалаг Засаг II” төслийн ажлын хэсгийн ахлагч Женнифер Гүй болон ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзан, Ухаалаг Засаг II төслийн хэрэгжилт болон дижитал эдийн засаг, хиймэл оюуны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

“Ухаалаг Засаг II” төсөл нь төрийн цахим үйлчилгээг бэхжүүлэх, цахим засаглалын чадавхыг нэмэгдүүлэх, дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэлж Засгийн газрын “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын хэрэгжилтэд хувь нэмэр оруулж байна.

Монгол Улсын дижитал эдийн засгийн хөгжлийг урт хугацаанд дэмжих стратегийн төлөвлөлт, бодлогын шинэчлэл, дата төв болон тооцоолох дэд бүтэц, хиймэл оюун, өгөгдлийн засаглал, төрийн цахим үйлчилгээ болон хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн ажиллах боломжийг хэлэлцлээ.

Цаашид дижитал шилжилтийн үр өгөөжийг иргэд, бизнес эрхлэгчид болон төрийн байгууллагуудад хүртээмжтэй хүргэх чиглэлээр Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр санал нэгдэв.









