Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Байнгын хороо: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

2022.12.15

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр /2021.12.14/ үдээс хойш хамтарч хуралдав. Байнгын хороодын хамтарсан хуралдааныг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр даргалан хуралдуулсан юм. Хамтарсан хуралдаанаар эхлээд Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хурааж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал хамтарсан хуралдаанд танилцуулсан юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй болон найруулгын нийт 38 саналыг төсөлд нэг бүрчлэн нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Харин нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуулийн төслийн 24 дүгээр зүйлийг хасах санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бөгөөд хуралдаан даргалагчаас чиглэл өгсний дагуу уг саналыг дахин хураалгахаар саналын томьёолол бэлтгэсэн байна.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн хуралдаанд оролцсон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед олонхын дэмжлэг авч чадаагүй нэг саналын томьёоллоор дахин санал хураалгахад Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив.

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэг (Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг)-ийг бүхэлд нь өөрчлөн найруулах санал дэмжигдсэнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах шаардлагатай болсон байна.

Иймээс Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 6.2 дахь заалт буюу төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулж байгаа мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний албан болон тусгай хэрэглээний сүлжээ, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон бол, мөн 26.2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтын төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулж байгаа мэдээллийн систем, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний албан болон тусгай хэрэглээний сүлжээ; онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ, техник хэрэгслийг бэлтгэсэн, борлуулсан, программ хангамжийг тусгайлан зохиосон, зориудаар ашигласан, санаатай тараасан бөгөөд дээрх гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэнийг өөрсдөө илрүүлсэн тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг тагнуулын байгууллага явуулахаар зохицуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Х.Ганхуяг нар асуулт асууж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Бусад мэдээ

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс ирүүлсэн саналыг хэлэлцэв

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/13 дугаар тушаалаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн хуулийн төсөл боловсруулах, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр төслийг хэлэлцүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг өнөөдөр (2024.02.16) хуралдаж, хуулийн төсөлд харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудаас ирүүлсэн саналыг хэлэлцэв.

“Цахим эрүүл мэнд” сургалтад Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн салбарынхан хамрагдлаа

Эрүүл мэндийн салбарын цахимжилт нь иргэдэд учрах чирэгдлийг бууруулах, эрүүл мэндийн нэгдсэн бодлого, шийдвэрт эергээр нөлөөлөх чухал ач холбогдолтой. Тиймээс төрөөс баримталж буй бодлого чиглэлийг эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад танилцуулах “Төрийн бүтээмжийн сэргэлт- цахим эрүүл мэнд” сургалтад нийслэлийн бүх дүүргийн эрүүл мэндийн салбарынхан хамрагдах юм. Өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулсан сургалтад Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн салбарынхан хамрагдлаа. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар энэ онд “Эрүүл мэндийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, аюулгүй байдлыг хангах журам”, “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжид үнэлгээ хийх, шаардлагад нийцсэн программ хангамжийг мэдээлэх журам”-ыг баталсан. Эдгээр журмууд батлагдсанаар эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, “ХУР” системээр дамжуулан Үндэсний дата төв болон И-Монголиа системтэй мэдээллийг саадгүй солилцох, нууцлал аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндэс бүрдэж байгаа юм. Ингэснээр төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн 4,500 орчим байгууллагад жилд үзүүлдэг амбулаторийн 20 сая гаруй үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая гаруй эмчилгээ үйлчилгээг бүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдлийг нэг дор нэгтгэн, цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч мэдээлэл солилцох боломжтой болсон. Түүнчлэн иргэд цахим жор, амбулатори, жирэмсний хяналт, хүүхдийн ягаан дэвтэр, дархлаажуулалт, дүрс оношилгоо, лабораторийн хариуг И-Монголиа-гаар дамжлуулан авах боломж бүрдсэн юм. ЦХХХ-ны Н.Учрал илтгэлдээ “Эрүүл мэндийн салбарын цахимжилт бол салбарын мэдээлэл солилцох журам дээр үндэслэн иргэдэд хүрнэ. Мэдээлэл солилцох журмыг гаргаад тухайн программ хангамжид тавигдах стандарт шаардлагуудыг биелүүлвэл хувийн хэвшлээс хэрэгжүүлж байгаа системийг ч ашиглаж болох эрх чөлөөг нь нээж өгсөн. Ингэснээр эрүүл мэндийн салбарын цахимжилт иргэдийн амьдрал ахуйд шууд нөлөөлж, ая тухтай амьдрах, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хүлээж авах нөхцөл бүрдэж байна. Цахимжилттай холбоотой бүхий л мэдээлэл буюу их өгөгдлийг нэгтгэж чадсанаар цаашид эрүүл мэндийн салбар их өгөгдөлд суурилсан урьдчилан сэргийлэх бодлого, шийдвэр гарах боломжтой” гэсэн юм.

Шүүхийн цахим тогтолцоог бий болгох, системийн хэвийн ажиллагаа, хөгжүүлэлтийг тасралтгүй гүйцэтгэх МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧ НЭГЖ байгуулах шаардлагатай.

“Монгол Улсын шүүхийн цахимжуулалт” олон улсын бага хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус хурлын зорилго нь Европын холбооны гишүүн Австри, Эстони, Итали зэрэг улсуудаас шүүхийн цахимжуулалттай холбоотой туршлага солилцоход чиглэж байна. Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар хуралд оролцож, “Монгол улсын шүүхийн болон хуулийн байгууллагуудыг цахимжуулахад мэдээллийн технологийн үүрэг” сэдвээр илтгэл тавилаа. Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Шүүх цахимжуулалтад шилжихэд аюулгүй байдлыг хангахад бид бэлэн. Шүүхийн цахим тогтолцоо нь харилцан уялдаатай, нэгдсэн бодлого төлөвлөлттэй байх зарчимд нийцсэн байх ёстой. Шүүхийн цахим тогтолцоог бий болгох, системийн хэвийн ажиллагаа, хөгжүүлэлтийг тасралтгүй гүйцэтгэх МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧ НЭГЖ байгуулах шаардлагатай. Салбар хоорондын уялдааг хангах, архитектур төлөвлөлт, технологийн шийдлүүд гаргах, улсын бүртгэлийн байгууллагуудын холбогдох мэдээллийг найдвартай, иж бүрэн солилцоход дэмжлэг үзүүлнэ” гэсэн юм. Мөн илтгэлд цахим засаглалыг хөгжүүлэх чиглэлд хийгдсэн дэвшил, бодлого стратеги, дижитал дэд бүтэц, мэдээллийн аюулгүй байдал, инновац үйлдвэрлэлийн тухай танилцууллаа. Цаашид Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд төрийн цахим үйлчилгээний суурь дэд бүтэц болох үндсэн болон дэмжих системийг өргөтгөн хөгжүүлж, бүх шатны төрийн байгууллагыг холбох дундын үүлэн шийдлийг нэвтрүүлж, тоон гарын үсгийн дэд бүтцийг иж бүрнээр нь шинэчилнэ. Үндэсний дата төвийн үйл ажиллагааг олон улсын дата төвийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан Cloud провайдер хэлбэрт шилжүүлэн Үндэсний клауд дэд бүтцийг бий болгосноор хоорондоо зохицдоггүй тоног төхөөрөмж, техник хангамж үүсгэдэг асуудлыг цэгцэлнэ. 2023 оны 1 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу Зөвшөөрлийн нэгдсэн санг үүсгэж, зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах үйл ажиллагааг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэх, түүнчлэн хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой үйлчилгээ, санхүү, татвар болон нийгмийн даатгал зэрэг төрөөс хуулийн этгээдтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг цахим нэг цонхонд төвлөрүүлж, бизнес эрхлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлсэн “e-business.mn” платформыг бий болгоно. Уг платформ нээгдсэнээр хүн, хуулийн этгээд дэлхийн хаана ч байсан Монгол Улсад компани байгуулах, тусгай зөвшөөрөл авах, сунгах, татвар, нийгмийн даатгалаа төлөх боломжтой болно гэдгийг онцоллоо.