Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ИЦББХ: Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

2022.01.29

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.01.29) хуралдаан 11 цаг 18 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Засгийн газраас 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Коронавируст халдварт цар тахлын нөлөөгөөр дэлхий нийт сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хүндхэн сорилтуудтай нүүр тулж байгааг танилцуулгын эхэнд дурдаад манай улсын хувьд ч эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг туулж байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгаа сэргээх нийт 6.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлсэн байгаа гэв. Зорилтот хүн амыг бүрэн вакцинжуулж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж ажлын байрыг хадгалах, бизнесийг дэмжих бодлогын үр дүн 2021 оны төсвийн гүйцэтгэлд эергээр нөлөөлснийг Л.Энх-Амгалан сайд төслийн танилцуулгадаа тэмдэглэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг боловсруулжээ.

Тэтгэвэр нэмэгдүүлэхдээ нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг өөрчлөхгүйгээр, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв хоорондын зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын  тэтгэврийн сангийн төсвийг нэмэгдүүлэх  замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн асуулт асууж, хариулт авав. Тэтгэвэр нэмэгдүүлэхийг дэмжиж буйгаа тэрбээр илэрхийлээд, шинээр байгуулагдаж буй Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагаа, төсөвтэй холбоотой өөрчлөлт төсвийн тодотголын төсөлд тусгагдсан эсэхийг асуув. Төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа аль нэг яам, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтын арга хэмжээ, урсгал зардлаас тухайлан хасаагүй гэдгийг Л.Энх-Амгалан сайд хэллээ. Нийтээр нь 4 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй, урсгал зардлуудаас 10-15 хувь, 2022-2023 онд үргэлжлэн хэрэгжих өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүдийн санхүүжих дүнг жигд бууруулах зарчим баримталсан. Иймд шинээр байгуулагдаж буй Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагаа, төсөв, хөрөнгө оруулалтын асуудал дээр эрсдэл гарахгүй хэмээн үзэж байна гэлээ.

Ийнхүү гишүүд төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд төслүүдтэй холбоотойгоор зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн юм. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Инновац, цахим бодлогын  засгийн байнгын хороо ийнхүү хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусад мэдээ

ЦХХХЯ Эстонийн эрүүл мэнд, халамжийн мэдээллийн системийн төвтэй хамтран ажиллана

ЦХХХ-ны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Эстони улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг болон холбогдох албаныхан ажиллаж, өнөөдөр Эрүүл мэнд, халамжийн мэдээллийн системийн төв /The Health and Welfare Information Systems Centre/-ийн удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Уулзалтын үеэр Эстони улсын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын үйлчилгээг хэрхэн цахимжуулсан туршлагатай танилцаж, Монгол улсад нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа. Тухайлбал Нийгмийн халамж, тэтгэмжийг олгох, тогтоохдоо өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах , хиймэл оюун ухаан ашиглах, эрүүл мэндийн салбарт бий болсон давхардсан хөрөнгө оруулалттай системүүдэд мэдээллийн технологийн аудит хийж, дүгнэлт гаргаж, одоо байгаа системүүдийг ре-инженеринг хийх зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллах санал тавилаа. Тус байгууллагын зүгээс дээрх чиглэлүүдээр хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн юм. ТЕHIK нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын зөвлөл, Эрүү мэндийн даатгалын сан, Эрүүл мэндийн зөвлөл, Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний хүрээлэн, Эм эмнэлзүйн газар, Хяналт шинжилгээ, Астангу МСҮТ зэрэг байгууллага, нэгжүүдэд шинээр цахим үйлчилгээ нэвтрүүлэхэд түншилж ажилладаг байна.

Кибер аюулгүй байдалдаа хөрөнгө оруулалт хийхгүй бол иргэдийн мэдээллийг алдсаар л байна

Өнгөрсөн долоо хоногт “Интермед” эмнэлгийн мэдээллийн систем кибер халдлагад өртсөн талаарх мэдээлэл олон нийтэд ил болсон. Ингэхдээ файл барьцаалагч “Рансомвэйр” хэмээх хортой кодын халдлагад өртөж, файлуудаа шифрлүүлэн ашиглах боломжгүй болжээ. Эрүүл мэндийн салбар нь хүний эмзэг мэдээллийг цуглуулж, хадгалж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй онц чухал мэдээллийн дэд бүтэц. “Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага” гэдэг нь кибер аюулгүй байдал алдагдсанаар хэвийн үйл ажиллагаа нь доголдож, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засагт хохирол учруулж болох мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ бүхий байгууллагууд юм. “Рансомвэйр” халдлагын хамгийн өргөн цар хүрээнд тархсан, хамгийн их хохирол учруулсан төрөл нь WannaCry Рансомвэйр юм. Уг хортой код нь дэлхийн 150 орны эрүүл мэнд, тээвэр, үйлдвэрлэл, газрын тос, шатах, тослох материалын салбарыг хамарч маш их хэмжээний хохирлыг учруулж байжээ. Энэ төрлийн халдлага нь 1989 оноос хөгжиж, өнөөдөр улам хүчээ авч, ДЭМБ-аас анхааруулах хэмжээнд хүрээд байна. Халдлага үйлдэгч этгээдүүд манай улсын эрүүл мэндийн салбар руу довтолж, “Интермед” эмнэлэг өртөөд байгаа юм. Харамсалтай нь дээрх төрлийн хортой кодоор мэдээллийг олж авдаг үйлдэл дахин гарахгүй баталгаа алга. Учир нь ийм төрлийн гэмт хэрэгтнүүд дараагийн байгаа төлөвлөж, онилсон байдаг байна. Өнгөрсөн жил 317 сая гаруй “Рансомвэйр” халдлагын оролдлого хийгдэж, 4500-5000 нь амжилттай болдог аж. Улмаар нэхэх мөнгөний хэмжээ жил бүр өсөж 2023 онд дунджаар 1.85 сая байсан бол 2.73 сая ам.долларт хүрчээ. 2023 оны байдлаар дээрх халдлагад хамгийн ихээр өртсөн салбарууд нь эрүүл мэндийн үйлчилгээ, хэрэглэгчийн үйлчилгээний салбарууд байна. Хакеруудын халдлагыг зөвхөн мөнгөн дүнгээр хэмжээд зогсохгүй хүний аминд хүрсэн тохиолдол ч гарсан. Тодруулбал, 2020 онд Германы Дюссельдорьфын Их сургуулийн эмнэлэг халдлагын улмаас эмнэлгийн системүүд ажиллахаа больж, нэг өвчтөн амиа алджээ. Учир нь халдлагын улмаас тухайн өвчтөнд шуурхай тусламж үзүүлж чадаагүй байна. Дээрх шиг харамсалтай нөхцөлийг үүсгэхгүйн тулд аливаа байгууллага эхний ээлжинд кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ болон мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх шаардлагатай. Мөн энэ хүрээнд ЦХИХХЯ, “Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ-аас хамтран “Эрүүл мэндийн байгууллагуудын кибер аюулгүй байдал” хэлэлцүүлгийг зохион байгуулж, эрсдэлтэй байдлыг хэрхэн үнэлэх, халдлагаас сэргийлэх арга замын талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн Кибер аюулгүй байдлаа хангахад дорвитой төсөв гаргаж, техник технологийн шинэчлэл хийж, төлбөртэй программуудыг ашиглаж хэвшихийг уриалав. УИХ-ын 2021 оны намрын чуулганаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталж, эрхзүйн орчныг нь бүрдүүлсэн. Улмаар Засгийн газрын 2022 оны 493 дугаар тогтоолоор “Кибер аюулгүй байдлын үндэсний стратеги”-ийг баталжээ. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2024 онд гаргасан Кибер аюулгүй байдлын индексээр Монгол Улс 103-т эрэмбэлэгдсэн. Ингэхдээ хууль эрхзүйн шалгуураар өндөр оноо авсан боловч техник технологийн шинэчлэл, хүний нөөцийн чадавх сул байгаа нь тодорхой болжээ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан мэргэжилтнүүдийг шагналаа

Цахим хөгжил, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, салбартаа болон компанидаа мэргэжлээрээ олон жил үр бүтээлтэй ажиллаж буй “Скайтел” ХХК-ийн мэргэжилтнүүдийг шагнаж урамшууллаа. Мэргэжлийн туршлага, ур чадвараар хамт олондоо үнэлэгдсэн ажилтнуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн зарлигаар Төрийн одон, медаль олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу шагналыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү гардуулан өгч, баяр хүргэж ажлын амжилт хүслээ. Тодруулбал, “Скайтел” ХХК-ийн Технологийн газрын Хэрэглэгчдийн сүлжээний албаны захирал Ш.Мөнгөнчимэг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Үйл ажиллагааны газрын худалдан авалт, аж ахуйн албаны жолооч Д.Мөнхбат Алтангадас одонгоор шагнуулсан байна. Мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар Маркетингийн газрын Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны захирал Г.Сайнбаяр, Борлуулалтын үйлчилгээний газрын Мобайл борлуулалтын албаны хэлтсийн менежер Э.Мөнхбаяр, Борлуулалтын үйлчилгээний газрын Медиа борлуулалтын албаны Ахлах мэргэжилтэн Д.Уранчимэг, Технологийн газрын Техник төлөвлөлт, инновацийн албаны мэргэжилтэн Ш.Лхамсүрэн нар шагнууллаа. Энэ жил үүрэн холбооны үндэсний оператор “Скайтел” ХХК-ийн 25 жилийн ойн баяр тохиож  байна. “Скайтел” компанийнхандаа халуун баяр хүргэе.